Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 106

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга  Ч.Сайнзаяа,                                          

Улсын яллагч Г.Мөнхбаяр,

Иргэний нэхэмжлэгч Д.Батсүх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Балдан овогт Дамба-Осорын Эрдэнэбатад холбогдох эрүүгийн 201626030820 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 3-19 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: УВ 71122715 / Балдан овогт Дамба-Осорын Эрдэнэбат нь:

- 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Од мөнх” ХХК-ний хашаанд нэвтрэн орж, өөрийн эзэмшлийн 13-93 УНХ улсын дугаартай “НҮUNDAI STАRЕХ” маркийн тээврийн хэрэгсэлийг ашиглаж 300 метр тросс төмөр хулгайлан авч 800.000 / найман зуун мянга / төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Иргэний нэхэмжлэгч Ц.Тогтохмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Харуул хамгаалалт байхгүй, харин хяналтын камер байсан ба шүүж үзэхэд 13-93 УНХ гэсэн саарал өнгийн “Старикс” маркийн автомашинтай жолооч нь ачиж явсан байсан. Хулгайд алдсан тросс төмрөө бүрэн бүтэн хүлээн авсан...2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг 30 минутын үед гэртээ байж байхад манай компани ажилтан болох Р.Ожвоо над руу залгаж, “НҮUNDAI STАRЕХ” маркийн авто машинтай үл таних жолооч хашааны дотор талд байсан троссыг ачиж байхаар нь очиж асуухад “танай даргаас асуусан, авч болно” гэж хэлсэн. Тэгээд би даргаас асуух гээд контор руу орох хооронд нөгөө машинтай залуу троссыг ачаад явсан байна гэж хэлсэн. Тэгээд би ажил дээрээ очоод хяналтын камерийг шүүж үзэхэд “НҮUNDAI STАRЕХ” маркийн саарал өнгийн 13-93 гэсэн улсын дугаартай машинтай залуу ганцаараа, машиныхаа багаажийг онгойлгоод ачиж аваад явж байсан бичлэг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болно…” гэжээ. / хх-24, 84 /,

Гэрч Р.Ожвоо мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “... 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18.30 минутын үед гэрээсээ гараад хажуу айл руу орох гээд явж байхад манай компаний хашаан дотор “НҮUNDAI STАRЕХ” маркийн саарал өнгийн авто машинтай залуу багаажаа онгойлгосон байдалтай тросс төмрийг ачиж байсан. Тэгээд би “ Та хэнээс зөвшөөрөл авсан бэ? юу болж байгаа юм бэ? ” гэхэд “ Би цаад хүмүүст чинь хэлсэн, зөвшөөрөл авсан” гэж хэлэхээр нь би контор руу ороод хэнээс асуусан талаар лавлах гээд даргаа хайгаад явж байх хооронд нөгөө залуу троссыг ачиж аваад хөдөлсөн байсан. Тэгээд би манай компаний нярав Ц.Тогтохмаа руу залгаж болсон асуудлын талаар хэлсэн. Дарга нараас асуухад тийм зүйл байхгүй. Зөвшөөрөлгүй авсан байна гэж хэлсэн…” гэжээ. / хх-85 /,

Гэрч Б.Амаанжоол мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... Манай нөхөр урьд өмнө хэрэг төвөгт холбогдож байгаагүй. Харин 2016 оны 06 дугаар сарын 13 өдөр сонгуулийн сурталчилгааны ажилд явж байгаад хашааны гадна сул хэвтэж байсан гөлмөн төмөр, тросс зэргийг хогийн хаягдал гэж бодоод өөрийн эзэмшлийн Хьюндай Старикс маркийн 13-93 УНХ улсын дугаартай машинд ачиж аваад явж байхад цагдаа нар ярьж дуудаж байна гэж хэлсэн ...” гэжээ. / хх-27/,

Шүүгдэгч Д.Эрдэнэбатыг 2016.06.17-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 34 /, 2016.07.12-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 36 /,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4 /,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 7-9 /,

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол / хх 11 /,

Эд зүйл хүлээлгэн өгсөн баримт  / хх 16 /,

Эд зүйлийн үнэлгээ / хх 28 /,

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 38 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Эрдэнэбат мэдүүлэхдээ: 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нь сонгуулийн ажлаар 94 байранд сурталчилгаа хийх гэж орсон ба талбайд машин зогсох боломжгүй байсан учир “Од мөнх” ХХК-ийн зогсоолд очиж машинаа тавьсан юм. Тэгээд машинаасаа буугаад зогсож байтал хашааны буланд жижиг тросс байсан. Хажуу талд том машин байсан ба дэргэд нь хоёр залуу байсан.  Би тэр хоёр залууг тухайн троссны эзэн  нь юм болов уу гэж бодсон. Тэднээс асуухад авахыг зөвшөөрсөн юм.  Маргааш нь буюу 06 дугаар сарын 13-нд өглөө эрт очиж троссыг ачаад байж байтал Ожвоо гэдэг хүн над дээр ирээд  “троссыг чи хүнээс асуусан юм уу? Хэнээс асуусан юм бэ” гэхээр нь өмнөх өдөр зөвшөөрөл авсан гэдгээ хэлсэн. Ожвоо даргаасаа асуух гээд дотогшоо орсон хойно нь би троссыг ачаад явсан юм байна лээ. Тэр троссыг үхрийн зэл татах гэж авсан. Тэгээд гурвалжингийн гүүрээр гэр рүүгээ явж байтал Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс дуудахаар нь шууд цагдаа дээр очсон. Тэр орой нь Ц.Тогтохмаад троссыг буцаан хүлээлгэж өгсөн. Би өөрийн эзэмшлийн 13-93 УНХ улсын дугаартай “НҮUNDAI STАRЕХ” маркийн тээврийн хэрэгсэлийг  2016 оны 03 дугаар сарын 16-нд зээлийн болон барьцааны гэрээ байгуулж “Хан туул арван гурав” Хадгаламж зээлийн хоршооноос  4.000.000 төгрөгний зээл авсан.  Зээлийн хугацаа 2017 оны 09 сард дуусах ёстой. Уг зээлээрээ мал худалдаж авсан юм. Сар бүр 270.000 төгрөг төлдөг ба зээлээ хугацаандаа төлж байгаа. Тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр барьцаанд байгаа гэж бичигдсэн байгаа. Троссыг 800.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Аливаа зүйлийг эзэн холбогдогчоос нь асууж авах ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Д.Батсүх мэдүүлэхдээ: Д.Эрдэнэбат нь 2016 оны 03 дугаар сарны 16-ны өдөр 4.000.000 төгрөгийг 1.8 хувийн хүүтэй бизнесийн үйл ажиллагаа явуулахаар манай хадгаламж зээлийн хоршооноос зээлж авсан. Манай хадгаламж зээлийн хоршооноос зээл авахдаа авто тээврийн газар очиж хойд талын хуудас дээр нь “хадгаламж зээлийн хоршооны барьцаанд бүртгэв” гэсэн тэмдэглэл хийдэг. Д.Эрдэнэбатын автомашин нь хадгаламж зээлийн хоршооны нэр дээр шилжсэн асуудал биш. Гэрчилгээн дээр зөвхөн өөрийн нэр доор нь барьцаанд бүртгэв гэсэн тамга л байгаа. Манай байгууллага ажлын байрыг дэмжих зорилгоор эд хөрөнгийг хадгаламж зээлийн хоршооны нэр дээр шилжүүлэхгүйгээр өөрийн нэр дээр нь үлдээж гэрчилгээн дээр нь барьцаанд байгаа гэсэн тэмдэглэл хийж хөнгөлттэй зээл олгодог юм. Одоо Д.Эрдэнэбатын зээлийн эргэн төлөлт 60 хувьтай яваа. Барьцааны гэрээ хийгдсэн байгаа.

Зээлийн гэрээ хийхдээ тухайн авто машиныг барьцаалж, цаашид зарж борлуулахгүй байх ёстой. Гэхдээ хууль эрх зүйн талаасаа манай байгууллагын нэр дээр албан ёсоор шилжээгүй юм байна. Манай байгууллагын хувьд нэхэмжлэх зүйлгүй. Д.Эрдэнэбатын авто машиныг улсын орлого болгон хураахгүйгээр барьцаанд байгаа машиныг хэвээр нь үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Од мөнх” ХХК-ний хашаанд нууц далд аргаар нэвтрэн орж, өөрийнхөө эзэмшлийн 13-93 УНХ улсын дугаартай “НҮUNDAI STАRЕХ” маркийн тээврийн хэрэгсэлийг ашиглаж 300 метр тросс төмөр хулгайлан авч 800.000 /найман зуун мянга/ төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол бусдад учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 4 /,

- автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх 7-9 /,

- эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол / хх 11 /,

- эд зүйл хүлээлгэн өгсөн баримт  / хх 16 /,

- эд зүйлийн үнэлгээ / хх 28 /,

 - “...Хяналтын камер шүүж үзэхэд 13-93 УНХ гэсэн саарал өнгийн “Старикс” маркийн автомашинтай жолооч нь ачиж явсан байсан. Хулгайд алдсан тросс төмрөө бүрэн бүтэн хүлээн авсан. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18 цаг 30 минутын үед гэртээ байж байхад манай компани ажилтан болох Р.Ожвоо над руу залгаж, “НҮUNDAI STАRЕХ” маркийн авто машинтай үл таних жолооч хашааны дотор талд байсан троссыг ачиж байхаар нь очиж асуухад “танай даргаас асуусан, авч болно” гэж хэлсэн. Тэгээд контор руу орох хооронд нөгөө машинтай залуу торссыг ачаад явсан байна гэж хэлсэн. 13-93 гэсэн улсын дугаартай автомашины жолооч залуу ганцаараа, машиныхаа багаажийг онгойлгоод ачиж аваад явж байсан бичлэг байсан …” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Ц.Тогтохмаагийн мэдүүлэг / хх 24, 84 /,

-  “... 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр манай компаний хашаан дотор “НҮUNDAI STАRЕХ” маркийн саарал өнгийн авто машинтай залуу багаажаа онгойлгосон байдалтай тросс төмөрийг ачиж байсан. Тэгээд би “ Та хэнээс зөвшөөрөл авсан бэ? юу болж байгаа юм бэ? “ гэхэд “ Би цаад хүмүүст чинь хэлсэн, зөвшөөрөл авсан” гэж хэлсэн. Энэ талаар лавлах гээд даргаа хайгаад явж байх хооронд нөгөө залуу троссыг ачиж аваад хөдөлсөн байсан. Дарга нараас асуухад тийм зүйл байхгүй. Зөвшөөрөлгүй авсан байна гэж хэлсэн…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Р.Ожвоогийн мэдүүлэг / хх 85 /,

- “... Манай нөхөр 2016 оны 06 дугаар сарын 13 өдөр хашааны гадна сул хэвтэж байсан гөлмөн төмөр, тросс зэргийг хогийн хаягдал гэж бодоод өөрийн эзэмшлийн Хьюундай Старикс маркийн 13-93 УНХ улсын дугаартай машинд ачиж яваад цагдаа нар ярьж дуудаж байна гээд хэлсэн...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Амаанжоолийн мэдүүлэг / хх 27/ зэрэг болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Иргэний нэхэмжлэгч нь 13-93 УНХ улсын дугаартай “НҮUNDAI STАRЕХ” маркийн тээврийн хэрэгслийг “Хан туул арван гурав” Хадгаламж зээлийн хоршооны өмчлөлд байдаг гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ / хх-45 /, Автотээврийн үндэсний төвийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3/3258 тоот лавлагаа / хх-42 / болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Эрдэнэбатын өмчлөлийнх болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Эрдэнэбат нь өөрийн эзэмшлийн 13-93 УНХ улсын дугаартай “НҮUNDAI STАRЕХ” маркийн тээврийн хэрэгсэлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 / дөрвөн сая / төгрөгний зээлийн барьцаанд “Хан туул арван гурав” Хадгаламж зээлийн хоршоонд тавьсан байх ба зээлийн эргэн төлөлт 60 хувьтай хийгдсэн, “Хан туул арван гурав” ХЗХ нь хуульд заасан журмаар иргэний нэхэмжлэл гаргаагүй болно. Үүнээс дүгнэхэд дээрхи автомашиныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж,  “Хан туул арван гурав” Хадгаламж зээлийн хоршоо нь эрх ашиг нь зөрчигдөж, гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй ба шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар  зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:    

1. Балдан овогт Дамба-Осорын Эрдэнэбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дамба-Осорын Эрдэнэбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 / хоёр / жил 1 /нэг /  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбатад оногдуулсан 2 / хоёр / жил 1 / нэг /  сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Д.Эрдэнэбатын эзэмшлийн 13-93 УНХ улсын дугаартай “НҮUNDAI STАRЕХ” маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч Д.Эрдэнэбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч “Хан туул арван гурав” Хадгаламж зээлийн хоршоо нь эрх ашиг нь зөрчигдөж, гэмт хэргийн улмаас хохирол учирсан гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус  тус дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт   зааснаар Д.Эрдэнэбатад оногдуулсан 2 / хоёр / жил 1 / нэг /  сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж,  1 /нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Эрдэнэбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                                          С.ОЛЗОД