Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0606

 

 

“Х и” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М

 

Нэхэмжлэгч: “Х и” ХХК

Хариуцагч: Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: Ц.А, О.Б, Н.Б, Ц.Г, Б.Л, Б.Н, Э.О, М.Т, Ц.Т, Ц.У, Ц.Х, С.Ц, М.Ч, П.Я

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1/ Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй, гэрээ байгуулахгүй байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгах, 2/ Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1034 дүгээр захирамж болон сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/486 дугаар захирамжийн О.Бд, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/127 дугаар захирамжийн М.Чд, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/245 дугаар захирамжийн Н.Бд, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Ц.Гд, мөн өдрийн А/215 дугаар захирамжийн Ц.Тд, мөн өдрийн А/216 дугаар захирамжийн П.Яд, мөн өдрийн А/217 дугаар захирамжийн Б.Лд, мөн өдрийн А/218 дугаар захирамжийн М.Тд, мөн өдрийн А/219 дүгээр захирамжийн Э.Од, мөн өдрийн А/220 дугаар захирамжийн Ц.Хт, мөн өдрийн А/221 дүгээр захирамжийн Б.Н, мөн өдрийн А/222 дугаар захирамжийн Ц.Ут холбогдох, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/281 дүгээр захирамжийн Ц.А-д, мөн өдрийн А/285 дугаар захирамжийн С.Ц-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2024/0028 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Т

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 123/2022/0054/з

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х и” ХХК-иас Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан “1/ Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй, гэрээ байгуулахгүй байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгах[1], 2/ Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1034 дүгээр захирамж болон сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/486 дугаар захирамжийн О.Бд, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/127 дугаар захирамжийн М.Чд, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/245 дугаар захирамжийн Н.Бд, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Ц.Гд, мөн өдрийн А/215 дугаар захирамжийн Ц.Тд, мөн өдрийн А/216 дугаар захирамжийн П.Яд, мөн өдрийн А/217 дугаар захирамжийн Б.Лд, мөн өдрийн А/218 дугаар захирамжийн М.Тд, мөн өдрийн А/219 дүгээр захирамжийн Э.Од, мөн өдрийн А/220 дугаар захирамжийн Ц.Хт, мөн өдрийн А/221 дүгээр захирамжийн Б.Н, мөн өдрийн А/222 дугаар захирамжийн Ц.Ут холбогдох, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/281 дүгээр захирамжийн Ц.Ад, мөн өдрийн А/285 дугаар захирамжийн С.Цд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-аар маргасан.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2024/0028 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны А/214, А/215, А/216, А/218, А/219, А/220, А/221, А/281, А/285 дугаар захирамжийг бүхэлд нь, сумын Засаг даргын 2020 оны А/217 дугаар захирамжийн Б.Лд холбогдох газрын 393 кв.м хэсгийг, А/222 дугаар захирамжийн Ц.Ут холбогдох 462 кв.м хэсгийг, 2016 оны А/486 дугаар захирамжийн 3387 кв.м хэсгийг, 2018 оны А/127 дугаар захирамжийн М.Чд холбогдох 3 кв.м хэсгийг, 2014 оны 1034 дүгээр захирамжийн Н.Бд холбогдох 438 кв.м хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ...Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас 2019 оны 19/38 дугаар албан бичгээр “Х и" ХХК-иас Төв аймгийн Эрдэнэ сумын Шар булгийн өвөр гэх газарт аялал жуулчлалын бааз байгуулахаар ирүүлсэн албан тоотыг хянаж үзэхэд солбилцол бүхий нийт 8,05 га газар нь давхцалгүй байна гэх албан тоотыг ирүүлсэн бөгөөд үүний дагуу ашиглах эрхийг эзэмшигчид олгожээ” гэсэн. Дээрх үндэслэлд дурдсан давхцалтай эсэх асуудал, хэн аль нь эхэлж газар эзэмшиж ашигласан гэдэгт шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тухайлбал Эрдэнэ сумын засаг даргын захирамж нь дээрх албан бичиг бичигдэж байхад хэдий нь олгогдсон мэдээллийн санд бүртгэлтэй байхад ямар ч давхцалгүй гэсэн албан бичиг өгч газар ашиглуулсан нь хууль зөрчиж давхцуулан олгосон байхад шүүх нягтлаагүй гэж үзнэ.  

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... сумын Засаг даргаас санал аваагүй гэж маргасан бөгөөд ... нэхэмжлэгч этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх бөгөөд энэхүү газар ашиглах актад маргасан, түүнийг хүчингүй болгосон баримт байхгүй байх тул шүүхээс энэхүү төрийн захиргааны байгууллагын эрх олгосон эсэх асуудлаар хэргийн харьяалал зөрчин дүгнэлт өгөх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэжээ.

Хариуцагч талаас гаргасан захирамжийг илт хууль бусад тооцохын тулд нэхэмжлэгч талын шийдвэрүүд мөн л үндэслэл бүхий байх ёстой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр нь газрыг давхцуулан олгосон нь зөв юм уу, буруу юм уу гэдэгт шүүх үндэслэлтэй дүгнэлт өгч байж хэргийг хянан шийдвэрлэх ёстой байсан гэж үзнэ.

3.3. Иймд Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 21-ний өдрийн 123/ШШ2024/0028 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбаруудыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч “Х и" ХХК-иас Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан анх (а) “Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй, гэрээ байгуулахгүй байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж,

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад (б) “Эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 1034 дүгээр захирамж болон сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн А/486 дугаар захирамжийн О.Бд, 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/127 дугаар захирамжийн М.Чд, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/245 дугаар захирамжийн Н.Бд, 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн А/214 дүгээр захирамжийн Ц.Гд, мөн өдрийн А/215 дугаар захирамжийн Ц.Тд, мөн өдрийн А/216 дугаар захирамжийн П.Яд, мөн өдрийн А/217 дугаар захирамжийн Б.Лд, мөн өдрийн А/218 дугаар захирамжийн М.Тд, мөн өдрийн А/219 дүгээр захирамжийн Э.Од, мөн өдрийн А/220 дугаар захирамжийн Ц.Хт, мөн өдрийн А/221 дүгээр захирамжийн Б.Н, мөн өдрийн А/222 дугаар захирамжийн Ц.Ут холбогдох, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/281 дүгээр захирамжийн Ц.Ад, мөн өдрийн А/285 дугаар захирамжийн С.Цд холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн бол нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр (а)-д дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хүсэлтээ шүүхэд бичгээр гаргажээ.

4. Шүүхийн шийдвэрийн “Тогтоох нь:” хэсгийн 1-д “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.2, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан “Х и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2020 оны А/214, А/215, А/216, А/218, А/219, А/220, А/221, А/281, А/285 дугаар захирамжийг бүхэлд нь, сумын Засаг даргын 2020 оны А/217 дугаар захирамжийн Б.Л-д холбогдох газрын 393 кв.м хэсгийг, А/222 дугаар захирамжийн Ц.Ут холбогдох 462 кв.м хэсгийг, 2016 оны А/486 дугаар захирамжийн 3387 кв.м хэсгийг, 2018 оны А/127 дугаар захирамжийн М.Чд холбогдох 3 кв.м хэсгийг, 2014 оны 1034 дүгээр захирамжийн Н.Б-д холбогдох 438 кв.м хэсгийг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож” шийдвэрлэжээ.

5. Уг шийдвэрийг, нэхэмжлэгчийн анх гаргасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нэхэмжлэлийн шаардлагатай харьцуулан үзэхэд, нэхэмжлэгчийн татгалзах хүсэлт гаргасан “Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй, гэрээ байгуулахгүй байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглах тухай гурвалсан гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулсан байна.

6. Тодруулбал, нэхэмжлэгч нь энэ нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байтал анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийг 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж заасныг хэрэгжүүлээгүй буюу шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар дурдалгүй орхисон нь тус хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана”, 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг тус тус зөрчсөн ба энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа болно.

7. Нэхэмжлэгч “Х и” ХХК-иас Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан /энэ хэсгийн 3 (б)-д заасан/, нэр бүхий 14 иргэнд газар эзэмших эрх олгосон захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... сумын Засаг дарга нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заасны дагуу сумын хэмжээнд газар эзэмшүүлж ашиглуулах эрхтэй байтал уг байгалийн цогцолбор газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас манайд олгосон газартай давхцуулж эзэмшүүлсэн нь илт хууль бус, 2018 оноос хойш манайх газар эзэмшихээр хүсэлт гаргасан энэ газар нь тусгай хамгаалалттай газарт нутагт хамаарч байгаа гэж тодорхойлох бол

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... сумын Засаг дарга бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн гуравдагч этгээдүүдэд түрүүлж газар олгосон байхад Газрын тухай хуулийн 31.3-т заасныг зөрчиж “Х и” ХХК-д давхцуулж олгосон, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2-т зааснаар Засаг дарга ч өгч болох зохицуулалттай, Засаг даргаас санал аваагүй учраас давхцал үүссэн гэж, гуравдагч этгээдүүд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссаны дагуу хүсэлтээ өгч авсан, газрын төлбөрөө хугацаанд нь төлж байгаа гэх зэргээр татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан байна.   

8. Гэтэл анхан шатны шүүхээс маргааны үйл баримтын хүрээнд  ... сумын Засаг даргын захирамжаар нэр бүхий иргэдэд эзэмшүүлсэн газар нь “Х и” ХХК-ийн эзэмшил газартай давхацсан болох нь тогтоогдсон; сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу үүргээ биелүүлж захирамж гаргасан гэх хариуцагчийн тайлбар, үйлдлийг зөвтгөхгүй; өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх зэргээр дүгнэсэн боловч хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.

9. Тухайлбал хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид “… сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссаны дагуу газар эзэмшүүлсэн” гэж маргасан байхад нэр бүхий иргэдэд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын маргаан бүхий захирамжуудад үндэслэл болгосон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 07, 2018 оны 02, 2020 оны 34 дүгээр тогтоолуудыг хэрэгт нотлох баримтаар цуглуулж, Хурлаас баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодорхойлсон газрын солбилцол нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах эсэх, нөгөөтээгүүр иргэдэд эзэмшүүлсэн газар нь солбилцлын хувьд Хурлын тогтоолд заасантай нийцэж байгаа эсэх үйл баримтыг эргэлзээгүй тогтоосны үндсэн дээр сумын Засаг дарга нь хуулиар олгосон эрх хэмжээнд үл хамаарах асуудлаар шийдвэр гаргаж, тусгай хамгаалалттай газарт иргэдэд газар эзэмшүүлсэн эсэх асуудалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

10. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ.”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Хэрэг үүсгэсэн шүүгч дараах ажиллагаа явуулна:” гээд 56.1.3-д “хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, ... шаардлагатай бусад ажиллагаа явуулах” гэж заасныг хамтатган тайлбарлавал, хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн болон гуравдагч этгээдийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлэхгүй орхигдуулсан зэргээр хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч, эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 123/ШШ2024/0028 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                                   Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

                 ШҮҮГЧ                                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

                 ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ