Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга *******

          Улсын яллагч *******

         Хохирогч *******

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д  холбогдох эрүүгийн 2222001320138 дугаартай  хэргийг 2022 оны  12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1965 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, малчин, ам бүл 3, нөхөр, охины хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг “Хоолойн гашуун” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овогт ******* РД://.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

    Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг “Хоолойн гашууны хойд энгэр” гэх газарт *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар С.*******ийн эзэмшлийн “Hyundai Porter-1” маркийн ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн талын кабины нугасны шил, баруун урд хаалганы шил, шил арчигч, шил арчигчийн ус шүршигч, зүүн урд хаалгыг эвдэж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хороо барихад нь хүн надад танай бэлчээр дээр чинь хүн хороо барьж байна гэсэн. Манайх 30 гаруй жил болж байгаа бэлчээр дээр хороо бариад байгаа юм. 2 дахь удаа байшин барихаар нь хэлтэл би мэдэж байна гээд барьсан. Өөрөө зөвшөөрөл аваагүй, утсаар яриагүй. Өөрийн дураар хороо барьж, байшин барьсан. Хөдөлж чаддаггүй 2 хөгшин нүүж чаддаггүй. Хороо бариулахгүй гэж бодож байна. Өөрсдөө хороогоо зарчихаад бэлчээр дээр хороо, байшин бариад байгаа. Дүү нь бас хойно барьсан байсан. Баатарсүх манай бэлчээр дээр 2-3 километр зайд барьж байгаа. Багийн хурлаар ороогүй. Сумын засаг даргад өргөдөл өгсөн. Зөрж очиж 2 архичин авч ирж дугуй буулгахаар нь уур хүрээд очиж тийм болгосон. Айлд очиж яриад яваад байсан, над дээр ирж хэлсэн бол өөр шүү дээ. Би хороо бариулахгүй, миний үр хүүхэд байгаа” гэв.

Хохирогч ******* шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2018 онд багийн иргэд 100 хувь дэмжсэний улмаас гахай болон хорооны асуудал шийдүүлсэн. Тэр үед ийн нөхөр гахай л байлгахгүй гээд байсан. Хоолойн гашуун гэх газарт зөвшөөрөл нь гараад хороогоо барьж эхэлтэл дургүйцээд байгаа. Ээж, аавыг таньдаг орж гарч айраг уудаг байсан хүмүүс ийм байдлаар дургүйцэж байгаад гомдолтой байна. Би өмнө нь хороо барьж байгаагүй. Энэ хороо бууцанд амьдрах бодолтой байгаа. Энэ хороонд байлгахгүй байвал би олон малтай хүнд зарвал бүр хэцүү л байх болов уу. Би 40-50 бага малтай хэдэн адуутай. Өөр хүнд өгснөөс айл саахалт байсан би байвал зүгээр санагдаад байх юм. Машины эвдрэлийн хохирлыг төлөөд өгвөл өөр гомдолгүй. Барьж байсан байшинг бас чулуугаар цохисон байгаа. Шүүх хуралдаанаас өмнө уучлалт гуйх байх гэж бодоод хараад байсан. Би шүүгдэгч биш урьтаж санал тавихгүй гэж харсан. Хүүхэд байхаасаа нутагласан газартаа хороо барих гээд зөвшөөрөл авсан. Дүүгээс 1.000.000 төгрөг гарах гээд байхаар нь 800.000 төгрөг өгөөд өмгөөлөгчийн 50.000 төгрөг, мөн шинжээчийн дүгнэлтийн 46.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг өгвөл гомдол санал байхгүй. Блокыг арван хэдэн газар цоочоод орхисон. Дахиж үргэлжлүүлж барихааргүй болгосон байгаа” гэв. 

         Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Аймгийн төвөөс баруун урагш 10 километрийн зайд байх өөрийн газарт очсон. Би тэр газар дээрээ байшин барьж байгаа юм. Манай газрын хойд талд гэрээ бариад буусан. Би тэр үед дүү *******ийн Портер машиныг унаад Даваасүрэн гэдэг хүний хамт очсон. хороо бариулахгүй гээд орилж хашхираад над руу шууд л дайрсан. Би энэ чинь миний газар шүү дээ би өөрийнхөө газар дээр юу хийхээ өөрөө мэднэ гэтэл над руу дайраад барьж байгаа байшинг маань балгасаа аваад зайл гэж орилоод байхаар нь би машин тойроод зугтаасан. Машин руугаа ороод суутал урд салхины шил рүү чулуу шидээд хагалчихсан. Тэгтэл нөхөр Ганхөлөг нь араас нь гарч ирээд машин дотор миний гарыг мужаад хажуугаар нь миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Ганхөлөг нь миний гар утсыг булааж аваад шидчихсэн. Ганхөлөг намайг зодож цохисон зүйл байхгүй. Хашаа байшин барьлаа гээд уурлаад байдаг юм. Уул нь миний газар байгаа юм. тэй айл, саахалт болоод нэлээн олон жил болж байгаа. Ямар шалтгааны улмаас дайрч давшилсныг мэдэхгүй байна. чулуугаар миний толгой руу хэд, хэдэн удаа цохисон. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад надад гэмтэл учраагүй байсан. Миний гар утсанд эвдрэл гэмтэл учраагүй. Авто машины шилний үнэлгээг гаргуулж машиныг бүрэн бүтэн болгомоор байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

         Иргэний нэхэмжлэгч С.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:   “Портер маркийн 3273 ДУЭ улсын дугаартай авто машин миний өөрийн эзэмшлийн авто машин байгаа юм. Бичиг баримт нь миний нэр дээр байдаг. Баатарсүх миний төрсөн ах байгаа юм. Хөдөө бууцанд юм хийнэ, ойр зуурын юм зөөвөрлөх гэсэн юм машинаа 3 хоног ашиглуулаач гээд миний машиныг авсан. Би татгалзах зүйлгүй ахдаа машинаа өгсөн. Авто машины шилний үнэлгээ нийт 490.000 төгрөг гарсан. Машинаа хурдан янзлуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 48/ 

       Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Миний эзэмшлийн газар дээр Баатарсүх гэгч нь хороо бариад байгаа. Манай гэрээс 2-3 километр зайтай байх. Тэгээд би өмнө хэд, хэдэн удаа “Баатарсүхээ чи энэ газар биш өөр газар бариач энэ газар чинь манай газар шүү дээ” гэхэд манай газар гэсэн. Та юу яриад байгаа юм бэ? гээд ерөөсөө тоодоггүй байсан. Тэгтэл 2022 оны 07 сарын 07-ны өдөр Баатарсүх машинтай ирээд хэдэн дугуй буулгахаар нь би очоод “болиоч хүний газар дээр юм барихаа боль” гэтэл манай газар гээд шөргөөцөлдөөд машиндаа суучихаар нь би чулуунууд аваад машиных нь 3 талын цонх руу нь 3 удаа чулуу шидсэн. Би бүх цонхыг нь хагалсан. Би хаалгыг нь нээж байгаад чулуугаар толгой хэсэг рүү нь цохисон. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй. Манай гэртэй ойрхон хашаа байшин барихаар манай мал хаашаа бэлчих вэ? гээд миний уур маш их хүрсэн. Шүүхээр орсны дараа л хохирлыг нь барагдуулна. гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/

            Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022  оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 262 дугаартай:

“1. Баатарсүхийн биед баруун шуу, зүүн гарын дунд хурууны зулгаралт, хэвлий, зүүн тохой, зүүн гарын сарвуу, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болох болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

           4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/

         Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 542 дугаартай: “Hyundai porter” маркийн ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 490.000 төгрөгийн хохирол учирсан” тухай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 34-37/

         Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6/

         Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/

         Хохирогчоос ирүүлсэн хохиролтой холбоотой баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

Үйл баримтын талаар:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 1 дүгээр баг “Хоолойн гашууны хойд энгэр” гэх газарт С.*******ийн өмчлөлийн ДУЭ улсын дугаартай  “Hyundai Porter-1” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн талын кабины нугасны шил, баруун урд хаалганы шил, шил арчигч, шил арчигчийн ус шүршигч, зүүн урд хаалгыг чулуугаар цохиж гэмтээсэн үйл баримт тогтоогдож байна.

 

        Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

         Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь С.*******ийн өмчлөлийн ДУЭ улсын дугаартай  “Hyundai Porter-1” маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн талын кабины нугасны шил, баруун урд хаалганы шил, шил арчигч, шил арчигчийн ус шүршигч, зүүн урд хаалгыг чулуугаар цохиж гэмтээсэн болох нь хохирогч *******, С.*******,  шүүгдэгч ******* нарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд түүний үйлдэл нь бусдын эд хөрөнгийн санаатай устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

    Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзээд шүүгдэгч *******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

          Хохирлын талаар:

 

        Хохирогч ******* нь шүүгдэгчээс С.*******ийн эзэмшлийн авто машин засварлахад 800.000 төгрөг, С.*******ийг мэдүүлэг өгөхөд өмгөөлөгч оролцуулсан өмгөөлөгчийн хөлс 50.000 төгрөг, хохирлын үнэлгээ гаргуулахад төлсөн 46.000 төгрөг нийт 896.000 төгрөгийг нэхэмжилж байна.

      Шүүгдэгч *******ийн зүй бус үйлдлийн улмаас хохирогч *******ийн жолоодон явсан ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 490.000 төгрөгийн хохирол учирсан болох нь /хх 35 тал/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөн Ашид билгүүн ХХК-аар авто машины эвдрэл хохирлын үнэлгээ гаргуулахад хохирогч ******* нь 46.000 төгрөг төлсөн болох нь /хх34 тал/ бэлэн мөнгөний орлогын баримт болон хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

       Иймд шүүгдэгч *******ээс 536.000 төгрөг гаргуулан хохирогч *******эд олгохоор шийдвэрлэлээ.

      Хохирогчийн нэхэмжлэлээс 360.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Хохирогч ******* нь өөрийн Хаан банкны 5455083347 дугаарын данснаас С.*******ийн 5459079541 дугаарын дансанд *******эд зээл, portor, Portoriin vniin videgdel  гэх утгатайгаар шилжүүлсэн нь дээрх хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэх боломжгүй байна.

 

         Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

     Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлгийн явцад бусдыг үл хүндэтгэн харьцаж байгаа хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 

          Бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.******* гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж, хохирогч нар цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заалаа.

        Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн  Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 536.000 /таван зуун гучин зургаан мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч *******эд олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ийн нэхэмжлэлээс 360.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.******* гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР