Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/39

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Н.Нямдаваа, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

иргэдийн төлөөлөгч Ч.Дондовсэнгээ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А,

шүүгдэгч Д.Х, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт ****** Х-д холбогдох эрүүгийн 2205016182192 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ***************** түр оршин суух,

- урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 553 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, ***** овогт ****** Х, /РД: ***********.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Х нь 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн **************** тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.О-ийн толгойн тус газар модоор цохиж, хөл, гар, цээжин бие хэсэгт нь барилгын зориулалт бүхий блокоор /цемент/ шидэж, цохин онц харгис хэрцгийгээр олон тооны шарх үүсгэн, эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралдалт, зүүн уушгины няцрал, зүүн эгэм, дал яс, аарцаг яс, зүүн шилбэний шаант тахилзуур, зүүн шууны богтос ясны зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Д.Х-гаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй бөгөөд хуулийн дагуу түүнд зохих шийтгэлийг оногдуулж өгнө үү...” гэв. 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-17 дахь тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 18-24 дэх тал/,

Хохирогч М.О-ийн:

“...2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн ************ тоотод би болон хамтран амьдрагч Х, мөн Хн аав, ээж 2, бид 4 байсан бөгөөд 2 шил, “Монгол стандарт” нэртэй 0.7 литртэй архи хувааж уусан. Тэгтэл 14 цагийн үед манай хамтран амьдрагч Х намайг төмөр болон блокоор зодоод эхэлсэн. Х архи уусан үедээ их агсам бөгөөд тэр үед мөн л адил архи уучхаад агсраад, агсам тавиад намайг зодож цохисон... Өмнө нь намайг 2017 онд согтуудаа цохиж, зодож байсан. Би тэр үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэхдээ ухаанаа алдтал согтоогүй байсан. Намайг Х-гаас өөр хүн цохиогүй. Миний биед учирсан гэмтлийг Х ганцаараа учруулсан. 2015 онд танилцсан бөгөөд тэрнээс хойш хамтран амьдарч байгаа бөгөөд дундаасаа бид 2 ямар нэгэн хүүхэд байхгүй. Өмнө нь цагдаад хэлж байсан. Хуулийн дагуу хариуцлага тооцож байсан. Намайг Х гэрийн гадаа хашаан дотор үснээс чирч гэрээс гаргаж ирээд цохиж зодсон. Аав, ээж 2 нь харсан байх, бас тэр хашаанд амьдардаг айлын залуу харсан байж магадгүй. Би цээж хавирганы хэсэгтээ хадаас тавиулсан, хөлдөө болон гартаа хадаас хадуулсан байгаа. Намайг Х төмөр бариад цохиод, бас дэвсээд байсан ба хашаанд байсан блок авч над руу шидээд байсан. ...ямар нэгэн шалтгаан байхгүй, архи уухаараа агсам тавьж зоддог юм. ...би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6379 дугаартай шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Уг дүгнэлтэд заагдсан гэмтлүүдийг Х учруулсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30, 33 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ын:

“...Миний ээж М.О нь Улаанбаатар хотод 1978 онд төрсөн. Манай дүү одоо 19 настай эрэгтэй. Сүүлийн 6-аас 7 жил орчим Х гэх хүнтэй хамтран амьдардаг байсан. Ээж өмнө нь өвчин эмгэг, хүнд өвчин тусч байгаагүй. Сүүлд 2022 оны 04 дүгээр сард хамтран амьдрагч Х-д зодуулж, 12 хавирга нь хугарч гэмтээд эмчилгээ хийлгээд арай гайгүй болоод байж байсан. *************************** 7 жил орчим амьдарч байгаа. Эхний гурван жил дүү бид 2 ээжтэй хамт амьдардаг байсан, сүүл рүүгээ ээж Д.Х-тай хамт амьдардаг болсон. Манай ээж хамтран амьдрагчдаа зодуулахаасаа өмнө бие нь эрүүл, саруул байсан ба тэрнээс хойш бие нь өвдөөд байдаг байсан, хамтран амьдрагч Х-д тохирсон хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 110 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А-ын гэрчээр өгсөн:

“...Манай ээж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн сэхээн амьдруулах тасаг байгаа. Зүүн хөл, зүүн гар нь хугарсан, нүүр нь хавдсан байдалтай байна. Надад хэлэхдээ хамтран амьдрагч нь блокоор цохисон гэж байна. ...Д.Х-тай одоогоос 5-6 жил хамт амьдарч байна. Өмнө нь 3-4 жилийн өмнө зодоод цагдаад бүртгүүлж байсан. Ерөнхийдөө айлгаж дарамталдаг болохоор зодуулсан талаараа дүү бид хоёрт хэлэхгүй байдаг юм шиг байгаа юм. Удаа дараа ийм асуудал болж байгаа учраас хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

Гэрч Г.Э-ын:

“...Би 14 цаг 30 минутын үед ********************* тоот гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт ирсэн. Хашаандаа машинаа оруулж байрлуулчхаад гэр рүүгээ орох гэтэл эмэгтэй хүний чанга орилох дуу сонсогдсон. Тэгээд юу болов гээд харахад арын айлын хашаан дотор эхнэр, нөхөр бололтой 2 согтуу хүн байсан. Эрэгтэй нь эмэгтэйнхээ хөл дээр блок шидээд, тухайн эмэгтэй унасан. Тухайн эмэгтэй унаад босож чадахгүй орилоод байхаар нь би “чи болиоч” гэж хэлтэл эрэгтэй нь гэр рүүгээ орсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгөөд байж байтал удалгүй нөгөө эрэгтэй гэрээсээ гарч ирээд урт мод барьж байгаад толгой дээр нь 2 удаа цохисон чинь мод нь голоороо хугарсан. Тэгээд тухайн эрэгтэй дахин блок барьж байгаад хэвлийн хэсэгт нь шидээд тухайн эмэгтэй унагаасан. Тэгээд удалгүй түргэн тусламж, цагдаа ирсэн. Тухайн эмэгтэйг түргэн тусламж аваад явсан. Тухайн үед хоёулаа согтуу байсан. Ер нь архи дарс уудаг. Одоо бол тухайн эмэгтэй хэсэг байхгүй байж байгаад дахиж ирээд хамт архи уугаад явж байсан. Ер нь л архи уухаараа эрэгтэй нь эмэгтэйгээ зодоод байдаг юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

Гэрч Х.******:

“...М.О-тэй хамтран амьдраад группийн мөнгө авдаг, мөнгө буухаар нь хааяа нэг уудаг. Архи уухаараа агсам согтуу тавьдаг хүн биш, М.О-тэй хааяа маргалдаж муудалцсан үе бол байдаг. Ажил төрөл хийгээд, хоёулаа амьдардаг болохоор хоол ундаа бэлдээд амьдардаг...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

Гэрч Ч.А-гийн:

“...М.О-тэй хамтран амьдраад 10 жил болж байгаа...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 128-129 дэх тал/,

Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн:

“...Гэмтлийг гэмтлийн зэрэг тогтоох журам, дүрэм, шалгуур үзүүлэлт болох амь тэнссэн байдал, эрүүл мэндийг сарниулсан хугацаа, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт, амь насанд аюултай байдлыг үнэлэн гаргадаг. Дээрх М.О-ийн гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гаргасан. Дээрх гэмтлүүд нь цаашид эмчилгээ хийлгээд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ерөнхий хөдөлмөр чадвар гэдэгт нь 4 дүгээр бүлэгт заасныг хэлнэ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 99-100 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 6379 дугаартай:  

“...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “М.О-ийн биед цээжний зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралдалт, зүүн уушгины няцрал, зүүн эгэм, дал яс, аарцаг яс, зүүн шилбэний шаант тахилзуур, зүүн шууны богтос ясны зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн  дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 956 дугаартай:

“...Д.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Д.Х нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.Х нь өөрийн үйлдлийн нийгмийн хэв шинжийг ухамсарлан ойлгож өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байсан байна. Д.Х нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Д.Х-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 94-95 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Х нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруугийн хувьд маргахгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Х-н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Х нь:

2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн **************** тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч М.О-ийн толгойн тус газар модоор цохиж, хөл, гар, цээжин бие хэсэгт нь барилгын зориулалт бүхий блокоор /цемент/ шидэж, цохин онц харгис хэрцгийгээр олон тооны шарх үүсгэн, эрүүл мэндэд нь цээжний зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралдалт, зүүн уушгины няцрал, зүүн эгэм, дал яс, аарцаг яс, зүүн шилбэний шаант тахилзуур, зүүн шууны богтос ясны зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч М.О, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А, гэрч Г.Э, Х.Д, Ч.А, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн 6379 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 956 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

“Онц харгис хэрцгий” аргаар үйлдсэн гэж “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулахын өмнө болон учруулах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж үйлдсэн”-ийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Х нь хохирогч М.О-ийн толгойн тус газар модоор цохиж, хөл, гар, цээжин бие хэсэгт нь барилгын зориулалт бүхий блокоор /цемент/ шидэж, цохиж, цээжний зүүн талын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралдалт, зүүн уушгины няцрал, зүүн эгэм, дал яс, аарцаг яс, зүүн шилбэний шаант тахилзуур, зүүн шууны богтос ясны зөрөөтэй хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий олон тооны шарх гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчил үйлдэж, улмаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд гэмтэл учруулах”-ыг,

“Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэж “...гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүс хамаарна. Гэр бүлийн гишүүн гэж “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” тус тус ойлгоно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогч Б.О шүүгдэгч Д.Х нар нь 2015 онд танилцаж, түүнээс хойш 2022 он хүртэл хамтран амьдарсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан гэж үзнэ.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Д.Х нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Х-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А нь шүүгдэгч Д.Х-гаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Д.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Х-г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан боловч нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 97 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

-Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205016182192 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** овогт ****** Х-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр”, “гэр бүлийн хүчирхийлэл” үйлдэж гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Х-г 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д оногдуулсан 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-н 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл энэ хэрэгт цагдан хоригдсон 97 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Х-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.ДАЛАЙХҮҮ

 

ШҮҮГЧИД                                                 Н.НЯМДАВАА

 

 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ