Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 03

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

           улсын яллагч О.Баасанхүү,

            шүүгдэгч Л.Сүхбат, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Сутай овогт Лочингийн Сүхбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0942 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 14-ний Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 335 дугаар зөрлөг 5-5 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Сутай овогт Лочингийн Сүхбат, РД:ЧБ80051471,

 

Үйлдсэн хэргийн талаар:  

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жаргалант тосгон Баянцагаан уулын ард 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн орчим шүүгдэгч Л.Сүхбат нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хьюндай портер маркийн 57-48 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, хохирогч С.Хонгорзулын бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлэн дүгнэхэд:   

Шүүгдэгч Л.Сүхбат нь согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны нутаг дэвсгэрт хьюндай портер маркийн 57-48 УБТ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, хохирогч С.Хонгорзулын бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь:        

          - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал схем зураг, гэрэл зураг /хх-5-9/,         

             - насанд хүрээгүй хохирогч С.Хонгорзулын:...би 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 дүүгийн хамт гэр рүүгээ харих гээд хүний машинд суугаад явж байсан. Партизаны колонк дээр аав Сүхбат, Итгэлбаяр ах 2 портер машины хажууд зогсож байхаар нь дэргэд нь очиход тэр 2-оос архи үнэртэж байсан. Бид нар гэр лүүгээ замд явж байхад машин гэнэт эсрэг урсгал руугаа орж онхолдоод, түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Манай аав машин бариад, аавын баруун талд Итгэл ах, тэгээд миний дүү Мөнхзул, захад нь би сууж явсан. Надад болон манай гэр бүлийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-14/,  

          - гэрч Б.Өлзийсайханы :...Л.Сүхбат, Х.Итгэлбаяр хоёр 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед манайд ирсэн. Ирэхдээ 2 шил 0.75 л архитай орж ирсэн. Бид 3 тэр архинаас 1 шилийг уусан. Итгэлбаяр согтоод унтаад өгсөн. Сүхбат, Итгэлбаярыг өргөөд машинд суулгаад Сүхбат машиныг бариад явсан...гэх мэдүүлэг /хх-20/,

          - 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №14168 тоот:...С.Хонгорзулын биед зүүн лямбда заадас суурийн хэсгээр диастаз хугарал суурь яс зүүн чихний суваг, турк эмээл, сфинойд синус, тагнай ясны босоо сэртэн дайрсан хугарал, тархины чамархай, дагзны хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...гэх дүгнэлт /хх-30/,

            - жолоочийн согтуурал шалгасан баримт:...Лочин овогтой Сүхбатыг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 31 минутад драйгер багаж үлээлгэн шалгахад 2.42 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдов. /хх-57/,

            - 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 634 дугаартай шинжээчийн:... Хьюндай портер маркийн 57-48 УБТ улсын дугаартай автомашины жолооч л.Сүхбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй.../хх-41/,  

           - шүүгдэгч Л.Сүхбатын:...Би 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 12 цагийн үед найз Итгэлбаяртай нийлээд гэрийн ойролцоо /Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 335-р зөрлөгт/  2 шил 0.75 л архи хувааж уусан. Тэгээд би хүүхдүүдээ тосох гээд ойролцоо байх колонк руу Итгэлбаярын машиныг унаад очсон, колонк дээр байж байхад хүүхдүүд ирэхээр нь Итгэлбаярын машиныг бариад, миний хажууд Итгэлбаяр түүний цаад талд миний 2 охин суугаад, дээр ачаан дээр миний хүү суусан. Төв замаар гэр лүүгээ ойролцоогоор 70-80 км цаг хурдтай явж байхад гэнэт л машины дугуй мурилзаад, эсрэг урсгал уруугаа машин орохоор нь буцаагаад жолооны хүрдээ дартал машин замаас гараад онхолдсон. Тэгээд машинаас буутал  том охины маань ам хамраас цус гарч байсан...Итгэлбаяр архи уусны дараа машинаа бариад явах чадваргүй болохоор нь би барьсан...гэх мэдүүлэг /хх-49-52/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             Иймд шүүгдэгч Л.Сүхбатыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

             Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-108/ гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.   

Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй /хх-60/ байна.  

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй зэрэг нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус хамаарч байна.  

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрх хасах болон хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэв.  

          Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, Л.Сүхбатын В ангиллын 328466 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад баримтаар Л.Сүхбат, Х.Итгэлбаяр нар хамтран бага бус хэмжээгээр архидан согтуурсан, энэ явцад Л.Сүхбат нь Х.Итгэлбаярыг хажуудаа суулган түүний автомашиныг жолоодон явсныг “Л.Сүхбат авто тээврийн хэрэгслийг авч зугтаасан” гэж Эрүүгийн хэрэг үүсгэн улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна Х.Итгэлбаярыг иргэний хариуцагчаар татаагүй зэрэг зөрчил байсныг тэмдэглэв.  

          Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч болох Х.Итгэлбаяраас иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:    

 

            1. Шүүгдэгч Л.Сүхбатыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сүхбатыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сүхбатын эдлэх 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Сүхбат цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч С.Хонгорзул гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч болох Х.Итгэлбаяраас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сүхбатад оногдуулсан 3 жилийн хорих ялыг тэнсэж,  хянан харгалзах хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоож, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст даалгасугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Сүхбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.  

 

7. Шүүгдэгч Л.Сүхбатын тус хэрэгт хураагдсан В ангиллын 328466 тоот жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй. 

 

8. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Сүхбатад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР