| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 106/2022/0865/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/36 |
| Огноо | 2023-01-09 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.7., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/36
2023 01 09 2023/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Д.Хонгорзул,
иргэдийн төлөөлөгч Г.Хулан,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эн,
шүүгдэгч О.Ба, түүний өмгөөлөгч Н.Амарсанаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-ын Ба-т холбогдох эрүүгийн 2205000002065 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1969 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, дүү нарын хамт **************** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ****************** түр оршин суух хаягтай,
- урьд Баянгол дүүргийн шүүхийн 1995 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
- Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******ын Ба, /РД: *************/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ба мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эн мэдүүлэхдээ: “...Бид нарын хувьд хоорондын өс хонзонгийн асуудал байгаагүй. Би дөрвөн хүүхэдтэй учраас нөхөр хүүхдийн хамт тусдаа байр түрээслээд гарсан. О.Ба нь манай дүүгийн хүүхдийг нь цэцэрлэгт зөөж өгдөг байсан. Гэтэл хоёр хүүхдийнх нь хажууд ээжийг нь хутгалж алсан. Гомдолтой байна. Оршуулгын зардалд нийт 2.900.000 төгрөгийг төлсөн. Одоо 15.133.398 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Холбоо мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 03-12 дахь тал/,
Цогцост үзлэг хийснийг тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 14-19 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эн-гийн:
“...Би талийгаач Ма-ийн төрсөн эгч нь байгаа юм. Ба ах манай аав Болбоогийн төрсөн дүү *******ын хүүхэд нь байгаа юм. ...намайг гэрээсээ явсны дараа манай аавын төрсөн дүү *******ын хүү болох Ба ах манай гэрт Ма болон Ам, Тэ нартай хамт амьдарч эхэлсэн, ...амь хохирогч Б.Ма-ийн хоёр хүүхэд одоо манай гэрт манай гэр бүлийн хамтаар амьдарч байгаа. Миний бие цаашдаа Ам, Тэ хоёрын асран хамгаалагчаар тогтоогдон, асран хамгаалж амьдрах болно, ...Талийгаачийн буяны ажилд нийт 12 орчим сая төгрөг гарсан. Би холбогдох баримтуудаа гаргаж өгч хавтас хэрэгт хавсаргуулна. Ба ахын төрсөн ах, дүү нараас буяны ажилд нь зарцуулаарай гэж надад 900.000 төгрөгийг надад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч М.А-ийн:
“...гэртээ манай өвөө гэж дууддаг Ба ах, манай аав Дашбямба, ээж Ма, манай дүү Тэ бид нар хамт байсан. Манай ээжийг өвөө Ба ах хутгалаад алчихсан манай ээж үхчихсэн, гал тогооноос хутга аваад хутгалчихсан ээжээс зөндөө цус гарсан өвөө ээж рүү уурлаад хутгалчихсан өвөө Ба ах согтуу байсан ээж жаахан согтуу байсан өвөө Ба ах ээж рүү аймаар уурласан би боль гэсэн өвөө Ба ах намайг дуугай бай гэсэн тэгээд уурлаад ээжийг хутгалчихсан ээж үхчихсэн тэгээд өвөө Ба ах гэрээс гараад явсан аав унтаж байсан би аавыг сэрээч ээ гээд дуудсан аав сэрээд ээжээс зөндөө цус гарсан байсан эмнэлэг дуудсан, ... гал тогооноос хутга аваад хутгалсан том хутга байсан Ба ах гал тогооны өрөөнөөс аваад шууд ээжийг хутгалаад алчихсан ээжээс цус их гарсан би хутгыг нь хараагүй, ... Ба ах ээж рүү аймаар уурласан яагаад уурласныг мэдээгүй тэгээд Ба ах ээжийг хутгалаад ээж үхсэн тэгээд Ба ах гараад явсан, ... Дашбямба өөрийнхөө орон дээр унтаж байсан, ...Ба ах зөндөө архи уусан согтуу байсан аав ээж хоёр жоохон архи уусан, ...Ба ах ээж Маыг хутгалахад үүдний коридор хэсэгт байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч М.Тэ-ийн:
“...гэртээ манай өвөө гэж дууддаг Ба, манай аав Даашка, ээж Ма, манай ах Ам бид нар хамт байсан сая манай ээжийг өвөө Ба алчихсан гал тогооноос хутга аваад хутгалчихсан ээжээс зөндөө цус гарсан би ээжгүй болсон, өвөө ээж хоёр хэрэлдсэн маргалдсан тэгээд хутгалчихсан Ам ах хажуугийн өрөөнд байсан бүр их цус гарсныг агаа бас харсан би бас харсан аав унтаж байсан сэрээд ээжийг коридорын шалан дээр цус гарсан байгааг нь хараад аав эмч дуудсан алчуур нөмрүүлсэн, ...гал тогооноос хутга аваад хутгалсан том хутга байсан Ба ах гал тогооны өрөөнөөс аваад шууд ээжийг хутгалаад алчихсан ээжээс цус их гарсан, ... Аав Даашка өөрийнхөө орон дээр унтаж байсан, ... Өвөө Ба ах зөндөө архи уусан аав ээж хоёр жоохон архи уусан, ... Ба ах ээжийг хутгалаад ээж коридорт газар унасан ах бид хоёр уйлаад боль боль гэсэн аав сэрж босож ирээд эмч дуудсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал/,
Гэрч Г.Да-ийн:
“...2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагаас 22 цаг хүртэл Б.Ма, манай найз Эрдэнэсайхантай хамт бид гурав 2.5 литртэй Сэнгүр пиво нэг ширхэг, 2 шил 0.5 литртэй Экс архи гурвуулаа хувааж уусан ба манай найз Эрдэнэсайхан 20 цаг өнгөрч байх үед яваад өгсөн. Гэрт Б.Ма би М.Тэ, М.Ам бид дөрөв хамт үлдсэн. Тэгээд Б.Ма бид 2 том өрөөний орон дээр унтахаар хэвтээд амарсан. М.Тэ, М.Ам нар нь том өрөөнд зурагтаар хүүхэлдэйн кино үзээд хэвтэж байсан. Би тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний 02 цагийн орчим сэрэх үед эхнэр миний хажууд байгаагүй, хэзээ боссон талаар мэдэхгүй байна. Би тэгээд нойлын өрөө орохоор том өрөөнөөс гарах үед Б.Ма том өрөөний үүдний хэсэгт хана налсан байдалтай шалан дээр сууж байсан, толгой нь зүүн талын мөр хэсэг рүүгээ хүзүүгээр нугарсан байдалтай, хоёр хөл нь шулуун хөлөө жийсэн байдалтай, хоёр гар нь гуяны хэсэгт байрласан байдалтай, цагаан хар өнгийн богино шорт, торон хар өнгийн цамцтай байсан ба эргэн тойронд Б.Ма-ийн баруун талын хөлийн хажууд шалны хулдаасан дээр цус болсон хөлдөөгчийн хажууд хойд хэсэгт шалан дээр ус болон цус холилдсон шингэн зүйл байсан. Б.Ма-ыг хөдлөхгүй байхаар нь хоёр гарын шууны дотор хэсгийг үзэхэд хэвийн байсан ба цамцыг нь сөхөж үзэхэд хүйсний хажуу зүүн дээд хэсэгт 1 ширхэг хутгаар үүсгэгдсэн байхаар шарх учирсан байсныг харсан. Ингээд байж байтал хажуу талаас манай хүү М.Тэ, М.Ам хоёр нь “Ээжийг өвөө зүсчхээд таны гар утсыг аваад гараад явчихсан” гэж хэлсэн ба манай хоёр хүү дахиад “Ааваа ээжийг өвөө яасан алчхаж уу?” гэж надаас асуухаар нь би “Миний хоёр хүү цаашаа байж бай ээж нь зүгээр аав нь эмч дуудаадахъя” гэж хэлээд түргэн дуудсан. Би өөрийн 89793414 дугаараас 103 тусгай дугаарт залгахад миний утас залгагдаж болохгүй байхаар нь гэрээсээ гараад манай байрны хойд талд байрлах ****** нэртэй зочид буудлын үүдээр ороод хамгаалалтын хар өнгийн хувцастай 40 орчим насны туранхай, дундаж нуруутай, бор дуу царайтай эрэгтэй хүний утсыг гуйгаад 103 түргэн тусламж дуудсан. Намайг сэрэх унтаж байгаад сэрэх үед бол О.Ба нь гэрт байгаагүй. Түргэн дуудаад эргээд гэр лүүгээ ортол манай хүү Б.Ам, Б.Тэ нар нь “том өрөөний компьютерын ширээний дээд талын тавцан дээр байсан бор өнгийн иштэй тонгорог /хутга/ байсныг заагаад өвөө энэ хутгаар ээжийг зүссэн” гэж хэлсэн. Манай хоёр хүүхэд ээж Б.Ма-ийнхаа нагац ах О.Баыг өвөө гэж дууддаг. Би О.Ба хэзээ орж ирээд гарсан гэдгийг би мэдээгүй унтаж байсан. Учир нь би нойргүйдэх өвчтэй бөгөөд нэг унтахаараа өөрөө сэрэхээс нааш сэрдэггүй, унтаж байгаа хугацаандаа маш сайн унтдаг. О.Ба нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 18 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гарч явсан ба бид нартай бол хамт нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, тухайн өдөр гарч ороод архи уучхаад согтуу орж ирээд манай эхнэр Б.Ма-тай маргалдаад байсан. Б.Ма нь О.Ба-ыг согтуу байхад нь дүргүй ба О.Ба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маш агсам зан ааштай болчихдог. Өмнө нь манай эхнэрийг согтуудаа байнга хараалын үгээр хараагаад хэл амаар доромжлоод байдаг байсан. Өмнө нь манай эхнэр Б.Ма-д О.Ба нь гар хүрч цохиж зодох гэж миний хажууд 5-6 удаа оролдож байсан би 2 удаа болиулаад гэрээс О.Ба-ыг хөөж гаргаж байсан. Өмнө нь 2022 оны 04-05 дугаар сарын үед О.Ба нь намайг ална гээд согтуудаа дэрэн доороо 4-5 ширхэг гэрт байсан хутгануудыг хийчихсэн байсан. Б.Ма бид хоёрыг гэрт байж байхад О.Ба нь согтуудаа гэрт байдаг хүнсний хутга бариад бид хоёр руу дайрч байсан тэр үед нь би болиулаад гэрээс хөөж гаргаж байсан, ... Манай эхнэр болсон үйл явдлын бүрэн ухамсарлах, биеэ бүрэн удирдан жолоодох чадвартай байсан. Тийм ч их согтоогүй байсан, ... О.Ба ах байнга архи уудаг асуудал манай эхнэр Б.Маад таалагддаггүй, О.Ба нь архи уухаараа гэрт орж ирээд агсам тавиад хэрүүл маргаан хийгээд янз бүрийн үгээр манай эхнэр болон намайг хэл амаар доромжлоод байдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
Хүний биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 63-71 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2403 дугаартай шинжээчийн:
“...Талийгаач Б.Ма-ийн цогцост цээжний зүүн урд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрч хавирга, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн, бүсэлхийн баруун дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх үнхэлцгийн хөндий болон хэвлийн хөндийн цусан хураа, шилэн хүзүү, зүүн ташаанд хатгагдаж зүсгэгдсэн шарх баруун шанаа, хүзүү, баруун мөр, баруун, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс шарх нь ир үзүүр бүхий зүйлийн, цус хуралт, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс цээжний урд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрч хавирга, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн, бүсэлхийн баруун дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий болон хэвлийн хөндийн цусан хураа нь гэмтлийн хүнд зэрэгт, шилэн хүзүү, зүүн ташаанд хатгагдаж зүсгэгдсэн шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь цээжний зүүн урд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрч хавирга, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн, бүсэлхийн баруун дээд хэсэгт хэвлийн хөндийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ. 2022.09.09-ний өдрийн 12:25 цагт цогцсын гадна үзлэг хийх үед талийгаач нь нар бараад 10-12 цаг болсон байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь жирэмсэн биш байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 889 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал/,
Шүүгдэгч О.Ба-ын:
“...Би яллагдагчаар татсан тогтоолтой уншиж, танилцсан. Миний зүгээс прокурорын тогтоол болон зүйлчлэлтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй, ...2022 оны 09 дүгээр сарын 08-ны орой /хэдэн цаг болж байсан гэдгийг санахгүй байна. Маай ч байсан нартай байсан/ Ма болон түүний нөхөр Дашбямба бид гурав өөрсдийн амьдарч буй 28-р байрны 04 тоот гэртээ “Гоулд” нэртэй 500 граммын савлагаатай нэг шил архийг хувааж уусан бөгөөд гэрт бид гурваас гадна Ма-ийн хоёр хүүхэд болох Ам болон Тэ нар байсан. Би архи ууж байгаад ганцаараа гэрээс гараад, гадаа агаарт хэсэг байж байгаад гадаа бүрэнхий болсон байхад буцаад гэртээ ороход Дашбямба унтчихсан, Ма хоёр хүүхэдтэйгээ сэрүүн байж байсан бөгөөд би гэртээ ороод ямар шалтгаанаар гэдгээ санахгүй байгаа ч гэсэн нэг мэдсэн чинь Ма бид хоёр миний унтдаг жижиг өрөөнд маргалдаж байгаад миний уур хүрээд гал тогооны өрөөнд байдаг шүүгээнээс бор өнгийн бариултай, жижиг хутга аваад Ма руу явж очоод түүнийг зогсож байхад нь гартаа барьж очсон хутгаараа нэг удаа биеийнх нь урд хэсэг рүү хутгалтал хажууд байсан Ам, Тэ хоёр “Өвөө болиоч ээ” гээд орилж байсан болон талийгаачийг хутгалсан гэдгээ би сайн санаж байна. Тэгээд би шоконд ороод гэрээс гараад гүйсэн, ...Манай гэрт ахуйн хэрэглээний гурван ширхэг хутга байдаг бөгөөд том хэмжээтэй, хар өнгийн иштэй, хүрэн өнгийн иштэй, жижигхэн хутга, мөн иш нь хугарчихсан цагаан өнгийн хутганууд байдаг. Мөн хоёр ширхэг заазуур байдаг бөгөөд би талийгаачийг бор өнгийн иштэй, жижиг хутгаар хутгалсан. Би хутгыг гал тогооны өрөөнөөс очиж аваад талийгаачийг хутгалсан, ...Би талийгаач дүү Ма-ыгаа коридор эсхүл жижиг өрөөнд зогсож байхад нь нэг удаа хутгалж байснаа санаж байна. Биеийнх нь аль хэсэгт хутгалснаа санахгүй байна, ...Би талийгаачийг хутгалсны дараа хоёр хүүхэд нь “Өвөө болиоч ээ” гээд орилохоор нь шууд гэрээс гараад явсан, ...Би талийгаач дүү Ма-ыг хутгалж амь насыг нь хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 180-181 дэх тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч О.Ба нь “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргахгүй” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Баын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч О.Ба нь:
2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 09-нд шилжих шөнө ****** дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлах **-р байрны ** тоотод өөрийн үеэл дүү Б.Ма-ыг хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ахуйн зориулалттай хутгаар онц харгис хэрцгийн аргаар мөн амь хохирогчийг ойрын төрлийн хүмүүс болох бага насны хүүхдийнх нь дэргэд олон тооны шарх гэмтэл буюу цээжний зүүн урд хэсэг дэх цээжний хөндийн рүү нэвтэрч хавирга, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн, бүсэлхийн баруун дээд хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийн болон хэвлийн хөндийн цусан хураа, шилэн хүзүү, зүүн ташаанд хатгагдаж зүсэгдсэн шарх баруун шанаа, хүзүү, баруун мөр, баруун, зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, баруун шанаанд зулгаралт бүхий гэмтэл учруулан алсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийснийг тэмдэглэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эн, насанд хүрээгүй гэрч М.Ам, М.Тэ, гэрч Г.Да нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2403 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 889 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл зэрэг баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно.
“Онц харгис хэрцгийгээр алсан” гэж хүнийг алахын өмнө болон алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан, осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүмүүсийн дэргэд алж, тэднийг шаналгасан зэрэг аргыг,
“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэж гэмт этгээд хохирогчийг бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгож алсныг,
“Биеэ хамгаалж чадахгүй хүн” гэдэгт өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг хүн хамаарна.
“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алсан гэж “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж, улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг алсан...”-ыг,
“Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэж “...гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамаарна. Гэр бүлийн гишүүн гэж “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч О.Ба нь өөрийн үеэл дүү болох Б.Ма-ыг алахдаа түүний ойр дотны хүмүүс болох төрсөн хүү М.Ам, М.Тэ нарын дэргэд алсан, гэмт хэрэг гарах үед ам хохирогч Б.Ма хүнд зэргийн согтолттой байсан, шүүгдэгч О.Ба нь амь хохирогчийн гэрт түүний хүүхдүүдтэй хамт амьдардаг зэрэг нөхцөл байдал тус тус тогтоогдсон.
Түүнчлэн хүнийг алах гэмт хэргийн “Онц харгис хэрцгий” шинжид дээр дурдсан нөхцөл байдлыг ойлгох бөгөөд шүүгдэгч О.Ба нь амь хохирогчийн эсрэг зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэн амь хохирогч Б.Ма-ийн цээж, хэвлий тус газар нь хутгалж, харгис хэрцгий аргаар түүнийг алах гэмт хэргийг туйлд нь хүргэхэд чиглэсэн үйлдлийг санаатай хийхдээ хохирогчийн биед цээжний зүүн урд хэсэг дэх цээжний хөндий рүү нэвтэрч хавирга, үнхэлцэг хальс, зүрх гэмтээсэн, бүсэлхийн баруун дээд хэсэгт хэвлийн хөндийн хөндий рүү нэвтэрч элэг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж зэрэг олон тооны шарх гэмтлийн улмаас амь хохирогч цус алдаж, цус алдалтын шоконд орж нас барах хүртлээ амь тэмцэж тарчилсан байх бөгөөд уг үйл баримтуудаар хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийн шинж хангалттай тогтоогдсон байна.
Мөн амь хохирогч нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба хүнд хэлбэрийн согтолттой хүн орчиндоо болон цаг хугацааны баримжаа алдагдах, ухаан орон гаран болох, унтаа байдалд орох, хөдөлгөөний эвсэл, тэнцвэр эрс алдагдах зэрэг шинжүүд илэрдэг болохыг анагаах ухааны ойлголтоор тайлбарласан байдаг. Иймд амь хохирогч Б.Ма нь шүүгдэгч О.Бат хутгалуулах үедээ хүчтэй согтуурсны улмаас идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй буюу сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байсан гэж дүгнэхээр байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч О.Ба нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Ба-ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ... тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б.Ма-ийн төрсөн эгч Б.Энг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон нь хуульд нийцнэ.
Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эн нь хохирол, хор уршигт нийт 18.033.398 төгрөг нэхэмжилснээс 2.900.000 төгрөгийг шүүгдэгчийн ар гэрээс төлж барагдуулсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эн-гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.133.398 төгрөгийг шүүгдэгч О.Ба-аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эн-д олгохоор шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч О.Ба-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн байх тул хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч О.Ба нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүхээс шүүгдэгч О.Ба-ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, урьд удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
-Бусад асуудлаар:
Эрүүгийн 2205000002065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “23 см урттай хүрэн өнгийн 1 ширхэг хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын Ба-ыг “Хүнийг алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Ба-ыг 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бат оногдуулсан 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ба-ын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 122 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “23 см урттай хүрэн өнгийн 1 ширхэг хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Бат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ба-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧИД Ч.ОТГОНБАЯР
С.БОЛОРТУЯА