Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/13

 

   

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч Ц.Ц,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                         

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц-ийн Ц-д холбогдох 2228002170153 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Биеийн байцаалт: 

Б овгийн Ц-ийн Ц ..........          

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өглөөний 05 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ........ тоотод орших Б.Э-ийн гэрийн хаалга нээлттэй дотор нь унтаж байхад түүний эзэмшлийн “Samsung A-70” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 420,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Ц-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Ц.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би тухайн үед иргэний үнэмлэх болон 2 ширхэг виза картаа гар утасны гэрэнд хийгээд утасны хамт алдчихсан байна гэж бодоод карт иргэний үнэмлэхээ алдсан гэж мэдүүлсэн боловч миний Хаан банкны 2 ширхэг карт болон иргэний үнэмлэх утасны гэрэнд байгаагүй. Манай гэрт өөр газарт байсан юм билээ. Би тэрийгээ тухайн үед мэдэлгүй тэгж мэдүүлсэн. Хаан банкны 2 ширхэг виза карт болон иргэний үнэмлэхээ би хулгайд алдаагүй одоо надад байгаа. Уг хэрэгтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би хулгайд алдсан гар утсаа буцаагаад бүрэн бүтэн хүлээж авсан одоо ашиглаж байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, надад харуулсан гар утас мөн байна” /хавтаст хэргийн 28, 30 дахь тал/   

Насанд хүрээгүй гэрч А.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 06 дугаар сарын сүүлээр би найзындаа тоглож байгаад үүр цайж байхад гэртээ ирсэн. Манай сагсан бөмбөг хамт тоглодог дүү Э сагсан бөмбөг тоглоё гээд Зүүн сайханд байдаг тоглоомын талбай дээр очиж сагс тоглож байхад нэг танихгүй ах ирээд намайг дуудсан. Би яваад очиход дүү гар утас авах уу гээд “Samsung A-70” загварын улаан утасны гэртэй улбар шар өнгийн гар утас үзүүлсэн. Тэгээд би 50,000 төгрөгөөр авахаар тохироод надад нэг данс өгөөд энэ рүү хийчих гээд тэр ах надад гар утсаа үлдээгээд дэлгүүр яваад өгсөн. Тэр ахыг яваад өгсний дараа би хамт сагсан бөмбөг тоглож байсан дүүгээ дагуулаад гэр гэр рүүгээ явсан... Нүүрэн наранд аягүй их борлосон, том хамартай, бөгтгөр нуруутай, 170 см орчим өндөр, 40 орчим насны хөгшин царайтай ах байсан. Өөр тодорхой санах зүйл байхгүй байна.” /хавтаст хэргийн 33 дахь тал/

Шүүгдэгч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би уг өдрийн өмнөх өдөр нь архи уугаад гэртээ ирж унтсан байсан. Тэгээд 06 дугаар сарын 28-ны өглөө босоод цай уучихаад шартаад байхаар нь шараа тайлах гэж гэрээсээ гарсан. Тэгээд хашаанаас гараад явж байтал манай зүүн талын хашаанд байх айлын гэр нь онгорхой байсан, би уг айлд яваад ортол гэрийн хойд талд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн унтаж байсан. Би уг айлаас мөнгө болгоод шараа тайлчихаар эд зүйл байгаа эсэхийг хартал ямар нэгэн эд зүйлс ил харагдахгүй байсан. Харин уг гэрт унтаж байсан хоёр хүний эмэгтэй хүний толгойны хажууд талд нь нэг ширхэг гар утас байхаар нь уг гар утсыг нь аваад уг айлаас гараад явсан. Тэгээд уг гар утсыг авч явж байгаад Дунд сайхан гэр хороололд байх сагсны шийдэн дээр сагс тоглож байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд дээр очоод гар утас хямдхан худалдаж авах эсэх талаар асуухад тэнд байсан эрэгтэй хүүхэд нь гар утсыг авахаар болсон. Тэгээд уг хүүхэд хэдэн төгрөгөөр зарах талаар асуухаар нь би 50,000 төгрөгөөр зарахаар болсон. Тэр хүүхэд мөнгийг нь дансаар шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгээд би дансаа өгсөн. Би уг хүүхдийг шилжүүлчих байх гэж бодоод яваад өгсөн боловч над руу мөнгө шилжүүлээгүй.” /хавтаст хэргийн 51-53 дахь тал/

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 830 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Самсунг А70 гар утас, 1 ширхэг, нийт дүн: 420,000 төгрөг.” /хавтаст хэргийн 40-41 дэх тал/

2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн яллагдагч Ц.Ц-ын ялын тооцооны тодорхойлолт /хавтаст хэргийн 114 дэх тал/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Ц-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд өсвөр насны шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өглөөний 05 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ........ тоотод орших Б.Э-ийн гэрийн хаалга нээлттэй дотор нь унтаж байхад түүний эзэмшлийн “Samsung A-70” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 420,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт;

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн “...Би хулгайд алдсан гар утсаа буцаагаад бүрэн бүтэн хүлээж авсан одоо ашиглаж байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 28, 30 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч А.О-ийн “...2022 оны 06 дугаар сарын сүүлээр би найзындаа тоглож байгаад үүр цайж байхад гэртээ ирсэн. Манай сагсан бөмбөг хамт тоглодог дүү Э сагсан бөмбөг тоглоё гээд Зүүн сайханд байдаг тоглоомын талбай дээр очиж сагс тоглож байхад нэг танихгүй ах ирээд намайг дуудсан. Би яваад очиход дүү гар утас авах уу гээд “Samsung A-70” загварын улаан утасны гэртэй улбар шар өнгийн гар утас үзүүлсэн. Тэгээд би 50,000 төгрөгөөр авахаар тохироод надад нэг данс өгөөд энэ рүү хийчих гээд тэр ах надад гар утсаа үлдээгээд дэлгүүр яваад өгсөн.” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 830 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/, шүүгдэгчийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Ц.Ц-ын бусдын эд хөрөнгийг хулгайлсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өглөөний 05 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг ........ тоотод орших Б.Э-ийн гэрийн хаалга нээлттэй дотор нь унтаж байхад түүний эзэмшлийн “Samsung A-70” загварын гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шинжээчийн үнэлгээний дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг дүгнэлтийг гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Ц.Ц нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Уг хэрэгтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Би хулгайд алдсан гар утсаа буцаагаад бүрэн бүтэн хүлээж авсан одоо ашиглаж байна. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 28, 30 дахь тал/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Ц.Ц-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар өмнө нь эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 29 хоногийг нэмж нэгтгэн 2 жил 2 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн хувьд хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг гаргав.

Шүүгдэгч Ц.Ц нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.  

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, улмаар түүнд 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д энэ тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 5 /тав/ сар 29 /хорин ес/ хоног /2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн яллагдагч Ц.Ц-ын ялын тооцооны тодорхойлолт хавтаст хэргийн 114 дэх тал/-ийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.Ц-ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Ц нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан болтол 35 хоног цагдан хоригдсон болох нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 60 дугаартай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 122-125 дахь тал/-аар тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

Бусад асуудлаар.

Шүүгдэгч Ц.Ц нь 35 /гучин тав/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн Ц-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д энэ тогтоолоор оногдуулсан 7 /долоо/ сарын хорих ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 5 /тав/ сар 29 /хорин ес/ хоногийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч Ц.Ц-ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 /хоёр/ жил 29 /хорин ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-д оногдуулсан 2 /хоёр/ жил 29 /хорин ес/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ын цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Эт “Самсунг А70” загварын гар утсыг биет байдлаар буцаан олгосон болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч Ц.Ц нь 35 /гучин тав/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ВОЛОДЯ