| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2022/0160/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/165 |
| Огноо | 2022-12-09 |
| Зүйл хэсэг | 11.1, 17.8.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2222000000169 дугаартай хэргийг 2022 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Дундговь аймгийн ******* сумын 9 дүгээр баг Мандалын 4-30 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт ийн Сайнбаяр РД://.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өнч” гэх газарт УАУ улсын дугаартай VOLVO FM12 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ын өөдөөс зөрж өнгөрөхдөө чулуу шидэж автомашины шилийг хагалж 630.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн *******ын биед дух зүүн нүдний ухархайн дээд хана, баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
Хохирогч ******* шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Намайг цохиход энэ хүн хоёулаа явж байсан. Хоёр хүн урдаас шахаж орж ирээд дайрах вий дээ, мөргөх нь гээд гэрлээ шилжүүлтэл цохисон. Тэгээд цагдаа барьж авсан. Би хамар, нүдний асуудалтай болсон. Тархинд хийтэй нүдэндээ цөмрөлттэй юм хийх чадваргүй болсон. Би жолооч хийдэг байсан. Зун 07 сарын сүүлээр хадам ээж өнгөрөөд ирж байж байгаад буцаж байсан. Тэгсэн энэ 2 таараад бөөн хохирол учирсан. Гэртээ ганц ажил хийдэг хүн нь би банкны зээлээ төлөөгүй явж байгаа. Эхнэр ажилгүй, миний бие хагалгаанд орох шаардлагатай байгаа. Байсан мөнгөө нааш цааш хоолонд өгөөд одоо таг зогссон. Хамар ам битүүрээд хэцүү байна. Чих дүнгэнээд нэг талын нүд муу байгаа. Жилийн дараа нүд чинь ширгэнэ яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Учирсан хохирлоо нэхэмжилж эрүүл мэндээ бодмоор байна. Шилний мөнгө 600.000 төгрөг, дараа нь 400.000 төгрөг өгсөн. Одоо 9.964.469 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 6 сарын 19-ны өдөр 17 цагийн орчим манай төрсөн ах бид хоёр аймаг дээр ээжийн гэр болох ******* сум 9 дүгээр баг Мандалын 4-30 тоотод 2.5 литр айраг хувааж уучихаад Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум руу түүний улсын дугааргүй цэнхэр өнгийн “Бэрс” маркийн мотоциклтой аймгийн төвөөс хамт хөдөлсөн. сумын дэлгүүр дээр 21 цагийн орчим ирээд дэлгүүрээс 2 хайрцаг тамхи, том савлагаатай “Сэнгүр” пиво нэгийг хиамтай аваад сумаас урагшаа Цогт-Овоо сум руу явсан. Замдаа 2-3 удаа зогсож бие засаж, тамхи татчихаад хөдөлсөн. Ойролцоогоор сумаас 10 орчим километр газар явж байхдаа өөдөөс ирсэн нэг машиныг ойрхон зөрөх гэж байгаа юм шиг санагдахаар нь чулуу шидсэн. Оносон үгүйг мэдэхгүй байна. Тэр машины хойноос ойролцоогоор 200 орчим метр зайтай дахиад нэг машин өөдөөс ирж байсан. Тэр машин хурц гэрэлтэй байхаар нь машин руу чулуу шидсэн. Тэгээд оносон, оноогүйг нь мэдээгүй ах бид хоёр цаашаа яваад ертөнцийн зүгээр засмал замын зүүн гар талд хээр амарсан. Хэвтэж байгаад унтчихсан байсан. Нэг сэрэхэд цагдаа ирсэн байсан. Цагдаа хүний машин руу чулуу шидэж, хүний толгой хагалсан гэж хэлсэн. Цагдаагийн газар ирээд багажаар шалгахад 1.6%-ийн согтолттой байсан бөгөөд эрүүлжүүлэхэд нэг хоносон. сумаас хөдлөөд явж байхдаа засмал замтай ойрхон байсан айлын нохой руу шидэх гээд 2 чулуу авсан. Нэг чулуугаа эхний машин руу шидсэн. 2 дахь чулуугаа хурц гэрэлтэй машин руу шидсэн. Хоёр машины гэрэл нь хурц зам харагдахгүй байсан болохоор чулуу шидсэн. ах намайг чулуу шидээд явж байгааг мэдээгүй. Мотоциклыг ах жолоодоод би ард нь сундлаад явж байсан. Тухайн үед би ягаан өнгийн дээлтэй, хар өнгийн малгай, цагаан өнгийн масктай байсан. Би 2 чулуугаа 2 гартаа нэг, нэгээр нь барьчихсан байсан. Прокурорын тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/
Хохирогч Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Энержи ресус ХХК-ийн нүүрсний уурхай дээр утаагүй түлш ачихаар очиж хоноод маргааш өдөр нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цагийн үед нүүрсээ ачуулаад Дундговь аймгийн сумаас урагш хойшоо чиглэлтэй явж байсан. Тэгтэл өөдөөс мотоцикл унасан сундлаатай, согтуу байдалтай 2 хүн дайвалзаад шахаад орж ирэхээр нь хурдаа сааруулж зогсох гэтэл ард нь сундалж явсан цайвар улаан дээлтэй залуу миний машин руу юм шидэх шиг болоход урд салхины шил хагарч шидсэн зүйл нь миний нүүрэн тус газар цохиж, нүүрнээс цус гарахаар нь машинаа зогсоосон. Тэгээд хартал алгын чинээ чулуу хөлийн гишгүүр дээр хэвтэж байсан. Миний урд талд явж байсан дүү утсаар залгаад намайг сая мотоциклтой 2 хүн чулуугаар цохичихоод явчихлаа. Та яасан гэхээр нь миний урд шилийг хагалаад хагалсан чулуу нүүр оноод цус гараад тогтохгүй байна гэж хэлсэн. Тэгтэл миний урд талд явсан дүү цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мотоцикл жолоодож явсан залуу нь улаан хүрэн дээлтэй, саравчтай малгай өмсөөд баг зүүчихсэн хойно нь сундлаад над руу чулуу шидсэн залуу нь цайвар улаан дээлтэй баг зүүсэн байсан. Мотоциклынхоо 2 талд том богц ганзагалсан байсан. Манай гэр бүлийн хүн хамт явсан ба намайг цусаа гоожуулаад машинаа зогсооход манай эхнэр замаар явж байсан саарал өнгийн приус 20 машиныг зогсоогоод мотоциклтой 2 залуугийн араас нь явсан. Сумын Эрүүл мэндийн төвд ирээд үзүүлэхэд зүүн нүд хөхөрч хавдсан, хөмсөгний голоор доошоо язарсан байсныг эмч 3 оёдол тавилаа гэсэн. Хамар хөндүүр, их эмзэглэлтэй, тархи толгой өвдөлт ихтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Хохирогч *******ын дахин өгсөн: “Хэрэг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гарсан. Би 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод Мед траума эмнэлэгт толгойн компьютер томографик хийлгэхэд 150.000 төгрөг болсон. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн гавал тархины тасагт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Ор хоногийн мөнгө 240.000 төгрөг болсон. Гэмтлийн эмнэлгээс гараад мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай гээд “Болор” эмнэлэгт үзүүлсэн. Төлбөр нь 50.000 төгрөг болсон. Эм тарианы мөнгө 386.350 төгрөг, эмнэлгийн зогсоолын төлбөр 1000 төгрөг, шатахуун хийсэн 20.000 төгрөг нийт 837.350 төгрөгийн баримт гаргаж өгч байна. Манайх Эмээлтэд байдаг учраас гэмтлийн эмнэлэг рүү нэлээд хэдэн удаа явсан баримт байхгүй. Бензин шатахуунд нэлээд хэдэн төгрөг зарцуулсан. Намайг гэмтээсэн хүн машины шилний мөнгө 800.000 төгрөг, эмчилгээний төлбөр 400.000 төгрөг буюу нийт 1.200.000 төгрөгийг миний өөрийн 5225449807 тоот Хаан банкны дансаар өгсөн. Одоо эмчилгээний зардал 437.350 төгрөгийг барагдуулаагүй байна. Мөн би тархины хавангаа буухаар хамар, нүдний ухархайн ясны хагалгаанд орох ёстой. Хэдий үеэр хагалгаанд орохоо мэдэхгүй байна. Тархины хаван бууснаас шалтгаална. Тухайн хагалгааны зардал мөнгө хэдэн төгрөг гаргахыг мэдэхгүй. Энэ зардлыг гэм буруутай этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна. Гомдолтой дараагийн эмчилгээний зардлыг гаргуулна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
Гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний шөнийн 22 цагийн үед нөхөр *******ын хамтаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нүүрс ачаад Дундговь аймгийн сум руу засмал замаар дөхөж явах үед өөдөөс сундлаатай мотоциклтой 2 хүн шахаж орж ирээд юм шидэх шиг болсон. Тэгтэл машины урд салхины шил хагарч манай нөхрийн нүүрэн хэсгээс цус гараад машинаа зогсоосон. Гэтэл урд хамт явж байсан жолооч А. манай нөхөр рүү утсаар залгаад сая зөрсөн мотоциклтой 2 хүн над руу чулуу шидсэн. Та 2 гайгүй юу гэж асуухаар нь урд салхины шил хагараад толгой хагарчихлаа. Би зогссон байна гэж манай нөхөр хэлсэн. Би машинаас буугаад тэр хоёр мотоциклтой хүний араас харсан чинь замын хажууд эргэж хараад зогсоод байхаар нь замаар явж байсан приус-20 маркийн машиныг зогсоож суугаад араас нь дагаж явтал 2-3 километр яваад засмал замаас гараад мотоциклынхоо хажууд сууж байгаад хэвтээд өгөхөөр нь эргэж ирээд нөхрөө аваад нөгөө 2 мотоциклтой хүн дээр ирэхэд нөгөө газраа хэвтсээр байсан. Удалгүй цагдаа ирээд тэр хоёрыг аваад явцгаасан. Огт танихгүй залуучууд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
Гэрч А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 09 дүгээр сарын 19-ний үдээс хойш Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас утаагүй түлшний нүүрс ачуулаад Мааньт руу очиж буулгахаар УАУ улсын дугаартай машины жолооч ******* ахын хамтаар хөдөлсөн. Биднийг Дундговь аймгийн сумаас урагш ойролцоогоор 10 гаруй километрт би машинтайгаа урд нь түрүүлээд явж байсан чинь миний өөдөөс ардаа сундлаатай согтуу гэмээр 2 хүн дайвалзаж орж ирээд юм шидээд зөрсөн. Би замаас гараад ард явсан ******* руу залгаад энэ тухайгаа хэлтэл наад 2 хүн чинь миний машины шилийг хагалаад, шидсэн чулуу нь толгой хагалчихлаа, цус гараад тогтохгүй байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тэр хоёр хүнийг огт танихгүй. 20-30 насны залуус байсан. Хоёулаа улаан хүрэндүү өнгийн дээлтэй, нүүрэндээ багтай байсан. Унаж явсан мотоциклынх нь хажууд 2 том богц дүүжлээстэй байсан. Миний бие болон машинд ямар нэгэн гэмтэл учраагүй. Санал, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 09 дүгээр сарын дундуур Дундговь аймагт байх ээж Ц.гийндээ төрсөн дүү *******ын хамтаар Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас ирсэн. Дүү бид хоёр ээж дээрээ 2, 3 хоночихоод 2022 оны 09 сарын 19-ний үдээс хойш гэртээ байсан 2 литр гаруй айргийг хувааж уучихаад Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум руу малыг нь малладаг Т.Мөнхбаярынх руу мотоциклтой явсан. Бид хоёр замаараа сумаар орж засмал замын хажууд байсан дэлгүүрээс нэг том пиво, тамхи, хиам зэргийг аваад урагшаа засмал замд нийлээд явах замдаа бууж бие засангаа тамхи асаагаад цааш явсан. сумын төвөөс урагш 10 гаруй километр газар яваад бид хоёр засмал замаас буун амарч байгаад мотоциклынхоо хажууд унтаж байсан чинь хүн сэрээхээр нь бостол цагдаа нар ирсэн байсан. Би “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан тул тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Харин манай дүү ******* ард сундалж явсан. Бид хоёр гэрээсээ гарахдаа 2 литр гаруй айраг уусан. Тухайн үед *******ыг чулуу шидсэн талаар мэдээгүй. сум руу орж ирээд чулуу шидсэн байна гэдгийг нь мэдсэн. Би Сайнбаярыг чулуугаа хаанаас авсан талаар мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/
Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний хүү ийн Сайнбаяр нь 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* суманд миний хамгийн бага хүү болж мэндэлсэн. Бага насаа эцэг, эхийн хүмүүжилд өссөн. 6 настай Дэлгэрхангай сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 9 дүгээр анги төгсөөд хөдөө мал дээр гарсан. Зан байдлын хувьд даруу, төлөв зантай сайн хүүхэд байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг эсэхийг нь мэдэхгүй. Миний нүдэн дээр хэрэглэж байгаагүй. Урд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гэртээ байсан. Сайнбаяр, хоёр гэрт байхад ундааны савтай айраг хоёул хувааж уусан. Тэгээд Өмнөговь аймгийн Цогтцэций сум руу айлын мал маллахаар явсан. Манай хүү Өмнөговь аймагт айлын мал хардаг юм. Тухайн үед , Сайнбаяр хоёр ын мотоциклтой явж байсан. Сайнбаяр ягаан дээлтэй, хар өнгийн саравчтай малгайтай явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/
Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 282 дугаартай:
1. Наранбаатарын биед дух, зүүн нүдний ухархайн дээд хана, баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр аль, алинд нь үүсгэгдэнэ.
4. Наранбаатарын биед үүссэн дух ясны хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэг, зүүн нүдний ухархайн дээд ханын хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэг, баруун зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн хөмсөгний шарх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.Учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-43/
Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 09 сарын 26-ны өдрийн: “VOLVO FM12 1495УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 630.000 төгрөгийн хохирол учирсан” тухай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/
Хохирогчоос ирүүлсэн хохиролтой холбоотой баримтууд, шүүгдэгчийн хохирол төлсөн талаарх болон түүний хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр тус аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Өнч” гэх газарт ******* нь УАУ улсын дугаартай VOLVO FM12 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа чулуунд цохигдож түүний унаж явсан тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарсан, мөн эрүүл мэндэд нь “дух ясны хугарал” бүхий хүнд гэмтэл /хохирол/ учирсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өнч” гэх газарт УАУ улсын дугаартай VOLVO FM12 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ын өөдөөс зөрж өнгөрөхдөө чулуу шидэж автомашины шилийг хагалж 630.000 төгрөгийн,
мөн хохирогч *******ын эрүүл мэндэд “дух ясны хугарал” бүхий хүнд гэмтэл /хохирол/ санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
хохирогч *******ын шүүх хэлэлцүүлэгт өгсөн: “Намайг цохиход энэ хүн хоёулаа явж байсан. Хоёр хүн урдаас шахаж орж ирээд дайрах вий дээ, мөргөх нь ээ гээд гэрлээ шилжүүлтэл цохисон. ...Би хамар, нүдний асуудалтай болсон. Тархинд хийтэй нүдэндээ цөмрөлттэй юм хийх чадваргүй болсон.” гэх,
шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ... сумаас 10 орчим километр газар явж байхдаа өөдөөс ирсэн нэг машиныг ойрхон зөрөх гэж байгаа юм шиг санагдахаар нь чулуу шидсэн. Оносон үгүйг мэдэхгүй байна. Тэр машины хойноос ойролцоогоор 200 орчим метр зайтай дахиад нэг машин өөдөөс ирж байсан. Тэр машин хурц гэрэлтэй байхаар нь машин руу чулуу шидсэн. .... Нэг сэрэхэд цагдаа ирсэн байсан. Цагдаа хүний машин руу чулуу шидэж, толгойг нь хагалсан гэж хэлсэн. ... айлын нохой руу шидэх гээд 2 чулуу авсан. Нэг чулуугаа эхний машин руу шидсэн. 2 дахь чулуугаа хурц гэрэлтэй машин руу шидсэн. Хоёр машины гэрэл нь хурц зам харагдахгүй байсан болохоор чулуу шидсэн. Прокурорын тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна.” гэх,
гэрч Н.гийн: “Би 2022 оны 09 дүгээр сарын 19-ний шөнийн 22 цагийн үед нөхөр *******ын хамтаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас нүүрс ачаад Дундговь аймгийн сум руу засмал замаар дөхөж явах үед өөдөөс сундлаатай мотоциклтой 2 хүн шахаж орж ирээд юм шидэх шиг болсон. Тэгтэл машины урд салхины шил хагарч манай нөхрийн нүүрэн хэсгээс цус гараад машинаа зогсоосон. Гэтэл урд хамт явж байсан жолооч А. манай нөхөр рүү утсаар залгаад сая зөрсөн мотоциклтой 2 хүн над руу чулуу шидсэн. Та 2 гайгүй юу гэж асуухаар нь урд салхины шил хагараад толгой хагарчихлаа. Би зогссон байна гэж манай нөхөр хэлсэн...” гэх,
гэрч А.ийн: “2022 оны 09 дүгээр сарын 19-ний үдээс хойш ... жолооч ******* ахын хамтаар хөдөлсөн. Биднийг Дундговь аймгийн сумаас урагш ойролцоогоор 10 гаруй километрт би машинтайгаа урд нь түрүүлээд явж байсан чинь миний өөдөөс ардаа сундлаатай согтуу гэмээр 2 хүн дайвалзаж орж ирээд юм шидээд зөрсөн. Би замаас гараад ард явсан ******* руу залгаад энэ тухайгаа хэлтэл наад 2 хүн чинь миний машины шилийг хагалаад, шидсэн чулуу нь толгой хагалчихлаа, цус гараад тогтохгүй байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.” гэх мэдүүлгүүд болон хохирогч Наранбаатарын биед дух, зүүн нүдний ухархайн дээд хана, баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн хөмсөгт шарх, хамрын нуруу, зүүн хөмсөгт зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хохирогч *******ын“VOLVO FM12 1495УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 630.000 төгрөгийн хохирол учирсан” тухай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр нотлогдож байна.
Шүүгдэгч *******ын гэрлээ шилжүүлээгүй гэх шалтгаанаар хохирогч *******ын тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуугаар цохиж хагалсан, улмаар түүний шидсэн чулуу хохирогч *******ын дух хэсэгт нь цохиж эрүүл мэндэд нь хохирол учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, эд хөрөнгийг хууль бусаар /санаатай/ устгах, гэмтээх гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангасан байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд гэмтэл /хохирол/, түүний тухайн үед жолоодон явсан УАУ улсын дугаартай VOLVO FM12 маркийн тээврийн хэрэгсэлд 630.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч ******* нь шүүгдэгч *******аас эмчилгээний зардал 267.350 төгрөг, эм тарианы зардал 296.700 төгрөг, шатахууны зардал 200.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин /6 сарын хугацаагаар тооцож/ 2.520.000 төгрөг, нүд болон хамрын хагалгаа хийлгэх зардал 6.004.769 төгрөг, нийт 9.288.819 төгрөгийг нэхэмжилнэ гэж мэдүүлж байна.
Хохирогч нь хэрэг учрал болсноос шүүх хуралдаан болсон өдрийг хүртэл буюу 10, 11, 12 дугаар саруудад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил эрхлээгүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг 3 сарын хугацаагаар тооцож шүүгдэгчээс /3х420.000=1.200.000/ 1.260.000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлээс 1.260.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхилоо.
Мөн хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 256.200 төгрөгт холбогдох хэсгийг /хх-ийн 85, 119 дугаар тал/ нотлох баримт давхардсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******аас 7.772.619 төгрөгийг гаргуулан хохирогч *******т олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******т шүүхийн шатанд 7.800.000 төгрөг, мөрдөн байцаалтын шатанд 1.200.000 төгрөг, нийт 9.000.000 төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч *******ын эрүүл мэндэд учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан байх тул хохирогч хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал харгалзан үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******т 9.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт ийн Сайнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт ийн Сайнбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулан шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 10.450.000 /арван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6. Хохирогч *******ын нэхэмжлэлээс 256.200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 1.260.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч хэлэлцээгүй орхисон нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч *******т 9.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР