Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/14

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Г.Ганбаяр,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г,

Шүүгдэгч И.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                             

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овгийн И-ийн Эт холбогдох 2228003270179 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Биеийн байцаалт:    

О овгийн И-ийн Э ......           

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч И.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Н худалдааны төвийн замын урд талын МТ шатахуун түгээгүүрийн станцын хажууд хохирогч А.Г-гийн нүүрэн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, баруун 2, зүүн 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч И.Э-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

Шүүгдэгч И.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би ажил дээрээ өөрийн машинаар очсон. Ажил дээр очоод буцах замдаа Г-гийн гэрийн үүдээр явдаг. Явах үед хашааны үүдэн дээр хүн зогсож байгаад гар өргөх шиг болсон. Тэгээд зогсоход Г байсан. Энэ асуудал болохоос 2 хоногийн өмнө М гэх хүнийг дуудахаар очиход Г надаас гал, тамхи асууж 10 гаруй минут зогсоосон. Тухайн асуудлаас болж Г миний машинд орж ирж суусан. “Н” худалдааны төвийн өмнө “МТ” колонкын засмал зам дээр очиж зогсоод бид хоёр машинаас буугаад заамдалцсан. Г миний дээрээс дарахад би гараараа цохисон. Г шүд ойчлоо гэж хэлээд цагдаа дуудна гэж хэлсэн. Цагдаа ирэхээс өмнө Г-гийн эхнэр болон 3 найз нь ирсэн. Тэгээд Г миний 2 гарыг өчиж байхад цагдаа нар ирсэн гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед эмнэлэгт үзүүлж чадаагүй дараа нь эмнэлэгт үзүүлэхэд имплант шүдийг 5 сарын дараа хийх боломжтой, 2.500.000 төгрөгөөр хийгдэнэ гэж хэлсэн. Шүд хийлгэх явцад эм тарианы зардал гарна гэдгийг хэлсэн гэхдээ энэ зардлыг нэхэмжлэхгүй, зөвхөн имплант шүд хийлгэх зардлаа нэхэмжилж байгаа. Би шинэ жилээс өмнө Улаанбаатар хот руу явж наадаг шүд 250.000 төгрөгөөр хийлгэсэн. Зөвхөн имплант шүдний үнэ, ажилгүй байсны олговор 3.460.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн үед яагаад 7.000.000-8.000.000 төгрөг нэхэмжилж байсан бэ гэхээр 1 шүд ойчиж, 2 шүд хөдөлсөн байсан учраас хөдөлсөн 2 шүдээ хоёуланг нь унах юм байна гэж бодоод 2 имплант шүдний үнэ 7.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Тэгээд Улаанбаатар хот руу явж үнэ ханшийг нь судлаад дүн өөрчлөгдсөн. Тухайн өдөр болсон асуудлын хувьд би гэртээ толгойгоо угаагаад дээгүүрээ шалдан сууж байхад манай ах гаднаас орж ирээд гадаа нэг залуу ирсэн чамайг дуудаад байна гэж хэлсэн. Манай хүүхэд намайг гарахад дагасан тэгээд тэврээд гараад очиход чи наад шээсээ буулга гэж хэлсэн. Чи яагаад хүүхдийг ингэж хэлээд байгаа юм бэ гэж хэлээд би охиноо гэртээ ороод байж бай гэж хэлээд буулгахад шууд давхиад явсан. Тэгээд маш их хурдтай явсан учир би замын эргэлт хэсэг дээр үрүүлийг нь булааж зогсоосон. Тэгээд машинаас буугаад гэр рүүгээ явах гэтэл миний өмдний тэлээнээс зуураад чирээд байсан. Тэгээд бид байж байхад миний араас манай эхнэр ирж байсан. Ирэхэд нь цагдаа дуудаарай гэж хэлэхэд шүүгдэгч буцаад машиндаа суугаад явах гэж байсан. Тэгээд араас нь татахад засмалын цаад талын шороо руу унасан. Унаад босож ирэхдээ чулуу авч босож ирэхийг нь би хараад бултах гэхэд бултаж чадаагүй цохиулсан. Намайг чулуугаар цохисон засмалын орчин нь гэрэлтэй байсан учир би өөрөө харсан. 3 найз нь ирсэн гэх асуудлын хувьд ойрхон ажил хийж байсан танихгүй хүмүүс болсон асуудлыг хараад ирсэн байсан. Харин миний найзууд биш гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэртээ байж байтал манай ах М гадаа чамайг хүн дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад очтол Э гэх залуу манай гэрийн гадаа машинтай ирчихсэн машинд суучих гэж хэлсэн.  Тэгэхээр нь би машинд суусан. Тухайн үед 3 настай охиноо тэвэрч гарч очсон байсан. Тэгсэн чинь миний хүүхдийг наад шээсээ буулга гэхээр нь уур хүрээд хүүхдээ машинаас буулгасан чинь Э шууд хөдлөөд яваад өгсөн. Тэгэхээр нь би чи намайг хааш нь авч явах гээд байгаа юм бэ? би шалдан нүцгэн байна би явж хувцас өмсчихье гэсэн чинь зогсохгүй яваад байсан. Тэгээд би Н худалдааны төвийн зүүн талд явж байгаад машиных нь үрүүлийг булааж аваад зогсоосон. Тухайн үед Э согтуу аймар хүчтэй давхиад байхаар нь би айгаад машиныг нь хүчээр зогсоогоод түлхүүрийг нь сугалаад авчихсан. Тэгээд би машинаас нь буусан чинь араас Э бууж ирээд миний өмдний тэлээнээс зуураад татаад машинд суу гээд байсан. Тэгсэн эхнэр маань миний араас машинтайгаа ирсэн. Тэгэхээр нь би эхнэр Г-г цагдаа дуудчих гэсэн чинь Э гүйгээд машиндаа орох гэсэн. Тэгэхээр нь би араас нь очоод барьж аваад цагдаа иртэл байж бай гэсэн чинь Э цаашаа явах гээд байсан. Би Э-ыг татсан чинь Э газарт унасан. Тэгээд Э босож ирэхдээ газраас нэг юм барьж босож ирээд миний шүд рүү цохисон. Миний нүүрэн дээр гал манараад явчихсан. Би нүүрээ дараад доошоо тонгойход Э машиндаа суух гээд цаашаа явахаар нь би араас нь тэвэрч аваад явуулахгүй хориглоод байж байтал цохих гээд байсан. Тэгэхээр нь би Э-ын баруун гарыг ард нь нугалж өчөөд барьж байтал цагдаа нар хүрээд ирсэн. Би Э-аас өөрт учирсан гэмтэл буюу шүдээ эмчлүүлэх зардал, мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Мөн би Э-т зодуулснаас хойш ажлаа хийж чадаагүй цаашдаа шүдээ эмчлүүлээд Улаанбаатар хот явна энэ хугацаанд мөн ажлаа хийж чадахгүй ажлаасаа ямар нэгэн нөхөн олговор авч чадахгүй тийм учраас би Э-аас ажлаа алдсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Миний нэг өдрийн цалин 100,000 төгрөг болдог. Би хувийн айлуудаар хүмүүстэй нийлж засал хийж ажилладаг... Миний хоёр шүдний нэг нь бол бэхжээд зүгээр болчихсон. Нөгөө нэг шүд нь одоо хөдлөх нь гайгүй болчихсон гэхдээ юм идэхээр хүчтэй ширүүн хөдлөх, хэт хүйтэн, халуун зүйл уухаар янгинаж өвдөөд их мэдрэмтгий байгаа. Эмчид үзүүлсэн чинь эмчилгээ хийлгэх хэрэгтэй юм байна гэж хэлсэн. Миний нэг шүд бол огт булгараад уначихсан. Би Э-аас имплант шүд хийлгэх 2,500,000 төгрөг, мөн тухайн үед ажлаасаа цалингүй чөлөө авсан бөгөөд би нийт 12 хоног ажлаа хийгээгүй чөлөөлөгдсөн. Тухайн үед би 12 хоног ажлаа хийсэн бол өдрийн 80,000 төгрөгөөр тооцож бодоход 960.000 төгрөгийн цалин авах байсан. Нийт 3,460,000 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүдээ эмчлүүлэх үзүүлэх гэх мэтээр бага сага зардал зөндөө гарсан уг зардлыг би нэхэмжлэхгүй, би уг зардлыг өөрөөсөө тухайн үед нь гаргачихсан.” /хавтаст хэргийн 16-18, 20-21 дэх тал/   

Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тус өдөр 21 цагийн үед би Г-гийн гэрт байж байтал хашааны гадаа нэг хар машинтай хүн ирээд дуудсан. Тэгээд Г гарсан чинь уг машинтай хүн Г-г машиндаа суулгаад хөдөлсөн. Уг машинтай хүн огт танихгүй хүн байсан учир би охин Г-гийн хамт араас нь машинтай дагаад явсан. Тэгээд Г бид хоёр араас нь дагаад явж байтал Н худалдааны төвийн урд талд байх МТ колонкын хажууд уг машин аваар асаагаад зогссон. Г бид хоёр жоохон зайтай явж байсан. Г бид хоёр хажууд нь очоод зогстол Г-гийн өмдний тэлээнээс уг танихгүй залуу араас нь барьчихсан зуураад байсан. Тэгээд Г цагдаа дууд гэсэн чинь уг залуу зугтаасан. Тэгсэн Г уг залуугийн араас нь очоод татахад уг залуу газарт унаад босож ирэхдээ Г-гийн нүүр рүү цохисон. Тэгсэн чинь Г хадам шүд байдаггүй гэж хэлсэн. Тэгээд би харсан чинь амнаас нь цус гарч байсан. Тэр залуу зугтаах гээд байсан. Тэгэхээр нь би Г-д бариад тэврээд зогсож бай удахгүй цагдаа ирнэ гэж хэлсэн. Тэгээд Г уг залууг тэврээд зогсож байтал цагдаа ирсэн. Тухайн хэрэг болох үед Г-тай маргалдсан залуугийн нэрийг нь мэдэхгүй байсан. Тухайн газарт цагдаа нар ирээд уг залуугийн нэрийг асуухад өөрийгөө Э гэж танилцуулж байсан. Э Г-гийн шүдийг цохих үед тас гээд дугарсан, гараараа лав цохиогүй байх, газраас чулуу аваад цохисон байх гэж бодож байна. Г-гийн үүдэн гурван шүдний нэг нь цуурсан нэг нь унжаад буйлан дотроо тогтож байгаа. Нэг шүд нь тухайн хэрэг болсон газарт унаад алга болчихсон.” /хавтаст хэргийн 23-24 дэх тал/

Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр 20 цаг өнгөрч байсан. Манай нөхөр Г-г гадаа хүн дуудаад охины хамт гарсан. Тэгээд удалгүй манай охин уйлаад ороод ирсэн. Аав машинд суугаад яваад өглөө гэж хэлсэн. Уг машинтай хүн танихгүй хүн байхаар нь би ээж Энхсарангийн хамт араас нь дагаад явсан. Тэгээд Н худалдааны төвийн урд талд байх МТ колонкын хажууд талд хар өнгийн “Приус-20” загварын тээврийн хэрэгсэл хаалга нь онгорхой аваар татсан байдалтай зогсож байхаар нь хүрээд очтол дотор хүн байхгүй байсан. Тэгээд тухайн үед Г-гийн өмдний тэлээнээс уг танихгүй хүн татаад явуулахгүй байсан. Бид нар цагдаа дуудсан чинь уг залуу зугтаасан. Тэгэхээр нь араас нь Г очоод бариад автал уг залуу газарт унасан. Тэгээд уг залуу газарт унаад босож ирэхдээ Г-гийн уруул шүд хэсэгт цохисон чинь Г шүд уначихлаа гэж хашхирахаар нь би очоод хартал амнаас нь цус гараад нэг шүд нь огт уначихсан байсан. Тэгээд уг залуу цаашаа зугтаахаар нь Г араас нь очоод тэврээд зогсож байтал цагдаа нар ирсэн. Э гэх хүнийг тухайн үед танихгүй байж байгаад цагдаа нар ирсэн дараа нэрийг нь мэдсэн. Зүгээр гараараа цохисон бол арай тэгж гэмтэхгүй байсан байх, газраас чулуу аваад цохисон байх гэж бодож байна. Г-гийн үүдэн гурван шүдний нэг нь цуурсан нэг нь унжаад хөдөлчихсөн. Нэг шүд нь тухайн хэрэг болсон газарт унаад алга болчихсон.” /хавтаст хэргийн 26-27 дахь тал/

Шүүгдэгч И.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр И-ийн 4 дэх хүү болон мэндэлсэн. Би бага наснаас Гурвантэс сум руу аав ээжийн хамт шилжин суурьшиж тэндээ амьдрах болсон. Гурвантэс сумын ерөнхий боловсролын сургууль 1 дүгээр ангиа төгсөөд хөдөө гарсан. Уншиж бичихдээ жоохон муу удаан гэхдээ бол уншиж бичиж чадна. Бага наснаас хөдөө аав ээжийн хамт мал маллаж амьдарсан. 2010 онд сулин хээр цэргийн ангид цэргийн алба хаасан. Одоо өөрийн гарын дүй ур чадвараа хөгжүүлээд барилгын дотор засал чимэглэлийн ажил хийдэг. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань Гурвантэс суманд худалдагч ажилтай 800,000 төгрөгийн цалинтай. Хоёр хүүхэд маань 6 настай, 4 настай би өөрөө хувиараа энд тэнд барилгын дотор заслын ажил олдвол хийдэг. Зарим үед нь мал дээрээ байдаг. Би Г-тай ярилцаж тохиролцоод учирсан хохирол болох 3,460,000 төгрөгийг төлж барагдуулахаар болсон. Уг мөнгө одоогоор надад бэлэн байхгүй би банкнаас малчны зээл авах гэж байгаа. Малчины зээл гарахаар шүүх хуралдаанаас өмнө хохирлыг нь төлж барагдуулна. Г бид хоёрын дунд одоо ямар нэгэн маргаан байхгүй. Миний хийсэн хэрэгт хөнгөн ял оноож өгнө үү гэж хүсэж байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.” /хавтаст хэргийн 61-62 дахь тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 990 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “А.Г-гийн биед тухайн үед баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, баруун 2, зүүн 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстын язрал гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас тухайн хэргийн цаг хугацаанд үүссэн. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шалгуур шинжээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022.10.06-ны өдрийн 462 тоот тоот дүгнэлтийн 1 дүгээр хариултын тархи доргилт, 3-н шүд унасан болон 3, 4-р хариултын хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10% алдагдуулна гэсэнтэй санал нийлэхгүй байна” /хавтаст хэргийн 42-44 дэх тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63 дахь тал/

Өмнөговь аймаг Гурвантэс сумын Урт багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 238 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 72 дахь тал/

Хөлсөөр ажиллуулах гэрээ /хавтаст хэргийн 73-74 дэх тал/

Депозит дансны хуулга /хавтаст хэргийн 75 дахь хуудас/

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар /хавтаст хэргийн 76 дахь тал/

Иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 77 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 79 дэх тал/

Цэргийн алба хаасан баримт /хавтаст хэргийн 80 дахь тал/

“Бат Хан Охь” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 83 дахь тал/

Имплант шүдний баримт /хавтаст хэргийн 84 дэх тал/

Эмчилгээ хийлгэсэн баримт /хавтаст хэргийн 90 дэх тал/

“Индранил” шүдний эмнэлгийн баримт /хавтаст хэргийн 91 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд И.Эт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 Гэм буруугийн талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч И.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч  хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргахгүй ч харин хохирогчийн хохирол, хор уршигтай холбоотой гаргаж өгсөн нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримт нь эргэлзээтэй, имплант шүд 2,500,000 төгрөгөөр хийдэг гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Г-гийн нэхэмжилж байгаа нийт 3,460,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба хохирогчийн хувьд нэхэмжилж байгаа хохирлоо гаргуулах хүсэлтэй байна гэх, шүүгдэгчийн зүгээс шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг барагдуулна, гэм буруугийн хувьд маргахгүй гэх тайлбарыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд И.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 20 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Н худалдааны төвийн замын урд талын МТ шатахуун түгээгүүрийн станцын хажууд хохирогч А.Г-гийн нүүрэн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, баруун 2, зүүн 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г /хавтаст хэргийн 16-18 дахь тал/, гэрч Ц.Э /хавтаст хэргийн 23-24 дэх тал/, гэрч М.Г /хавтаст хэргийн 26-27 дахь тал/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 990 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-44 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.   

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч И.Э нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г-гийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шалгуур шинжээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

Мөн шүүгдэгч И.Э нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч И.Э, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч И.Э-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г-гийн эрүүл мэндэд баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний булгарал, баруун 2, зүүн 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын салстын язрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 990 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-44 дэх тал/-ээр тогтоогдож байна. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс имплант шүдний үнэ 2,500,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 960,000 төгрөг, нийт 3,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх дараах байдлаар хэсэгчлэн хангаж, хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.  

Хохирогч ажилгүй байсан хугацааны цалинд 960,000 төгрөгийг нэхэмжилж энэ талаарх “Бат Хан Охь” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай “А овогтой Г нь Бат Хан Охь ХХК-д ажлын ачааллаас хамааран өдрийн 80,000-100,000 төгрөгийн хооронд засал чимэглэлийн ажил эрхэлдэг. 2022 оны 09 сарын 28-ны өдөр хүнд зодуулж гэмтэл авсан бөгөөд чөлөө аваад одоог хүртэл ажлаа хийхгүй байгаа нь үнэн болно.” /хавтаст хэргийн 83 дахь тал/ гэх тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан боловч ажил олгогчийн зүгээс хохирогчид чөлөө олгосон, ажлаас түр чөлөөлсөн албан ёсны тушаал, шийдвэр гараагүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Харин имплант шүд хийлгэх 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Учир нь “Индранил” шүдний эмнэлгийн эмчийн “...Имплант шүдэлбэр 5 сарын дараа хийгдэх боломжтой болох бөгөөд эмчилгээний төлбөр нь 2,500,000 төгрөг болно” /хавтаст хэргийн 91 дэх тал/ гэх албан ёсны тамга, тэмдэг, гарын үсэгтэй эх хувь баримтыг хавтаст хэрэгт гаргаж ирүүлсэн байх тул 2,500,000 төгрөгийг шүүгдэгч И.Э-аас гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г-д олгохоор шийдвэрлэв.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г-д 70,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн талаар аль аль нь мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогчид 70,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч И.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, өөрийн өмчлөлийн малтай гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог, хохирол төлбөрөө цаашид барагдуулах боломжтой байх тул И.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан, хохирогчийн хувьд шүүгдэгчид хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх, шүүгдэгч ял шийтгэлийн талаар өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна гэх тайлбарыг тус тус гаргав. 

Шүүгдэгч И.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон 2,500,000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч ажил хөдөлмөр эрхэлдэг, хувьдаа оногдох малтай болох нь ажил олгогч “Бат Хан Охь” ХХК-ийн тодорхойлолт /хавтаст хэргийн 83 дахь тал/, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын хуулбар /хавтаст хэргийн 76 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч И.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүхээс тогтоосон төлбөрийг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Эт шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.   

Бусад асуудлаар.

Шүүгдэгч И.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г-д 70,000 /далан мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овгийн И-ийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э-т шүүхээс оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Э-аас нийт 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г-д олгож, иргэний нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалин болох 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч И.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г-д 70,000 /далан мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч И.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

                                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ВОЛОДЯ