Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/12

 

      2022        12          23                                    2023/ШЦТ/12

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Н.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Навчилтай овгийн Н.Б т холбогдох эрүүгийн 2211018862012 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Навчилтай овгийн Н.Б , 1997 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд          төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, үсчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн .. дугаар хороо ..... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б  нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын В1 давхрын тоглоомын төвд хохирогч Ц.Э ийн сагсны шийдний урд ирмэг дээр мартан явсан Ай фоне 12 загварын гар утсыг нь авч завшсаны улмаас хохирогч Ц.Э д 1,500,000 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.Б  нь хохирогч Ц.Э ийн сагсны шийдний урд ирмэг дээр мартан явсан Ай фоне 12 загварын гар утсыг нь авч завшсаны улмаас хохирогч Ц.Э д 1,500,000 төгрөгийн хохирол учруулан гээгдэл эд хөрөнгө завшсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

Хохирогч Ц.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр миний бие өөрийн найз Г.Ө ын хамтаар Тэнгис кино театрт кино үзэхээр очсон юм. Тухайн үед үзэх гэж байсан киноны маань цаг арай болоогүй байсан учир бид хоёр В1 давхарт нь байрлах тоглоомын төвөөр үйлчлүүлж тоглож байсан. Тэр үед сагсны шийдэн дээр нь бөмбөг шидэж байгаад би найз Өнөболдын зургийг гар утсаараа дараад тоглож байсан сагсны шийдний урд ирмэг дээр тавьсан байсан. Тэгээд гар утсаа авалгүй мартаж яваад 10-20 минутын дараа сагсны шийдэн дээр очиход гар утас байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-9 дэх тал/,

Дамно ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ЧД1-22-1095 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,500,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-22 дахь тал/,

Хаан банкны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 29/8540 дугаартай албан тоот /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Шүүгдэгч Н.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би болсон асуудлын талаар өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр өгсөн байгаа. Би хохирлыг бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Н.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Н.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Н.Б т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Н.Б  нь хохирогч Ц.Э  1.500.000 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч Ц.Э  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.Б т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Навчилтай овгийн Н.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг  завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болох тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН