Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Г.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа,

Шүүгдэгч Г.Лхагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зуут овогт Галбадрахын Лхагвадоржид холбогдох эрүүгийн 201626031021 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1995 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 4 дүгээр гудамж, 119-15б тоотод оршин суух, Сутайн буянт зах дээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, /РД: У395080955/  Зуут овогт Галбадрахын Лхагвадорж  нь:

-  2016 оны 07 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайнь 5 дугаар гудамжны үзүүрт бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Г.Оргилыг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Г.Оргил мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдэээ: “...Би 2016 оны 7 дугаар сарын 17-ны орой найз Энхүүш, Солонго нартай 0,75 гр Хар Чингис архи авч хувааж уусан. Бид нар 23 цагийн үед найз Тэмүүжинг гэрт нь хүргэж өгөхөд ээж Д.Чулуунцоож нь гарч ирээд тосч авсан юм. Тэмүүжин гэртээ орж, Энхүүш, Э.Солонго, Д.Чулуунцоож эгч, охин Хулан нарын хамт дэлгүүрийн шатан дээр тамхи татаад сууж байхад хажуугаар 3 эрэгтэй хүүхэд өнгөрсөн. Д.Чулуунцоож эгч “юу байна Лхагвадоржоо” гэж хэлэхэд Г.Лхагвадорж юм дуугаралгүй өнгөрөөд явсан. Тэгсэн Д.Чулуунцоож эгч түүний араас  “хүн мэндэлж байхад чи яасан их зантай юм бэ” гэхэд Г.Лхагвадорж  “юу гээд байнаа” гээд хэрүүл хийж байгаад явсан. Тэгсэн араас нь Хулан нэг үг хэлсэн. Яг юу гэж хэлсэнийг нь би сонсоогүй. Тэгсэн Г.Лхагвадорж “чи хүрч ирээд хэлчих” гээд байхаар нь би найз Энхүүшийн хамт очсон. Тухайн үед Г.Лхагвадорж өөрөөсөө гадна 2 насанд хүрээгүй жаахан хүүхэдтэй хамт зогсож байсан. Тэгсэнээ “та нар тэрийг таних уу, гөлөгнүүдээ” гээд томроод хэрүүл өдөөд байсан. ...Лхагвадоржид хандаж “ахын дүү нар жаахан байна. Хэрүүл хийгээд хэрэггүй явцгаа” гэхэд савсагнаад үсэрч цовхчиж байснаа гэнэт миний нүүр рүү цохисон. Тэр үед нь би манараад доошоо суухад нүүр рүү өшиглөсөн. Тухайн үед хамарнаас цус гараад доошоо суусан. Миний шүдний баримт 1.200.000 төгрөг болсон байгаа…” гэжээ. / хх 14 /,

Гэрч Д.Чулуунцоож мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  “…Ц.Энхбаяр, Г.Оргил хоёртой ойр зуурын юм яриад сууж байхад хажуугаар манай гудамжны Г.Лхагвадорж гэх залуу болон зүс таних хоёр хүүхдийн хамт явж өнгөрсөн юм. Би тухайн үед Г.Лхагвадоржид хандаж “Лхагвадоржоо сайн уу ” гэж мэнд мэдэхэд, “миний сайн муу чамд ямар хамаатай юм бэ? ” гэж хэлээд яваад өгсөн. Тэгсэн араас нь Ц.Энхбаяр “хөөе чи хүн чамтай мэндэлж байхад чи юу гээд байгаа юм  бэ” гэж хэлсэн. Тэгсэн Г.Лхагвадорж буцаж ирээд хэрэлдээд байх шиг байсан. Би охин Солонго, Мичидмаа хоёр дээр очсон. Тэгсэн гэнэт хүмүүс зодолдоод байгаа чимээ гарахаар нь хартал Ц.Энхбаяр, Г.Оргил хоёр гудамж өгсөөд гүйж байсан. Би яг хэн нь хэнтэйгээ зодолдсоныг хараагүй. Сүүлд нь Г.Оргил намайг Г.Лхагвадорж цохисон гэж ярьж байсан…” гэжээ. / хх 20 /,

Гэрч Ц.Энхбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 07 дугаар сарын 17-ны орой 23.00 цагийн үед Тайнийн 5 дугаар гудамжны үзүүрт байх хүнсний дэлгүүрийн үүдэнд Д.Чулуунцоож эгч, түүний охин Хулангийн хамт явж байхад нь тааралдаж тамхи татаад сууж байсан юм. Тухайн үед үл таних 3 хүүхэд хажуугаар зөрж өнгөрөх үед Д.Чулуунцоож эгч “юу байна Лхагваа “гэхэд “миний сайн муу таньд ямар хамаатай юм бэ” гээд үг сөрж хэлсэн. Г.Оргил “ахын дүү нар зүгээр гэртээ харьцгаа” гэж хэлээд гарыг нь мушгиж байгаад тавиад, хамт явж байсан эрэгтэй хүүхдийг заамдаж аваад сэгсрээд “гэртээ харь мэд үү” гэж хэлчээд эргэж хараад явж байхад Лхагваа Оргилыг цохиод, нүүр рүү нь өшиглөсөн …” гэжээ.  / хх 21-22 /,

Гэрч Э.Солонго мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “... 2016 оны 07 дугаар сарын 17-ны орой Г.Оргил, Ц.Энхбаяр нартай 0,75 л Хар Чингис архи хувааж уугаад 23.00 цагийн үөд харих гээд явж байхдаа найзынхаа ээж Д.Чулуунцоож, Хулан нартай тааралдсан. Г.Оргил, Ц.Энхбаяр, Д.Чулуунцоож эгч гурав дэлгүүрийн үүдэнд тамхи татаад сууж байсан. Би тухайн үед нэлээн халамцуу байсан. Гэнэт хүмүүс дуугараад зодоон болоод байх шиг байсан. Би Г.Оргил, Ц.Энхбаяр хоёр дээр очиж уулзахад найз Оргилын нүүрнээс цус гарч байсан, нүд нь хавдсан байсан. “ Яасан юу болсон” гэж асуухад “сая энд хэдэн бацаан нарт зодуулчихлаа” гэж хэлсэн.Тухайн үед Г.Оргилын нүүрний доод ам хамарнаас л цус гарч байсан байх, зүүн талын нүд нь хавдсан байсан…” гэжээ.  / хх 23 /,

Гэрч Т.Мичидмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...манай ээж Д.Чулуунцоож Г.Лхагвадоржид хандаж “Лхагвадоржоо сайна уу ” гэж хэлэхэд “миний сайн муу чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд яваад өгсөн. Тэгсэн араас нь Ц.Энхбаяр ах “хөөе чи хүн мэндэлж байхад чи юу гээд байгаа бацаан бэ” гэж хэлэхэд Г.Лхагвадорж буцаж ирээд хэрэлдээд байхаар нь би “та нар больцгоогооч” гэж хэлээд гэртээ орсон. Удалгүй гадаа орилдоод зодоон болоод байх шиг байхаар нь гараад хартал Г.Оргил, Ц.Энхбаяр нар гудамжаар дээшээ гүйгээд явж байсан…” гэжээ. / хх 24 /

Насанд хүрээгүй гэрч Г.Баяржаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Ч.Лхагвадорж ах уурлаад тэр саарал цамцтай хар өнгийн саравчтай малгай өмссөн залууг нь баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохиход доошоо тонгойход нүүр рүү өшиглөсөн. Тэгсэн Ц.Сүхнямын гэрээс хүмүүс гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд тэр хоёр залуу зугтаагаад явсан…” гэжээ.  / хх 26 /,

Насанд хүрээгүй гэрч Ц.Сүхням мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Тухайн үед улаан цамц өмссен залуутай хамт ирсэн, арай намхан нуруутай, саарал цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай залуу нь Г.Лхагвадорж ахтай маргалдаад “чи юу гээд байгаан алив үзье” гээд дайраад ирэхэд нь Г.Лхагвадорж ах баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохиход доошоо тонгойход нүүр рүү өшиглөсөн. Тэгсэн манай гэрээс эцэг, эх гарч ирэхэд тэр хоёр залуу зугтаагаад гүйсэн...” гэжээ. / хх 29 /,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №10117 тоот шинжээчийн дүгнэлтэнд:

“…1. Г.Оргилын биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт, баруун, зүүн дээд 1 дүгээр шүд, баруун доод 1 дүгээр шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэн. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөхгүй…” гэжээ. / хх 33 /

Шүүгдэгч Г.Лхагвадоржийг  2016.08.10-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 43-45, 46-47 /,  2016.08.15-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 49-51 /,

Шүүгдэгч Г.Лхагавадоржийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 53 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Лхагвадорж мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо нөхөн төлсөн. Би ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж маань хоёр хөл нь хугарсан хэвтэрт байдаг. Одоо “Сутайн буянт” ХХК-д аккумлятор зарах ажил хийж байгаа. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Лхагвадорж нь 2016 оны 07 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайны 5 дугаар гудамжны үзүүрт бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн Г.Оргилыг үл ялих зүйлээр шалтаглан зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

-“...Би 2016 оны 7 дугаар сарын 17-ны 23 цагийн үед найз Энхүүш, Э.Солонго, Д.Чулуунцоож эгч, охин Хулан нарын хамт дэлгүүрийн шатан дээр тамхи татаад сууж байхад хажуугаар 3 эрэгтэй хүүхэд өнгөрсөн. Д.Чулуунцоож эгч “юу байна Лхагвадоржоо” гэж хэлэхэд Г.Лхагвадорж юм дуугаралгүй өнгөрөөд явсан. Тэгсэн Д.Чулуунцоож эгч “хүн мэндэлж байхад чи яасан их зантай юм бэ” гэхэд Лхагвадорж “юу гээд байнаа” гээд хэрүүл хийж байгаад явсан. Г.Лхагвадорж “та нар тэрийг таних уу, гөлөгнүүдээ” гээд томроод хэрүүл өдөөд байсан. ...Лхагвадоржид хандаж “ахын дүү нар жаахан байна. Хэрүүл хийгээд хэрэггүй явцгаа” гэхэд гэнэт миний нүүр рүү цохисон. Тэр үед нь би манараад доошоо суухад нүүр рүү өшиглөсөн…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Г.Оргилын мэдүүлэг / хх 14 /, - “… Ц.Энхбаяр “хөөе чи. Хүн чамтай мэндэлж байхад чи юу гээд байгаан бэ” гэж хэлсэн. Тэгсэн Г.Лхагвадорж буцаж ирээд хэрэлдээд байсан. Би яг хэн нь хэнтэйгээ зодолдсоныг хараагүй, сүүлд нь Г.Оргил намайг Г.Лхагвадорж цохисон гэж ярьж байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Чулуунцоожийн мэдүүлэг  / хх 20 /,

- “...Г.Оргил “ахын дүү нар зүгээр гэртээ харьцгаа” гэж хэлээд гарыг нь мушгиж байгаад тавиад, хамт явж байсан эрэгтэй хүүхдийг заамдаж аваад сэгсрээд “гэртээ харь мэд үү” гэж хэлээд явж байхад Лхагва Г.Оргилыг цохиод, нүүр рүү нь өшиглөсөн…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Ц.Энхбаярын мэдүүлэг   / хх 21-22 /,

“...Гэнэт хүмүүс дуугараад зодоон болоод байх шиг байсан. Тэгтэл найз Оргилын нүүрнээс цус гарчихсан, нүд нь хавдсан байсан. Г.Оргилын ам хамарнаас л цус гарч байсан ба зүүн талын нүд нь хавдсан байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Солонгын мэдүүлэг / хх 23 /,

- “...ээж бид хоёр гэртээ орсоны дараа гадаа орилдоод зодоон болоод байх шиг байхаар нь гараад хартал Оргил, Энхбаяр нар гудамжаар дээшээ гүйгээд явж байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Т.Мичидмаагийн мэдүүлэг / хх 24 /

- “...Ч.Лхагвадорж ах уурлаад тэр саарал цамцтай хар өнгийн саравчтай малгай өмссөн залууг нь баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохиход доошоо тонгойход нүүр рүү өшиглөсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Г.Баяржаргалын мэдүүлэг / хх 26 /,

- “...Тухайн үед улаан цамц өмссөн залуутай хамт ирсэн, арай намхан нуруутай, саарал цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай залуу нь Лхагвадорж ахтай маргалдаад чи юу гээд байгаан алив үзье гээд дайраад ирэхэд нь Лхагвадорж ах баруун гараараа нүүр рүү нь нэг удаа цохиход доошоо тонгойход нүүр рүү өшиглөсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Ц.Сүхнямын мэдүүлэг / хх 29 /,

- “…Г.Оргилын биед баруун, зүүн нүдний зовхины цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт, баруун, зүүн дээд 1 дүгээр шүд, баруун доод 1 дүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн гэмтэл  учирсан талаархи Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10117 тоот шинжээчийн дүгнэлт …” / хх 33 / зэрэг болно.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Г.Лхагвадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг болохыг  дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн  1 ширхэг LG-F-100 маркийн гар утсыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Лхагвадоржид буцаан олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Зуут овогт Галбадрахын Лхагвадоржийг догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвадоржийг 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Лхагвадоржид оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1 ширхэг LG-F-100 маркийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Лхагвадоржид буцаан олгосугай.

5. Г.Лхагвадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Г.Лхагвадоржид оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг / сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 1 / нэг / жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Лхагвадоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЛЗОД