Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2024/0568

 

М.Лгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: шүүгч З.Ганзориг

 

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г

 

Нэхэмжлэгч: М.Л /РД: /

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, Цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0511 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч М.Л

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0357/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Лгээс Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, Цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0511 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 69 дүгээр зүйлийн 69.1.7, 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасныг тус тус баримтлан М.Лгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалтыг хэрэглэсэн бөгөөд уг зохицуулалтыг хэрэглэсэн нь алдаа байсан, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулаагүй талаар тайлбарласныг шүүхээс “дээрх бичилтийн алдаа нь маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний едрийн Б/536 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчид Цагдаагийн албаны тухай хуулийн 97 дугаар зүйлийн дагуу сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалтын дагуу сахилгын шийтгэл хүлээлгэсэн бөгөөд уг зохицуулалтын дагуу сахилгын шийтгэл оногдуулахад Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-д заасны дагуу сахилгын шийтгэл хүлээлгэх зохицуулалтыг хэрэглэх байтал хариуцагчаас хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй, хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхад энэ талаар дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбарт “бичилтийн алдаа” гэж дүгнэсэн нь бодит байдлаас зөрүүтэй, үндэслэлгүй дүгнэлт болсон гэж үзэж байна.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь Цагдаагийн албан хаагчийн Ёс зүйн дүрмийг зөрчсөн нь хэрэгт авагдсан Д.Х-ын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тайлбар, Г.Т-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тайлбар, М.Золбаярын 2023 оны 02 дугаар сарын 01, 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тайлбарууд, Т.М-ын2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн тайлбар, нэхэмжлэгч М.Л-гийн 2023 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон гэжээ. Гэтэл маргаан бүхий тушаалд нэхэмжлэгчийг “...тус аймгийн Дарви сумын “Хавцгайн амны дунд хамар" гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдад хууль бус үүрэг, чиглэл өгч хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан” гэх зөрчлийг гаргасан гэж дурдсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Г.Г, Т.М гэх хүмүүс "нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөл авахаар хөөцөлдөж байгаа тул ийнхүү авах боломжтой газар мөн эсэхийг үзчихээд буцна” гэж ойлгуулж, хандсаны дагуу Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Х-т дээрх 2 иргэнийг зөвхөн “газрын байдлыг үзэх” боломжоор хангах талаар утсаар хэлсэн талаараа анхнаасаа тайлбарладаг, бусад холбогдох гэрчүүдийн тайлбарт энэ талаар дурдагддаг. Харин нэхэмжлэгч “хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж гар аргаар газрын ховор элемент алт олборлуулсан” гэх үйлдэлд огт оролцоогүй бөгөөд тэдгээрийн энэхүү үйлдлийн талаар ч нэхэмжлэгч мэдээгүй, сүүлд энэ асуудал гарсны дараа мэдсэн болох нь албаны шалгалтын хүрээнд авагдсан гэрчүүдийн тайлбараар тогтоогдож байхад шүүхээс энэ талаар дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс дээрх асуудалтай холбоотой албаны шалгалт явуулсан бөгөөд Г.Г, Т.М нар нь гар аргаар алт олборлох талаар М.Лд хэлээгүй, нэхэмжлэгч мэдээгүй, тэдгээр иргэд нь гар аргаар нэг ч грамм алт олборлоогүй, тэдгээрийн үйлдэл таслан зогсоогдсон болох нь тогтоогддог.

3.3. Нэхэмжлэгчийн хувьд бодит байдлыг буруу ойлгож Д.Х-т үүрэг өгснөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 97, 81 дүгээр зүйлд заасан сахилгын зөрчлийн шинжийг агуулж байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэх нөхцөл болох "тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан" түүнд Цагдаагийн албан тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулахаар хуульд зохицуулсан. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий актад ч үүнийг хүлээн зөвшөөрч Цагдаагийн албаны тухай хуулийн 97 дугаар зүйлийг баримталсан болох нь тогтоогдож байхад шүүхээс энэ байдалд бодитой дүгнэлт хийлгүй “бичилтийн алдаа” гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.4. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасан зохицуулалт нь Цагдаагийн албан хаагчийн гаргасан үйлдэл, эс үйлдэхүй нь сахилгын шийтгэл оногдуулах шаардлагагүй "өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн” шинжийг агуулж байгаа тохиолдолд хэрэглэх зохицуулалт бөгөөд нэхэмжлэгчийн үйлдэл нь яг ямар шинжээрээ “ноцтой зөрчсөн" гэх шинжийг агуулж байгаа талаар хариуцагч шалгаж тогтоогоогүй, үндэслэлтэй тайлбарлаагүй байхад шүүхээс мөн үүнд дүгнэлт хийгээгүй нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр дээрх иргэдийн гар аргаар алт олборлосон эсэх, түүнд нэр бүхий нийтийн албан тушаалтнууд оролцсон эсэхийг Авлигатай тэмцэх газар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ тохиолдолд дээрх хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа М.Лгийн үйлдэл нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарах эсэхийг тогтоох боломжтой байхад шүүхээс мөн энэ талаар дүгнэлт хийгээгүй, түүнчлэн М.Лгийн үйлдэл нь Д.Х, Г.Т, М.З нарын үйлдлээс ялгаатай байгааг харгалзан үзээгүй нь мөн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0511 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлж, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлаж хэрэглээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй байна.

3. Нэхэмжлэгч М.Лгээс Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулж, Цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээлгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах” нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ ... төрийн албан хаагчийн хувьд хуульд заасан ажил үүргээ зохих ёсоор, хууль журмын дагуу явуулж ирсэн; Дарви сумын “Хавцгайтын амны дунд хамар” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчдад хууль бус үүрэг чиглэл өгсөн, хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж, газрын ховор элемент болох алтыг гар аргаар олборлуулсан гэх үндэслэлээр ажлаас халж, цагдаагийн цолыг хураасан; энэ талаар Д.Х, Г.Т, М.З зэрэг бусад цагдаагийн албан хаагчдын үйлдлээс өөр байхад ялгаж салгаж хандаагүй; уг тушаалыг гаргахдаа нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг дутуу хийсэн гэж тодорхойлох бол, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... иргэд хууль бусаар газрын хэвлийд халдаж, газрын ховор элемент болох алтыг гар аргаар олборлосон гэх зөрчил цагдаагийн алба хаагчид холбогдсон байж болзошгүй эсэхийг тогтоохоор албаны шалгалт явуулахад Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа М.Л нь 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Дарви сумын “Хавцгайтын амны дунд хамар” гэх газарт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн нэр бүхий алба хаагчдад хууль бус үүрэг чиглэл өгч, хамгаалалтын бүс рүү иргэдийг оруулж, гар аргаар алт олборлуулсан нь холбогдох хууль дүрэм, өргөсөн тангарагаа зөрчсөн” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

4. Маргаан бүхий 2023 оны Б/536 дугаар тушаалаар, /дээрх зөрчил тогтоогдсон гэж/ Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийг тус тус үндэслэн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Эрүүгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа М.Лг албанаас халж, цолыг хураажээ.

5. Хэргийн үйл баримтын тухайд;

5.1. Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг “Хавцгайтын амны дунд хамар” гэх газарт алт илэрч, иргэд хууль бусаар гар аргаар олборлож байна гэх мэдээллийн дагуу тухайн газар аймгийн Цагдаагийн хэлтсээс хамгаалалт тогтоох арга хэмжээ хэрэгжүүлж байсан бөгөөд тус цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч М.З, мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Т нарыг 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан гэх Г.Г, Т.М нарын нэр бүхий иргэд тухайн хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн.

5.2. Энэ үйл явдалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газраас албаны шалгалт явуулахад, М.Лгийн хувьд “цагдаагийн байгууллагын ахмад ажилтнууд болох Г.Г, Т.М нар алт гарсан гэх тухайн газрыг нөхөн сэргээлтээр авах гэж байгаа тул нөхцөл байдлыг үзэж танилцах зорилготой гэж удаа дараа хэлж гуйсан учраас хамгаалалтын бүс рүү оруулах талаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч руу дарга Д.Х-р нь хэлүүлснээс бус алт ухуулах, шан харамж өгөх авах талаар яриа болоогүй” гэж,

М.З-ын хувьд “... Г.Т-н хамт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхад Д.Х дарга залгаад, хүмүүс явууллаа, алт гарсан нүх рүү оруулчихаарай гэсний маргааш нь Г.Г, Т.М нар ирсэн” гэж,

Г.Г, Т.М нар “... бид тухайн газрын нөхцөл байдлыг судлах гэж л очсон, хэн нэгнээс зөвшөөрөл авч, шан харамж өгсөн зүйл байхгүй, аймгийн Цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа М.Лгийн хувьд биднийг хамгаалалтын бүс рүү нэвтрүүл гэж үүрэг чиглэл өгсөн зүйл байхгүй” гэж тус тус мэдүүлсэн бол,

- Д.Хын хувьд “цагдаагаас тэтгэвэрт гарсан 2 ажилтан алт гарсан газар луу очих талаар дэд хурандаа М.Л хэлсэн, алт ухах зүйл байхгүй, очиж үзэх байх л гэсэн. Миний хувьд хэн нэгэн мөнгө амлаж давуу байдал олгоогүй” гэж,

- Г.Т-ээс “… Д.Х дарга ахлагч М.З-т хүмүүс очихоор нь эвтэйхэн оруулчихаарай гэж хэлснийг үйл явдлын дараа нь мэдсэн, би нүх ухагдсан нөхцөл байдлын талаар Цагдаагийн газрын дарга, дэд даргад мэдэгдсэн” гэж тус тус илтгэх хуудас үйлдсэн байна.

5.3. Харин албаны шалгалт явуулсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Г.Гантөгсийн үйлдсэн 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1/39 дүгээр танилцуулгад “... Г.Г, Т.М, Г.Энхтулга нарын газрын хэвлийд хууль бусаар халдсан үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна, ... шалгалтаар цугларсан баримт материал, алба хаагч болон иргэний гаргасан тайлбарыг үнэлэхэд М.Л /мөн Д.Х, Г.Т, М.Золбаяр нар багтана/-гийн буруутай үйлдэл тогтоогдож байна, Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрэм зөрчсөн тул албанаас халах шийтгэл ногдуулах үндэслэлтэй” талаар дурджээ.

6. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна: гээд 13.1.6.зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон шүүх шинжилгээний байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн, гадаадын иргэн, харьяатын байгууллагын ажилтан;”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ: гээд 37.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна:” гэж,

Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Цагдаагийн тангараг өргөж, цагдаагийн аль нэг байгууллагад томилогдон ажиллаж байгаа цагдаагийн цолтой иргэнийг цагдаагийн алба хаагч гэнэ.”, 68 дугаар зүйлийн 68.1-д “Цагдаагийн алба хаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг эрх, үүргийг хэрэгжүүлнэ.”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд цагдаагийн албанаас хална: гээд 82.1.1.өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн;”, 85 дугаар зүйлийн 85.12-т “Хуульд зааснаас бусад үндэслэлээр цагдаагийн алба хаагчийг ажлаас чөлөөлөх, халах, өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.”, 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж,

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны А/201 дүгээр тушаалаар баталсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1-д хууль дээдлэх хүрээнд, 2.3-д шударга ёсны зарчмын хүрээнд, 2.4-т ёс суртахуунтай зарчмын хүрээнд мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тус тус тодорхойлсны зэрэгцээ дүрмийн 3.1-д “... ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ... шалгаж шийдвэрлэнэ”, 3.4-т “Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д заасны дагуу албанаас хална”, 3.6-д “Ёс зүй зөрчсөн алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбогдсон харилцааг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар зохицуулна” гэж,

Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрмийн 3.2-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд заавал шалгаж тогтоосон байна”, 4.2-т “Алба хаагчид сахилгын шийтгэл хүлээлгэхтэй холбогдсон харилцааг Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар зохицуулна” гэж тус тус зааж, цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдал, хориглох хэм хэмжээ хийгээд хөдөлмөрийн холбогдох харилцааг зохицуулжээ.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах /код-112/ журмын 112.3.6-д “Цагдаа дотоодын цэргийн алба хаагч, тухайн байгууллага, нэгжид түр болон туршилтын хугацаагаар, эсхүл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэний үйл ажиллагаа, сахилга, ёс зүйн зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийн бодит байдлыг шалган тогтоож, үнэлэлт, дүгнэлт, өгөх, дүнг удирдлагад танилцуулан шийдвэр гаргуулахад чиглэсэн үйл ажиллагааг албаны шалгалт гэнэ.”, 112.3.14-т “Хяналт шалгалт явуулахдаа ажиглах, ярилцлага хийх, судалгаа хийх, санал асуулга авах, баримт бичигтэй танилцаж судлах, харьцуулах, тулган баталгаажуулах, турших түүвэрлэх, хуулбарлан авах, нэгтгэн дүгнэх зэрэг аргыг ашиглаж болно.”, 112.7.2.1-д “Цагдаагийн төв байгууллагын дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж дараах өргөдөл, гомдолд албаны шалгалт явуулна: гээд а/ албаны нэр хүндэд ноцтой хор уршиг учруулахуйц болон олон нийтийн анхаарал татсан асуудлаар хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалтанд холбогдуулан гаргасан:, е/ авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой;” гэж заасан.

7. Хууль, дүрэм журмын дээрх зохицуулалтаар төрийн тусгай албан хаагч болох цагдаагийн алба хаагч М.Лд Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулах, эсхүл албанаас халах болсон зөрчил нь холбогдох шалгалтын хүрээнд баримтаар бүрэн тогтоогдсон тохиолдолд шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагдах бөгөөд энэ нь шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд бүрдүүлсэн баримтаар тодорхойлогдох учиртай.  Өөрөөр хэлбэл захиргааны шийдвэр гаргах ажиллагааны үндсэн зарчим, нийтлэг шаардлага энэ шийдвэрт ч нэгэн адил хамаарна.

8. Гэтэл М.Лгийн хувьд энэ хэсгийн 5-д дурдсан үйл баримтын хүрээнд цагдаагийн алба хаагчийн ёс зүйн болон сахилгын дүрэмд заасан аль хэм хэмжээг, хэрхэн ноцтой зөрчсөн болох нь албаны шалгалтаар ямар байдлаар шалгаж тогтоогдсон нь бүрэн тодорхойлогдохгүй байгаа тохиолдолд дээрх үйл баримтын хүрээнд нэхэмжлэгчийг цагдаагийн албанаас халсан хариуцагчийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхэд шүүх дүгнэлт өгөх боломжгүй юм.  

Учир нь албаны шалгалтаар бүрдүүлсэн, нэр бүхий иргэд, цагдаагийн алба хаагчдын  мэдүүлэг, илтгэх хуудаст “... иргэд хууль бусаар алт олборлосон зөрчлийн талаар Цагдаагийн газрын дэд даргад мэдэгдсэн, ... халсан тушаалд дурдсан шиг алт олборлуулж, шан харамж авах харилцаа үүсгээгүй, ийм үүрэг чиглэлийг доод шатны алба хаагчдад өгөөгүй, ... уг зөрчлийг дараа нь мэдсэн” гэх зэргээр зөрүүтэй тайлбар мэдүүлнээс, М.Лгийн чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй нь сахилга ба ёс зүйн ноцтой зөрчил болохыг шалгаж тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй гэж үзнэ.

Энэ тохиолдолд “М.Лгийн буруутай үйлдэл тогтоогдсон” гэх албаны шалгалтын дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.

9. Нэхэмжлэгчийн тухайд, түүнийг цагдаагийн албанаас халсан маргаан бүхий тушаалд тодорхойлсон “... хууль бус тушаал чиглэл өгч, иргэдийг хамгаалалтын бүс рүү нэвтрүүлэн, хууль бусаар газрын хэвлийд халдаж алт олборлуулсан” гэх зөрчлийг үйлдсэн эсэх, энэ нь Цагдаагийн алба хаагчийн сахилгын болон ёс зүйн дүрэмд заасан ноцтой зөрчилд хамаарах эсэх буюу албанаас халах үндэслэл бүрэн шалгагдаж тогтоогдсон зэрэг нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх “...М.Л нь Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Хаар дамжуулан хууль бус үүрэг, чиглэл өгсөн болох нь хэрэгт авагдсан Г.Түмэндэмбэрэл, Д.Х нарын илтгэх хуудас, М.З, Т.М,М.Л нарын мэдүүлгээр тогтоогдсон, хууль тогтоомжид заасан хориглолт, үйл ажиллагаандаа мөрдөх ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан нь цаашид зайлшгүй тодруулах шаардлагатай нөхцөл байдал нь маргааны үр дагаварт голлох ач холбогдолтой байхын зэрэгцээ шүүх нотлох зарчмыг бүрэн хэрэгжүүлсэн боловч тэрхүү тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх урьдчилсан нөхцөлийг шаардана.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдох хэдий ч хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой өөр бусад үндэслэлээр захиргааны акт хууль ёсны байж болохуйц нөхцөл байдлыг тодруулах үүргийг захиргааны байгууллагад шилжүүлэх агуулгатай зохицуулалт билээ.

11. Үүнээс үзвэл М.Лгийн гаргасан гэх зөрчлийг зохих журмын дагуу, бүрэн шалгаж тогтоосон эсэх нөхцөл байдал нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар тушаалын хуулийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлоход ач холбогдолтой боловч шүүхээс хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар “нэхэмжлэгчийн гаргасан гэх зөрчил нь цагдаагийн албаны сахилга ба ёс зүйн дүрмийн ямар ноцтой зөрчилд хамаарах, түүнийг албаны шалгалт зэрэг Цагдаагийн байгууллагын дотоод үйл ажиллагааны журмын дагуу, нотлох баримтаар бүрэн тодорхойлогдохгүй” байх тул цаашид маргааны үйл баримтад голлох ач холбогдолтой уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна.  

Хариуцагч нь шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болохыг дурдав.

12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/0511 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар тушаалыг 2 /хоёр/ сарын хугацаатай дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/536 дугаар тушаал хүчингүй болохыг дурдсугай” гэсэн 2 дахь заалтыг тогтоох хэсэгт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       З.ГАНЗОРИГ