Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 121/ШШ2021/0007

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Мөнгөн овгийн С.З

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга

            Гуравдагч этгээд: Д.Н

            Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч-н 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүчингүй болгож, миний бие С.З-г ажилд эргүүлэн томилох, мөн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 1157017 төгрөгийг ажилд эргүүлэн томилох хоног, өдөр, сараар тооцож олгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.З /онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **, хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч **, гуравдагч этгээд **/онлайн/, гэрч Д.С, П.Ч, С.Б, Ц.Э, Ц.Ө, Ю.Д, Ц.Д нар онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.З-с шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын засаг дарга С.Ч 2021 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр захирамж гаргаж, Баян-Өндөр сумын засаг даргын орлогчоор ажиллаж байсан миний бие С.З-г үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ажлаас халах болсон үндсэн шалтгааны талаар урьдчилан мэдэгдээгүй, хуульд заасан шаардлагын дагуу шийдвэр гаргах болсон үндэслэл, нөхцөл байдлыг тодруулах талаар сонсох ажиллагаа, бусад шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллаагүй зэрэг нь Захиргааны ерөнхий хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулиудыг зөрчиж байгаа юм.

Тухайн үед миний бие бие давхар, 3 сартай жирэмсэн байсан ба ажлаас халах гэж байгааг нь урьдчилан олж мэдээд, энэ тухайгаа засаг даргыг захирамж гаргахаас өмнө өөрийн биеэр С.Ч даргад 2-3 удаа уулзаж хэлсэн боловч хүлээж аваагүй. Өөрөөр хэлбэл засаг дарга С.Ч нь улс төрийн албан хаагчид жирэмсэн байх хамаагүй гэж ажлаас чөлөөлсөн шийдвэрийг шууд гаргаж надад өгсөн.           Ажлаас чөлөөлсөн захирамжийг надад өгсний дараа миний зөвшөөрөлгүй, албан хэрэг хөтлөлтийн стандарт журмыг баримтлахгүйгээр захирамжийг эх хувиар нь сканердаж, Баян-Өндөр сумын нэр бүхий нийт 10000 гаруй гишүүнтэй гурван Фэйсбүүк группэд шийдвэрийг байршуулж, албан тушаалын томилгоогоо улс төржүүлж, миний хуулиар хамгаалагдсан нэр төрд бүдүүлгээр халдсанд нь эгдүүцэж байна. Үүний нэг жишээ бол С.Ч-н хадам ах болон түүний намын нөхөд хуурамч болон өөрийн хаягуудаас намайг бусдад буруу ойлгуулах хэмжээний сэтгэгдлүүдийг бичиж байсан нь миний бие миний ар гэрийнхнийг үл хүндэтгэн санаатай ийм үйлдэл гаргасан гэж үзэж байна.

Энэ үйлдлээс болж миний сэтгэл санаа тавгүйрхэж, ажлаас халагдсан өдрөөс эхлэн сэтгэл санаагаар унаж өдөр болгон умайд их хэмжээний тонус өгч бүүр явж чадахааргүй болж, доошоо бага хэмжээний цус гарсан. Эхлээд өөрөө гүрийж байгаад цус гарангуут сумынхаа эх баригчид дуудлага өгч 2021.02.15-ны өдөр түргэний машинаар аймгийн БОЭТөвийн эмэгтэйчүүдийн эмч н.Ц-д үзүүлж умай их хэмжээний тонустай байна сумынхаа эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүл гэж зөвлөснөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн С.Ч-д миний бие учирлаж та намайг жирэмсний амралтаа авахаар халах тушаалаа гаргачих, эмэгтэй хүний хувьд жирэмсэн болох нь нийгмийн хариуцлага учир жирэмсэн амаржсаны тэтгэмжээ авах хэрэгтэй, ажлаас халагдсан тохиолдолд тийм эрх үүсэхгүй гэж хэлснийг үл ойшоож намайг ажилгүй болгож хохироосон.

Түүнчлэн ажлаас халагдсаныг олон нийтийн сүлжээгээр зарлаж миний хувийн орон зай нэр төрийг санаатай унагааж үл хүндэтгэсэн үйлдэл гаргасан. Үүнээс болж миний сэтгэл санаа, бие, эрүүл мэнд тавгүйтэж, шокийн байдалтай, нойр дутмаг олон өдрийг өнгөрөөсөн. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасралтгүй төлөгдөж байсан шимтгэл тасалдах эрсдэл үүссэн. Эдгээрийг миний хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Эцэст нь: Сумын Засаг дарга С.Ч-г Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудыг зөрчсөн гэж үзэж байгаа тул танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч-гийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүчингүй болгож, миний бие С.З-г ажилд эргүүлэн томилох, мөн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 1157017 төгрөгийг ажилд эргүүлэн томилох хоног, өдөр, сараар тооцож олгохыг шаардаж нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үйлчлүүлэгчийнхээ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Засаг дарга С.Ч нь Засаг даргын орлогч С.З-г сонгуулийн үр дүнгээс хамааран ажлаас чөлөөлөх хууль бус шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийг гаргахын тулд сонсох ажиллагаа явуулах ёстой байсан. Энэ ажиллагааг хийгээгүй. Мөн шүүхэд ирүүлсэн тайлбартаа сонгуулийн үр дүнтэй холбоотой учраас ажлаас чөлөөлөх шаардлагатай байсан. Жирэмснээрээ түрүү барж хүний эрхэд халдаж ажлаа өгөхгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байдаг. Ажлаас чөлөөлсөн захирамжид Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийн үндэслэсэн байсан. Энэ заалт нь төрийн улс төрийн албан юм. Төрийн албаны тухай хуульд эмэгтэйчүүдийн хөдөлмөр гэсэн тусгайлсан заалт байдаггүй учраас Төрийн албаны хуулиар зохицуулаагүй маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасныг баримтлах ёстой. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт жирэмсэн 3 хүртэлх настай хүүхэдтэй хүнийг ажлаас халахыг хориглож байгаа. Тэгэхээр энэ заалтыг зөрчиж байна. Би жирэмсний амралтаа аваад явна тэгээд ажлаа өгнө гэхэд сонгуулийн үр дүнгээр шалтаглан үндэслэлгүй шууд ажлаас нь халсан байна. Нэмж хэлэхэд ажил мэргэжлийн алдаатай байсан учраас ажлаас чөлөөлсөн гэсэн тайлбарыг мөн гаргасан. Ингэхдээ энэ хүний амьдралд муугаар нөлөөлөх байх гэж үзээд захирамжид үг үсэг дурдалгүй гаргасан гэх боловч сайн ажилласан гэж 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүтэн жилийн үр дүнгийн урамшуулал өгсөн байдаг. Сайн ажилласан гээд урамшуулал өгчихөөд 6 хоногийн дараа та муу ажиллалаа гээд ажлаас нь чөлөөлөх нь ойлгомжгүй хэрэг. Уг тайлбарыг зохиомол худал зүйл гэж үзэж байна. Хэрэв ийм шалтаг байсан бол захирамжид бичих ёстой байсан. Бичээгүй нь мөн л захирамжийн хувьд дутагдалтайг харуулж байна. Ингээд үйлчлүүлэгчийнхээ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 дугаар  захирамжийг илт хууль бус болохыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч-с шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2021.04.02-ний өдөр Баян-Өндөр сумын 2 дугаар багийн иргэн С.З-с тус шүүхэд Баян-Өндөр сумын засаг даргын 2021.01.27-ны өдрийн Б/04 дугаар захирамжийг хүчингүй болгож өөрийгөө буцаан ажилд томилуулах мөн сарын үндсэн цалин болох 1157017 төгрөгийг хоног, өдөр, сараар тооцож олгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасныг 2021 04.30-ны өдөр хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж хариу тайлбар хүргүүлж байна.

Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.дэх хэсэгт Төрийн албыг ангилсан, мөн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Төрийн албан тушаалыг ангилсан байна. Эдгээр ангиллын нэг болох улс төрийн албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалтад бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтан байхаар хуульчилсан. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудаар улс төрийн албан тушаалтан нь сонгуулийн дүнгээр өөрчлөгддөг болохыг тусгасан.

Эдгээр албан тушаалтнуудын нэгэн адил Засаг даргын орлогч нь мөн сонгуулийн дүнгээр өөрчлөгдөж болохыг мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 заалтад сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх эрхтэй гэх оруулсан байна.

Энэ заалтаас сонгуулийн дүнгээр өөрчлөгдсөн албан тушаалтныг ажлаас чөлөөлөхөд өөрийн саналыг харгалзан үзэх шаардлагагүй мэт ойлгогдож байна. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр томилогдсон үеэсээ хойш нэхэмжлэгч С.Зын саналыг 2 удаа сонсож, өөрийг нь хүсэлтээ өгөхийг хүлээсээр ирсэн. Хэрэв томилогдсон даруйдаа С.З-г ажгаас чөлөөлөх шийдвэр гаргасан бол өнөөгийн ийм нөхцөлд хүрэхгүй байх боломжтой байж гэж дүгнэлээ. 12 дугаар сарын 25-ны өдөр сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд засаг даргын орлогчийг зөвшилцөхөөр орох хүртэл нэхэмжлэгч надад жирэмсэн эсэх талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр чөлөөлсөн шийдвэр гаргах хүртэл жирэмсэн гэдгээ нотлоогүй байсан. Хэрэв улс төрийн албан хаагчид жирэмсэн гэдгээрээ түрий барьж Шүүхээр асуудлаа шийдүүлдэг жишиг тогтвол ард түмний сонгох эрхэд халдсан үйлдэл болох биз. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Төрийн албан тухай хуульд зааснаар төрийн, улс төрийн албан тушаалтан юм. Төрийн улс төрийн албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна гэж заасны дагуу сонгуулийн үр дүнгээр ажил албан тушаалаа авдаг гэсэн утга юм.  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх  хэсэгт Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж заасан. Ийм учраас улс төрийн албан тушаалтныг томилох чөлөөлөх асуудал нь Монгол усын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдана. Энэ маргааны хувьд сумын засаг дарга бүрэн эрхийн хүрээнд орлогчоо чөлөөлж, томилсон байгаа. Тэгэхээр холбогдох хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Төрийн албаны хуульд улс төрийн албан тушаалтныг жирэмсэн байх үед яах вэ талаар байхгүй. Хөдөлмөрийн тухай хууль хувийн эрх зүйн хэм хэмжээг зохицуулдаг. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчдад хамааралтай заалт байгаа. Хөдөлмөрийн хуулийн 100 дугаар зүйлийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан заалт нь төрийн албан хаагчдад хамааралтай болохоос төрийн улс төрийн албан тушаалтанд хамааралтай заалт биш юм. Мөн хуулийн эрх зүйн хүчин чадал гэж байгаа. Үүнээс нь хамаарч хуулийг сонгон хэрэглэж болдог. Засаг даргын орлогчийн албан тушаалын хувьд өөрийнх нь эрх ашгийг хамгаалж ажилд нь хэвээр үлдээх эсвэл ард түмний хүсэл зориг сонголтыг хүндэтгэж солих чөлөөлөх үүссэн. Ийм учраас ард түмний сонголтын нэг хүний эрх ашгаас дээгүүр тавьж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар С.Зыг чөлөөлсөн. Албан тушаалын онцлог нь ард түмний дундаас сонгогдоод сонгуулийн үр дүнгээр өөрийн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Төрийн албан хаагчийн хувьд төрийн албаны тухай хуулиараа томилогдох, чөлөөлөгдөх шаардлага нь тодорхой байдаг. Харин улс төрийн албан тушаалын хувьд томилох чөлөөлөх талаар заасан болохоос тодорхой шалгуур нөхцөлийг тавьдгүй. Яагаад гэвэл шалгуур нөхцөл тавиад түүнийгээ хэрэгжүүлэхэд ард иргэдийн сонголт хөсөрдөх магадлалтай. Учир нь сонгох эрхээр дамжин хэрэгждэг албан тушаалыг энэ хүнд өгнө гээд ард иргэд сонгодог. Энэ асуудлыг Төрийн албаны хууль, Хөдөлмөрийн тухай хуулинд тусгаагүй учраас улс төрийн албан тушаалтанд төсөөтэй хэрэглэх боломжгүй байна. Иймээс Засаг даргын захирамжийг хууль зүйн шаардлагыг бүрэн хангасан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

Гуравдагч этгээд Д.Н-с шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэхүү нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эсэргүүцэж байна. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч-гийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийн дагуу Засаг даргын орлогчоор Долгорсүрэн овогтой Нямсүрэн миний бие томилогдсон. 2021 оны 02 сарын 01-ний өдөр ажил хүлээлцэх тухай ажлын хэсэг томилогдон ажлыг хүлээлцэж С З-с үүрэгт ажлыг хүлээж авсан.

Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мөнгөн овогтой С.З гаргасан нэхэмжлэлийг 2021 оны 05 сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүлээн авсан. Уг нэхэмжлэлтэй уншиж танилцаад гуравдагч этгээдээр татагдаж тайлбар өгөх шаардлага гарсан байна. Үүнтэй холбоотойгоор миний бие сумын Засаг дарга С.Ч-гийн санал болгосны дагуу тухайн ажлыг хийх сонирхол байсан тул үүрэгт ажлыг хүлээн авч ажиллаж байна. Засаг даргын захирамж гарахаас өмнө болон тухайн үед С.З-г жирэмсэн эсэх талаар баримт нотолгоо байхгүй байсан бөгөөд улс төрийн албан хаагч сонгуульт ажилтай байсан нь тухайн орон тоонд ажиллах нөхцөл бүрдсэн гэж үүрэгт ажлыг хүлээж авсан бөгөөд тухайн үед Баян-Өндөр сумын 1-р багийн Засаг даргын үүрэгт ажлыг хийж байсан.

С.З нь ажлаас чөлөөлөгдсөний дараа ажлын 14 хоногт багтаан ажилгүйдлийн тэтгэмж НДС-аас хүлээж авсан. Энэ үйлдэл нь Сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүлээн зөвшөөрч НДС-аас ажилгүйдлийн тэтгэмж авсан гэж ойлгож байна. Хэрэв Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авалгүйгээр шүүхээр шийдүүлсний дараа энэ тэтгэмж авах ажлаа зохицуулах байсан гэж бодож байна. Иймд ажилгүйдлийн тэтгэмжээ авсан үйлдэл нь Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж С.Зын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С.З нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч-гийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүчингүй болгож, миний бие С.З-г ажилд эргүүлэн томилох, мөн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 1157017 төгрөгийг ажилд эргүүлэн томилох хоног, өдөр, сараар тооцож олгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...Ажлаас халах болсон үндсэн шалтгааны талаар урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа, бусад шийдвэр гаргах ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллаагүй, ...Тухайн үед миний бие бие давхар, 3 сартай жирэмсэн байсан..., ...эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасралтгүй төлөгдөж байсан шимтгэл тасалдах эрсдэл үүссэн. ...сумын Засаг дарга нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудыг зөрчсөн” гэж, хариуцагчаас “...Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалтад бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтан байхаар хуульчилсан. ...Эдгээр албан тушаалтнуудын нэгэн адил Засаг даргын орлогч нь мөн сонгуулийн дүнгээр өөрчлөгдөж болохыг мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 заалтад сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх эрхтэй гэж оруулсан байна. ...сонгуулийн дүнгээр өөрчлөгдсөн албан тушаалтныг ажлаас чөлөөлөхөд өөрийн саналыг харгалзан үзэх шаардлагагүй..., ...12 дугаар сарын 25-ны өдөр сумын иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд засаг даргын орлогчийг зөвшилцөхөөр орох хүртэл нэхэмжлэгч надад жирэмсэн эсэх талаар ямар ч мэдээлэл өгөөгүй...” гэж тайлбарлан маргажээ.

Маргаан бүхий акт болох Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1-д заасныг тус тус үндэслэн сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан С.З-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Д.Н-г Засаг даргын орлогчийн ажилд томилсон байна.

Нэхэмжлэгч С.З нь тус сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар сумын Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан бол хариуцагчийн хувьд орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд буюу аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/50 дугаар захирамжаар сумын Засаг даргаар томилогджээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна: ...11.1.9.бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч” гэж зааснаар сумын Засаг даргын орлогч нь улс төрийн албан тушаалтан бөгөөд сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд түүнд үйлчлэх чиг үүрэгтэй албан тушаалтан байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1-д “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д “сум, дүүргийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” гэж тус тус зааснаар сумын Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар сумын Засаг даргад олгосон, уг эрхээ Засаг дарга хэрэгжүүлэхдээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх шаардлагыг хуулиар зааж өгчээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, хариуцагч сумын Засаг дарга нь 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/72 дугаар албан бичгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд сумын Засаг даргын орлогч С.Зыг Д.Нямсүрэнгээр өөрчлөх тухай хүсэлтээ хүргүүлсэн, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар сумын Засаг даргын хүсэлтийг дэмжсэн байна.

Нэхэмжлэгчийн тухайд маргаан бүхий актыг гарах үед жирэмсэн байсан болох нь хэрэгт авагдсан Баян-Өндөр сумын Эрүүл мэндийн төв, эх баригч эмчийн тодорхойлолт, хэргийн оролцогч нарын тайлбар, гэрч Д.С-н мэдүүлэг зэргээр нотлогдож байх боловч улс төрийн албан тушаал болох “сумын Засаг даргын орлогч”-ийг ажлаас чөлөөлөхтэй холбоотой хөдөлмөрийн харилцааг Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтаар нарийвчлан зохицуулсан учраас Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэсэн заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр томилогдсон сумын Засаг дарга нь мөрийн хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэх, өөрт нь үйлчлэх чиг үүрэг бүхий улс төрийн албан тушаал болох Засаг даргын орлогчийг сонгон томилох, чөлөөлөх эрхийг Төрийн албаны тухай хуулиар бус Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нарийвчлан зааж өгсөн тул жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон зохицуулалт нь төрийн улс төрийн албан тушаал болох “сумын Засаг даргын орлогч”-ийн хувьд хэрэглэгдэхгүй юм.

Иймд хариуцагч сумын Засаг дарга нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-д заасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх шаардлагыг хангаж, нэхэмжлэгч С.З-г сумын Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлж, гуравдагч этгээд Д.Н-г томилсон нь хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлтэй. 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн сонсох ажиллагаа ажиллагаа явуулаагүй, маргаан бүхий актад үндэслэлээ бүрэн тусгаагүй гэх үндэслэлийн тухайд, маргаан бүхий актыг гарахаас өмнө хариуцагч сумын Засаг дарга нь нэхэмжлэгчтэй биечлэн уулзаж, Засаг даргын орлогчид өөр хүн томилох талаар, нэхэмжлэгчээс жирэмсэн болохоо тайлбарлаж байсан зэргээс үзэхэд сонсох ажиллагааг явуулаагүй гэх үндэслэлгүй байна.

Хариуцагч сумын Засаг дарга нь маргаан бүхий актад сумын Засаг даргын орлогчийг чөлөөлөх бодит үндэслэлээ заагаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасны дараа шүүхэд “сумын Засаг даргын А/109 тоот захирамж гарган өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон” гэж тайлбар нэмж гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг заана” гэж заасанд нийцэхгүй боловч сумын Засаг даргын орлогчийг томилох, чөлөөлөх бүрэн эрхийн хүрээнд гаргасан захирамжийг энэ үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.З-н Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч-н 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүчингүй болгож, миний бие С.З-г ажилд эргүүлэн томилох, мөн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин 1157017 төгрөгийг ажилд эргүүлэн томилох хоног, өдөр, сараар тооцож олгуулах” тухай нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, гуравдагч этгээд 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ