| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/69 |
| Огноо | 2023-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/69
2023 01 18 2023/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч И.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн И.Г т холбогдох эрүүгийн 2211000002071 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч И.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо ....... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Ц тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж мөр хэсэгт нь хутгаар зүсэж хохирогчийн биед далны зүсэгдсэн шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай эхнэр намайг сандлаар цохиж толгойноос цус гарсан. Намайг махаа янзал гээд байхаар нь янзлах гээд хутга аваад байж байтал согтуу байж хөлдүү махаар яах гээд байгаа юм гээд маргаан үүссэн. Би хутгалсан гэж мэдээгүй. Миний гар зүсэгдсэн байсан учир гарын цус гэж бодсон. Буруу зүйл хийснээ үнэхээр ойлгож байна...” гэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч И.Г нь Ж.Ц тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж мөр хэсэгт нь хутгаар зүсэж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
-хохирогч Ж.Ц гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би зурагт үзээд зурагтын урд хуванцар сандал дээр суугаад байж байхад нөхөр Ганхуяг орон дээрээс хэвтэж байгаад босож ирээд гал тогооны шургуулга нээгээд юм авч байхыг нь сонссон юм. Тэр үед би хутга авсан байна гэж анзаараагүй юм. Тэгтэл миний нурууны араас хутгалсан. Тэгээд би Ганхуягаас хутгыг нь булааж аваад гар гэж хэлээд хөөгөөд гаргасан юм. Ганхуягаас би хутгыг нь авах үед өгөхгүй татаж байхдаа хутганы ирээс нь барьж гараараа гэмтээсэн юм шиг байсан. Өмнө нь гараа зүсэж гэмтээсэн зүйл байгаагүй. Ганхуягийн гэрээс гарсны дараа харахад нуруу хэсгээс цус урсаж гарж байхаар нь би зээ хүү Н ийг дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
-гэрч Г.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө ээж Цэцэгээ манай гэрт ирээд бид хоёр хамт гэмтлийн эмнэлэг очиж боолт хийлгүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийнх 22-23 дахь тал/,
-гэрч М.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг байхад ямар нэгэн асуудал гаргах агсам согтуу тавьдаг зүйл байдаггүй. Цохиж зоддог зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15648 дугаартай “...Ж.Ц-ийн биед далны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл тухайн цаг үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дахь тал/,
-шүүгдэгч И.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Намайг гэрт орж ирчхээд орон дээр унтах гээд хэвтэж байж байхад эхнэр Цэцэгээ миний араас нэг их удалгүй орж ирсэн. Эхнэр Ж.Ц намайг гадуур архи ууж явлаа, зээ охин Наранцацралыг сургуулиас нь аваагүй байна гээд намайг загнаад байсан. Тухайн үед би мах янзлаад ширээний хажууд сууж байхад эхнэр зурагт үзээд орны дээд талын ширээний ойролцоо сууж байгаад надтай хэрэлдэж байгаад над руу уурандаа хуванцар сандал шидсэн юм. Би над руу сандал шидэх үед цочсондоо гартаа барьчихсан байсан мах хэрчдэг хутгаа савчихсан юм. Манай байшингийн өрөө их жижигхэн эхнэрийн сууж байсан ор болон миний мах янзалж байсан ширээ хоёр хоорондоо их ойрхон байсан болохоор эхнэрийн биед хүрчихсэн. Тэгэхэд би эхнэрийгээ хутгаар зүсчихсэн гэдгээ мэдээгүй юм. Тухайн үед эхнэрийн биед гэмтэл үүссэн, цус гарсан зүйл ажиглагдаагүй. Тэгээд би гэрээс гарж манай урд талын хашаанд миний төрсөн дүү Хүрэлтогоогийн гэрт орсон. Намайг гэрт нь ороход дүү Хүрэлтогоо хүүхдийнхээ хамт хоёулаа байсан. Дүүгийнхээ гэрт ороод байж байтал цагдаа ирээд намайг авч явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч И.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ц нь эрүүл мэндийн даатгалын сангаас 284.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурор Б.Насанжаргалыг тогтоосныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон өөрчилж, тус байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр Б.Насанжаргал болгон зөвтгөв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч И.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Шүүгдэгч И.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч И.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Ж.Ц нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч И.Г ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насанжаргал нь “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 254.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч И.Г аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэх тул нэхэмжлэлийг хангаж 284.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийнх зүйлээр бохирлогдсон хүүхдийн цагаан өнгийн пудволк 1 ширхэг, үзүүр хэсгээрээ бохирлогдсон бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн И.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г аас 284.000 /хоёр зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт /Төрийн сан банк дахь 100900020080 дугаар данс/-д олгосугай.
5. Шүүгдэгч И.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгийнх зүйлээр бохирлогдсон хүүхдийн цагаан өнгийн пудволк 1 ширхэг, үзүүр хэсгээрээ бохирлогдсон бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН