Улсын дээд шүүхийн Шүүхийн тогтоол

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 001/ШТ2021/00241

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл

байдлын улмаас хянуулах тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлалтай, 

Улсын Дээд шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2016/00304 дүгээр тогтоолтой 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

778,600,478 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянуулах тухай хариуцагчийн төлөөлөгч Ц.Төмөрболдын гаргасан хүсэлтийг  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь "*******" ХХК-тай 2013.12.04-ний өдөр 386 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 400,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй, мөн 2014.01.10-ны өдөр 06 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 150,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй олгосон. Дээрх 2 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла /17027/, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот, зоорийн давхарын 24, 25 тоот зогсоол, нийт 220 м.кв талбайтай орон сууц, авто зогсоолын хамт барьцаалсан. ******* ХХК-тай байгуулсан 386 тоот зээлийн гэрээний хугацаа 2015.12.04-ний өдөр дуусах ба 06 тоот зээлийн гэрээний хугацаа 2015.01.10-ны өдөр дууссан. "*******" ХХК нь өнөөдрийг хүртэлх хугацаанд 386 тоот зээлийн гэрээний төлбөрт зээлийн хүү 49,065,347 төгрөг, үндсэн зээл 43,033,895 төгрөг, нийт 92,099,242 төгрөг, 06 тоот зээлийн гэрээний төлбөрт зээлийн хүү 18,122,291 төгрөг, үндсэн зээл 17,065.77 төгрөг, нийт 18,139,357 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2013.12.04-ний өдрийн 386 тоот, 2014.01.10-ны өдрийн 06 тоот зээл, барьцааны гэрээг нэг талын санаачилгаар тус тус цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож банкинд барьцаалсан Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял Грийн Вилла, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот, Зоорийн давхарын 24, 25 тоот зогсоол, нийт 220 м.кв талбайтай орон сууц, авто зогсоолыг албадан борлуулсан үнийн дүн болон бусад бүх орлогоос 386 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 356,966,104 төгрөг, зээлийн хүү 135,969,839 төгрөг, нийт 492,935,944 төгрөг, 06 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 149,982,934 төгрөг, зээлийн хүү 71,597,537 төгрөг, нийт 221,580,471 төгрөг, 2 зээлийн нийт дүн 714,516,416 төгрөгийг тус банкинд гаргуулахаар нэхэмжилсэн. Одоо 2015.12.01-ний өдөр хүртэлх байдлаар зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг тооцоолон үндсэн зээл нийт 506,949,038 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 207,567,377 төгрөг байсныг 271,651,439 болгож 64,084,062 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 778,600,478 төгрөг нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсад эдийн засгийн хямрал болоод байна. Банкууд боломжит хэмжээний хүү, нөхцөлтэйгөөр зээл олгох ёстой. Гэтэл энэ зээл ломбардны маягтай байна. Барьцаа хөрөнгийг шууд худалдан борлуулах ажиллагааг хийлгэх оролдлогыг урьд нь ******* гаргаж байсан. 2015.05.08-ны өдөр эдгээр зээлийн барьцаанд тавиулсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдахаар дуудлага худалдаа шууд хийхийг оролдож 4 дүгээр сарын 14-ний өдрийн "Өдрийн сонин"-д зар өгсөн байдаг. Үүнийг "*******" ХХК-ийн захирал Г.Алтанцэцэг мэдэж шүүхэд хандан уг ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Тэр хэрэгт би Г.Алтанцэцэгийн өмгөөлөгчөөр оролцсон. Тухайн үед ******* гэрээг цуцалсан гэж узэх нь зүйтэй бөгөөд тэр үеэс хүү тооцохыг зогсоох ёстой. Нэгэнт гэрээ тэр үед цуцлагдсан учир 2015.12.01-ний өдөр хүртэл хүү тооцсон явдлыг огт зөвшөөрөхгүй. Харин энэ хүртэл төлсөн байгаа төлбөрийн хэмжээнд маргах зүйл байхгүй. Манай төлж байсан төлбөрүүдийг л банк тэмдэглээд явсан байгаа гэжээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг үндэслэн "*******" ХХК-иас 756,800,852 төгрөг гаргуулан "*******" ХХК-д олгож, "*******" ХХК-ийн нэхэмжлэлээс 21,799,628 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус үндэслэн "*******" ХХК төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Роял Грийн-Вилла /17027/, Зайсангийн тойруу 62/6 дугаар байрны А5-101 тоот зоорийн давхарын 24, 25 тоот зогсоол, нийт 220 м.кв талбайтай орон сууц, авто зогсоол /Ү-2206012012, ГД-000085983/-ыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,050,953 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч "*******" ХХК-иас 3,999,424 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "*******" ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2" гэснийг хасч, уг заалтад 225 дугаар зүйлийн 225.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэг гэж нэмж, 2 дахь заалтын Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 169 дүгээр зүйлийн 169.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Улсын Дээд шүүх хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2016/00304 дүгээр тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.  

Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Ц.Төмөрболд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг дахин хянуулахыг хүссэн хүсэлтдээ: ******* ХХК нь 2008.04.10-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл би компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд юм. Гэтэл 2013.12.04-ний өдөр ******* нь ******* ХХК-тай 386 дугаартай, 2014.01.10-ны өдөр 06 дугаартай зээлийн гэрээнүүдийг байгуулсан ба гэрээнд ******* ХХК-ийг төлөөлөн захирал гэж Г.Алтанцэцэг гарын үсэг зурсан байна. ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Ц.Төмөрболд байна гэж компанийн дүрэмд заасан ба Г.Алтанцэцэг компанийг төлөөлөх эрхтэй байхаар, мөн захирал гэсэн албан тушаалыг компанийн дүрэмд тусгайлан заагаагүй. ******* нь дээрх 2 зээлийн гэрээний үүрэг зөрчигдсэн гэж үзээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 7414 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 88 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний 304 дугаартай тогтоол тус тус гарч ******* ХХК-иас төлбөр гаргуулсан байдаг. ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Ц.Төмөрболд над дээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас мэдэгдэл ирэхэд би ихэд гайхаж, энэ талаар шүүх, цагдаагийн байгууллагуудад хандан холбогдох арга хэмжээнүүдийг авч байгаа бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7414 дугаартай шийдвэрийг судалж үзтэл ******* ХХК-нд 10 хувийн хувьцаа эзэмшигч Г.Алтанцэцэг нь өөрийгөө ******* ХХК-ийн захирал гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод зогсохгүй бусдад итгэмжлэл олгож шүүх хуралдаанд оролцуулсан нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарах үндэслэл болсон байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөх удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж, мөн хуулийн 83.3-т хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна гэж тус тус заасан бөгөөд ******* ХХК-ийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.13-т Ц.Төмөрболдыг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцохоор заасан. Г.Алтанцэцэг нь *******тай зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа компанийн тамга, хэвлэмэл бланк ашиглан хуурамч бичиг баримт үйлдсэн, мөн шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэх асуудлаар Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Төмөрболд би өргөдөл, гомдол гаргасныг цагдаагийн байгууллага хүлээн авч хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналыг прокурорт гаргаснаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 200900766 дугаартай Прокурорын тогтоолоор Г.Алтанцэцэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1, 179 дүгээр зүйлийн 179.1.2-т заасан үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулахаар хүсэлт гаргаж байна. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Ц.Төмөрболдын хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар гаргасан хүсэлтийг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Хүсэлт гаргагч нь ...Г.Алтанцэцэгийг *******тай зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа компанийн тамга, хэвлэмэл бланк ашиглан хуурамч бичиг баримт үйлдсэн, шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн үндэслэлээр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст би гомдол гаргаснаар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 200900766 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна... гэжээ.

Дээрх хүсэлтэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Прокурорын тогтоолын хуулбар, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ...мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болно... гэх албан бичиг, Хармагтай гол ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, хавсралт, энэ хэргийг шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугар сарын 29-ний өдрийн 304 дүгээр тогтоолын хуулбар зэргийг хавсарган ирүүлжээ.  

Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл, шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хуурамч эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг шийдвэрлэх үед гаргасан үйлдэл эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1, 179.1.2-т тодорхойлсон. 

Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч Ц.Төмөрболдын хүсэлтэд хавсаргасан баримт хуулийн дээрх заалтад хамаарахгүй, хүсэлт, түүнд хавсаргасан баримтад шинэ нөхцөл байдлыг тогтоосон, шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн, шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хуурамч, эсхүл хэргийн оролцогчийн уг хэргийг шийдвэрлэх үед гаргасан үйлдэл эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэх үйл баримтгүй байна. 

Түүнчлэн шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон нотлох баримтыг хуурамч гэж үзэх, мөн шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон гэх үндэслэл тогтоогдохгүй, ******* ХХК-ийн төлөөлөгч Ц.Төмөрболдын хүсэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байх тул хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7414 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 001/ХТ2016/00304 дүгээр тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахыг хүссэн хариуцагч ******* ХХК-ийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсугай.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Х.ЭРДЭНЭСУВД

                                             ШҮҮГЧИД                       Г.БАНЗРАГЧ 

                                                                                      П.ЗОЛЗАЯА            

                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                       Х.СОНИНБАЯР

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                  #OTHER_JUDGE_LARGE#