Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/21

 

   2022        12          26                                   2023/ШЦТ/21

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Б.А  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Б.А т холбогдох эрүүгийн 2211017631945 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол овгийн Б.А , 2001 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш мэргэжилтэй, Алмаз пабд зөөгч ажилтай, ам бүл 6, эх, 4 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ......

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 02 дугаар хороо Харцага караоке дотор хохирогч О.Б гийн нүүрэн тус газар алгадаж түүний биед хамрыг угалз, уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.А  нь О.Б тай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

Хохирогч О.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр үүрээр 06 цагийн үед хүүхдийн 100-аас ажлаасаа тараад найз нарын хамт Баруун 4 замд байрлах Харцага нэртэй караокед орж суусан. Тэнд пиво ууж дуулж сууж байсан чинь өрөөний үүдэнд ажлын ах А , О  нартай хажуу талын өрөөний 2 эрэгтэй маргалдаж зодолдож байхаар нь бид хэд салгасан. Тэгээд караокеноос гарах гээд байж байсан чинь хажуу талын өрөөний 2 эмэгтэй ирж “та нарыг гаргахгүй” гээд нэг эмэгтэй ирж намайг үсдээд өшиглөсөн. Тэгээд би шалнаас босож ирээд зогсож байхад гэнэт нэг эрэгтэй ирж намайг өшиглөж газар унагаасан. Тэр эрэгтэй өшиглөсний улмаас миний хамрын баруун тал сэтэрч их хэмжээгээр цус гарч гоожсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

Гэрч Б.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2 хувь тогтоолыг хүлээн авсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Гэрч Л.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2 хувь тогтоолыг хүлээн авсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

Гэрч Б.О гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би юу болсон талаар зөөгч Баяраа гэх залуугаас асуухад манай караокед орсон гэх залуучууд нь хоорондоо маргалдаж муудалцаад гарахгүй байсаар байгаад өглөө болчихсон юм гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

Гэрч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид дөрөв хоорондоо зодолдож байхад бид нартай хамт явсан манай найз охин болох Баясгалангийн хамраас цус гарч харагдсан. Тэгэхээр нь би өөрийнхөө найз охиныг өмөөрөөд хамраас нь цус гарсныг харчхаад нөгөө хоёр залуу руу дайрсан байсан. Яг уурлачихсан үедээ би өөрийгөө хянах чадваргүй болчихдог. Бүх юм болоод дууссаны дараа цагдаа нар хүрээд ирсэн. Би тухайн үедээ Баясгалангийн хамраас яг хэн цус гаргасныг мэдээгүй бөгөөд дараа нь тэр шар куртиктэй залуу өшиглөсөн гэж тэнд байсан хүмүүс ярьж байхыг сонссон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Гэрч О.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.А  ариун цэврийн өрөөнөөс наашаа гарч ирээд нөгөө охины хамар луу баруун гараараа алгадчихсан чинь тэр охин газарт унаад цус гарахаар нь би ариун цэврийн өрөө рүү авч ороод цусыг нь угааж өгч тогтоосон юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18х-19х/,

Гэрч М.О ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үед хамт явж байсан гэх охидууд маань гарч ирсэн чинь нөгөө шар куртиктай залуу манай А ийн найз охин Баясгаланг цохисон байсан, яг яаж цохисныг бол хараагүй бөгөөд тэр үед Баясгалан газарт уначихсан харагдаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дахь тал/,

Гэрч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хамар нь сэтэрчихсэн байсан охиныг хаана явж байгаад сэтэлсэн эсэхийг бол огт хараагүй. Ямар ч байсан тэр охины хамраас цус гарч байхыг цагдаагийн хэлтэс дээр ирээд л мэдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22- 23 дахь тал/,

Гэрч Б.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өндөр залуу миний нүүр хэсэг рүү 3-4 удаа гараар цохисны улмаас миний баруун нүд хавдсан, хамар хавдаж цус гарсан. Мөн уруул хавдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь/,

Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч НЭ04252101 регистрийн дугаартай О.Б  нь 2022 оны 09 дүгээр сард Гэмтэл Согог судлалын үндэсний төв, Хан-Уул эрүүл мэндийн төв, ЭМЖЖ төвөөс 205,500 төгрөгийн зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 04/5088 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул дээрх үйлчилгээний зардлыг яллагдагч Б.А аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Н.Туяагийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12955 дугаартай “...О.Б гийн биед хамрын угалз, уруулт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 33-34 дахь тал/,

Шүүгдэгч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би болсон асуудлын талаар өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан бодит хохирол байвал төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.Б  нь эрүүл мэндийн даатгалын сангаас 205.500 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурор Б.Насанжаргалыг тогтоосныг зөвтгөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон өөрчилж, тус байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр Б.Насанжаргал болгож өөрчлөв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Б.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Б.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.А т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч О.Б  нь баримтаар 140.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Насанжаргал нь “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 205.500 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.А аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэх тул нэхэмжлэлийг хангаж 205.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулж шийдвэрлэв.   

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овгийн Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А аас нийт 354.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Б д 140.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд 205.500 төгрөгийг тус тус олгуулж, хохирогч О.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Б.А т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН