| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2023/0033/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/42 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,
Улсын яллагч Б.Баярчимэг,
Шүүгдэгч Г.Ц /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цд холбогдох эрүүгийн 2211 00000 2074 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Г.Ц, 1992 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа Нарантуул-1 зах дээр худалдаа эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн. тоотод бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр Доод салхитын 176 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 176 тоотод өөрийн эхнэр хохирогч Б.Бийг “утсаа авсангүй” гэх шалтгаанаар цохиж зодон, биед нь зүүн нүдний дээд зовхи, баруун, зүүн бугалга, зүүн дал, нуруу, баруун тохойд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч Г.Цэс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Г.Цэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг /хх-55-56/,
Хохирогч Б.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2022 оны 11 дүгээр сарын 15-ны үүрийн 4 цагийн орчимд гэртээ согтуу архи уусан байдалтай орж ирсэн. Энэ үед би хүүхдүүдийн хамтаар унтаж байсан бөгөөд орж ирээд миний хөнжлийг хуу татаад бос гэж хэлсэи. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр над руу залгаад байхаар нь би ажилтай завгүй гээд утсаа тасалчихсан юм. Үүнээс болоод би чамаас зөвшөөрөл авч байж ярих ёстой юм уу гээд алгадаад авсан. Би боль гэж хэлтэл намайг заамдаж аваад ор луу түлхэж унагаагаад нүд рүү гараараа 2 удаа цохисон..миний хөл рүү 1 удаа өшиглөсөн..” гэсэн мэдүүлэг /хх-8/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15702 дугаартай дүгнэлтэд: “...Б.Бийн биед зүүн нүдний дээд зовхи, баруун, зүүн бугалга, зүүн дал, нуруу, баруун тохойд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт /хх-15-16/, шүүгдэгч Г.Ц-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч Б.Бт учирсан гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Ц нь хохирогч Б.Быг түлхэж унагаан нүүр лүү нь гараараа цохиж түүний биед зүүн нүдний дээд зовхи, баруун, зүүн бугалга, зүүн дал, нуруу, баруун тохойд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Г.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Цэс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Г.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Цд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Г.Цолмон-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР