Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/153

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

          Улсын яллагч Ч.Отгонбаатар

          Хохирогч Г.Мөнхбат /Төрийн банкны төлөөлөгч/

         Хохирогч Д.Эрдэнэ-Очир

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров

          Шүүгдэгч Х.Гомбожав нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гомбожавт холбогдох эрүүгийн 2022002960136 дугаартай  хэргийг 2022 оны  09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1976 оны 04 сарын 08-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 48 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Шанх майнинг ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар баг Орон сууцны 7-2 тоотод оршин суух, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, Эрдэнэ Ахай овогт Хишигтөмөрийн Гомбожав РД:/ЗЮ76040863/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Х.Гомбожав нь Дундговь аймгийн Луус сумын “Төрийн банк”-ны тооцооны төвийн захирлаар ажиллах хугацаандаа Авлигын эсрэг хуулийн 7.1.6 дахь хэсэг /албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх/ Төрийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын 8.2.2.а дахь хэсэг /Хувийн ашиг сонирхлоор зээлдэгч болон зээл хүсэгчээс ямар хэлбэрээр үнэ бүхий зүйл бэлэг, шан харамж, зээл авахыг хориглоно/, Төрийн банкны ажилтны ёс зүйн дүрмийн 5.1.5 дахь хэсэг /Харилцагчаас мөнгө, эд зүйл авах, зээл зэргээр хувийн харилцаа тогтоохыг/, 5.6.7 дахь хэсэг /Албан үүргээ биелүүлсэн болон биелүүлээгүйн төлөө өөрөө эсхүл хамаарал бүхий этгээдээр дамжуулан төлбөр, бэлэг, зээл, өв хөрөнгө, хандив, урамшуулал, хөнгөлөлтэй зээлийн үйлчилгээ авах зэрэг хууль бус бусад хангамж эдлэхийг/-т заасныг зөрчиж өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан бусдад 255.906.474 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Х.Гомбожав шүүхийн хэлэлцүүлэгт: “Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч, гэмшиж байна” гэв.

 

Хохирогч Г.Мөнхбат шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Гомбожав нь Луус тооцооны төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа 9 харилцагчийн нэр дээр 160.220.887 төгрөгийн зээлийг харилцагчгүйгээр бичиг баримт бүрдүүлж авч ашигласан. Төрийн банкны зүгээс хүүгийн хамт зээлийг 172.403.590 төгрөгөөр хаасан. 158.000.000 төгрөг нь харилцагчийг ирээгүй байхад зээл авч ашигласан дүн. 225.906.474 төгрөгийн дүн нь харилцагч зөвшөөрч өгсөн зээлийн нийт дүн байгаа юм. Манайх улирал бүр 5.000.000 төгрөгөөр төлүүлэхээр төлөвлөгөө өгсөн. Энэ ажлын хүрээнд Гомбожав, түүний нөхөр Баярсайхан нартай уулзаж малчны зээл хийлгэж 2.878.000 төгрөгийг төлүүлсэн. Төрийн банкнаас зээлийг хүүтэй нь 172.403.590 төгрөгөөр хаасан. Үүнээс 2.878.000 төгрөгийг төлсөн. Одоо 169.525.590 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.                                

Хохирогч Д.Эрдэнэ-Очир шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би зээл хийсэн мөнгөө төлөөд дуусч байгаа. Намрын төлөлтөө хийсэн. 02 сард 1.450.000 төгрөгийн төлөлт хийнэ. Ирэх жил дуусна. 2.500.000 төгрөгийг би хүсэлт гаргаж банкнаас авсан. Авсан мөнгөө Гомбожавт зээлүүлсэн” гэв.

           Шүүгдэгч Х.Гомбожавын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2015 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Луус сумын тооцооны төвийн эрхлэгчээр томилогдон ажилд орсон. 2017 оны 04 дүгээр сард шиг санагдаж байна, тухайн үед би “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл авахаар 8.000.000 төгрөгийг Ганболд гэж хүнд учир байдлаа хэлээд өөрийнхөө өмнөөс авахуулсан юм. Би цалингаасаа зээлийн төлөлтийг нь хийх нөхцөлтэйгөөр авсан ба би өөрөө цалингийн зээлтэй, бас хувь хүнээс авсан өрний асуудал байсан болохоор цалингаасаа төлж чадаагүй юм. Ингээд би Ганболд гэж хүнээс авсан зээл дээр өөрт нь хэлэлгүй дахин зээл авсан. Ганболдын нэр дээр авсан зээл 20.000.000 төгрөг хүрсэн байсан. Гэтэл 2018 оны 02 дугаар сард Ганболд малчны зээл авахаар гэнэт ирсэн ба би зээлийг нь төлж барагдуулаагүй байсан болохоор “Гялс төгрөг” ХЗХ-ноос өдрийн 1%-ийн хүүтэй мөнгийг зээлээр авч Ганболдын зээлийг дарсан. Ганболд нь 6.000.000 төгрөгийн малчны зээл аваад явсан. Үүнээс хойш 1-2 хоногийн дараа  “Гялс төгрөг” ХЗХ-ны мөнгө нэхэгдсэн тул малчины зээл аваад 6 сарын дараа төлөлтөө хийхэд нь тэр байдлыг нь ашиглан өөрт нь мэдэгдэлгүй нэр дээр нь зээлийг нь ахиулж аваад өөрийнхөө өр ширийг дарж байсан. Өөрөөр хэлбэл малчин иргэн маань 6.500.000 төгрөгийн зээл аваад 2 жилийн хугацаанд 4 хувааж төлөхөөр гэрээ байгуулдаг. Үүний дагуу малчин иргэн 6 сарын дараа эхний зээлийн төлөлт 2.000.000 гаруй төгрөгийг төлөхөөр дахин зээл нэмж авах эрх үүсдэг. Үүнийг нь ашиглаж зээлийг нь нэмж авч байсан. Энэ байдал маань цаашид давтагдан явсаар өдий хэмжээний өрөнд орсон. Би малчин иргэдийн хэнээс нь хэзээ хэдэн төгрөгийн зээл нэмж авахуулж байсан талаар одоо нарийн хэлж мэдэхгүй байна. Би өөрөө албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгож хийх ёсгүй үйлдлийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа. Санал нийлж байна. Миний бие хохирлыг нөхөн төлнө гэдгээ амлаж байна. Гэхдээ хүмүүсээс мөнгө зээлээд өгье гэж бодохоор ковид цар тахалтай байгаа болохоор хүмүүс зээлүүлэх мөнгөгүй байна. Ийм болохоор би өөрөө ажил хийж байгаад мөнгийг нь төлж барагдуулах шаардлагатай байна. Би 2017 оны 04 дүгээр сард “Тоёота Приус-20” маркийн 8756ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг хувь хүнээс 8.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Ингээд тус машиныг нөхөр Баярсайханы нэр дээр авсан ба унаж байгаад 2018 онд “Гялс төгрөг” ХЗХ-ны машинаа унаад явдаг зээлд 2.000.000 төгрөгт тавьсан. Үүнийхээ төлөлтийг хийж бага багаар ахиулсаар л явсан. Ингээд машинаа 2022 оны 02 дугаар сард машины ченж гэх хүнд 3.000.000 төгрөгөөр зарсан. Тус хүнд тээврийн хэрэгслийг нэрийг шилжүүлээгүй. Учир нь “Гялс төгрөг” ХЗХ-ны нэр дээр байгаа болохоор шилжүүлж чадаагүй. Тус банк бусынхаа зээлийн төлөлтийг хийж чадаагүйн улмаас Дундговь аймгийн Иргэний хэргийн шүүхэд 2022 оны 04 дүгээр сард нэхэмжилсэн байсан. Тэр үед 1.2 сая төгрөгийн нэхэмжлэлтэй байсан ба 05 дугаар сард 500.000 гаруй төгрөг төлсөн, одоо 580.000 төгрөг төлчихвөл тус машины ченж гэх хүний нэр дээрээ шилжүүлж авахаар байгаа. Би өөрөө ажил хийж байж л хохирлыг нөхөн төлж барагдуулна. Төрийн банкны удирдлагуудтай уулзаж хохирлыг нөхөн төлөх талаар ярилцъя. Би Төрийн банкны кредит карт 6.500.000 төгрөг, цалингийн зээл 12.000.000 төгрөг, нөхөр Баярсайхан маань өөрөө цалингийн зээл 9.000.000 төгрөг, малчны зээл 5.000.000 сая төгрөгийн зээлтэй болохлоор ажил хөдөлмөр хийгээд өөрийнхөө зээлийг дарж байгаа тул надад тусалж чадахгүй байгаа. Иймд би тогтвор суурьшилтай цалин боломжийн газар гээд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Шанх майнинг” ХХК-д ажиллаж байгаа, үүнээс авсан цалингаараа өөрийн цалингийн зээлээ төлж байгаа. Үүнийг төлж дуусмагц кредит картынхаа зээлийг төлж дуусгана. Сардаа хуваарьт орчихвол төлж дуусгачихмаар байна. Кредит карт нь бөөн мөнгөө авдаг болохоор би төлж чадахгүй байна. Би өөрийнхөө үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байна. Төрийн банкийг хохиролгүй болгоход минь надад хөнгөн ял оноож өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 96-101/ 

Хохирогч Г.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 оны 09 сарын дундуур Дундговь аймгийн Луус сумын төрийн банкны харилцагч нэг иргэний манай банкинд гаргасан  “миний нэр дээр намайг мэдээгүй байхад зөвшөөрөлгүй зээл гарсан байна шалгаж өгнө үү” гэх гомдлын дагуу манай аймгийн төрийн банк дотоод шалгалтаар Луус суманд очиж ажиллаад 6 харилцагчийн нэр дээр 140.000.000 орчим төгрөгийн зөрчил илрүүлсэн. Ингээд Улаанбаатар хот дахь Төв банкны дотоод хяналт шалгалтын газарт мэдэгдэж хянан шалгагч нараар шалгуулсан. Гэтэл тухайн шалгалтаар нийт 14 иргэний нэр дээр 20 зээлийг зөвшөөрөлгүй гаргаж 158.499.637 төгрөгийн үндсэн зээлийн хохирлыг харилцагч нарт учруулсан байсан. Тухайн хохирлыг тус албаны захирлаар ажиллаж байсан Гомбожав нь учруулсан байсан. Одоо манай байгууллагад нийт 158.499.637 төгрөгийн үндсэн зээлийн хохирол үлдсэн. Үүн дээр тухайн хохирлын хуримтлагдсан хүү 13.903.953 төгрөгийн хүү нэмэгдэж нийт 172.403.590 төгрөгийн бодит хохирол учирсан. Манай банкны зүгээс тухайн хохирогч нарыг хохиролгүй болгож бодит хохирлыг бүрэн төлсөн ба 172.403.590 төгрөгийг Гомбожаваас нэхэмжилж байна. Гомбожав нь 2.878.000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 169.525.590 төгрөгийг Гомбожаваар төлүүлэх ёстой. 2015 оны 07 сарын 16-ны өдрөөс эхлэн Луус сумын Төрийн банкны салбарт ажиллаж байгаад 2020 оны 10 сарын 09-ний өдөр дутагдлаар халагдсан. Гомбожав нь эхлээд хамаатан саднаа гуйж зээл авахуулдаг байсан бол сүүлдээ харилцагчийг өөрийн биеэр ирээгүй, зөвшөөрөөгүй байхад харилцагчийн зээлийн гэрээнд өөрөө өмнөөс нь гарын үсэг дуурайлган зурж зээл гаргадаг байсан нь манай төв банкны дотоод шалгалтаар тогтоогдсон. Б.Мандах, Б.Баттөр, Г.Баяржаргал, Д.Ганболд, Д.Тогтоолжаргал, Б.Баттулга, Б.Сүхбат, Ж.Батцэнгэл, Д.Бямбадэлгэр, Ж.Бямбатогтох, Ц.Ганхуяг, Э.Содхүү, Д.Эрдэнэ-Очир, О.Ганбат гэх харилцагчид байгаа эдгээр хүмүүс бүгд Луус сумын иргэд юм. Учруулсан хохирлоо өөрөө хүлээн зөвшөөрдөг ба 2.878.000 төгрөгийг төлсөн. Сүүлийн үед манай байгууллагаас холбогдоод ирж уулз гэхэд ирж уулзахгүй, гар утсаа авахгүй үлдсэн хохирлоо төлөхгүй байгаа. Манай байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Үүнээс болж манай байгууллагын нэр хүнд харилцагчийн дунд унасан.гэх мэдүүлэг /3-р хх-ийн 93-94 /

            Хохирогч Г.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Х.Гомбожав нь 2014, 2015 оноос эхлэн Төрийн банкинд ажиллаж байсан ба тус хүний талаарх нарийн мэдээллийг мэдэхгүй байна. Х.Гомбожав нь Луус сумын Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа малчин иргэдийн малчны зээлийг ашиглан малчин иргэн байхгүй байхад зээлийг гаргаж өөртөө давуу байдал бий болгож зээлийг өөрөө ашигласан байдаг. Манай Төрийн банкны дотоод хяналт шалгалтын газраас шалгаж нийт 14 иргэнээс 20 удаагийн малчны зээлийг гаргаж авсан. Малчин иргэдтэй уулзахаар тухайн авсан зээлийн талаар огт мэдэхгүй би аваагүй гэдэг хариултыг өгдөг байсан. Ингээд теллер Бүжинлхам, ахлах теллер Нямцэрэн нараар малчны зээлийг гаргахдаа Гомбожав нь малчин нь одоо ирж байгаа ирэхээрээ гарын үсэг зурчихна гэж хэлээд зээлийг гаргуулан өөр зээлдэгчийн данс руу шилжүүлж, зээлийг хаах, төлбөрийг төлөх үйлдлүүд тогтоогдсон. Теллер нарын нүдэнд их хэмжээний бэлэн мөнгө авч харагдахгүй байсан болохоор шинээр ажилд орсон теллерүүд нь мэдэхгүй байсан. Энэ нь цаашлаад даамжирч олон иргэдээс зээл авч, зээлээс зээлийн хооронд зээлийн буцаан төлөлтийг хийж явсан байсан. Теллер Бүжинлхам, Нямцэрэн нарын хувьд шинэ ажилтан болохоор энэ байдлыг Гомбожав нь ашиглаж өөртөө давуу байдлыг бий болгосон байсан. Гэмт хэргийн шинжтэй энэ байдлыг дотоод хяналт шалгалтын газраас шалгаж нийт 172.000.000 төгрөгийн 14 иргэний зээлийг Төрийн банкнаас төлж, Гомбожавт 172.000.000 төгрөгийн авлага үүсгэж малчин иргэд, харилцагч нарыг өр төлбөрийг барагдуулсан. Гомбожав нь 2021 оны 12 дугаар сарын сүүлээр 2.878.000 төгрөгийг төлж, одоо манай банканд 169.525.590 төгрөгийн авлагатай байгаа. Үүнээс Гомбожавыг улиралд 5.000.000 төгрөгийг төлөх талаар шаардаж байгаа боловч Гомбожав цайсан байдалтай өрийг төлөхгүй байгаа. Гомбожавын нэр дээрх хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шалгаж үзсэн боловч хураан авах эд хөрөнгө байхгүй байгаа. Цагдаагийн байгууллагад өгч шалгуулснаас хойш Гомбожавын нэр дээр 169.000.000 төгрөгийн зээл гэж байхгүй, авлага гэж бүртгэсэн болохоор зээлийн хүү бодогдохгүй байгаа Х.Гомбожав нь манай банканд өнөөдрийн байдлаар кредит картын 5.000.000 төгрөгийн үндсэн зээл, түүний зээлийн хүү 1.500.000 төгрөгийн хүү бодогдсон. Мөн цалингийн зээл 11.224.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Кредит картын төлбөрийг төлөхгүй байгаа. Харин цалингийн зээлийг сарын сүүлээр төлөөд явж байгаа. Би үнэлгээний дүгнэлтийг уншиж танилцлаа. Мэргэжлийн байгууллагаар хохирлыг тогтоосон болохоор санал нийлж байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 97-99/

          Хохирогч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас малчны зээл авсан цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. 2.500.000 төгрөгийн зээл авсан. Уг зээл төлөгдөөгүй байгаа одоо 2.500.000 төгрөгийн малчны зээлтэй байгаа. Би тухайн зээлийг төлж чадахгүй гэдгээ Төрийн банканд хэлсэн. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, миний нэр дээр байгаа малчны зээлийг барагдуулмаар байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 110-111/

Хохирогч Г.Сүхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас 2019 онд малчны зээл 13.000.000 төгрөг авсан байсан. Уг 13.000.000 төгрөгийг Төрийн банкнаас төлж барагдуулсан. Одоо ямар ч зээл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 104-105/

           Хохирогч Э.Содхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас малчны зээл авсан байсан. Цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. 5.000.000 төгрөгийн зээл байсан, тухайн зээл одоо төлөгдсөн. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 116-117/

Хохирогч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Х.Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкны малчны зээл авсан байсан. Зээл авсан цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. 21.000.000 төгрөгийн зээл авсан байсан. Тухайн зээл одоо төлөгдсөн. Надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн122-123/

Хохирогч Б.Мандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.Гомбожав нь миний нэр дээр төрийн банкнаас зээл авсан гэж байсан. Би тэр талаар сайн мэдэхгүй байна. 2020 онд цагдаагаас надтай хүн уулзаад таны нэр дээр зээл авсан байна гэж хэлэхэд мэдсэн. Одоо Төрийн банкинд ямар нэгэн зээл байхгүй. Гомбожав миний нэр дээр зээл аваад буцаагаад хаасан гэж байсан. Надад ямар нэгэн гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 128-129/

Хохирогч Ж.Бямбатогтохын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 онд Х.Гомбожав миний нэр дээр Төрийн банкинаас малчны зээл нэмж 15.000.000 төгрөгийг авсан байсан. Тухайн зээл нь одоо төлөгдсөн. Одоо ямар ч зээл байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 133/

Хохирогч Д.Бямбадэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас 2-3 удаа надад хэлж малчны зээл авахуулж байсан. Цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. 900.000 төгрөгөөр нэг удаа, 1.500.000 төгрөгөөр нэг удаа авахуулж байсан. Тус зээлийн хугацаанд нь төлдөг байсан. Одоо надад Төрийн банкинд ямар нэгэн зээл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 138-139/

Хохирогч О.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас 2019 онд малчны зээл 3.500.000 төгрөг авсан байсан. Уг зээлийг цувуулж өгч байгаад 2021 оны 11 сард төлж дууссан. Одоо би Төрийн банкинд ямар нэгэн зээл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 144-145/

Хохирогч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.Гомбожав нь манай аав болон миний нэр дээр Төрийн банкнаас 2018 онд малчны зээл 55.000.000 төгрөгийг авсан байсан. Төрийн банк уг зээлийг хаасан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би зээлгүй байгаа.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 150-151/

Хохирогч Д.Тогтоолжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас 2018 онд малчны зээл 27.000.000 төгрөгийг авсан байсан. Уг 27.000.000 төгрөгийн зээлийг Төрийн банк төлж барагдуулсан. Одоо төрийн банкинд зээл байхгүй. Би өөрөө зээл аваагүй байж, банкинд их хэмжээний зээлтэй болсон байна, гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 156-157/

          Хохирогч Б.Баттөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас 2019 онд манай малчны зээл дээр нэмээд 15.000.000 төгрөг зээлсэн байсан. Манайх тухайн үед 5.000.000 төгрөгийн зээлтэй байсан. Тухайн зээлийг төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн зээл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 162-163/

            Хохирогч Ц.Ганхуягын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.Гомбожав нь 2019 оны 05 сарын эхээр би Төрийн банкнаас 5.000.000 төгрөгийг зээлж авахад надаас гуйж 3.000.000 төгрөгийн зээл нэмж авахуулсан. Би зээлээ 2020 оны 12 сард хаасан. Одоогоор Төрийн банкинд ямар нэгэн зээл байхгүй. Би зээлээ хаахдаа Гомбожавт өгсөн мөнгөө цуг хаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 168-169/

Хохирогч Ч.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Х.Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас малчны зээл авсан байсан. Цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. 7.000.000 төгрөгийн зээл авсан байсан, тухайн зээл одоо төлөгдсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 174-175/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний аав Д.Ганболд нас барсан. Би аавыгаа төлөөлж энэ асуудалд хохирогчоор оролцоход татгалзах зүйл байхгүй. Х.Гомбожав манай аав Д.Ганболд болон миний нэр дээр Төрийн банкинаас 2018 онд малчны зээл 55 сая төгрөг авсан байсан. Төрийн банк уг зээлийг хаасан. Одоо ямар ч зээл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх 179-180/

Гэрч Э.Хөхөөхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Дундговь аймаг дахь Төрийн банкны салбарын захирал ажилтай. 2020 оны 09 сарын 23,24-ний үеэр манай салбарын дотоод хяналт шалгалтын баг тус аймгийн Луус сумын тооцооны төв дээр 1 иргэний нэр дээр 2 зээлийн данс анх үүссэн байсныг олж тогтоон шалгалтын ажиллагаа хийхэд Баттөр гэх хүний нэр дээр 2 зээл олгогдсон байсан. Үүний мөрөөр салбар шалгаж эхлэхэд 133.000.000 төгрөгийн хохирлыг олж тогтоосон. Ингээд Төрийн банкны дотоод хяналт шалгалтын газарт мэдэгдэж 4 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг Улаанбаатар хотоос ирж шалгасан ба шалгалтынхаа явцад 9 харилцагчийн нэр дээр мэдээгүй байхад нь зээлийн материал бүрдүүлж хувьдаа завшсан үйлдэл тогтоогдсон. Тухайн завшсан үйлдлийг тухайн үед Луус сумын тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Гомбожав гэгч нь үйлдсэн байсан. Манай байгууллагын дотоод хяналт шалгалтын газрын хүмүүс 2020 оны 09 сарын 30-ны өдрөөс 10 сарын 09-ний хооронд ирж ажилласан. Шалгалтын ажиллагаа хийхэд нийт 13 хүний нэр дээр зөвшөөрөлгүй зээл авч хувьдаа завшсан нь тогтоогдсон. Одоо 9 харилцагчийн нэр дээр 160.000.000 орчим төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Хамгийн сүүлд Баттөр гэх хүн давхар зээл олгохдоо Луус сумын тооцооны төвдөө зээл гаргаж өгсөн байсан. Тухайн үйлдлээр нь мэдсэн юм. Гомбожав нь одоо Луус суманд байдаг. Зээл хүссэн материалыг шалгалтын актын материал дээр тодорхой тусгасан байгаа. Ямар ч байсан зарим харилцагчийн гарын үсгийг дуурайлгаж зурсан, зарлага гаргахдаа баримт дээр мөн гарын үсгийг дуурайлгаж зурсан асуудал байсан. Бас зарим өмнө нь зээл авч байсан харилцагчийн хуучин материалаас хуулбарлаж авсан гэж бодож байна. Гомбожавтай ахлах теллер Нямцэрэн, теллер Бүжинлхам нар ажиллаж байсан. Дээрх нэр бүхий хүмүүс Луус сумын харьяат ихэвчлэн малчин хүмүүс байсан. Дээрх 13 харилцагчийн хохирол болох 160.000.000 төгрөг буюу хяналт шалгалтын хугацаанд хүү нь бодогдон 172.000.000 төгрөгийн авлага Гомбожавын нэр дээр бүртгэгдсэн байгаа. 13 харилцагчийг банкны зүгээс бүрэн хохиролгүй болгосон. Х.Гомбожавын үйлдэл нь 2017 оны 04 сараас эхлэлтэй байсныг шалгалтаар олж тогтоосон.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 183-184/

Гэрч Б.Нямцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Гомбожав гэх хүнийг танина. Луус сумын Төрийн банкны тооцооны төвд хамт ажиллаж байсан. Би тус тооцооны төвд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ахлах теллерийн ажилд ороход Гомбожав тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан. Тэрнээс хойш 1 жил гаран хамт ажилласан. Х.Гомбожав нь харилцагчдын материалыг өөрөө бүрдүүлж зээл авч хувьдаа завшсан талаар би сайн мэдэхгүй. Намайг ажиллаж байх хугацаанд харилцагч өөрсдөө байхгүй бол багийн даргаас нь өөрөө очиж харилцагчийн А дансыг авч материалыг нь бүрдүүлэн зээл авдаг байсан. Заримдаа харилцагчтай утсаар Гомбожав нь өөрөө холбогддог байсан. Заримдаа харилцагч байхгүй байхад өөрөө зээл гаргадаг байсан. Харилцагчийн нэр дээр зээл гаргахдаа хуралдах журамтай байдаг. Гэхдээ намайг ажиллаж байх хугацаанд зээлийн хорооны хурал гэж огт хийж байгаагүй. Зээл олгогдсоны дараа тооцооны төвийн зээлийн хорооны бүртгэлийн дэвтэрт хөтөлдөг байсан. Нөгөө теллер болох Бүжинлхам бид 2-ыг тухайн дэвтэр дээр гарын үсэг зуруулж, хурал хийлгэсэн болгодог байсан. Манай тооцооны төв нь 20.000.000 төгрөгөөс бага дүнтэй зээлийг гаргадаг байсан. Түүнээс их дүнтэй зээл гаргах болбол Аймгийн төв рүү Төрийн банкны салбар руу материалыг нь явуулж шийдүүлдэг байсан. Харилцагч байхгүй тохиолдолд материалыг нь өөрөө бүрдүүлчихээд зээлийн олголтыг нь бид хоёроор хийлгэдэг байсан. Гарын үсгийн хувьд харилцагч нь одоо ирж байгаа, эсвэл одоо үүдэнд ирчихсэн байгаа гэх мэтээр бид хоёрт хэлж зээл олгуулдаг байсан. Х.Гомбожавыг хувьдаа завшдаг байсан талаар мэдэхгүй. Намайг ажилд орсноос хойш зээлийн материалыг ихэвчлэн өөрөө бүрдүүлдэг байсан ба зээлийн хорооны дэвтрээ Гомбожав нь өөрөө хөтөлдөг байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 185-186/

Гэрч Э.Содхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Луус сумын Төрийн банкны эрхлэгч Гомбожав надтай яриад хүүхдийн сургалтын төлбөр төлөх гэсэн юм хэдэн төгрөгийн хэрэг байна. Чи ирээд зээл хийгээд өгөөч гэхээр нь би очоод 10.000.000 сая төгрөгийн зээл хийж өгсөн. Эхний төлөлт болох 3.000.000 орчим төгрөгийг Гомбожав надад өөрөө 2019 оны намар өгч төлүүлсэн. Дахин төлөвлөлт хийгээгүй хүүг нь төлөөд миний зээлийг хойшлуулчихлаа гэж надад хэлсэн. 2020 оны 11 дүгээр сард би мал борлуулж байгаад 1.000.000 төгрөгийн төлөлт хийсэн. 2020 оны хавар Гомбожав надад хэлэлгүй 5.000.000 төгрөг нэмж авсан байсан. Тэр мөнгөтэй нийлээд 12.499.000 төгрөг болж байгаа. Манай эхнэр Чимэдцэеэ энэ асуудлаар аймгийн төрийн банктай холбогдож байж надад мэдэгдэлгүй авсан 5.000.000 төгрөгийг Төрийн банкаар хүүтэй нь төлүүлсэн.Баримт нь байгаа байх, дараа нь шалгахад 5.000.000 төгрөг хүүтэйгээ төлөгдсөн харагдаж байсан. Би 10.000.000 төгрөгийг Гомбожав гэх хүнд гаргаж өгсөн. Өөрийн биеэр очиж гарын үсэг зурж материал бүрдүүлж авч өгсөн. Тэр мөнгө нь эхний ээлжид миний данс руу орсон, мөнгийг бэлнээр аваагүй. Гомбожав өөрөө над руу ярьж данс руу хэд хэдэн удаа шилжүүлж байсан санагдаж байна. Гомбожавтай Төрийн банкны үйлчлүүлэгчийн шугамаар танил болсон. Өөр ямар нэгэн холбоо харилцаа байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 187-188/

Гэрч О.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би 10.000.000 төгрөгийн зээлийг хийсэн. 2019 оны 03 сарын 13-нд 10.000.906 төгрөг, 2019 оны 6 сарын 18-нд 8.100.000 төгрөг, 2020 оны 02 сарын 14-нд 5.000.000 төгрөгийн зээл авсан эдгээр зээлүүд бүгд нийлээд 33.100.000 төгрөг болж байгаа юм. 33.100.000 төгрөгөөс 13.100.909 төгрөгийг төлөөд байгаа. Одоо зээлийн үлдэгдэл 19.999.091 төгрөг болоод байгаа юм. Хамгийн сүүлд 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлөлт хийсэн. Би 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээлийг хийсэн ба 2019 оны 03 сарын 13-нд 10.000.906 төгрөг, 2019 оны 06 сарын 18-нд 8.100.000 төгрөг, 2020 оны 02 сарын 14-нд 5.000.000 төгрөгийн зээл авсан. Би эдгээр зээлүүдийг авахдаа өөрийн биеэр очиж материал бүрдүүлэн гарын үсэг зурж авч байсан. Дээрх зээлийг өөрийнхөө дансанд авч байсан. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг зээлсний 3.500.000 төгрөгийг Гомбожавт авч өгсөн. Үүнийг төлөөгүй байгаа” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 190-191/

Гэрч Б.Баттөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би энэ зээлийг аваагүй. Би 2020 оны 05 дугаар сард зээлээ төлөх санаатай Говьсүмбэр аймгийн Төрийн банкны салбар дээр очиж зээлээ төлье гэхэд теллер нь “бүгдийг нь хаах юм уу” гэж асуухаар нь “тэгье” гэж хэлсэн. Тэгтэл теллер эмэгтэй та 20 сая хэдэн зуу гэж хэллээ сайн санахгүй байна. Тухайн үедээ сандраад юу 20 сая төгрөг вэ? Тийм байх ёсгүй шүү дээ. Миний зээл 5.000.000 орчим сая  төгрөг байх ёстой шүү дээ гэж хэлэхэд та орон нутгийн салбар руугаа яриад асуучих гэхээр нь Гомбожав эгч рүү залгаад зээлээ төлөх гэсэн чинь 20.000.000 сая төгрөг төлөх юм байна гэж гарч ирээд байх юм гэж хэлсэн. Тэгтэл Гомбожав эгч “аан тэр тийм юм болсон юм аа, эгч нь хотод эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлгээс гараад очоод зохицуулчихна. Наад зээлийнхээ 5.000.000 төгрөгөө эгчийнхээ данс руу шилжүүлчих, би зохицуулчихна, санаа зоволтгүй” гээд мессежээр өөрийнхөө нэр дээрх дансыг явуулсан. Тэр данс руу нь нөгөө зээл төлөх 5.000.000 төгрөгөө шилжүүлсэн. Гомбожав эгч өөрөө янзлаад болгочих юм байлгүй дээ. Алдаатай мэдээлэл гарч ирдэг юм байх даа гэж бодоод л өнгөрсөн. Тэгээд зээлгүй болсон гэж бодоод дараа нь 2020 оны 10 сард зээл авахаар Төрийн банкны Гомбожав дээр очтол аймгаас шалгалт ирсэн байна, түр гадуур явж байгаад ир гэхээр нь гадуур явж байгаад очоод уулзсан. Түрүүнд нь зээл авч байсан болохоор материал нь байдаг юм байлгүй. Зээл хурдан хугацаанд гарсан. Тухайн үед 17.000.000 төгрөгийн зээл авсан. Тэгээд зээлээ авсны маргааш нь нэг хүн утсаар яриад асууж тодруулах зүйл байна. Танайх Төрийн банкнаас өчигдөр зээл авсан уу, танайх хаана байдаг айл вэ? очиж уулзъя гэхээр нь би аймагт байна гэж хэлтэл таны байгаа газар яваад очъё гээд Төрийн банкны зээл хариуцсан менежер гэсэн байх. Нэг хүүхэн ирж уулзаад Та 21.750.000 төгрөгийн зээл авчихаад сая дахин 17.000.000 төгрөгийн зээл гаргуулж авсан байна. Яагаад давхар зээл авсан юм бэ? гэхээр нь би тэр 21.750.000 төгрөгийн зээлийг мэдэхгүй. Би өчигдөр л 17.000.000 төгрөгийн зээл авсан гэж хэлтэл таны нэр дээр давхар зээл гаргаад авчихсан байна шүү дээ гэж хэлэхэд л анх мэдсэн. Тухайн 21.750.000 төгрөгийн зээлийг хэзээ миний нэр дээр авсныг би мэдэхгүй, гарын үсэг зурж зээл аваагүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 194-194/

Гэрч Б.Мандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Луус сумын төрийн банкнаас 7.000.000 төгрөгийн зээл авч байгаагүй. 2019 оны 09 сарын 03-04-ний хооронд группын мөнгөө барьцаальж 1 сая гаруй төгрөгийн зээл авч байсан. Өмнө нь малчны зээл аваад төлсөн. 2019 оны 11 сарын 04-ний өдөр Төрийн банкнаас огт зээл аваагүй. Гомбожав таны нэр дээр зээл авъя гэж надаас гуйж байсан тохиолдол байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 197/

Гэрч Б.Бүжинлхамын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Луус сумын Төрийн банкинд теллерээр ажилд орсон. Тухайн үед Гомбожав нь тус салбарын захирлаар ажиллаж байсан. Тэгээд тэрнээс хойш 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн саналаар ажлаас гарах хүртэл хамт ажиллаж байсан. Гомбожав нь харилцагчийг ирээгүй байхад нэр дээр нь зээл гаргаад удахгүй ирнэ зээлийг нь гаргаад өгчих гэж байсан удаа байгаа. Малчны зээл бол малын “А” данс, иргэний үнэмлэхтэй байх хэрэгтэй байдаг. Цалингийн зээл бол хамтран зээлдэгч байх ёстой, нийгмийн даатгалын дэвтэр болон иргэний үнэмлэх шаарддаг материалыг захирал Гомбожав өөрөө хянадаг байсан. Материал нь бүрдсэн гээд Нямцэрэн бид 2-оор гарын үсэг зуруулдаг байсан. Зээл гаргахдаа хуралдаж шийдвэр гаргах ёстой. Намайг ажиллаж байх хугацаанд огт хуралдаж байгаагүй. 15.000.000 төгрөгөөс дээш зээл гаргах тохиолдолд аймгийн Төрийн банк руу шилжүүлэх ёстой байдаг. Харилцагчийг байхгүй байхад мөнгө гаргуулах тохиолдол байсан. Удахгүй харилцагч өөрөө ирнэ гээд мөнгө гаргуулж байсан. Зээлийн хорооны дэвтрийг өөрөө хөтлөөд хурал хийхгүйгээр ахлах теллер бид 2-оор гарын үсэг зуруулдаг байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 198-199/

Гэрч Д.Бямбадэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 05 сарын 06-ны өдөр Луус сумын Төрийн банкнаас зээл авахдаа теллерээс 3.500.000 төгрөгийг бэлнээр авсан. 4.000.000 төгрөгийг зээлээр аваагүй. Х.Гомбожав нь надад зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргаж өгсөн боловч дараа нь төв Төрийн банкнаас шалгалт ирэхээр нь уулзахад жинхэнэ эргэн төлөлтийн хуваарь нь өөр байсан төдийгүй надаас авсан 1.500.000 төгрөгийн хүүг би одоо болтол төлж байгаа надад хохиролтой байна.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 201/

Гэрч Д.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2020 оны 02 сарын 06-ны өдөр Луус сумын Төрийн банкнаас зээл авсан. Гэхдээ 7.000.000  төгрөгийг бэлнээр авсан. Тухайн мөнгөнөөс 1.500.000 төгрөгийг тухайн үед Луус сумын Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Х.Гомбожавт зээлүүлсэн ба бэлнээр өгсөн. Миний нэр дээр 7.000.000 төгрөгөөс гадна дахиад 2.300.000 төгрөгийн зээл гарсан байна. Энэ зээл надад огт хамаагүй, би төлж чадахгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 203/

Гэрч Д.Тогтоолжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2018 оны 05 сарын 29-ний өдөр 6.500.000, 2018 оны 11 сарын 28-ны өдөр 10.500.000, 2019 оны 06 сарын 16-ны өдөр 28.000.000 төгрөгийн зээлүүдийг Луус сумын Төрийн банкнаас аваагүй. Х.Гомбожав миний нэр дээр зээл авъя гэж гуйж байгаагүй. Би гарын үсэг зурж, бичиг баримт бүрдүүлж өгсөн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 205/

Гэрч Ц.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Дундговь аймгийн Луус сумын Төрийн банкнаас 2018 оны 09 сард 18.000.000, 2019 оны хавар 7.000.000 төгрөгийн зээл үлдсэн байсан дээр нэмж, 8.000.000 төгрөгийн зээл авсан. Би одоо төрийн банкинд ямар нэгэн зээлийн үлдэгдэлгүй. Төрийн банкнаас 16.000.000 төгрөгийн зээл авч байгаагүй. Төрийн банкнаас зээл авахдаа өөрийн биеэр материал бүрдүүлж, гарын үсгээ зурж, мөнгөө дансаар авч байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 210-211/

Гэрч Г.Сүхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Төрийн банкнаас 8.000.000 төгрөг болон 24.900.000 төгрөгийн зээл авч байгаагүй. Х.Гомбожав нь 2018 оны хавар 5.000.000 төгрөгийн зээл аваад өгөөч гэж гуйж байсан. Тухайн үед миний ажил амжаагүй тул би зээл авч өгч чадаагүй. 2019 оны хавар намайг банкин дээр дуудаад шалгалт ирэх гээд байна гээд нэг материал дээр гарын үсэг зуруулж байсан. Би ямар материал гэдэгтэй нь танилцаагүй, өмнө нь гарын үсэг зуруулахаа мартчихсан байна гэж хэлж байсан. ” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 214-215/

Гэрч С.Алдармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай нөхөр бид хоёр 2019 оны 11 сарын 04-ний өдөр 10 сая төгрөгийн зээл авна гэж тус банкны захирал Гомбожав руу утсаар залгаж “бид нар хөдөө байна, ажил төрлөө амжуулаад өдөр очих байх, та гарын үсэг зурахад бэлдээд байж бай гэж гуйсан. Тэгээд отор нүүдлийн ажилтай байсан тул одоог хүртэл гарын үсэг зурж амжаагүй байгаа. Бид тухайн үед 10 сая төгрөгийн зээл авсан гэж бодож байтал 2020 оны 04 сарын 10-ны орчим Төрийн банкнаас залгаж танайх 17.000.000 төгрөгийн зээлтэй байна. Зээлээ хугацаанд нь төлөөрэй гэж хэлэхээр нь мэдсэн. Гомбожав над руу залгаж танай зээл дээр 7.000.000 төгрөг нэмээд авчихсан байгаа, банкин дээр шалгалт ирээд байна. Шалгалтын хүмүүст 17.000.000 төгрөг авсан гэж хэлээрэй гэж ярьж байсан. Бид нар хэлснийх нь дагуу 17.000.000 төгрөгийн зээл авсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 217-218/

Гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би одоогоор Төрийн банкинд зээл байхгүй. Манайх отроор нүүх гээд 2020 оны 10 сарын дундуур сум ороод Төрийн банкнаас зээл авах гэсэн чинь банкны хүн надад та манай банкинд зээлтэй юм байна гэхээр нь юун зээл байдаг билээ гэсэн чинь 20 гаруй сая төгрөгийн зээл байна гэсэн. Тэгээд сураад байсан чинь Х.Гомбожав гэх хүн миний нэр дээр зээл авсан байсан. Би Дундговь аймгийн Төрийн банкнаас 27.100.000 төгрөгийн зээл хэзээ ч авч байгаагүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 224-225/

Гэрч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Төрийн банкнаас зээл аваагүй. Гомбожав 5 удаа зээл авсан байсан. Яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна. Д.Ганболд бол миний төрсөн аав байгаа юм. Миний аавын нэр дээр Гомбожав Төрийн банкнаас 64.500.000 төгрөгийн зээл авсан байсан. Зээл авахдаа аав маань өөрөө очиж гарын үсэг зурж аваагүй. Манай аав ер нь зээл авах дургүй хүн байсан.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 234-235/

Гэрч О.Оюундарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ж.Бямбатогтох манай нөхөр байгаа юм. 2019 онд нөхөр бид хоёр  5.000.000 төгрөгийн зээл авч байсан. 12.000.000 төгрөгийн зээл огт аваагүй.” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 237/

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 24/

            Дундговь салбарын харъяа Луус тооцооны төвд хийсэн  ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайлан /1-р хх-ийн 29-44, 4-р хх-ийн 62-74/

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 06 сарын 14-ний өдрийн 96 дугаартай: “- ...Төрийн банкны Дундговь салбарын Луус тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Х.Гомбожавын 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд малчдад олгох зориулалттай зээлээс зээлийн материалыг бүрдүүлэн 14 харилцагчдад олгосон гэх зээл олголтыг санхүүгийн анхан шатны баримттай тулган шалгахад 344.650.906.33 төгрөгийн зээл олгож, зээл, зээлийн хүүгийн 391.163.404.22 төгрөгийн эргэн төлөлтийн төлбөрийг хийж, 225.906.474 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй нягтлан бодох бүртгэлийн холбогдох данснуудад тусгагдсан байна. Х.Гомбожавын албан тушаалын давуу байдлыг ашиглаж, хуурамч материал бүрдүүлэн зээл олгосон, байгууллагыг хохиролд оруулсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна..., Эдийн засгийн шинжилгээгээр үйлдэл тогтоох боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, хохирлын тооцоо /4-р хх-ийн 76-80/

            Төрийн банкны улсын бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-ийн 60/

           Ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 61-65/

          “Төрийн банк” ХХК-ийн дүрэм, /1-р хх-ийн 66-74/

           Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 76-77/

           Хохирлын тооцоо /1-р хх-ийн 84/

           Мемориалын баримтууд /1-р хх-ийн 85-89/

            Х.Гомбожавын хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /4-р хх-ийн 105-106, 131-135/

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4-р хх-ийн 110/

            2019 оны Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /4-р хх-ийн 113-115/

          2015 оны 07 сарын 16-ны өдрийн 101 дугаартай Төрийн банкны Дундговь салбарын захирлын “Х.Гомбожавыг Луус тооцооны төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” тушаалын хуулбар /4-р хх-ийн 118/

          2020 оны 10 сарын 09-ний өдрийн Б/109 дугаартай Дундговь салбарын харьяа Луус тооцооны төвийн захирал Х.Гомбожавтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тухай” тушаалын хуулбар /1-р хх-ийн 42/

         Хөдөлмөрийн гэрээний хуулбар /4-р хх-ийн 119-122/

         Гэрлэсний бүртгэлийн болон жолоочийн лавлагаа /4-р хх-ийн 124, 125/

         Х.Гомбожавын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /4-р хх-ийн 127-128/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

    Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Х.Гомбожав нь Төрийн банкны Дундговь салбарын Луус тооцооны төвд захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2017-2020 оны хооронд эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж нэр бүхий 14 иргэний нэр дээр өөрөө зээлийн материал бүрдүүлэн зөвшөөрөлгүйгээр малчны зээл олголт хийх, мөн малчны авахыг хүссэн зээлийн хэмжээг нэмж зээл гарган өөртөө авч бусдад 172.403.590 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа зөвшөөрч, гэмшиж байна” гэх,

хохирогч Г.Мөнхбатын: “... шалгалтаар нийт 14 иргэний нэр дээр 20 зээлийг зөвшөөрөлгүй гаргаж 158.499.637 төгрөгийн үндсэн зээлийн хохирлыг харилцагч нарт учруулсан байсан. Тухайн хохирлыг тус албаны захирлаар ажиллаж байсан Гомбожав нь учруулсан байсан. Одоо манай байгууллагад нийт 158.499.637 төгрөгийн үндсэн зээлийн хохирол үлдсэн. Үүн дээр тухайн хохирлын хуримтлагдсан хүү 13.903.953 төгрөгийн хүү нэмэгдэж нийт 172.403.590 төгрөгийн бодит хохирол учирсан. ...Х.Гомбожав нь Луус сумын Төрийн банкны эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа малчин иргэдийн малчны зээлийг ашиглан малчин иргэн байхгүй байхад зээлийг гаргаж өөртөө давуу байдал бий болгож зээлийг өөрөө ашигласан байдаг...” гэх,

          хохирогч Д.Эрдэнэ-Очирын: “Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас малчны зээл авсан цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. 2.500.000 төгрөгийн зээл авсан...” гэх,

хохирогч Г.Сүхбатын: “Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас 2019 онд малчны зээл 13.000.000 төгрөг авсан байсан. Уг 13.000.000 төгрөгийг Төрийн банкнаас төлж барагдуулсан...” гэх,

           хохирогч Э.Содхүүгийн: “Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас малчны зээл авсан байсан. Цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. 5.000.000 төгрөгийн зээл байсан, тухайн зээл одоо төлөгдсөн...” гэх,

          хохирогч Б.Баттулгын:  “Х.Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкны малчны зээл авсан байсан. 21.000.000 төгрөгийн зээл авсан байсан.” гэх,

          хохирогч Б.Мандахын: “Х.Гомбожав нь миний нэр дээр төрийн банкнаас зээл авсан гэж байсан. 2020 онд цагдаагаас надтай хүн уулзаад таны нэр дээр зээл авсан байна гэж хэлэхэд мэдсэн. Одоо Төрийн банкинд ямар нэгэн зээл байхгүй...” гэх,

хохирогч Ж.Бямбатогтохын: “2020 онд Х.Гомбожав миний нэр дээр Төрийн банкинаас малчны зээл нэмж 15.000.000 төгрөгийг авсан байсан. Тухайн зээл нь одоо төлөгдсөн...” гэх,

хохирогч О.Ганбатын: “Х.Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас 2019 онд малчны зээл 3.500.000 төгрөг авсан байсан. ..би Төрийн банкинд ямар нэгэн зээл байхгүй.” гэх,

хохирогч Г.Баяржаргалын: “Х.Гомбожав нь манай аав болон миний нэр дээр Төрийн банкнаас 2018 онд малчны зээл 55.000.000 төгрөгийг авсан байсан. Төрийн банк уг зээлийг хаасан.” гэх,

хохирогч Д.Тогтоолжаргалын: “Х.Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас 2018 онд малчны зээл 27.000.000 төгрөгийг авсан байсан. Уг 27.000.000 төгрөгийн зээлийг Төрийн банк төлж барагдуулсан...” гэх,

          хохирогч Б.Баттөрийн: “Х.Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас 2019 онд манай малчны зээл дээр нэмээд 15.000.000 төгрөг зээлсэн байсан.” гэх,

хохирогч Ч.Батцэнгэлийн: “Х.Гомбожав нь миний нэр дээр Төрийн банкнаас малчны зээл авсан байсан. Цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. 7.000.000 төгрөгийн зээл авсан байсан, тухайн зээл одоо төлөгдсөн...” гэх,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяржаргалын “Миний аав Д.Ганболд нас барсан. Би аавыгаа төлөөлж энэ асуудалд хохирогчоор оролцоход татгалзах зүйл байхгүй. Х.Гомбожав манай аав Д.Ганболд болон миний нэр дээр Төрийн банкинаас 2018 онд малчны зээл 55 сая төгрөг авсан байсан. Төрийн банк уг зээлийг хаасан...” гэх мэдүүлгүүд болон Дундговь салбарын харьяа “Луус” тооцооны төвд хийсэн ээлжит, эрсдэлд суурилсан шалгалтын тайлан, шинжээчийн дүгнэлт, хохирлын тооцоо, мемориалын баримтуудаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Гомбожав нь өөрийн Төрийн банкны Луус тооцооны төвийн захирлын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж харилцагч байхгүй байхад зээлийн хорооны хурал хийхгүйгээр өөрөө зээл гаргаж, зээл олгогдсоны дараа тооцооны төвийн зээлийн хорооны бүртгэлийн дэвтэрт бичилт хийж /хөтөлж/ ахлах теллер Б.Нямцэрэн, теллер Бүжинлхам нараар тухайн дэвтэрт гарын үсэг нөхөн зуруулж, хурал хийж зээлийг шийдвэрлэсэн мэтээр баримт бүрдүүлж, өөрийн эрх мэдэл болон албан тушаалаа урвуулан ашиглаж нэр бүхий иргэдийн нэр дээр зээл авч хувьдаа ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.Гомбожавын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Х.Гомбожавыг Төрийн банкны Дундговь аймгийн Луус тооцооны төвийн захирлын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

 

 Хохирол төлбөр, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Х.Гомбожавын үйлдлийн улмаас Дундговь аймгийн Луус сумын Төрийн банкны тооцооны төвд 172.403.590 төгрөгийн хохирол учирсан байна.  Шүүгдэгч Х.Гомбожав нь учруулсан хохирлоос 2.878.000 төгрөг төлсөн байх тул хасаж, үлдэх 169.525.590 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан Төрийн банк /Луус сумын тооцооны төв, Г.Мөнхбат/-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “шүүгдэгч Х.Гомбожавын төлөх бодит хохирол 158.499.367 төгрөг гэж үзэж байна. Хуримтлагдсан хүү 13.903.953 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж тайлбарлаж байх ба Х.Гомбожавын зээлийн төлбөрийг барагдуулахаар 172.403.590.41 төгрөгийг төлсөн талаарх мемориалын баримтууд хэрэгт авагдсан байх тул “хуримтлагдсан хүү 13.903.953 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэх өмгөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн аваагүй болно.

       Түүнчлэн  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ. Иймд шүүгдэгч Х.Гомбожав нь өөрийн үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд байна.

        

Хохирогч Д.Эрдэнэ-Очир Х.Гомбожав нь миний нэр дээр 2.500.000 төгрөгийн зээл аваад төлөөгүй гэж байх боловч хохирогч Д.Эрдэнэ-Очир нь өөрөө банкинд зээлийн хүсэлтээ гаргаж, гэр бүлийн гишүүний хамт очиж тус банкнаас зээл авсан тухайгаа шүүх хуралдаанд мэдүүлж байна. Харин хохирогч Д.Эрдэнэ-Очир нь банкнаас авсан зээлээсээ 2.500.000 төгрөгийг Х.Гомбожавт өгсөн /зээлүүлсэн/ болох нь түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл иргэд хооронд хийгдсэн зээлийн гэрээ болох нь оролцогчдын мэдүүлгээр тогтоогдож байх тул эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзэх боломжгүй байна.

Иймд хохирогч нар учирсан хохирлын талаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурьдлаа.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгчийн үйлдсэн энэ гэмт хэргийн тухайд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилаагүй, нөхөн төлөгдөөгүй байдалд дүгнэлт хийж хорих ял оногдуулж, эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Өмгөөлөгч Д.Данзанноров шүүх хуралдаанд:  Шүүгдэгчийн ар гэрийн байдал болон ажил хөдөлмөр эрхэлж хохирлоо төлөх боломжоор хангаж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө гэх дүгнэлтийг гаргаж байна. Өмгөөлөгчийн энэхүү дүгнэлт нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй байх тул шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

Бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Г.Сүхбат, Э.Содхүү, Б.Баттулга, Б.Мандах, Ж.Бямбатогтох, Б.Бямбадэлгэр, О.Ганбат, Г.Баяржаргал, Г.Тогтоолжаргал, Б.Баттөр, Ц.Ганхуяг, Ч.Батцэнгэл нар гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, прокурорын 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор шүүгдэгч Х.Гомбожавын өмчлөлийн Дундговь аймгийн Луус сумын 2-р баг Наран Ханан гудамжны 2303 тоотод байрлах 4812000618 нэгж талбарын дугаартай 900 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын битүүмжилснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлээ.

 

           Шүүгдэгч Х.Гомбожавт хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

   1. Шүүгдэгч Эрдэнэ Ахай овогт Хишигтөмөрийн Гомбожавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэ Ахай овогт Хишигтөмөрийн Гомбожавт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гомбожавт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Гомбожавт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

          5. Шүүгдэгч Х.Гомбожавт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Гомбожаваас 169.525.590 /нэг зуун жаран есөн сая таван зуун хорин таван мянга таван зуун ер/ төгрөг гаргуулж хохирогч Дундговь аймгийн Луус сумын Төрийн банкны тооцооны төв /Г.Мөнхбат/-д олгосугай.

 

            7. Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 08 сарын 03-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч Х.Гомбожавын өмчлөлийн Дундговь аймгийн Луус сумын 2-р баг Наран Ханан 23 гудамж 2303 тоотод байрлах 4812000618 нэгж талбарын дугаартай 900 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар битүүмжилснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

          8. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Г.Сүхбат, Э.Содхүү, Б.Баттулга, Б.Мандах, Ж.Бямбатогтох, Б.Бямбадэлгэр, О.Ганбат, Г.Баяржаргал, Г.Тогтоолжаргал, Б.Баттөр, Ц.Ганхуяг, Ч.Батцэнгэл нар гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

           9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.УУГАНБАЯР