Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 


 

 

 

 

 

 

     2023         01           17                                      2023/ШЦТ/56

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Г.Намжил,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мө,

шүүгдэгч Б.Ян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* овогт *********-гийн Ян-д холбогдох эрүүгийн 2205000002554 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт *** аймаг, *********** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ********* овогт *********гийн Ян, /РД: *********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ян нь үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*****” ХХК-ний газ, шатахуун түгээх “ШТС 16” дугаар салбарт 24 цагийн хугацаагаар түгээгчийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа газ дүлш, бензин борлуулсан орлогоос 2022 оны 10 дугаар сарын 22-ны өглөөний 9 цагаас 23-ны өглөөний 9 цаг хүртэлх хугацаанд 30.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өглөөний 9 цагаас 26-ны өглөөний 9 цаг хүртэлх хугацаанд 30.953 төгрөгийг тус тус дутаасан,

- мөн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 09 цагаас 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 09 цаг хүртэл хугацаанд 1.942.812 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** дугаарын дансанд авч, цахимд орчинд мөрийтэй тоглож өөртөө захиран зарцуулж, бага хэмжээнээс дээш хохирол буюу нийт 2.003.765 төгрөгийн хохирол учруулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ян мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мө мэдүүлэхдээ: “...Манай байгууллагад учирсан хохирлыг төлж барагдуулсан тохиолдолд гомдол, санал байхгүй. Түүнчлэн манай компанид учирсан хохирлоос шүүгдэгч Б.Янгийн 3 өдрийн цалин болох 180.000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мө-ын:

“...2022оны 10 дугаар сарын 21-ний өдөр манай компанид түгээгчээр ажилд орсон. 24 цаг гараад 48 цаг амардаг, 4 өдөр л түгээлт хийсэн. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 08 цаг 30 минутад ажил дээрээ ирээд тэр өдрөө даагаад 24 цаг бүтэн өдөр түгээлтэд явсан. Өглөө нь ажлаасаа буухдаа эрхлэгчдээ орлогын мөнгөө өгөхдөө 1.942.820 төгрөг дутуу өгсөн. Мөрийтэй тоглоод алдчихсан гэж хэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 15 дахь тал/,

Гэрч Г.Су:

“... Би “*****, ***” ХХК-д 2022 оны 07 дугаар сарын 02-ны хойш “ТЭЦ” салбарт ажиллаж эхэлсэн. 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр түгээгчгүй, өөрөө түгээлт хийж байхад Ян ...би ажил сонирхоод явж байна гэсэн. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 19-ний өглөө ирж дагалдан хийгээд 20, 21-ний өдрүүдэд дагалдан хийгээд 10 дугаар сарын 22-ны өдөр түгээгчээр бие дааж гарсан. 10 дугаар сарын 23-ны өглөө тооцоог тулгахад 30 гаруй мянган төгрөг дутахаар нь шинэ хүн гэж бодоод өөрөөр нь төлүүлсэн. 10 дугаар сарын 25-ны өдөр гараад 26-ны өдөр 9 цагт буухад нь тооцоо нийлэхэд 30.953 төгрөг дутаагаад өгөөгүй. 10 дугаар сарын 28-ны өдөр Ян 9 цагт ажил дээрээ ирээд ээлжээ хүлээж авсан. Өмнөх гараан дээр мөнгө дутаасан одоо яах вэ гэхэд ...Ян би өөрийнхөө дансанд хураачихъя, тэгээд олсон орлогоо хяначихна гээд ажлын утсанд өөрийнхөө Хаан банкны нэр нууц үгийг хийсэн. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Янтэй тооцоогоо тулахад нийт орлого 17.849.947 төгрөг болсон, зөрүү 1.942.812 төгрөг үлдэхээр нь асуухад мөрийтэй тоглоом тоглоод дутаасан юм биш үү гэхэд тиймээ гэж хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 23-24 дахь тал/,

Шүүгдэгч Б.Ян-гийн Хаан банкны ********** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга / хавтаст хэргийн 41-46 дахь тал/, тооцоо нийлсэн акт / хавтаст хэргийн 47-48 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Ян нь үргэлжилсэн үйлдлээр итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулж хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, түүнээс 1.793.765 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч Б.Ян нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Янгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Ян нь:

Үргэлжилсэн үйлдлээр Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*****” ХХК-ний газ, шатахуун түгээх “ШТС 16” дугаар салбарт 24 цагийн хугацаагаар түгээгчийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа газ дүлш, бензин борлуулсан орлогоос 2022 оны 10 дугаар сарын 22-ны өглөөний 9 цагаас 23-ны өглөөний 9 цаг хүртэлх хугацаанд 30.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өглөөний 9 цагаас 26-ны өглөөний 9 цаг хүртэлх хугацаанд 30.953 төгрөгийг тус тус дутаасан,

- мөн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 09 цагаас 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн өглөөний 09 цаг хүртэл хугацаанд 1.942.812 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ********** дугаарын дансанд авч, цахимд орчинд мөрийтэй тоглож өөртөө захиран зарцуулж, бага хэмжээнээс дээш хохирол буюу нийт 2.003.765 төгрөгийн хохирол учруулан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хөрөнгө завшсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мө, гэрч Г.Су нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хаан банкны ********** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, тооцоо нийлсэн акт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг ба нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект буюу итгэмжлэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй буюу өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр авах, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоож зарж борлуулах зэрэг аргаар үйлддэг.  

Хавтаст хэрэгт авагдсан  “*****” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/240 дугаартай “ажилд томилсон тухай” захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Мө-ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ян нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд тус шатахуун түгээх станцын түгээгчийн ажилтнаар холбогдох хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг өөртөө захиран зарцуулсан нь тогтоогдсон тул түүнийг аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Б.Ян нь уг үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Янг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас “*****” ХХК-нд 2.003.765 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Ян нь 30.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Түүнчлэн шүүгдэгч Б.Ян нь “*****” ХХК-нд 3 өдрийн хугацаанд өдрийн 60.000 төгрөгийн цалинтай ажилласан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мө “Манай компанид учирсан хохирлоос шүүгдэгч Б.Янгийн 3 өдрийн цалин болох 180.000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч Б.Янгийн тус компанид ажилласан хугацааны цалин болох 180.000 төгрөгийг нийт хохирлоос хасч, шүүгдэгч Б.Ян-гээс нийт 1.793.765 төгрөгийг гаргуулж хохирогч “*****” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Мө нарт олгохоор шийдвэрлэв.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Б.Ян-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Ян нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ян-г үргэлжилсэн үйлдлээр “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч Б.Ян-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205000002554 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ян нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ********* овогт *********гийн Янг үргэлжилсэн үйлдлээр “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Янг 360 /гурван зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Янд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ян нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ян-гээс 1.793.765 /нэг сая долоон зуун ерэн гурван мянга долоон зуун жаран таван/ төгрөгийг гаргуулж хохирогч “*****” ХХК, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Мө нарт олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ян нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Янд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ян-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ