Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/988

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

Улсын яллагч О.Нандинцэцэг,

Шүүгдэгч Д.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Нд холбогдох эрүүгийн 2211014461902 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Д.Н, 1989 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүнс хөдөө аж ахуйн менежменд мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны ... Е тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .....

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 8 дугаар сарын 10-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Мгийн эрх, эрх чөлөөнд халдан зодсоны улмаас хамар, зүүн хацар, дээд уруул орчимд зулгаралт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Д.Нгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Нгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Мгийн эгч нь болох П.М нь орж ирээд Мг аваад явна гээд байсан юм. Тэгэхээр нь би Мг явуулахгүй гээд эгч П.Мтай нь муудалцаж маргалдсан тухайн үедээ уур хүрээд Мтай маргалдаж байгаад Мгийн нүүрийг гараараа маажсан юм шиг байгаа юм. Би бас өөрөө тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байгаа ба миний уруул хавдчихсан байсан ба Мгийн амнаас цус гарчихсан харагдсан..” гэсэн мэдүүлэг /хх-56/,

Хохирогч П.Мгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 8 дугаар сарын 1-нд би нөхрийн дүү болох Мг хадмынх нь гэрээс очиж авах гээд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах айлынд очоод Мг авах гээд зогсож байтал хажуу талын гэрээс Н гэх зүс таних эмэгтэй орилж чарлаж гарч ирээд М рүү дайраад /Чи ийм ш дээ гээд муу муухайгаар хэдээд дайраад байсан/ учраас би Нг чи цаашаагаа ор би дүүгээ аваад явах гэж байна гэтэл Н нь миний нүүрийг самардаж маажаад гэдэс рүү өшиглөөд дайраад байсан Тэгээд тухайн үед миний амнаас цус гараад байхаар нь би Нгээс жоохон ус өгчих би нүүр амаа угааж зайлмаар байна гэтэл чамд өгдөг ус надад байхгүй гэх зэргээр хэл амаар доромжлоод байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-7/,

 

Гэрч Л.Мгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 8 дугаар сарын 1- нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19 дүгээр гудамжны 1129 Е тоот хаягт би хамтран амьдрагч Лтэй гэртээ маргалдаж байгаад би уурандаа сална гээд бэр эгч П.Мг дуудсан юм. Тэгтэл манай бэр эгч намайг авах гэж манай ирээд хашааны гадна талд Д.Нтэй тааралдаад хоорондоо муудалцаж маргалдсан юм..Намайг гэрээс гараад ирсэн чинь П.М эгч Д.Нг маажсан гээд ураал амнаас нь цус гарсан байдалтай байсан. ...тухайн үед Д.Нтэй л муудалцаж маргалдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-15/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 15 ны өдрийн №11113 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “..П.Мгийн биед хамар, зүүн хацар, дээд уруул орчимд зулгаралт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-18-19/, шүүгдэгч Д.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч П.Мд учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Н нь хохирогч П.Мтай маргалдан улмаар түүний нүүрэн хэсэгт маажих, өшиглөх зэргээр зодож, биед нь хамар, зүүн хацар, дээд уруул орчимд зулгаралт, доод уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Нгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Нд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч П.М нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Сайнхүүг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХБАЯР