| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2023/0029/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/47 |
| Огноо | 2023-01-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | В.Батдэлгэр, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/47
2023 01 12 2023/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч В.Батдэлгэр, шүүгдэгч Д.Ш, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр, хохирогч Б.Г, иргэний нэхэмжлэгч Г.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Шд холбогдох эрүүгийн “2203 00642 0588” дугаартай, 186/2023/0029/Э индекстэй хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, хххх тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д.Ш,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ш нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө “Piece Mall” төвийн урд замд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 20 минутын орчимд “Тоёота приус-20” загварын 46-23 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 2 дугаар хавсралт Нэг. хэвтээ тэмдэглэл 1.4.1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно: гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч “Yamaha” маркийн 49-04 УБЭ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Б.Ггийн эрүүл мэндэд нь “хүнд” хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүгдэгч Д.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болсон үйл явдал. Энэ үйл явдал үнэхээр санаандгүй болсон. Маш их харамсаж байна. Үнэхээр өөрийнхөө чадлаараа тусаллаа. Үнэхээр уучлаарай л гэж хэлье, гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй, баримтаар нэхэмжилсэн хохиролыг өөрийн чадлаар бага багаар төлж барагдуулна, өөр хэлэх юм байхгүй байна гэв.
1.2.Хохирогч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би найзынхаа гражид 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мотоциклоо аваачиж тавьсан. Тэгээд манай найз 2022 оны 10 дугаар сарн 09-ний өдөр над руу яриад болохоо больчихлоо, өөр машин оруулахаар болчихлоо чи мотоциклоо ав гэхээр нь би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр очиж аваад Монелийн тэнд ахынхаа граж руу аваачиж тавих гээд явж байсан. Тэгээд хөдлөөд явж байтал урдуур машин орж ирсэн. Би ерөөсөө араагаа хүндрүүлээд, 2-3 тоормосоо гишгээд тэгээд тэрнээс хойш ямар ч ухаангүй болсон. Тэгээд эмнэлэгт ухаан орж сэрсэн. Нотлох баримтаар тогтооглон хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.
1.3. Иргэний нэхэмлэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мотоциклийн үнэлгээг 3 сая төгрөг гэж байна. Би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ мотоциклийг 7 сая төгрөгөөр худалдаж авсан. Энэ мотоциклийн хуучин, шинэ сэлбэгийг оруулж ирдэг албан ёсны ганцхан газар байдаг. Тэр газрын гаргаж өгсөн үнэлгээгээр бол 10 сая төгрөг болсон. Би мотоциклоо 7 сая төгрөгөөр авсан болохоор 10 сая төгрөгийг нэхэмжлээд яах вэ гээд энэ үнийн дүнгээр нэхэмжилж байгаа. Энэ 3 сая төгрөгийн үнийн дүн бол батлагдаагүй, хужаагийн сэлбэгийн үнэлгээ гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Ггийн:...би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд 10 дугаар хорооллоос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мянган оюутны байрны ойролцоо байрлах ахынхаа гражид 49-04 УБЭ улсын дугаартай мотоциклийг тавихаар уг мотоциклийг жолоодоод хөдөлсөн. Ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй Энхтайваны өргөн чөлөө “Piece Mall” дэлгүүрийн урд замаар явж байтал эсрэг урсгалд явж байсан Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл замын голын үргэлжилсэн цагаан шугамыг даваад миний урдуур эргээд ороод ирсэн. Тэгэхээр нь араагаа хүндрүүлээд 2 тоормосоо атгаад мотоциклоо зогсоох гэтэл тэр машин маш ойрхон гэнэтхэн миний урдуур эргээд ороод ирсэн учир би мотоциклоо зогсоож амжаагүй. Тухайн үед зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Миний явж байсан чиглэлд тээврийн хэрэгслийн ачаалал багатай байсан. Би мотоциклоо зогсоох арга хэмжээ авч байснаа санаж байгаа тэрнээс хойш юу болсныг огт санахгүй байгаа. Урдуур эргэж орж ирсэн машины жолооч гар утсаар ярьсан байдалтай эсрэг урсгалаас ирж байгаа харагдсан, намайг огт харалгүй шууд л замын голын үргэлжилсэн цагаан шугамыг даваад миний урдуур эргэсэн. Би эмнэлгийн машин ирээд намайг машинд суулгаж байхад нь сэрсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Г.Баттөмөрийн:..уг мотоциклийг миний хүү Ганцолмон 2021 оны 10 дугаар сард хүнээс 7.000.000 төгрөгөөр худалдаж аваад эзэмшигчийн нэрийг шилжүүлж авч амжаагүй байсан. Тэгээд сая зам тээврийн осолд орсон байх үед нь би уг мотоциклийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Уг мотоцикл бол Ганцолмонгийн өөрийнх нь мотоцикл, мотоцикл дахин засвар авах боломжгүй болтлоо эвдэрсэн байгаа. Уг мотоциклийн сэлбэг Монгол Улсад олдохгүй, тийм учраас уг мотоциклийг худалдаж авсан 7.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг. / хх-ийн 34 дүгээр тал/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Зоригтбаатарын:...миний эхнэр Д.Ш нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн, Улаанбаатар хотод 10 жилийн сургуулиа төгсөөд их сургуульд элсэн орсон, би их сургуулийн нэрийг нь мэдэхгүй байна. Хүнсний технилогич мэргэжлээр суралцаж төгссөн. Их сургууль төгсөөд “Тесо” ХХК-д ажиллаж байгаад ар гэрийн гачигдлаас болоод ажлаа хийхгүй байгаа. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, миний эхнэрт ямар нэгэн муу зуршил байдаггүй, архи, тамхи огт хэрэглэдэггүй. Урлаг спортын авьяас муутай, ууланд алхах их дуртай, хааяа завтай үедээ ууланд их алхдаг. Миний эхнэр Шинэдэмбэрэл маш сайхан сэтгэлтэй, хүнд муу санаж явдаггүй хүн байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 36 дугаар тал/,
2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13986 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Ггийн элэгний баруун дэлбэнгийн эдийн няцрал, 6-р сегментийн урагдал, баруун бөөрний хальсан доорх цусан хураа, цээж, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, баруун, зүүн шуу, богтос ясны зөрүүтэй сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.
4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэжээ. /хх-ийн 47-48 дугаар тал/,
3.1.Улсын яллагч: хавтаст хэргээс “2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 23 минутад дуудлага өгсөн” гэх дуудлагын лавлагааны хуудас, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-14 дүгээр тал/, “YAMAHA” маркийн 49-04 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г, “Тоёота приус-20” маркийн 46-23 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Ш нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах “Шөлөндөө” хоолны газрын хяналтын камерын бичлэгт хураагдсан осол болох үеийн дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/, хохирогч Б.Ггийн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/, Г.Бийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2022.10.14-ны өдрийн №13986 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дугаар тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн Шинжилгээний газрын Авто техникийн шилжилгээний лабораторийн шинжээч С.Эрдэнэзаяагийн 2022.11.01-ны өдрийн №3023 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/, Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн үзлэгийн инженер С.Мөнхжаргалын 2022.10.19-ний өдрийн дүгнэлт, /хавтаст хэргийн 73-76 дугаар тал/, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичиг, /хавтаст хэргийн 80 дугаар тал/, тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Батбаярын магадалгаа /хавтаст хэргийн 103-104 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
3.2.Хохирогч, иргэний нэхмжлэгч нарын өмгөөлөгч::хохирол төлбөртэй холбоотой баримтууд хавтаст хэргийн 25-29 дүгээр тал/, /шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 46 дугаар тал/, /үнэлгээний тодорхойлолт хавтаст хэргийн 59 дүгээр тал/, /мөрдөгчийн магадалгаа хавтаст хэргийн 103 дугаар тал/, /шүүгдэгч Шинэдэмбэрэлийн дансны хуулга хавтаст хэргийн 160-173 дугаар тал/, /мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Шинэдэмбэрэлийн эм тариа авч өгсөн гэх 8 ширхэг баримт хавтаст хэргийн 75-77 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя мөн эмчилгээтэй холбоотой нийт 25 эм тариа авсан баримтыг гаргаж өгч байна. Нийт 1.536.599 төгрөгийг баримт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
3.3. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч: хавтаст хэргээс /Сиди хавтаст хэргийн 18 дугаар тал/, /хохирогчийн хохирол төлбөр нэхэмжилсэн талаарх баримтууд хавтаст хэргийн 24 дүгээр тал/, /ял шалгасан хуудас хавтаст хэргийн 39 дүгээр тал/, /шинжээчийн дүгнэлт хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/, /мотоциклийн үнэлгээ хавтаст хэргийн 96 дугаар тал/, /мөрдөгчийн магадалгаа хавтаст хэргийн 103-104 дүгээр тал/, /шинжээчийн дүгнэлт 139 дүгээр тал/, /хохирол төлбөрт тодорхой хэмжээнд төлсөн талаарх баримтууд хавтаст хэргийн 159-163 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя мөн шинээр 32 хуудас бүхий шүүгдэгч Шинэдэмбэрэлийн хүүхэд нь түлэгдэлтийн улмаас 70 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан, түүнийг асран хамгаалагчаар Шинэдэмбэрэл тогтоогдсон талаарх баримтууд, асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, Ариунбатын төрсний гэрчилгээний хуулбар, хохирол төлбөрт нийт 1.526.300 төгрөгийг төлсөн, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байрны түрээсийн гэрээ зэрэг нотлох баримтыг судлав.
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.Ш нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө “Piece Mall” төвийн урд замд 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 20 минутын орчимд “Тоёота приус-20” маркийн 46-23 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”. Мөн дүрмийн 2 дугаар хавсралт нэг. хэвтээ тэмдэглэл 1.4.1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно: гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч “Yamaha” маркийн 49-04 УБЭ улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Б.Ггийн эрүүл мэндэд нь “хүнд” хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Б.Ггийн:...би 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд 10 дугаар хорооллоос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах мянган оюутны байрны ойролцоо байрлах ахынхаа гражид 49-04 УБЭ улсын дугаартай мотоциклийг тавихаар уг мотоциклийг жолоодоод хөдөлсөн. Ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй Энхтайваны өргөн чөлөө “Piеce Mall” дэлгүүрийн урд замаар явж байтал эсрэг урсгалд явж байсан “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгсэл замын голын үргэлжилсэн цагаан шугамыг даваад миний урдуур эргээд ороод ирсэн. Тэгэхээр нь араагаа хүндрүүлээд хоёр тоормозоо атгаад мотоциклоо зогсоох гэтэл тэр машин маш ойрхон гэнэтхэн миний урдуур эргээд ороод ирсэн учир би мотоциклоо зогсоож амжаагүй. Тухайн үед зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Миний явж байсан чиглэлд тээврийн хэрэгслийн ачаалал багатай байсан. Би мотоциклоо зогсоох арга хэмжээ авч байснаа санаж байгаа тэрнээс хойш юу болсныг огт санахгүй байгаа. Урдуур эргэж орж ирсэн машины жолооч гар утсаар ярьсан байдалтай эсрэг урсгалаас ирж байгаа харагдсан, намайг огт харалгүй шууд л замын голын үргэлжилсэн цагаан шугамыг даваад миний урдуур эргэсэн. Би эмнэлгийн машин ирээд намайг машинд суулгаж байхад нь сэрсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар тал/,
- иргэний нэхэмжлэгч Г.Бн:..уг мотоциклийг миний хүү Ганцолмон 2021 оны 10 дугаар сард хүнээс 7.000.000 төгрөгөөр худалдаж аваад эзэмшигчийн нэрийг шилжүүлж авч амжаагүй байсан. Тэгээд сая зам тээврийн осолд орсон байх үед нь би уг мотоциклийн нэрийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Уг мотоцикл бол Ганцолмонгийн өөрийнх нь мотоцикл, мотоцикл дахин засвар авах боломжгүй болтлоо эвдэрсэн байгаа. Уг мотоциклийн сэлбэг Монгол Улсад олдохгүй, тийм учраас уг мотоциклийг худалдаж авсан 7.000.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг. / хх-ийн 34 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13986 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Авто техникийн шилжилгээний лабораторийн шинжээчийн 2022.11.01-ны өдрийн №3023 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/, Автотээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн үзлэгийн 2022.10.19-ний өдрийн дүгнэлт, /хавтаст хэргийн 73-76 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Д.Шийн гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Ш нь замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, ...хэвтээ...тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтуудыг санаатайгаар зөрчиж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэнээс хүний биед хүнд хохирол учруулсан гэм буруугийн болгоомжгүй үйлдэл байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Шийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас нийт 5.082.602 /таван сая наян хоёр мянга зургаан зуун хоёр/ төгрөгийн хохирол учирсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Шээс 5.082.602 / таван сая наян хоёр мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Гд 1.409.002 /нэг сая дөрвөн зуун есөн мянга хоёр/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Бт 3.673.600 /гурван сая зургаан зуун далан гурван мянга зургаан зуун/ төгрөгийг тус тус олгож, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон эд хөрөнгийн материалаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Д.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг” үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлав.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Шийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1/ нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Д.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авахыг” үүргийг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
6.Шүүгдэгч Д.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Шээс нийт 5.082.602 /таван сая наян хоёр мянга зургаан зуун хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Гд 1.409.002 /нэг сая дөрвөн зуун есөн мянга хоёр/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Бт 3.673.600 /гурван сая зургаан зуун далан гурван мянга зургаан зуун/ төгрөгийг тус тус олгосугай.
8. Хохирогч Б.Г, иргэний нэхэмжлэгч Г.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон эд матераилын хохиролоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
11.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ