Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/04

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

Улсын яллагч Б.Дөлгөөн,

Шүүгдэгч Ч.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Гд холбогдох эрүүгийн 2211 01723 1952 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

           Монгол Улсын иргэн, Ч.Г, 1985 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн нарангийн ...тоотод оршин суудаг, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахт сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд Монгол улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээгээр шийтгэгдэж байсан, ...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хишиг” төвийн нийтийн байрны 11 тоот гэрээс хохирогч Б.Эийн хаан банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Ч.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Б.Э нь нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр намайг гадууур таксинд явж байхад намайг дуудсан тул би очсон. Тэрээр урдын сайхан найзууд тул намайг дайлна хэмээн бид хамт 2-3 пиво уусан. Би Б.Эт тухайн үед 500.000 төгрөг зээлээч гэхэд тэрээр тэг гэж хэлж байсан. Түүнийг намайг 2 шил архи аваад ир гэхээр 2 шил архийг авчихаад картнаас нь 500.000 төгрөгийг авч дараа нь өгье гэж бодож байсан. Б.Э нь согтуу байсан болохоор тухайн явдлыг мэдээгүй юм шиг байна. Тэгээд мөнгө алга болсон гэж цагдаад мэдэгдсэн байсан. Б.Э нь над руу хэд хоног ер холбодоогүй тул би ч бас холбогдож яриагүй. Би гэм буруугаа хүлээж байна..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Ч.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дөлгөөний 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2211017231952 дугаартай яллагдагчаар татсан тогтоолтой уншиж таницлаа. Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /хх-54-55/,

 

Хохирогч Б.Эээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хишиг төвийн нийтийн байрны 11 тоот гэртээ 19 цаг 00 минутын үед гэртээ өмнө арилжаа наймаа, худалдаа хийж байсан сайн танихгүй зүс царайг нь мэднэ мөн зарим хүмүүсийн утасны дугаарыг нь мэднэ хамт архи ууж байгаа би согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсан болохоор сайн санахгүй байна нэг хүнд нь архи авхуулахаар өөрийн .... дугаартай Хаан банкны картыг өгч явуулсан өөрийн дансаа шалгахгүй явсаар хэд хоногийн дараа хуулга авч үзэхэд 2022 оны 9 сарын 07-ны өдөр 19 цаг 40 минутын үед 500.000 төгрөг алга болчихсон байсан..”, “..2022 оны өдөр өөрийн найз бүсгүй болох Бтай 84 дүгээр сургуулийн ойролцоо байдаг гэрт нь очиж уулзаад, 2 том 2.5 литрийн савалгаатай пиво уугаад, тэгээд дэлгүүрээс 1 литрийн виски аваад, манай гэр буюу Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Хишиг төвийн нийтийн байран дахь гэртээ ороод ууж байгаад, найз Б хүүхдээ авахаар яваад өгсөн ба би өөрийн танидаг хүн болох Гыг гэртээ дуудсан юм. Г ирэхдээ ганцаараа ирсэн ба тухайн үед би өөрийн Хаан банкны 5890675915 дугаарын данстай картыг нууц үгийг нь хэлээд, дэлгүүрээс юм авчраад уу гэж хэлсэн юм. Тэгээд Г нь дэлгүүрээс уух архи согтууруулах ундааны зүйл авчраад, бид хоёр ууж байхад би нэлээн муудаж согтчихсон байсан ба тухайн үед надаас бараа авах хүмүүс ирээд, намайг согтуу байсан учраас явчихсан байсан. Тэгээд гэрт Г бид хоёр л байсан ба нэг мэдэхэд би архиндаа согтоод унтчихсан байсан, ба шөнө сэрэхэд Г байхгүй байсан, тэгээд хэд хоногийн дараагаар картныхаа дансны хуулгыг харахад 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 19 цаг 40 минутад АТМ- ээс 500.000 төгрөг гарчихсан байсан учир би цагдаагийн байгууллагад хандах болсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-26-27/, Б.Эийн Хаан банк дахь 5890675915 дугаарын төгрөгийн харилцах дансны 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-5/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-18-23/, шүүгдэгч Ч.Гы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Г нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.Гы үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, улсын яллагч, шүүгдэгчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ч.Гд нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Гыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР