Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2019/01191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А. ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ холбогдох

Гуравдагч этгээд: Ч ХХК-ийн эрх хүлээн авагч,

Хөрөнгийг үнэлгээг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Ж, гэрч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А ХХК нь К ХХК-аас зээл авсны үндсэн дээр 1,083,916,598 төгрөгийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж нэхэмжлэгч байгууллагын хөрөнгийг битүүмжлээд хөрөнгийг үнэлсэн байдаг. Нэхэмжлэгч талаас уг хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй учраас нэхэмжлэл гаргасан байгаа. Зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талын саналыг хариуцагч байгууллага нь харгалзан үзээгүй. Мөн тухайн хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг 127,500,000 төгрөгөөр, газар болон байшинг 73,168,000 төгрөгөөр, Баянгол дүүрэгт байрлах байгууламжийг 513,600,000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэгт байрлах Фермийг 249,067,000 төгрөгөөр гэх мэтчилэн зах зээлийн ханшнаас хэт доогуур болон нэхэмжлэгч байгууллагын саналыг харгалзан үзэлгүйгээр үнэлсэн нь үндэслэлгүй хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Эд хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгч, төлбөр авагч болон өмчлөгч нарыг харилцан тохиролцуулах арга хэмжээг аваагүй, хөрөнгө үнэлэхэд төлбөр төлөгч болон өмчлөгчийг байлцуулаагүйгээр үнэлсэн, нэхэмжлэгч талын саналыг хариуцагч байгууллага нь харгалзан үзээгүй нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгчээс хүсэлт гаргаж мөн шүүхийн журмаар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн боловч нэхэмжлэгч байгууллагад хүлээн зөвшөөрөгдөхөөр үнэлгээ гараагүй. Мөн уг хоёр үнэлгээ нь хоорондоо зөрүүтэй байгаа учраас хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах үндэслэлтэй. 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3/16273 тоот хариуцагч байгууллагаас ирүүлсэн албан бичгийн дагуу хөрөнгийн үнэлгээг мэдсэн байгаа. Ингэж мэдсэнээс 7 хоногийн дотор гомдол гаргасан байгаа. Энэ талаарх баримтыг хэрэгт хавсаргасан. Нийтийн жишиг үнийн байдлаар хөрөнгийг үнэлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тухайн үнэлгээг бүхэлд нь үнэлэхэд шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрөөс дээгүүр гарна гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэгч талаас хамгийн том хөрөнгөө худалдан борлуулаад өр төлбөрөө төлөх саналтай байгаа. Мөн нэхэмжлэгч нь гуравдагч этгээдэд төлбөр төлөх ёстой боловч нэхэмжлэгч байгууллага нь ямар ч төлбөр төлөх боломжгүй байдал удаан үргэлжилж байгаа учраас тухайн хөрөнгүүдийг худалдан борлуулаад төлбөрийг төлөх хүсэлтэй байгаа. Хоёр үнэлгээ нь нийт үнийн дүнгээр болон эд хөрөнгө бүрд хийгдсэн үнэлгээ нь зөрүүтэй байгаа. Шүүхэд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар үнэлүүлсэн үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлттэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс 1,083,916,598 төгрөгийг гаргуулан К ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Үүний дагуу нэхэмжлэгч талд төлбөр барагдуулахыг мэдэгдсэн боловч төлбөр барагдуулаагүй. Ингээд нэхэмжлэгч байгууллагын хөрөнгийг битүүмжилсэн. Хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллага болох Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-аар хийлгэсэн. Шинжээчид эрх, үүрэг тайлбарлан өгч, ашиг сонирхлын зөрчилгүй болох талаар мэдэгдэл авсан. Шинжээч нь хуульд заасны дагуу хөрөнгийг үнэлсэн. Нэхэмжлэгч байгууллагад үнэлгээг мэдэгдсэн байдаг. Төлбөр төлөгч А ХХК-ийн захирал Д.А болон хамтран өмчлөгч Ц.О, А.Б, А.Б нарт 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3/16273 тоот үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хуульд заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд 7 хоногийн дотор гаргах ёстой байтал гаргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэдэг талаарх баримтыг гаргаж өгөөгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагаас хөрөнгийн үнэлгээ зах зээлийн ханшнаас хэт доогуур, нэхэмжлэгч талын үнийн саналыг харгалзан үзээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа гэсэн боловч бас дэмжихгүй байгаа юм шиг тайлбар хэлээд байна. Шүүхийн журмаар болон шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийг үнэлүүлж хөрөнгийн үнэлгээг тогтоосон. Гэтэл энэ нь холбогдох хуулийг зөрчсөн гэж анх нэхэмжлэлд гаргасан боловч шүүх хуралдаан дээр энэ талаар маргаагүй гэж байна. Эдгээр хоёр дүгнэлт их зөрүү байхгүй. Мэдээж цаг хугацааны хувьд зөрүүтэй тул зах зээлийн үнэлгээ хэлбэлзэх боломжтой. Нэхэмжлэгч тал хөрөнгөө өөрсдөө худалдан борлуулах бүрэн боломжтой. Гуравдагч этгээд талаас заавал барьцаа хөрөнгийг авах сонирхол байхгүй. К ХХК-ийн татан буулган эрх хүлээн авагч томилогдсон байгааг бүгд мэдэж байгаа. Хэрэг удаашрах нь банкны хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг давхар хөндөгдөж байгаа. Хөрөнгийн үнэлгээ болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон өгнө үү. Эд хөрөнгөө худалдан борлуулаад төлбөрөө барагдуулах ажиллагааг талуудтай хамтарч хийх бүрэн боломжтой гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч НШШГГ холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/01065 дугаартай шийдвэрээр К ХХК-ийн нэхэмжлэлтэй А ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,512,679,945.03 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд хариуцагч А ХХК-аас 1,083,916,598.08 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 19 дүгээр байрны 372 тоот 48 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамжны 35/А тоот 607 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрх бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамжны 35/А тоот 160 м.кв талбай бүхий орон сууц, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, 168030/0063 нэгж талбарын дугаар бүхий 1152 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар,  Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 326 тоот /Хархорин худалдааны төвийн хүнсний захын барилгын Б корпус/ 336 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян Өндрийн ар /18411/, гудамжны Ф213 тоот хаягт байрлах 190 м.кв талбайтай ферм, 20.25 м.кв талбайтай худаг, Сонгинохайхан дүүрэг 21 дүгээр хороо, Фермер /Баян-Өндрийн ар/, 798/5078 нэгж талбарын дугаар бүхий 22452 м.кв талбайтай эзэмших эрхтэй газар, Төв аймгийн Баянцогт сумын Баян-Өндрийн ард байрлалтай 80 га талбайтай, үр тарианы зориулалттай эзэмших эрхтэй газар, Тоёота маркийн Ланд круйзер 200 маркийн автомашин, УБЗ 05-00 улсын дугаартай суудлын автомашин зэргийн  үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ./1-р хх-38-42, 103-109/

Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШЗ2017/00365 дугаартай шүүгчийн захирамж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ГХ2017/0070 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17270307 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /1-р хх-37, 43/

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчид 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, 3 дугаар сарын 31, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар болон албадан гүйцэтгэх тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр барьцаа хөрөнгийг битүүмжлэн, 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хөрөнгийг хураасан болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 7/128-10/128, 1/128-6/128 дугаар тогтоолуудаар тогтоогдож байна. /1-р хх-52, 69, 58-64, 66-68/

Хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 372 тоотод оршин суух Д.А, Ц.О, А.Б, А.Б нарт 3/16064 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн байх ба 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн дотор төлбөр авагчтай зөвшилцөн барьцаа хөрөнгүүдийн үнийг тогтоож шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэхийг, хэрэв тохиролцож чадаагүй бол үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгон, үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоон явуулах тухай мэдэгджээ. /1-р хх-65/

Үүнтэй холбоотойгоор төлбөр авагч К ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр төлбөр төлөгчийн зүгээс ирүүлсэн үнэлгээг зах зээлийн бодит үнэлгээнээс хэт давсан үндэслэлээр 01/1617 дугаартай албан бичгээр барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийг саналыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлж байжээ. /1-р хх-72/ Түүнчлэн барьцаа хөрөнгийн өмчлөгч болох А.Б, А.Б нар нь албадан дуудлага худалдаанд дуудах үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлтүүдийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан, харин А ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хөрөнгийн талаар өөрийн үнэлгээг ирүүлсэн байна./1-р хх-70-71, 2-р хх-3/

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоож, дүгнэлт гаргахыг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д үүрэг болгожээ. /1-р хх-74/ Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 323 тоот дүгнэлт дүгнэлтээр хөрөнгийн нийт зах зээлийн үнэлгээг 1,163,335,000 төгрөгөөр тогтоожээ. /1-р хх-75-86/

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн үнэлгээг 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 3/16273 дугаартай мэдэгдлээр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байрны 372 тоотод оршин суух Д.А, Ц.О, А.Б, А.Б нарт хүргүүлсэн болох нь мэдэгдэл, шуудангийн байгууллагын тэмдэглэл, төлбөр төлөгчөөс үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай албан бичгээр нотлогдож байна. /1-р хх-10-11, 87-88, 2-р хх-4/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж, мөн зүйлийн 55.2.2-т Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заажээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хөрөнгийн талаар үнийн санал авах, шинжээч томилох, шинжээчийн дүгнэлтийг танилцуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгийг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч дээрх хөрөнгүүдэд дахин үнэлгээ хийлгэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12010 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Итгэлт-Эстимэйт ХХК нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 80/03 дугаар дүгнэлт гаргаж, дээрх хөрөнгийг 1,149,212,500 төгрөгөөр үнэлжээ. /1-р хх-128-159/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК болон Итгэлт-Эстимэйт ХХК-ийн үнэлгээ нь зөрүүтэй боловч 1 жил 2 сарын ялгаатай цаг хугацаанд хийгдсэн байх тул зах зээлийн үнэ хэлбэлзэх боломжтой гэж үзэх тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хийсэн үнэлгээг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь үнэлгээг хөрөнгө нэг бүрээр олон улсын болон үндэсний стандарт, аргачлалын дагуу зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, зардлын хандлага, суурийн үнийн хандлага зэрэг тохирох аргуудыг ашиглан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу хийсэн нь үнэлгээ хийсэн тайлан, хариуцагч байгууллагаас хөтөлсөн шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, ашиг сонирхлын зөрчилгүй болох тухай тэмдэглэл, түүнчлэн үнэлгээчин Ж.У-аас авсан гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /1-р хх-75-86, 2-р хх-5-7/

Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй тооцуулах тухай нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 280,800 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж А ХХК-д олгож, шүүхээс томилсон шинжээчийн зардал болох 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-аас гаргуулж И ХХК /Капитрон банк дахь 3022005743 тоот дан/-д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,000 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 280,800 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж А ХХК-д олгож, шүүхээс томилсон шинжээчийн зардал болох 1,500,000 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-аас гаргуулж И ХХК /Капитрон банк дахь 3022005743 тоот дан/-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН