Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа,

хохирогч П.Б,

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Э-д холбогдох 2216000000202 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын  14-ний өдрийн 202/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000(таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогтой С-н Э.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Э-н Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ****  багийн **** тоот иргэн С.Б-н өмчлөлийн хашааг “...өөрийн хашаа...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч П.Б-с 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөгийг бэлнээр авч, хохирогчид 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч С.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт уг сумын **** багийн *** тоот иргэн С.Б-н өмчлөлийн хашааг хохирогч П.Б-д 4,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон мөн өдрөө 3,000,000 (гурван сая) төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500,000 (таван зуун мянга) төгрөгийг бэлнээр тус тус авсан болох нь:

1. Хохирогч П.Б-н шүүх хуралдаанд өгсөн “... Би “Аяны зам” ХХК-д таксинд явдаг. Өмнө нь надаас 150,000-300,000 төгрөгийн хооронд мөнгө хүүтэй зээлээд буцааж төлж байсан. Байранд орчихлоо хашаа зарна. Цагаан сар болох гэж байна. Тавилгын мөнгөгүй болсон гэж над руу ярьсан. Манайх өөрөө хашаатай. Гэхдээ байрлал сайтай, хүүхдийн сургуульд ойр юм байна гэж бодсон. Хашаагаа 3,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь мөнгө хэрэгтэй бол 4,000,000 төгрөгт авъя гэж хэлээд би хашааг худалдаж авсан. 05 дугаар сарын 20-ны өдөр суллаж өгнө гэж хэлээд суллаж өгөөгүй. 6 сард хүүхэд хагалгаанд орох гэж байна гээд 500,000 төгрөг авсан. Даруй хашаагаа суллаж өг гэхэд шалтаг хэлээд байхаар нь ямар хүнд мөнгө өгчихөв гээд судалж үзэхэд хашаа нь өөр хүний хашаа байсан. Тэгээд “...чи надад худлаа хэлсэн юм байна. Чи миний мөнгийг өг...” гэхэд “...би хүүтэй өгье...” гэсэн. Тэгэхээр нь “...хүүтэй авахгүй зүгээр үндсэн мөнгөө авъя...” гэсэн. Би банкнаас зээл авч хашааг худалдаж авсан. Тэгэхэд одоо болтол төлөөгүй. Би тэр мөнгийг төлөхийн тулд банк хооронд төлбөр төлөхөөр болоод байна...” гэх мэдүүлэг. / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

2. Хохирогч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Э гэгч эмэгтэйг 2021 оноос эхэлж танина. Надыг таксинд явж байхад байнга таксидаж явдаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр надтай таксинд явж байхад хашаагаа зарна гэхээр нь “...би очиж харья...” гээд үзтэл **** багийн **** тоот хашааг үзүүлсэн ба надад би ногоон байранд орсон юм байрны тавилгын мөнгөгүй болчихлоо чи яг одоо 3,000,000 төгрөгт бэлэн ав, хавар хашаагаа султгаад ав гэхээр нь би чамаас 4,000,000 төгрөгт авъя, хавар 1,000,000 төгрөгийг чинь өгье гэж тохироод хавар гэрчилгээг нь гаргаж өгье гэсэн. Ингээд би 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр малчны зээл аваад мөнгөө шууд бэлнээр гэрт нь очиж эхнэртэйгээ цуг мөнгөө тоолж өгсөн. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр манай хүүхэд зүрхний хагалгаанд орох гээд мөнгөний хэрэг болоод байна нөгөө үлдэгдэл мөнгөө өгөөч би удахгүй хэд хоногоос хашаагаа суллаж өгнө гэж хэлээд 500,000 төгрөг бэлнээр аваад явсан юм. Ингээд тэрнээс хойш хашаагаа султгаж өг гэхээр нөхөр хөдөөнөөс ирэхгүй байна гэж худлаа хэлээд сүүлд нь сураглахад хүний хашаа болж таарсан. Ингээд мөнгөө буцааж авъя гэхээр нь худлаа үнэн шалтаг хэлсээр байгаад 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр надад бэлнээр 200,000 төгрөг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр миний **** гэсэн данс руу өөрийнхөө утасны дугаар болох **** гэсэн дугаарыг бичээд 800,000 төгрөг буцааж өгсөн. Одоо уг хүнээс 2,500,000 төгрөгөө буцааж авах юм. энэ хүнээс үлдэгдэл мөнгөө гаргуулж авмаар байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 21 дүгээр тал/ 

3. Гэрч П.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай нөхөр **** багийн **** тоот хашааг байнга таксигаар явдаг Э гэх хүүхнээс 4,000,000 төгрөгт авахаар боллоо, хавар хашаагаа суллаж өгье гэж ярьж тохирлоо гээд намайг дагуулж яваад малчны зээл 3,500,000 төгрөг Хаан банкнаас аваад Э гэж хүүхний гэрт очиж бэлнээр нь 3,000,000 төгрөг өгөөд өөрийн гараар бид хоёрт өргөдөл бичиж өгсөн юм. Ингээд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр үлдэгдэл мөнгөө өгөөч гээд манай нөхөр П.Б данснаасаа 410,000 төгрөг би бэлнээр 90,000 төгрөг өгөөд нийт 500,000 төгрөг авсан. Энэнээс хойш хашаагаа султгаж өгөхгүй явсаар байгаад сүүлдээ мөнгөө буцааж авъя гээд гар утас руу нь байнга залгасаар байгаад 1,000,000 төгрөгөө буцааж авсан юм. Одоо үлдэгдэл 2,500,000 төгрөг өгөөгүй байгаа юм...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 25 дугаар тал/

4. Гэрч Э.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б гэх хүнээс 3,500,000 төгрөг авсан гэсэн. Тэгээд буцааж 1,000,000 төгрөгийг нь өгсөн гэж ээж хэлсэн... Манай нагац эгч С.Б-н хашаа байгаа юм. Энэ хашаанд 2017 оноос хойш ганц гэрээрээ түр оршин сууж байгаа... Манай нагац эгч С.Б хашаагаа зар гэж хэлээгүй... Б гэх хүн нь хашаагаа авмаар байна, мөнгөө авмаар байна гээд манайд 2 удаа ирсэн. Тэгэхэд мэдээд ээжээс асуухад 3,500,000 төгрөг авсан гэж хэлсэн. Ээж ажил төрөл хийж байгаад мөнгийг нь төлж барагдуулна гэсэн ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 27 дугаар тал/

5. Хохирогч П.Б-н Хаан банк дахь **** дугаартай дансанд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/

6. Хохирогч П.Б-н Хаан банк дахь **** дугаартай дансанд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл. /хавтаст хэргийн 8-10 дугаар тал/ 

7. Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1689 дугаартай иргэн С-н Б-н иргэний болон эд хөрөнгийн лавлагааг хүргүүлсэн албан бичиг, түүний хавсралт. /хавтаст хэргийн 15-17 дугаар тал/

8. Гэрч С.Б-н 2216000000164 дугаартай эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын **** багийн *** тоот хашаа нь миний нэр дээр байдаг юм. Би энэ хашааг 2016 онд зүс таних Б гэх хүнээс 14.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Манай эгч Э нь миний өмчийн хашаа байшинтай ямар ч холбоогүй. Харин 2017 оноос хойш С.Э-г түр хашаандаа буулгаж оршин суулгасан юм. Түүнээс өөр С.Э миний нэр дээр байх хашаа байшингийн эзэмшигч биш ... С.Э-д хашаагаа захиран зарцуулах эрх өгч шилжүүлээгүй... Тус хашааны газрын гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ миний нэр дээр байдаг ... Би С.Э-г миний эзэмшлийн хашааг үл таних хүнд зарсныг огт мэдээгүй. Э-н зарсан мөнгөнөөс ямар ч мөнгө төгрөг аваагүй ... Бид хоёрын дунд эд хөрөнгө шилжүүлэх захиран зарцуулах талаар яриа болж байгаагүй...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 64-65 дугаар тал/

9. Гэрч Р.Э-н 2216000000164 дугаартай эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би одоо эхнэр С.Э 4 хүүхдийн хамт амьдардаг... Манай эхнэрийн нэр дээр хашаа байшин байхгүй, манайд өөрийн эзэмшлийн хашаа, байшин, газар гэж байхгүй 2016 онд манай эхнэрийн дүү Б-тэй яриад тэр хашаанд буусан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 86-87 дугаар тал/

10. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын **** багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 500 дугаартай  “Хуучнаар **** багийн **** тоот хаяг нь Есөнбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 44 дүгээр тогтоолоор **** багийн **** тоот болсон бөгөөд 2020 оны Есөнбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 07 дугаар тогтоолоор тус багийн Шүтээн **** тоот болж өөрчлөгдсөн нь үнэн болно. Тус хаяг дээр одоогийн байдлаар оршин суугч бүртгэлгүй болно” гэх албан бичгийн хуулбар, /хавтаст хэргийн 80 дугаар тал/

11. Шүүгдэгч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...П-н Б-с 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 500,000 төгрөг бэлнээр нийт 3,500,000 төгрөг авсан нь үнэн. П.Б нь энэ таны хашаа биш байна. Тийм учраас танаас мөнгөө авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б-д бэлэн 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн Хаан банкны **** тоот данснаас Б-н **** тоот данс руу 800,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь **** дугаарыг бичиж АТМ-с шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 2,500,000 төгрөгийг шүүх хуралдаанаас өмнө нөхөн төлж хохиролгүй болгохоо илэрхийлж байна. Энэ миний буруу буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт  яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн бусдын өмчлөлийн захиран зарцуулах эрхгүй эд хөрөнгийг өөрийн мэтээр хохирогчид ойлгуулан түүнд худалдахаар тохиролцох замаар хууран мэхлэн 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  залилах гэмт хэргийн “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах...” шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч С.Э-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Тодруулбал залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг. Шүүгдэгч С.Э-н хохирогч П.Б-тай бие биеэ таньдаг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан өөрийн биш эд хөрөнгө болох хашааг хямд үнээр зарна гэсэн бодит байдал дээр биелэгдэхгүй нөхцөл байдлаар түүнийг хуурч мэхлэн, буцаан өгөх зорилгогүйгээр хохирогчоос бэлнээр мөнгө авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангана гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 46 дугаар тал/, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 50-56 дугаар тал/,  шүүх хуралдаанд гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн 2 ширхэг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 150,000(нэг зуун тавин мянга) төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 200,000 (хоёр зуун мянга) төгрөг/, хохирогч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...С.Э миний Хаан банкны **** тоот данс руу 800,000 төгрөг, бэлнээр 200,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал,  гэрч П.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Сүүлдээ мөнгөө буцааж авъя гээд гар утас руу нь байнга залгасаар байгаад 1,000,000 төгрөгөө буцааж авсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,  шүүгдэгч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...би 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б-д бэлэн 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн Хаан банкны **** тоот данснаас Б-н **** тоот данс руу 800,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь **** дугаарыг бичиж АТМ-с шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. Хэдийгээр шүүгдэгч нь Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон боловч уг гэмт хэрэг нь энэ гэмт хэрэгтэй нэг цаг хугацаанд үйлдсэн тул шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч С.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хоригдох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл  хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрх хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын **** багийн **** тоотод оршин суудаг  тул түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Э-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Б-д 3,500,000(гурван сая таван зуун мянган) төгрөгийн хохирол учирсан бөгөөд үүнээс шүүгдэгч С.Э нь 1,350,000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Хаан банкны 2 ширхэг шилжүүлгийн /2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 150,000(нэг зуун тавин мянга) төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 200,000 (хоёр зуун мянга) төгрөг баримт,  хохирогч П.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “... С.Э миний Хаан банкны **** тоот данс руу 800,000 төгрөг, бэлнээр 200,000 төгрөг, нийт 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал,  гэрч П.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Сүүлдээ мөнгөө буцааж авъя гээд гар утас руу нь байнга залгасаар байгаад 1,000,000 төгрөгөө буцааж авсан юм...” гэх мэдүүлэг,/хавтаст хэргийн 25 дугаар тал/  шүүгдэгч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...П.Б нь энэ таны хашаа биш байна. Тийм учраас танаас мөнгөө авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б-д бэлэн 200,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өөрийн Хаан банкны **** тоот данснаас Б-н **** тоот данс руу 800,000 төгрөгийг гүйлгээний утга дээр нь **** дугаарыг бичиж АТМ-с шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 40-41 дүгээр тал/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Э хохиролд нийт 1,350,000(нэг сая гурван зуун тавь мянга) төгрөг төлсөн  байх тул үлдсэн хохирол 2,150,000 (хоёр сая нэг зуун тавь мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Улсын яллагч шүүх хуралдаанд “... өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын эдлээгүй үлдсэн хэсгийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нэмж нэгтгэх...” агуулгатай дүгнэлт гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялын хүндэд нь нэмж нэгтгэх эсвэл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болохоор хуульчилжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан торгох ялыг хэрхэн биелүүлсэн, одоо биелэгдээгүй байгаа ялын талаарх баримт хэлэлцэгдээгүй, хэрэгт авагдаагүй, түүнчлэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаас тусад нь эдлүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээтэй, ойлгомжгүй байдал үүсгэхээргүй байх тул ялуудыг нэмж нэгтгэх талаарх улсын яллагчийн саналын хүлээн аваагүй болохыг тайлбарлаж байна.  

Шүүгдэгч С.Э хохиролд 1,350,000(нэг сая гурван зуун тавин мянга) төгрөг төлсөн, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн 2 ширхэг баримтыг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Т овогтой С-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-д 7(долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаалах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э-д оногдуулсан 7(долоо) сарын хугацаагаар зорчих эрх хязгаалах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн ялын 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч С.Э-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч С.Э-с гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2,150,000 (хоёр сая нэг зуун тавин мянга) төгрөгийг  гаргуулж, хохирогч П.Б-д олгож, шүүгдэгч С.Э хохиролд 1,350,000(нэг сая гурван зуун тавин мянга) төгрөг төлсөн, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн 2 ширхэг баримтыг хэрэгт хавсаргасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА