Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
Хэргийн индекс | 169/2022/0155/Э |
Дугаар | 2022/ШЦТ/157 |
Огноо | 2022-11-21 |
Зүйл хэсэг | 11.1, |
Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Хохирогч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2222000000168 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Мон******* Улсын иргэн 1983 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, ээж, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 3 дугаар баг “******* *******” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ын Ганбаяр /РД:/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг “Арын хөтөл ус” гэх газарт 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн *******тай маргалдаж түүний зүүн шанаанд нэг удаа цохиж, хэвлий рүү нэг удаа өшиглөж, хэвлийн битүү гэмтэл, сэмжний урагдал, цус алдалт /1.100мл/ гэдэсний саажилт, түгжрэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Гарсан хохирлоо 100% төлүүлмээр байна. Сэтгэл санаа, эд материалын хохиролтой. Хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 09 цаг өнгөрөөд гэрээсээ урагшаа чиглэлтэй, Хонгор гээд хүргэнийхээ гэрт очихоор явж байсан. Хонгорын гэрээс арай наана зам дагуу Эрдэнэ гэдэг айл байдаг бөгөөд гүүн зэлэн дээр нь Эрдэнэ, , Өвөрхангай аймгийн Эрдэнэсант сумын 1 хүн ирчихсэн, цаана нь Мягмар Эрдэнэсант сумын бас нэг хүнтэй хамт адуу туугаад явж байсан. Тэгээд Мягмар, 2 сундлаад Эрдэнэсант сумын 2 хүний хамт 5-уулаа гуайн гэрт очсон. Эрдэнэсант сумын гэх хүн ганзаганаасаа 1 шил архи гаргаад бид гуайнд 6-уулаа хувааж уусан. Мягмар намайг Базар гуайн гэр рүү явъя гээд бид 2 миний өөрийн эзэмшлийн хүрэн өнгийн “Мустанг 5” маркийн улсын дугааргүй мотоциклтой явсан. Бусад хүмүүс гуайн гэрт үлдсэн. Ингээд Базарын гэрт 11-12 цагийн орчимд очсон. Базар гуайн гэрт очиход Базар гуай хүүхдүүдийн хамт байсан. Тэдний гэрт очиход Базарын хүү нэг шил архи гаргаж өгөөд тэр архийг нь Базар, Мягмар бид 3 хувааж уусан. Тэгээд архийг ууж дуусаад гэрээс гараад Мягмар баруун урагшаа 2 айлаар оръё гэсэн бөгөөд ямар айлаар орох гээд байгаагаа хэлээгүй. Би бензингүй болсон явахгүй буцна гээд, явна, явахгүй гэж байгаад би мотоциклоо бариад Мягмар мотоциклын араар мордоод хөдөлсөн. Ингээд Базар гуайн гэрээс ойролцоогоор зүүн хойш 100 метр орчим газар яваад Мягмар эргэж айл руу явъя гээд мөрөн дээрээс угзраад байсан. Тэгээд би мотоциклоо зогсоогоод Мягмар мотоциклоос буугаад хөл дээрээ тогтож чадахгүй хажуу тийшээ үсрээд ойчсон. Тэгээд би Мягмарыг гай болох нь уу гээд гараас нь татсан чинь Мягмар өөдөөс салаавч өгөөд уурлаад дайраад байхаар нь би нэг удаа өшиглөсөн. Хаашаа өшиглөснийг нь мэдэхгүй байна. Хөл рүү нь өшиглөсөн гэж бодож байна. Мэдүүлэг дээрээ 2 өшиглөсөн гэж хэлсэн байна лээ. Би нэг удаа л өшиглөсөн. Тэгээд би Мягмарыг чи явахгүй бол би явлаа шүү гээд хөдлөөд явсан. 200-300 метр газар яваад буцаж эргээд Мягмар дээр очоод за бос явъя гэсэн чинь Мягмар босоод ирсэн. Тэгээд мотоциклд мордоод гуайн гэр рүү эргээд очсон. Тэнд очоод Эрдэнэсант сумын хүн дахин 1 шил архи гаргаж өгсөн. Тэр архийг талдаа орж байхад Мягмар хордлогод орох гээд байна, бие өвдөөд байна гээд дүүгээ дуудуулсан. Тэгээд дүү нар нь ирээд Мягмарыг аваад явсан. Өмнө нь надад уншуулж танилцуулсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Мягмарын биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд учруулсан хохирлоо төлж барагдуулна. Бид хоёр нэг сумын хүмүүс найз нөхдийн харилцаа холбоотой. Өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Урьд өмнө нь маргалдаж муудалцаж байсан зүйл байхгүй. Бид 2 энэ хавар нэг удаа Базар гуайн гэрт хамт очиж байсан. Мягмартай хамт Базар гуайн гэрт очихдоо Мягмарыг орхиод явж байсан юм. Тухайн үед Мягмар надад нэг шил архи уучихаад унтлаа гэхээр нь би явлаа гэж гээд явсан. Анх Мягмартай уулзахад хэвлий гэдэс орчмоор өвдлөө гэсэн зүйл яриагүй. Харин өмнөх өдөр нь буюу 09 сарын 10-ны өдөр тэй хамт явж байхдаа Мягмар бие өвдөөд байна гээд тонгойгоод байсан гэсэн. Манай эгч тэй дайралдсан байсан. Би тухайн үед халамцуу байсан учраас Мягмарын биеийн аль хэсэгт нь өшиглөснөө сайн санахгүй байна. Ямар ч байсан өшиглөх нь өшиглөсөн, хөл хавьцаа л өшиглөлөө гэж бодсон. Тийм асуудал болно гэж огт бодоогүй. Миний буруу.” гэх мэдүүлэг /61-62/
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Надад мотоциклоос унаж ойчсон асуудал огт байхгүй. Би анх мэдүүлэг өгөхдөө яагаад мотоциклоос унасан гэж мэдүүлсэн бэ? гэвэл Ганбаяртай найз нөхдийн холбоотой хэрэг оруулаад яах вэ? өөрөө надтай эр хүн шиг ирж уулзаад асуудлаа аятайхан шийдчихье гэж бодсон юм. Тухайн үедээ би өөрийнхөө эрүүл мэндэд ийм хүнд гарз хохирол учирна гэж огт бодоогүй. Би дараалан 2 удаа хагалгаанд орчихсон, 3 дахь удаагаа хагалгаанд ороход биеийн байдал дийлэхгүй гэсэн тул 6 сарын дараа хагалгаанд орох шаардлагатай гээд би одоог хүртэл гэдсэндээ баас шээс ялгаруулдаг стомын уут гэдэг зүйл зүүгээд явж байна. Одоо 3 дахь хагалгаанд 5 сарын дараа орох шаардлагатай байгаа. Би мэдүүлэг өгөх үедээ дөнгөж л хагалгаанд ороод гарсан биеийн байдал сайнгүй байсан. Хагалгаа амжилттай болсон гэхээр нь найз нөхөд юм чинь гайгүй болчихвол хэрэгт оруулахгүй гэж бодоод мотоциклоос унасан гэж мэдүүлсэн нь үнэн. Гэхдээ надад мотоциклоос унасан асуудал огт байхгүй. 2022 оны 10 сарын 11-ний өдөр Базар гуайн гэрт Ганбаяр бид 2 очоод нэг шил архи хувааж уусан. Тэр үед би архинаас нэг их уугаагүй. Урьд өдөр нь мөн уусан байсан болохоор архи ууж чадахгүй байсан. Тэгээд би хэсэг амарчихъя гэхэд Ганбаяр явъя гээд байсан. Ингээд би “чи намайг өмнө жил хаяад явсан одоо орхиод явчихав аа” гэхэд Ганбаяр нутаг усандаа ирчихээд томорлоо гээд уурлаад тэрнээс болж маргалдаад бид 2 Базар гуайн гэрээс гараад Ганбаярын мотоциклд би сундлаад тэдний гэрээс зүүн тийш явсан. Дөнгөж хөдлөөд бид 2 маргаалдаад мотоциклоос буугаад Ганбаяр миний хэвлий орчимд 2 удаа өшиглөсөн. Тэгэхэд нь гэдэс эвгүй болоод дотор муухайраад би хэвтээд өгсөн. Тэгээд намайг дахиж өшиглөсөн цохисон эсэхийг би мэдэхгүй нэг л бие эвгүй болчихсон. Тэгээд Ганбаяр явъя гэхээр нь босоод мотоциклд сундлаад буцаад Базар гуайн гэрт очоод удаагүй бид 2 мордоод явсан. Тэгээд гуайн гэрт очоод би дотор муухайраад байхаар нь хэвтээд байсан. Тэгээд удалгүй гэдэс маш хүчтэй базлаад эхэлсэн. Ингээд гуайнхаас дүү нар руу хэл дуулгаад дүү нар маань намайг ирээд аваад явсан юм. Би Ганбаяртай нилээд хэдэн удаа архи ууж байсан. Ганбаяр архи уусан үедээ баярхаад байдаг. Базар ахын гэрт явна, явахгүй, орхиод явав гэдэг асуудлаас болж маргалдсан. Би хохиролгүй болмоор байна, Ганбаярт гомдолтой байна. Нэг удаа ирж уулзаад хохирлыг чинь барагдуулна гэж хэлээд явсан. Тэрнээс хойш уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
Гэрч Ю.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “******* нь бидний хамгийн том ах байгаа юм. Бид нар эхээс 6-уулаа. Би ******* сумын 3-р баг “Цагаан толгой” гэх газарт эхнэр хүүхдүүдийнхээ хамт оршин суудаг бөгөөд манай төрсөн ах Мягмар нь манайхтай өрх тусдаа боловч яг одоогоор миний бие муу байгаа учраас нэг гэртээ надад туслаад хамт оршин сууж байгаа юм. Манай ах 13-16 насны 2 охинтой. Манай ах Мягмар нь 2022 оны 09 сарын 10-ны өдөр саахалт айл гийн мотоцикл эвдэрсэн унаагүй, гийн хонийг харж өгнө гээд үдээс хойш 15-16 цагийн орчимд гарсан. Тэгээд тэр шөнөдөө ирээгүй. Ингээд өчигдөр буюу 2022 оны 09 сарын 11-ний өдөр гуайн хөгшин над руу утсаар яриад ахын чинь бие муу байх шиг байна гэж хэлэхээр нь би дүү , нарыг дуудаад ын гэрт очсон. гуайнх вагончигтой, сүүдэрт нь манай ах Мягмар халамцуу байдалтай, хөлс нь гарчихсан, энд алах гээд байна гээд хэвлийгээ дараад байсан. Мөн ахыг дагуулж явсан , манай сумын Ганбаяр нар байсан. Тэр 2 хүн бас халамцуу байдалтай байсан. Би Мягмар ахын зүүн талын чихний орчимд бага зэрэг цус болсон байхаар нь ахаас зодоон хийсэн үү, яагаад өвдөөд байгаа юм гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгээд чих чинь яагаад цус болсон юм гэхэд Ганбаяр сая хамраас нь цус гарсан гэснээ чихэн дээр нь байсан цусыг хуруугаараа арилгаад байсан. Тэгээд л бид нар олон юм ярилгүй ахыг аваад гэртээ харьсан. Гэрт байлгаж байгаад өвдөөд болохгүй байна гэхээр нь манай дүү , 2 Мягмар ахыг сумын төв аваад явсан. Би гэртээ үлдсэн. Өнөөдөр өглөө эмнэлэгт үзүүлээд аймаг явахаар боллоо гэхээр нь би хөдөө гэрээсээ сумын төв дээр очиж, аймгийн эмнэлэг рүү хамт яваад 17 цагийн орчимд аймгийн эмнэлэг дээр ирсэн. Аймгийн эмнэлэг дээр ирээд эмч гадны нөлөө байх шиг байна. Хэвлийн дотор нь шингэн тунадастай байна гэж хэлсэн. Тэгээд энэ талаар ахаас асуухад үгүй гээд байсан. Нэг эмч асуухад мотоциклоос зөөлөн унасан гэж хэлсэн. Ингээд бид нар дүү руу утсаар ах зодоон хийсэн асуудал байна уу, сураглаач гэж хэлсэн. Тэгээд г сураглахад Мягмар ах Ганбаяр 2-ыг зодолдож байхыг Төрмандах гээд манай дүү гийн хүү харсан байсан. Төрмандах хагас бүтэн сайнд оогийн гэрт очиж морь унадаг юм. Морь унаж байх үеэрээ л харсан юм байна лээ. Бидний хувьд ямар шалтгааны улмаас яагаад зодсон талаар мэдэхгүй байна. Ганбаяр, Мягмар ахыг авах гээд очиход бид 2 ам мурийсан одоо эвлэрсэн гэж хэлж байсан. Тухайн үед би зодуулж цохиулсан талаар мэдээгүй байсан болохоор анхаараагүй. Мягмар ахыг гэрээс гардаг өдөр буюу 09 сарын 10-ны өдөр 18-19 цагийн орчимд халамцуу байдалтай ирж сурагласан. Маргааш өглөө нь буюу 09 сарын 11-ний өдрийн 09 цагийн орчимд гэрт ирж ахыг асуучихаад явсан. Ямар шалтгаанаар асуугаад байсан юм, өс хонзонгийн асуудал байдаг юм уу? би хэлж мэдэхгүй байна. Бидний зүгээс гомдолтой байна. Ганбаяр манай сумын хүн байгаа юм. Суманд нутгийн хүмүүс бие биенийгээ сайн таньдаг юм. Ганбаяр ах, манай ах Мягмартай ямар нэгэн харилцаа холбоо байхгүй, хааяа нэг манай ахтай хамт архи ууж байхыг харж байсан. Зан байдлын хувьд ядарсан хүнд их баярхуу, дээрэлхүү гэж сумын хүмүүс ярьдаг юм. Надтай хамт байх хугацаанд мотоциклоос унасан асуудал байхгүй. Ганбаярыг хамгаалаад худлаа яриад байх шиг байна. Бид нар түрүүнд руу яриад зодоон болсон талаар мэдээд ахаас асуухад Ганбаяртай муудалцсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна лээ. Хэвлий рүү нь Ганбаяр өшиглөчихсөн гэж ярьж байна лээ.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
Гэрч Ю.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ю.Мягмар нь манай хамгийн том ах байгаа юм. Манай ах одоо ******* сумын 3-р багт миний төрсөн ах ын гэрт нэг дор 2 охиныхоо хамтаар амьдардаг. Манай гэр 2 ахын гэрээс саахалт буюу 1 километр орчим зайтай байдаг. Өчигдөр буюу 09 сарын 10-ны өдөр манай том ах Мягмар гэрээсээ саахалт гэх хүний мотоцикл эвдрээд түүнтэй хамт мал эргүүлэхээр явсан гэж ах хэлж байсан. Яг хэдэн цагийн орчимд гэрээсээ гарсныг нь би мэдэхгүй байна. Ингээд өчигдөр буюу 09 сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд манай гэрээс урагш 6-7 километр зайтай байдаг ахын эхнэр, ах руу “Мягмарын бие нь өвдөөд байна” гэж хэлсэн байсан. Тэгээд ах намайг дуудаад би ахын гэрт нь очоод ах дүү нарын хамтаар ын гэрт очсон. Тэдний гэрт очиход Мягмар гэрийнх нь гадаа бага зэрэг халамцуу байдалтай, чихнийх нь орчимд цус болсон байсан. манай сумын Ганбаяр нар мөн халамцуу байдалтай хажууд нь байж байсан. Тэгээд Мягмар ахыг чих чинь яагаад цус болчихсон юм, зодуулж цохиулсан юм биш биз дээ? гэсэн чинь юм ярьж чадахгүй атираад байсан. Ганбаяр 2 хамраас нь цус гарсан юм гэж хэлж байсан. Тэгээд Мягмар ахын биед ил харагдахаар өөр гэмтэл шарх сорви ажиглагдаагүй зовуурьтай байгаад байхаар нь шууд аваад гэрт нь очсон. Гэрт нь очоод өвчин намдаах эм өгөөд хэвтүүлсэн өөрөө гайгүй болчихно гээд байсан. Ингээд бид нар бие нь гайгүй болохыг нь хэсэг зуур хүлээж байгаад нэмэргүй болохоор нь Мягмар ахыг ******* сумын төв рүү 21 цагийн орчимд ээжийн гэрт авч очсон. Эмнэлэгт үзүүлье гэсэн чинь Мягмар ах өөрөө ядраад байна. Өглөө үзүүлье гэсэн. Өнөөдөр 09 цагийн орчимд ******* сумын эмнэлэг дээр очиж үзүүлээд ЭХО-д харуулах шаардлагатай гэсэн. Тэгээд Мягмар ах өөрөө дээшээ харж хэвтэж чадахгүй байсан бөгөөд арай хийж ЭХО-д харуулахад хэвлий шингэнтэй байна гэж хэлсэн. Ингээд үзүүлж харуулж байгаад 13 цаг болсон бөгөөд ******* сумын эмч нар 14 цагийн үед Мягмар ахыг аймгийн эмнэлэг рүү тээвэрлээд 17 цагийн орчимд аймгийн төв дээр ирсэн. Манай ах бид 2 дагаж эмнэлэг дээр ирцгээсэн. Аймгийн эмнэлэг дээр ирээд ЭХО-д хараад шинжилгээ аваад хэвлий шингэнтэй хагалгаанд оруулах шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд эмч зодуулж цохиулсан уу гэж асуухаар нь бид нар мэдэхгүй гэсэн чинь ах мотоциклтой хонь тууж яваад зөөлөн ойчоод доргисон гэж хэлсэн. Тэгээд бид нар ахаас зодуулж цохиулсан асуудал бий юу гэхэд мотоциклоос зөөлөн очсон гээд тодорхой юм ярихгүй байсан. Тэгээд эмчийг байн, байн лавлаад байхаар нь бид нар ******* суманд байгаа дүү руу утасдаад Мягмар ах өчигдөр хаагуур явсан байна. Айл амьтанд очиж уу, зодоон цохион хийж үү мэдээдэх гэж хэлсэн. Тэгээд 21 цагийн орчимд залгаад Мягмар ах өчигдөр ын гэрт очихоосоо өмнө оогийн гэрт очсон байна. оогийн гэрийн гадаа Мягмар ахыг Ганбаяр зодсон энэ талаар оогийн гэрт очиж морь унадаг манай дүү гийн хүү Төрмандах болон оогийн ээж гэдэг хүн хэлж байна гэсэн. Ингээд бид нар эмчид манай ах өчигдөр зодуулсан юм шиг байна гэж хэлтэл эмч та зодуулсан юм байна гэхэд Мягмар ах тийм асуудал болсон Ганбаяр хэвлий рүү өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд өөр онцын зүйл яриагүй. Эмнэлгээс Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Одоо манай ах яаралтай журмаар хагалгаанд орж байгаа. Цамцыг нь сөхөж харахад ямар нэгэн байдлаар хөхөрсөн няцарсан зүйл ажиглагдаагүй. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ элдэв ааш араншин гаргаад байдаггүй, уусан үедээ унтаад л өгдөг. Ганбаяр нь харин архи дарс уусан үедээ их овилгогүй агсам зантай гэж сумын хүмүүс ярьдаг юм. Би хэд, хэдэн удаа согтуу байхад нь дайралдаж байсан. Хүмүүсийг дандаа гуйлгачин, түүлэгчин гэж агсам согтуу тавьж доромжилдог юм байна лээ. Тэр асуудлаас болж манай ахтай маргалдсан байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Гэрч Ю.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 09 сарын 11-ний өдөр бүтэн сайн өдөр байсан бөгөөд би сумын төв дээрх гэрээсээ хөдөө гэр болох ын гэрт оччихсон байсан. гуайн гэрээс ах руу ахын чинь би өвдөөд гэж хэлсэн. Ингээд ах эгч бид 3, эгчийн машинтай гуайн гэрт очиход Мягмар ах нэг сумын хүн болох Ганбаяр, нар вагончигны гадаа байсан. Манай ах газар хэвтчихсэн хэвлийгээ дараад энд их хүчтэй өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд баруун чихнийх нь орчмоос бага зэрэг цус гарчихсан байхаар нь зодоон цохион хийсэн юм уу гэхэд Мягмар ах өөрөө дуугарахгүй эвхрээд хэвтээд байсан. Ганбаяр хамраас нь цус гарсан чих рүү нь урсчихсан байна гээд чихнийх нь хатсан цусыг арилгаж байсан. Тэгээд бид нар тухайн үед зодоон болсон талаараа мэдээгүй учир ахыг аваад гэрт нь буюу ахын гэрт аваачсан. Тэгээд өвдөлт нь намдахгүй болохоор нь тэр оройдоо сумын төв рүү эгч бид 2 авч яваад сумын төв дээр гэртээ хоносон. Маргааш өглөө нь буюу 09 сарын 12-ны өглөө ******* сумын эмнэлэгт үзүүлэхэд яаралтай аймаг авч яв гээд манай ах , эгч , сумын эмч нар Мягмар ахыг аймаг руу авч явсан. Орой 20 цагийн орчимд манай ах над руу яриад эмч зодоон хийсэн үү, яасан гэж асууж байна гэхэд манай хүү Төрмандах, Мягаа ахыг Ганбаяр ах, ахын гэрээс холдуулж байгаад зодоод байсан гэж хэлсэн. Манай хүү Төрмандах, оо гэдэг айлд хагас бүтэн сайн өдрүүдэд очиж морь унадаг юм. Ингээд би хүүгээсээ дэлгэрүүлж асуухад бүтэн сайн өдөр буюу 09 сарын 11-ний өдөр Мягаа ах, Ганбаяр ахыг мотоциклдоо сундалж авч яваад оо ахынхаас жоохон холдуулаад гэнэт мотоциклоо зогсоогоод зодчихсон. оо ахад хэлсэн гэж хэлсэн. Энэ талаар оо ахын утас руу залгаад асуухад бид нар гэрт байж байгаад Төрмандах, Мягмар ахыг зодчихоод явчихлаа гэхээр нь гараад хартал гүүн зэлний цаана Мягмар ах доошоо хараад газар хэвтчихсэн Ганбаяр цаашаа мотоциклтойгоо явж байсан. Очиж авдаг юм бил үү гэтэл Ганбаяр буцаж ирээд аваад явсан гэж хэлж байсан. Мягмар ах, Ганбаяр 2 бие биенийгээ таньдаг, нэг сумын хүмүүс тийм ч дотно найз нөхдийн холбоо байхгүй. Мягмар ах, Ганбаяр ахад зодуулсан талаараа огт хэлээгүй. Харин аймгийн эмнэлэгт очсоных нь дараа ах зодуулсан асуудал байна уу, сураглаадах гэхэд манай хүү Төрмандах, Мягаа ахыг зодуулсан талаар хэлсэн. Мягмар ахыг гуайн гэрээс очиж авахад биед нь ил харагдах шарх гэмтэл ажиглагдаагүй. Би цамцыг нь сөхөж хэвлий орчмыг нь огт хараагүй. эгч л гэдэс нь хатуурчихсан байна. Сум руу аваад явъя гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Насанд хүрээгүй гэрч Б.Төрмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 09 сарын 10-ны өдөр ахын гэрт очсон юм. Би хааяа амралтын өдрөөр ахын гэрт очиж морь унадаг юм. 2022 оны 09 сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд Мягмар ах, Ганбаяр ахтай хамт ирсэн. Тэр үед Ганбаяр ах арай гайгүй Мягмар ах нэлээд согтсон байдалтай Ганбаяр ахын улбар шар өнгийн мотоциклтой ахын гэрт ирсэн. Тэгээд намайг гэрт ороход Ганбаяр ах, Мягмар ах 2 архи уусан байсан. Базар ах тэр архинаас нэг татаж байсан. ах тэр архинаас уугаагүй, тэд нар хар ногоон шилтэй архи ууж байсан. Тэгээд би ахын гэрээс гараад урагшаа очиж бие зассан. Ганбаяр ах, Мягмар ах 2 гэрээс гарч ирээд Ганбаяр ах, Мягмар ахыг явъя гэж байсан. Мягмар ах байж бай гээд явахгүй гээд байсан. Ганбаяр ах явъя гэсээр байгаад Мягмар ахыг аваад оо ахын гэрээс зүүн зүг рүү ойролцоогоор 100 метр газар яваад Ганбаяр ах, Мягмар ах 2 мотоциклоосоо буугаад Ганбаяр ах урагш харсан байдалтайгаар Мягмар ах хойш харсан байдалтай байж байгаад Ганбаяр ах Мягмар ахын зүүн шанаа орчимд гараараа нэг удаа цохисон. Тэгээд Ганбаяр ах, Мягмар ахын хоёр гарын бугалга орчмоос нь бариад баруун хөлөөрөө 2, зүүн хөлөөрөө 1 удаа гэдэс орчимд нь өвдөг орчмоор өшиглөсөн. Тэгээд Мягмар ах урагш харснаа доошоо тонгойгоод газар хэвтээд өгсөн. Тэгснээ Ганбаяр ах Мягмар ахыг орхиод мотоциклдоо мордоод цаашаа яваад өгсөн. Тэгэхээр нь би гэрт байсан ахад хэлтэл ах ганцаараа гарч ирээд харсан. Тэгээд Мягмар ахыг очиж авах гэж байтал Ганбаяр ах буцаж ирээд Мягмар ахыг сундлаад буцаад ахын гэрт ирсэн. Тэгээд ахын ээж Болор эгч яагаад зодоон хийгээд байгаа юм? гэхэд Ганбаяр ах дахиж өнгөтийн хонхроор ирэхгүй гэсэн. Мягмар ах би ямар зодолдъё гэсэн юм уу гэж ярьж байсан. Ингээд Ганбаяр ах, Мягмар ах 2 зүүн тийш явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
Гэрч Б.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд Ганбаяр, Даюун маркийн мотоциклоо унаад хойноо Мягмарыг сундалчихсан манайд нэлээн халмаг байдалтай ирсэн. Тэгээд тэр хоёрыг ойрд ирээгүй учраас 0.5 литрийн “Соёрхол” архи гаргаж өгсөн. Тэр архийг Ганбаяр, Мягмар 2 уусан. Би тэр архинаас уугаагүй. Мягмар унтах гээд манай гэрт хэвтээд өгсөн. Гэтэл Ганбаяр явъя гээд дуудаад байсан. Өмнө жил Ганбаяр, Мягмар 2 ирээд Мягмар нь манай гэрт унтаад хоцорсон. Ганбаяр Мягмарыг орхиод явж байсан юм. Тэгээд Мягмар “чи намайг өмнө жил орхиод явсан, одоо энэ жил орхиж явахгүй шүү унаанд хүргэж өгөөрэй” гэж хэлсэн. Тэгтэл Ганбаяр “чи нутагтаа ирчихээд томроод байна уу” гээд босоод ирсэн. Тэгэхээр нь манай эхнэр бид 2 нялх нойтон хүүхэдтэй айлд маргалдаж муудалцахгүй гарцгаа гэсэн. Тэгээд Ганбаяр, Мягмар 2 гэрээс гараад гадаа маргалдаад байсан. Тэгээд би хойноос нь гарсан. Манай гэрийн гадаа бие биенээ цохисон зодсон асуудал байхгүй. Мотоцикл дээрээ мордоод зүүн зүг рүү явсан. Тэгэхээр нь би гэр рүүгээ орсон. Тэгтэл Төрмандах, Анхцэцэг нар гадаа тоглож байгаад нөгөө 2 хүн зодолдоод л байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гараад хартал Ганбаяр, Мягмар 2 манайхаас зүүн урд үнс асгадаг газар Ганбаяр, Мягмарыг доош нь дарчихсан өшиглөж байгаа харагдсан. Би яг хаана нь өшиглөж байсан талаар анзаараагүй. Миний харснаар Ганбаяр, Мягмарыг тонгойлгоод өшиглөж байгаа харагдсан. Тэгээд Мягмар газар унаад дээшээ хараад хэвтээд өгсөн. Ганбаяр мотоциклтой мордоод яваад өгсөн. Тухайн үед миний нуруу татчихсан бас хөдөлж чадахгүй байсан бөгөөд гэр рүүгээ орж машины түлхүүрээ аваад Мягмарыг очиж аваад ирье гээд машин руугаа алхаж байтал Ганбаяр цаанаас нь буцаж ирээд Мягмарыг босгоод мотоциклдоо сундлаад гэрийн гадаа ирсэн. Тэгээд гэрт үлдээсэн 2 хуруу хиртэй архиа Ганбаяр уусан. Мягмар гэрт орж ирээд дээшээ хараад дуугарахгүй хэвтээд байсан. Нүүр амыг нь харахад хавдсан, цус гарсан зүйл ажиглагдаагүй. Тэгээд Ганбаяр архиа уучихаад Мягмарыг явъя гэхэд босоод мотоцикл дээр нь мордоод тэр 2 гуайн гэр рүү мотоцикл дээрээ хүргүүлнэ гээд явсан. гуайн гэр нь манай гэрээс зүүн тийш 4-5 километр зайтай байдаг. Анх ирэхдээ зүгээр байсан. Мягмар ерөнхийдөө архинаас 2-3 удаа л татсан байх. Унтах гээд байн, байн хэвтээд байсан. Ганбаяр нь Мягмарыг дуудаад нэг татуулж байсан. Тухайн үед гэрт манай эхнэр бас ээж, аав 2 байсан. Ээж маань жижиг гэрт тогоо шанага бариад гэрт орж гараад байсан. Аав архи задлах үед дээрээс нь нэг татчихаад усан дээр мал ирчихсэн байна гээд мал руугаа мордсон. Ганбаяр, Мягмар 2 байнга манай гэрээр ирээд байдаггүй, өмнө жил нэг удаа ирсэн. Энэ жил бас нэг удаа ирсэн. Тэгээд нэг их ирдэггүй болохоор нь гэрт юм байвал гаргаад л өгдөг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /
Гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ээлжийн амралтаа аваад хөдөө гэртээ нөхөр Базар, хүү , Төрмандах, бэр Мягмарсүрэн нарын хамт байж байхад 13-14 цагийн хооронд гаднаас манай сумын Ганбаяр, Мягмар нар халамцуу байдалтай ирсэн. Манай хүү Ганбаяр, Мягмар хоёрт 1 шил 0.5 литрийн “Соёрхол” нэртэй архи гаргаж өгсөн. Уг архийг манай нөхөр Базар аягалаад Ганбаяр, Мягмар тэр 3 нэг, нэг татаад манай нөхөр малдаа явсан. Илүү гэрт юм хийж байгаад буцаад гэртээ ороход Мягмар хэвтэж байсан. Ганбаяр Мягмарыгаа бос гээд татаж чангаагаад байсан. Мягмар чи намайг орхиж явахгүй шүү гэтэл Ганбаяр нь Мягмарыг “чи нутагтаа ирчихээд томроод байна уу пизда минь” гэхээр нь би та нар нялх нойтон хүүхэдтэй айлд ирчихээд нэг шил архи аятайхан уугаад явчихаж чадахгүй” гэж загнасан. Ганбаяр, Мягмарыг татаж чангааж байгаад авч гараад мотоциклдоо сундлаад зүүн тийш явсан. Тэгээд илүү гэрт байж байтал Мягмар ахыг цохиж аваад өшиглөөд байна гэж хэлсэн. Манай хүү Мягмарыг урагшаа хараад хэвтэж байна. Очиж авъя гэж хэлэхээр нь би гараад хартал гэрээс зүүн тийш 100-200 метр зайтай газарт Мягмар дээшээ харсан байдалтай, урагшаа хараад хэвтэж байтал цаанаас нь Ганбаяр буцаад ирлээ гэж хэлсэн. Мягмар гэрт орж ирээд юм дуугарахгүй хэвтээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29/
Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаартай:
“1. Ю.Мягмарын биед хэвлийн битүү гэмтэл, сэмжний урагдал, цус алдалт /1100/, гэдэсний саажилт түгжрэл, 2 удаагийн мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд нь үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр аль, алинд нь үүсгэгдэнэ. Хязгаарлагдмал гадаргуутай зүйл дээр унаж ойчих, мөн хязгаарлагдмал гадаргуутай зүйлээр цохих, өшиглөх үед аль алинд нь үүсэх боломжтой.
4.Учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.”гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-34 /,
Шинжээч эмч Д.Дунгаамаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хэвлийн битүү гэмтэл буюу сэмжний урагдал гэмтлийг авсан тохиолдолд эхлээд ерөнхий шинж тэмдэг болох гэдсээр базалж өвдөх, толгой өвдөх, дотор муухайрах гэх мэт ерөнхий зовиурууд илэрнэ. Ерөнхийдөө гэмтэл авсан даруйдаа эдгээр зовиурууд илэрч эхэлдэг. Удаан хугацаанд явах боломж байхгүй, амь насанд аюултай. Дээрх гэмтлийг аваад 24 цагийн хугацаанд зовиур илрэхгүй байх боломж байхгүй. Гэдэс өвдөх цанхайх зовиурууд шууд илэрнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2/
Хохирогч *******ын өвчний түүхийн хуулбар /66-89/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100/
Хохирогч *******аас ирүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 101-138/
Шүүгдэгч *******ын хохирогч *******т 2022 оны 10 сарын 28-ны өдөр 2.143.000 төгрөг, 2022 оны 11 сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг төлсөн талаарх баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 12-ний өглөө 09 цагийн орчим хэвлийгээр өвдөнө гэх өгүүлэлтэй ******* сумын эмнэлэгт ЭХО-д харуулж, мөн өдрийн 22 цаг 20 минутын орчимд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирж улмаар хэвлийн хөндийн битүү гэмтэл, сэмжний урагдал, хэвлийн хөндийн цус алдалт гэсэн оноштойгоор, 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цагийн орчимд гэдэсний саажилт түгжрэл, нарийн гэдэсний цорго зориудаар гаргах мэс засалд тус тус орсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар:
Хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан “хэвлийн битүү гэмтэл сэмжний урагдал, цус алдалт /1100 мл/, гэдэсний саажилт түгжрэл” гэмтлийг шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үдээс хойш Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг, Арын хөтөл ус гэх газарт түүний хэвлий орчимд нь өшиглөх үйлдлээр учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч болон насанд хүрээгүй гэрч Б.Төрмандах, гэрч Б. нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үдээс хойш Дундговь аймгийн ******* сумын 2 дугаар баг, Арын хөтөл ус гэх газарт хохирогч *******ын хэвлийн тус газар нь хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд “хэвлийн битүү гэмтэл, сэмжний урагдал, цус алдалт /1100/, гэдэсний саажилт түгжрэл” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хохирогч *******ын хэвлийн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь “хэвлийн битүү гэмтэл, сэмжний урагдал, цус алдалт /1100/, гэдэсний саажилт түгжрэл” бүхий хүнд зэргийн гэмтлийг учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүл мэндийн зардалтай холбоотой 2.142.725 төгрөгийн, шүүх хуралдаанд 277.870 төгрөгийн үнийн /нийт 2.420.595/ дүн бүхий баримтуудыг ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч *******аас хохирогчид 2022 оны 10 сарын 28-ны өдөр 2.143.000 төгрөг, 2022 оны 11 сарын 21-ний өдөр 2.000.000 төгрөг, нийт 4.143.000 төгрөг төлсөн байх тул хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлөгдсөн байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч ******* хохирогч *******т хохиролд 4.143.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлж барагдуулсан үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор хангаж, түүнд 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр ял оногдуулж, 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хохирогч *******т 4.130.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
Хохирогч ******* шүүх хуралдаанд “Дүүгийнхээ малыг маллаад сарын 500.000 төгрөгийн цалин бэлнээр авдаг байсан” гэж мэдүүлж байх боловч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.
Хохирогч ******* нь “цаашид 6 сарын дараа дахин хагалгаанд орно, одоог хүртэл гэдсэндээ баас, шээс ялгаруулдаг стомын уут зүүж байна” гэж мэдүүлж байгаа мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байх тул хохирогч хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ын Ганбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ын Ганбаярт 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******т 4.143.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР