| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2021/0112/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/03 |
| Огноо | 2022-12-28 |
| Зүйл хэсэг | 17.8.3.1., |
| Улсын яллагч | О.Э |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч өмгөөлөгч *******, *******
Шүүгдэгч Б.Сумъяабазар нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох 2122000000116 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1999 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар баг Айрагийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Салхит овогт *******ын Сумъяабазар / РД:/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 03 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын тоотод байх иргэн Ө., Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын тоотод байх иргэн Г. нарын оршин суух монгол гэрүүдийг бензин асгаж санаатайгаар үргэлжилсэн үйлдлээр шатаасны улмаас нийт 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу олон хүний амь бие эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр гийн гэрт гал тавьсан. Би д уурласан учраас эд хөрөнгийг нь хохироох зорилгоор гал тавьсан” гэв.
- Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би тухайн үйлдлүүдийг ямар нэгэн хүнийг алах зорилгоор хийгээгүй. г хорлоё гэж бодоод гэрийг нь шатаасан. Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрнө. Би тэр шөнө Мандалын 12 дугаар гудамжинд байх Бумаагийн гэрт Бумаа, Улаанаа хоёрын хамт 5 ширхэг “Нийслэл” нэртэй 2.5 литрийн савлагаатай пиво уугаад 2021 оны 08 сарын 16-ны шөнө 00 цагийн үед гарч Айрагийн 8-36 тоотод очиж мотоциклоо аваад Аривжихын 15-5 тоотод байх өмнө нь үерхэж байгаад салсан гийн гэрийн хойд талд зогсож, мотоциклын ганзаганд байсан 1.25 литрийн ундааны савыг гаргаж ирээд мотоциклынхоо крантнаас 500 грамм орчим бензин хийж аваад хашаа руу нь орсон. Тэгээд гэрийнх нь ард очоод гэр рүү нь бензин цацаад өөрт байсан ногоон өнгийн асаагуураар гал асаагаад хашаанаас гарч мотоциклоо асаагаад зүүн зүгт явж байтал унаж явсан мотоциклын хойд дугуй хагарсан. Миний зогссон газраас 20-30 метр зайд хашаагүй урагш харсан байталтай 2 монгол гэр байсан. Тэр айлыг гийнх гэдгийг санаад саванд байсан бензинээ тухайн 2 гэрийн баруун талын гэрийн баруун хойд хэсэг рүү асгаад ногоон өнгийн асаагуураар гал асаасан. Тэгтэл гэрийн хойд талаас нэг эрэгтэй хүн “хөөе зогсож бай ална аа” гээд орилоод би мотоцикл руугаа гүйгээд мотоциклоо авч чадалгүй шууд гүйсэн. Тухайн үед мотоциклынхоо түлхүүрийг сугалж аваад урагш чиглэлтэй гүйж нэг хашааны хойд талд овоолсон элсэн дээр хэсэг хэвтэж байгаад босч тухайн газар дээлээ тайлж орхиод мотоциклоо авах гээд буцсан. Тэгтэл намайг нэг хүн “хөөе наашаа хүрээд ир” гэхээр нь би гийн гэрийн зүүн талын хашааг давж зугтаж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 72-73/
- Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн: “Тухайн гэрт надтай үерхэж байсан гэх эмэгтэй амьдардаг. тай би 2019 оны хавар анх танилцаж 2019 оны 06 сараас үерхэж эхлээд жил гаран болоод салсан. надтай үерхэж байх хугацаандаа надаас хүүхэдтэй болж надад мэдэгдэлгүйгээр хүүхдээ авахуулсан. Би тэрийг нь салсныхаа дараа мэдсэн. 2021 оны 08 сарын 15-наас 16-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. д гомдож байсан учраас хашраах зорилгоор гал тавьсан. нь бид хоёрыг үерхэж байхад тай явалддаг байсан юм байна лээ. Би тэрийг нь салсныхаа дараа мэдсэн. Тухайн үед согтуу байсан болохоор яагаад гал тавьсан гэдгээ мэдэхгүй байна. г айлгах зорилгоор гал тавьсан байх. Би тэр гэрүүдэд хүн байсан үгүйг мэдээгүй. гийн гэрийн хойд хэсгээр авиран гарч тоонон дээр нь очиж үзсэн боловч хүн байгаа байхгүй нь сайн мэдэгдэхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 77-78/
-Иргэний нэхэмжлэгч Ө.н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би өмнө нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ мэдэх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Холбогдогч этгээдийн зүгээс надад 880.000 төгрөгийн хохирол барагдуулсан байгаа. Уг нь би холбогдогчоос 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Үлдсэн мөнгөө авчихвал зүгээр байна.” гэх мэдүүлэг /2 хх-ийн 102/
-Иргэний нэхэмжлэгч Г.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 08 сарын дундуур яг хэдэн гэдгийг нь санахгүй байна. Гэртээ унтаж байтал эхнэр баруун гэр шатаж байна гэж хэлэхээр нь гэрээс гарч 2 хүүгийн хамт галыг унтраасан. Тухайн үед манай баруун талын гэрт миний бага хүү Г.Эрдэнэцог унтаж байсан ба том хүү шөнө согтуу ирээд гэрийн хойд талд гадаа унтаж байсан гэсэн. Галаа унтраагаад байж байх үед манай хажуугаар нэг хүн явсан ба тэр хүнийг хүүхдүүд дуудахад шууд зугтаасан гэж ярьж байсан. Бид нарын эрүүл мэндэд хохирол учраагүй. Баруун гэр нь 4 ханатай гадуураа битүү брезентэн бүрээстэй байсан ба гал гарсан хэсгийн брезент, туурга, гэрийн бүслүүр шатсан байсан. Надад гомдол санал байхгүй. Хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /2хх-ийн 105/
- Гэрч Э.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 08 сарын 16-ны шөнө Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын тоотод байх гэрийн хойд талын байшингийн үүдэнд унтах гээд хэвтэж байхад манайхаас баруун тийш байдаг айлын гадаа галын машин ирсэн зогсож байсан. Тэр үед мотоциклтой хүн урагшаа, хойшоо холхиод байсан. Тэгснээ манай баруун гэрийн урд талд ОО-н хажууд зогсоод алхаж ирээд манай гэрийн баруун талаас савтай юм цацсан. Тэгтэл яах ийхийн зуургүй гал гарсан. Би яаж байна аа гэхэд тэр хүн юу ч хэлээгүй зугтсан. Би араас нь хөөгөөд гүйцээгүй. Эргэж мотоцикл дээрээ ирнэ гэж бодоод мотоциклыг нь гэрийнхээ ойролцоо тавьсан. Манай гэрийг шатаагаад зугтсан хүн дээлтэй, дуран зүүсэн эрэгтэй хүн байсан. Гэтэл манай тэр хавиар нэг хүн эргэлдээд байхаар нь ...чи ямар хүн бэ, яагаад энэ хавиар эргээд байгаа юм бэ... гэхэд зугтаасан. Араас нь дүү Эрдэнэцог явсан. Намайг галын машин байсан айлын гадаа очиход цагдаа нар ирсэн байсан. Дүүгийн хөөж явсан хүнийг цагдаа нар барьсан гэж хэлсэн. Тэр хүн туранхай биетэй 170-180 см өндөртэй байх, дээлтэй, дуран зүүсэн хүн байсан. Залуухан хүн байх их хурдан гүйж байсан би хөөгөөд гүйцээгүй...” гэх мэдүүлэг / 1хх-ийн 47/
-Гэрч Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Сумъяабазарыг 9 дүгээр анги төгстөл нь харж өсгөсөн. Сумъяабазар 16-17 настай байхдаа мориноос унаад дэлүүгээ авахуулж байсан. Сумъяабазар 2021 оны 08 сарын 15-ны өглөө манайхаас ээжтэйгээ хамт малаа тууна гээд явсан. Тэгсэн маргааш нь хэрэг тарьсан. Айл шатаасан гэж сонссон.” гэх мэдүүлэг /1хх-ийн 46/
- 2021 оны 08 сарын 25-ны өдрийн 52 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан тунгалаг өнгийн наалдамхай туузанд байх 1 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа гарын мөр нь ШШҮХ-ийн нэгдсэн АДИС-Попилон санд байгаа хүмүүсийн гарын хээний дардас эзэнгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт / 1хх-ийн 49-51/
- 2021 оны 09 сарын 13-ны өдрийн 01/22 дугаартай: “Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын тоотод байх гэрийн шатсан эд зүйлсийн үнэлгээ нийт 880.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 58/
- 2021 оны 09 сарын 13-ны өдрийн 01/23 дугаартай: “ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг Аривжихын 15-07 тоотод байх гэрийн шатсан эд зүйлсийн үнэлгээ нийт 280.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 61/
- 2021 оны 09 сарын 13-ны өдрийн 704 дугаартай: “******* нь хэргийн талаар мэдүүлэг өгөх, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 64-65/
- 2021 оны 08 сарын 16-ны өдөр гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 05/
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 6-16/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 119/
-Хохирол төлсөн баримтууд / хх-ийн 151-152/
-2022 оны 12 сарын 28-ны өдрийн 01/1102 дугаартай Дундговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичиг болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын тоотод оршин суух Ө., Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын тоотод оршин суух Г. нарын монгол гэрүүдийн хойд хэсэг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 03 цагийн орчимд гал түймрийн улмаас шатсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар:
Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын тоотод оршин суух Ө., Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Аривжихын тоотод оршин суух Г. нарын монгол гэрүүдийг шүүгдэгч ******* нь Н., Э. нарыг хашраах айлгах зорилгоор гэрийн гаднаас бензин цацаж шатаасан болох нь иргэний нэхэмжлэгч Ө., Г., гэрч Э., Д. нарын болон шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын бензин цацаж Ө., Г. нарын монгол гэрүүдийг шатааж байгаа үйлдлийг олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэж үзэх бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан үргэлжилсэн үйлдлээр олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч *******ын үйлдсэн үргэлжилсэн үйлдлээр олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ө.д 880.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Г.д 280.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн /01/22, 01/23 /1 хх-ийн 58, 61 тал/ дүгнэлтүүдээр тус тус нотлогдож байна. Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 сарын 23-ны өдөр Ө.д 880.000 төгрөг, Г.д 280.000 төгрөг тус тус төлсөн болох нь /1 хх-ийн 151, 152 тал/ мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нарын цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт 1.160.000 төгрөгийг нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох санал гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Иймд прокурорын шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд, прокурорын саналын дагуу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас 179 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон эдлэх ялаас /179х15.000=2.685.000/ хасч шүүгдэгч *******ын биечлэн эдлэх торгох ялыг 7.315.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар ногоон өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн бүс 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, цагаан өнгийн сүлжмэл оосортой хар өнгийн түлхүүр 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан улсын дугааргүй Супер Даюун маркийн мотоциклыг тус тус *******т буцаан олгож, хуванцар сав 1 ширхэг, эссэ гэсэн бичигтэй тамхины хайрцаг /дотроо 1 ширхэг тамхитай/ 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхгийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Ө.д 880.000 төгрөг, Г.д 280.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдлаа.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Салхит овогт *******ын Сумъяабазарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан үргэлжилсэн үйлдлээр олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Салхит овогт *******ын Сумъяабазарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 179 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасаж, түүний эдлэх ялыг 7.315.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 7.315.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар ногоон өнгийн дээл 1 ширхэг, шар өнгийн бүс 1 ширхэг, хар өнгийн саравчтай малгай 1 ширхэг, цагаан өнгийн сүлжмэл оосортой хар өнгийн түлхүүр 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан улсын дугааргүй Супер Даюун маркийн мотоциклыг тус тус *******т буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуванцар сав 1 ширхэг, эссэ гэсэн бичигтэй /дотроо 1ширхэг тамхитай/ тамхины хайрцаг 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхгийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Ө.д 880.000 төгрөг, Г.д 280.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нар цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР