Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2019/ДШМ/063

 

Ч.От холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор B.Дэлгэрмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Ч.О

Нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.О түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор Ч.От холбогдох эрүүгийн 1914000000269 дугаар хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ч.О, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Ч.О нь Н.Бтай бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах ........ тоот хашааны үүдэнд байсан Б.Лийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1 900 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ч.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч.Оийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оийг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.От зургаан / 06 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Шүүгдэгч Ч.О нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Ч.Оийн эзэмшлийн дөрвөн ханатай гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Ч.От буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- д зааснаар шүүгдэгч Ч.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: …Миний бие өөрийн гэм бурууг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа, биеэр ял эдлэхгүй байх боломжийг надад олгооч гэж хүсэж байна.Би дахин гэмт үйлдэлд орооцолдохгүй зөв амьдарч чадна.Би дүүгийн хамт 2 уулаа амьдардаг, дүү оюутан учир би хамтдаа амьдарч ажил хийж гэр бүлээ тэжээдэг.Надад итгэл хүлээлгэвэл би тэр итгэлийг алдахгүй, хорих ялыг минь тэнсэж надад хуулийн боломж олгож өгнө үү гэжээ.

Өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол түүний гэмт үйлдэлд оролцсон оролцоо, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, хувийн байдал, гэм буруугаа гэмшиж хүлээж байгаа, хохирол нөхөн төлөгдсөн зэрэг нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийлгүй түүнд биечлэн ял эдлүүлж нийгмээс тусгаарлаж байгаа нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна. Ч.О нь хамт явсан нөхөр ахынхаа үүднээс мотоцикпь түрээд гүйсэн гэнэтийн үйлдлийн улмаас гэмт хэрэгт холбогдсон. Гэмт үйлдлиийг таслан зогсоогоогүй цаашид хамтарсан үйлдэлдээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдсөн тэрээр дахин ийм үйлдэлд оролцохгүй гздгээ илэрхийлж байгаа. Гэтэл хорих ял оногдуулан биеэр эдлуүлж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилго алдагдсан байна.

Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Н.Бтай бүлэглэн гүйцэтгэснийг Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг журамлах нь зүйтэй гэж дүгнэж байгаа ч түүний гэмт үйлдэлд оролцсон оролцоо, хувийн байдлыг бодитойгоор дүгнээгүй ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон.

Иймд түүний анх удаа гэнэтийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, хохирол бүрэн төлөгдсөн, тухайн үеийн нөхцөл байдлыг болон өөрөө 31 настай, энэ хэргийн улмаас 11 сарын хугацаанд цаг бүртгүүлэн шалгагдсан зэрэг болон хэргийг бүхэлд хянаж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан тэнсэж өгнө үү гэжээ.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Тусгайлан гаргах саналгүй, ялыг хөнгөрүүлэх нь давж заалдах шатны шүүхийн эрхийн асуудал гэв.

Өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжин оролцож байна. Түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол гомдолгүй болон ар гэр ахуй амьдралыг нь харгалзан ялыг тэнсэх санал оруулж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.О түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Хавтаст хэргийн 52 дүгээр талд яллагдагч Н.Б нарт холбогдох эрүүгийн 1814004200256 дугаар хэргээс яллагдагч Ч.От холбогдох хэргийг тусгаарласан тухай Баянхонгор аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 03 тоот тогтоол авагдсан, шүүгдэгч Ч.О нь Н.Бтай бүлэглэн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 17-19 тоот хашааны үүдэнд байсан Б.Лийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1 900 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

Дээрхи үйл баримт нь Эрүүгийн 1914000000269 дугаар хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Л, гэрч *******, Н.Б, *******, ******* нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ хийсэн Энх нахиа ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ч.От холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй зөв харин анхан шатны шүүх Ч.Оийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д тус тус зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцож, харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгааг анхаараагүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ч.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсаныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хохирол төлбөргүй зэргийг нь тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг баримтлан шүүгдэгч Ч.От оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүгдэгч Ч.О, түүний өмгөөлөгч ******* нарын гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.4-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Оийг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ч.Оыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.От зургаан / 06 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.О нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Ч.От мэдэгдсүгэй” гэж

6 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай” гэснийг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын дугаарлалтыг 1-8 болгон өөрчилж,

9 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Ч.О нь нийт 64 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол,эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М. МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Г. УЛАМБАЯР

                                                            Б. БОЛОР-ЭРДЭНЭ