Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 135/ШШ2019/00456

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2019/00323/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дугаар баг, .. хороолол, .. байр, .. тоотод оршин суух ******* /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дугаар баг, Булаг .. тоотод оршин суух *******  холбогдох

“1,030,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

   “...2013 оны 11 дүгээр сард хариуцагч ******* манай хүүхдэд мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч гэсний дагуу 600,000 төгрөг өгсөн. Мөн 2013 оны 12 дугаар сард манай бэр Бт 300,000 төгрөг хэрэг болоод байна, зээлээч гэхэд нь төлж чадахаар бол хамаагүй гээд 300,000 төгрөг зээлүүлсэн. О эгчтэй холбоогүй. Хүү нь надаас 750,000 төгрөг зээлсэн байсан. Тэр мөнгөнөөс 650,000 төгрөгийг надад буцааж өгсөн. Одоо 100,000 төгрөг дутуу өгсөн. Тэр мөнгийг Б авсан шүү таньд хэлчихээрэй гэж хэлүүлсэн байсан. Одоо үндсэн мөнгө 1,000,000 төгрөгөө нэхэмжилж байна. Би 600,000 төгрөгийг бэлнээр ******* ийн хүү Н, 300,000 төгрөгийг бэлнээр бэр Б нарт ******* эгчийн хажууд өгсөн. Хүү нь 750,000 төгрөг зээлснээс 650,000 төгрөг өгсөн. 100,000 төгрөгийг Б авсан. 2016 оны 6 дугаар сард над дээр ******* эгч бэрийгээ дагуулж ирээд авсан юм бол мөнгөө өг гэж хэлэхэд нь бэр нь өгнө гэж хэлээд өгөөгүй. Хэлсэн хугацаандаа өгөөгүй учраас О эгчид дахин хэлсэн. Тухайн үед бэрийнх нь гэрийг мэдэхгүй байсан учраас О эгчтэй хамт гэрт нь очиж өгнө гэсэн тайлбарыг нь бичүүлж авсан. Тэрнээс хойш мөнгө өгөөгүй.” гэжээ.

Хариуцагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

“...2013 онд нэхэмжлэгч А манай хүү 500,000 төгрөг зээлээд, эхнэр болох Б 300,000 төгрөгийг намайг байлцуулж байгаад авсан. Энэ мөнгө нь надад хамаагүй. Манай хүүхдүүдээс А дэвтэр дээр гарын үсэг зуруулаад авсан. Тухайн үед манай хүүхдүүд хүүг нь өгөөд 200,000 төгрөг үлдсэн гэж хэлсэн. Одоо үлдэгдэл 600,000 төгрөг өгөх ёстой гэж хэлж байсан. Тэрнээс би энэ хүнээс мөнгө аваагүй. Би А-ын буудалд нь ресепшн хийдэг. А ирээд энэ мөнгийг төлөх талаар бичиг бичээд өг танд ямар ч хамаагүй гэхээр нь авсан нь үнэн гэсэн зүйл бичиж өгсөн. Тэрнээс төлнө гэж бичиж өгөөгүй.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* т холбогдуулан 1,030,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...******* ээс үндсэн авах ёстой 1,000,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалд хандсан 30,000 төгрөг, нийт 1,030,000 төгрөг гаргуулна... гэж тодорхойлж байгаа бөгөөд хариуцагч ...2013 онд нэхэмжлэгч ******* аас манай хүү 500,000 төгрөг зээлээд, эхнэр болох Б 300,000 төгрөгийг намайг байлцуулж байгаад авсан. Энэ мөнгө нь надад хамаагүй. Би ******* аас мөнгө аваагүй... гэж маргаж байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан тооцно гэж заасны дагуу зээлдүүлэгч ******* зээлдэгч ******* ийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлсэн нөхцөлд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэх үүрэг ******* т үүсэх учиртай, энэ үүргээ хэрэгжүүлээгүй үед ******* д шаардах эрх үүсэх болно.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...2013 оны 11 дүгээр сард хариуцагч ******* манай хүүхдэд мөнгө хэрэг болоод байна, мөнгө зээлээч гэсний дагуу 600,000 төгрөг өгсөн. Мөн 2013 оны 12 дугаар сард манай бэр Бт 300,000 төгрөг хэрэг болоод байна, зээлээч гэхэд нь төлж чадахаар бол хамаагүй гээд 300,000 төгрөг зээлүүлсэн. ******* эгчтэй холбоогүй... гэж тайлбарлаж байгаа, гэрч С.Б ...2013 оны 11 сарын үед манай нөхөр Б.Н бид хоёр хадам ээж О ийн таньдаг хүн А 500,000 төгрөгийг зээлсэн. Дараа нь манай эгч Н.Б хадам ээж ******* ээр дамжуулж 300,000 төгрөгийг ******* аас зээлж авч байсан. Өөр ******* ийн ******* аас мөнгө зээлсэн талаар мэдэхгүй... гэж, гэрч Б.Н...Ээж /*******/ нь ******* аас мөнгө зээлээгүй. ******* эгч мөнгө зээлж байгаа гэхээр нь би 500,000 төгрөг зээлье гээд очиход *******, ******* нар хоёулаа ажил дээрээ байсан. Тэгээд би гарын үсэг зураад 500,000 төгрөг зээлж авсан. Манай эхнэрийн эгч С.Б 300,000 төгрөг зээлсэн гэсэн... гэж тус тус гэрчлэн мэдүүлсэн байна. /хэргийн 34-37 дугаар хуудас/

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу тайлбар, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээс нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч ...******* нь батлан даасан... гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн 4-6 дугаар хуудаст авагдсан хариуцагчийн гарын үсэг бүхий баримтууд нь зохигчдын тайлбараар хожимдож бүрдүүлсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 191 дүгээр зүйлийн 191.1-д заасан гэрээ байгуулсанд тооцох үндэслэлд хамаарахгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.5-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргад батлан даалт хамаарах боловч мөн хуулийн 234 дүгээр зүйлийн 234.2-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ гэсэн шаардлагыг хангахгүй, уг нотлох баримт нь нотлох эрхээ алдсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.11-д зааснаар хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлээс бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцлийн талаар маргасан тохиолдолд энэ хуульд өөрөөр заагаагүй бол тэдгээр нь гэрчээр нотлох эрхээ алдах боловч нотолгооны бусад хэрэгслээр нотолж болно.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Иймд нэхэмжлэгч ******* ын хариуцагч ******* т холбогдуулан гаргасан  1,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гарган, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрх нээлттэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ын хариуцагч ******* т холбогдуулан гаргасан 1,030,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000958 тоот дансанд төлсөн 29,270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ