Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/50

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат,

Улсын яллагч Б.Батцэцэг,

Хохирогч Ц.О,

Шүүгдэгч Г.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гт холбогдох эрүүгийн 2211 00000 1947 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14- ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, Г.Г, 1961 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, Халх, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, “Түмэн хүчит" ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 64 дүгээр гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй буюу 1980 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169в ангид зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн дугаар ...

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Г.Г нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 54 дүгээр гудамжны 643 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ц.Оы биед тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас халдаж, зодсоны улмаас цээжний зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчийлт, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч Г.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Г.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би Ц.Отай хаан банкны виза карт өгөхгүй гээд маргалдсан, ..Ц.Оы биед халдаж цохисноо санахгүй байна, хоёр шил архи уучихсан байсан болсон зүйлийн талаар сайн санахгүй байна..” гэсэн мэдүүлэг /хх-38-39/,

 

Хохирогч Ц.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Би мэдүүлэг өгнө. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зав. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Г.Г архиа ганцаараа ууж дуусгаад нохойндоо хоол авч өгнө гээд надаас “Хаан” банкны виза картаа нэхээд байхаар нь би согтуу болохоор нь “өгөхгүй” гэсэн чинь миний зүүн хавирга руу нэг удаа гараараа нэг удаа цохисон.. тухайн үед миний цээжээр хатгаж өвдөөд байхаар нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод үзүүлсэн чинь зүүн хоёр хавирга хугарсан байна гэж хэлсэн., ..мэс засалд ороод 4 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан..” гэсэн мэдүүлэг /хх-12-13, 15/,

 

Гэрч Г.Огаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..23 цагийн үед манай ээж Ц.О над руу залгаад “явж чадахгүй байна, ирээд аваадах” гэж хэлсэн ба би өөрийн төрсөн дүү О- Эрдэнийг нөхрийн хамт явуулсан. ..Гэмтэл согог судлалын үндэсний төвийн цээж хөндийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм...ээж Ц.О нь Г.Гыг өмөөрөөд нуугаад хэлдэггүй ба өмнө нь ганц нэг удаа нүд ам нь хөхөрч зодуулсан шинжтэй яваад байдаг байсан..” гэсэн мэдүүлэг, /хх-18/ 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №14383 дугаартай дүгнэлтэд: “..1.Ц.Оы биед цээжний зүүн 7,8 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчийлт, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, З.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна, 5. Шинэ гэмтлүүд байна..” гэсэн дүгнэлт /хх-24-25/,

Шинжээч эмч О.Сээс мөрдан шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-29-30/  “..тухайн гэмтэл нь гараа зангидаж байгаад нэг удаа цохиход үүсэх боломжтой..” гэсэн мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжпэгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Дээрх гэмт хэргийн улмаас Цэрэндамба овогтой О /... нь 2022 оны 10 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 1.583.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 15.000 төгрөгний амбулаторийн үзлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 15.000 төгрөгний амбулаторийн хяналтын үзлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгзэний багц 57.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 15.000 төгрөгний амбулаторийн хяналтын үзлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс амбулаторийн хяналтын үзлэг 21.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс амбулаторийн хяналтын үзлэг 11.000 төгрөгийн үзлэг хийлгэсэн нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 04/5314 дугаартай албан бичиг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү..” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын 04/5314 дугаартай албан бичиг /хх-61-62/, шүүгдэгч Г.Гын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-52/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ үедээ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Сурагчийн 54 дүгээр гудамжны 643 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Ц.Оаас банкны картыг нь нэхэж маргалдан зодсоны улмаас хохирогчийн цээжний зүүн 7, 8 дугаар хавирганы хугарал, цээжний хөндийд хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчийлт, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг “хүнд хохирол” учирсан байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулий тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогч гомдол саналгүй гэсэн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналдаа шүүгдэгч Г.Гыг 18.000.000 төгрөгөөр торгох санал гаргасан бөгөөд шүүгдэгч Г.Г болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгч нь халамжийн тэтгэвэр 288.000 төгрөг, хүүхэд асарч сарын 500.000 төгрөг авдаг учир торгуулийн ял оногдуулж өгнө үү гэснийг шүүх тус тус хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь хавтаст хэргийн материалд түүнийг халамжийн тэтгэвэр 288.000 төгрөг, хүүхэд асарч сарын 500.000 төгрөг авдаг талаарх холбогдох баримт байхгүйгээс гадна, шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар баримтыг гаргаж өгөөгүй болно.

 

Бусад асуудлын талаар:

Иргэний нэхэмжлэгч Б.Н  хохирогч Ц.О нь 2022 оны 10 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 1.583.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 15.000 төгрөгний амбулаторийн үзлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 15.000 төгрөгний амбулаторийн хяналтын үзлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс амбулаторийн үзлэг оношилгоо, шинжилгээний багц 57.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 15.000 төгрөгний амбулаторийн хяналтын үзлэг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс амбулаторийн хяналтын үзлэг 21.000 төгрөг, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс амбулаторийн хяналтын үзлэг 11.000 төгрөгийн үзлэг хийлгэсэн бөгөөд 1.173.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Г.Гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх” саналтай гэх боловч энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Иргэний нэхэмжлэгч нь холбогдох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Г.Гт хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй , эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар дүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал шүүгдэгч Г.Гаас нэхэмжилсэн 1.173.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал нь холбогдох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол, шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХБАЯР