Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 121/ШШ2021/0008

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: *** овогт **

            Хариуцагч: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга

            Нэхэмжлэлийн шаардлага: “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн **дугаартай “Шүүгчийн туслах **-д сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч **, хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Х нар онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянгаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **-с шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд 2012 оны 02 дугаар сараас шүүгчийн туслахаар ажиллаж байна. Манай байгууллага нь хөл хорио цээрийн дэглэм бүх нийтийг хамарсан цар тахал халдварт өвчний үед ажиллах цагийн хуваарь гаргаж 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилчид ажлын байранд, гэрээс онлайнаар ээлжээр ажиллаж эхэлсэн. Ингэж ээлжээр ажиллахдаа шүүгч туслахын хувьд хоёр шүүгч, хоёр туслах ажлын байранд, нөгөө хоёр шүүгч, хоёр туслах нь гэрээс онлайнаар ээлжлэн ажиллаж байгаа. Ингээд би 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс      16-ны өдрүүдэд шүүгчийн туслах Т.Л-н хамт шүүгч нартайгаа ажлын байрандаа ажилласан. Энэ өдрүүдэд мэдээлэл лавлагааны мэргэжилтэн гэрээс ажилласан. Ингэж ажиллаж байх хугацаанд 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Б.С нэхэмжлэлтэй У.Б-д холбогдох нэхэмжлэл шүүхэд ирсэн бөгөөд миний бие уг нэхэмжлэлийг хүлээн авч программаас хуваарилсан. Гэтэл уг нэхэмжлэлийг шүүх өмнө нь хүлээн аваад татгалзаж байсан тул өмнө хүлээн авсан шүүгчид буцаан гараар хуваарилж өгсөн. Тамгын газрын дарга О.Х нь тус өдрөө шүүгчийн зөвлөгөөний тогтоол зөрчиж нэхэмжлэл хуваарилсан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлыг орлон ажиллуулахаар Тамгын газрын даргын тушаал гаргаагүй, мөн тухайн нэхэмжлэлийг өмнө татгалзсан шүүгчид буцаан хуваарилсан байтал сахилгын арга хэмжээ авсныг зөвшөөрөхгүй байна. Учир нь: 1 дүгээрт тухайн долоо хоногийн эхний өдөр тамгын газрын даргаас мэдээлэл лавлагааны ажилтныг хэн орлох талаар асуухад туслах Т.Л та хоёр хийнэ гэж хэлсэн. 2021.04.16-ны хооронд ажиллах долоо хоногт шүүхийн 1 дүгээр давхрын шүүхийн үйлчилгээний танхимд би ганцаараа сууж ажиллаж байсан тул нэхэмжлэлийг би хүлээн авсан. Шүүгчийн туслах Т.Л нь тусдаа өрөөнд суудаг. Шүүхийн мэдээлэл лавлагааны утас 1 дүгээр давхарт миний ширээний хажуу талд байдаг тул утасны дуудлагыг би авч байсан. Нэхэмжлэгч Б.С нь уг нэхэмжлэлээ гаргахдаа шүүхийн утас руу залгаж нэхэмжлэл хэрхэн гаргах уу, улсын тэмдэгтийн хураамжийг ямар дансанд төлөх үү гэж асуугаад шүүхэд анх нэхэмжлэл гаргах гэж байгаа юм шиг л утсаар асуугаад нэхэмжлэлээ авч ирсэн тул би шүүхэд нэхэмжлэлээ анх гаргаж байна гэж ойлгосон. Мөн өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргасан талаараа хэлээгүй, хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг нэхэмжлэлдээ хавсаргаагүй. Өмнө нь шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор дахин ирсэн тохиолдолд тухайн шүүгчид буцаан хуваарилах талаар бүгд л мэднэ. Би уг нэхэмжлэлийг шүүх өмнө нь хүлээн авахаас татгалзсан талаар мэдээгүй учир программаас хуваарилсан.

2 дугаарт тухайн нэхэмжлэлийг өмнө нь хүлээн авсан шүүгчид гараар хуваарилаад буцаагаад өгсөн байтал ямар үр дагавар үүсээд байгааг ойлгохгүй байна, мөн тамгын газрын дарга нь надаар мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлыг орлуулахаар албан ёсоор тушаал гаргаагүй, тухайн өдрүүдэд мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлыг хоёр туслахын дунд орхичхоод зөрчил гарсан гэж сахилгын шийтгэл авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.                                            Мөн тушаалын 2 дугаар заалтад ажилдаа хариуцлагатай хандаж ажиллахыг үүрэг болгосныг ойлгохгүй байна. Тамгын даргын өдөр тутмын үйл ажиллагаанд бидэнд үүрэг болгож мөрдөх зүйлийг тушаалаар үүрэг болгож байгааг ойлгохгүй байна.                         

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн **дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах” тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү”, “...Аль болох бололцоогоороо юмаа хийсэн.  Надад мэдээлэл лавлагааны ажилтныг түр орлон гүйцэтгэх ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй. Шүүхийн ажлыг тасалдуулахгүй гэж мэдээлэл лавлагааны ажлыг түр орлон гүйцэтгэснээс болж сахилгын арга хэмжээ авхуулсандаа гомдолтой байна. Уг сахилгын арга хэмжээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь гэвэл нэгдүгээрт хэрэг хуваарилах зөвлөгөөний тогтоолын 2 дугаар хавсралтын 2.1 дэх хэсэгт “шүүхэд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэлийг буцаасны дараа уг нэхэмжлэл дахин ирсэн тохиолдолд өмнө нь шийдсэн шүүгчид хуваарилна гэж заасан байгаа. Гэхдээ тухайн нэхэмжлэлийг хуваарилах ажлыг тухайн шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн систем дээр тохиргоо хийдэг. Үүнийг бол мэдээлэл лавлагааны мэргэжилтэн программд тохиргоо хийгээгүй байснаас болж нэхэмжлэлийг буруу хуваарилсан. Хоёрдугаарт надад тус орон тоог орлон ажиллах албан ёсны тушаал байгаагүй. Миний ажлын байрны тодорхойлолтод заагаагүй учраас би гомдолтой байна ... Тухайн үед ээлжээр ажиллах хуваарь баталсан байгаа. Энэ дээр мэдээлэл лавлагааны ажилтныг эзэнгүй үед тухайн үед ажиллаж байгаа шүүгчийн туслахууд түр орлон гүйцэтгэнэ гэж байгаа. Тэр өдөр шүүгчийн туслах Л бид 2 ажиллаж байсан. Би мэдээлэл лавлагааны ажилтны өрөөнд ойрхон сууж байсан учраас очиж нэхэмжлэлийг хүлээж авсан. Тэрнээс биш яг  надад үүрэг болгож даалгавар өгсөн юм байхгүй ... Тамгын газрын даргын хувьд тухайн өдөр зөрчил гаргаад арга хэмжээ авсан нь сонсох ажиллагаа хийгээгүй. Мэдээлэл технологийн мэргэжилтэн, ерөнхий шүүгчийн туслах ** хоёртой нийлээд юу юугүй сахилгын арга хэмжээ авна гээд, ямар ч хариу тайлбар авахгүй, сонсох ажиллагаа хийлгүй арга хэмжээ авсан. Тухайн үедээ цар тахлын үед нөөц бололцоогоороо ажилласандаа гомдолтой байна” гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Х-с шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүх нь Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комиссын КОВИД-19 цар тахалтай тэмцэх шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын шуурхай штабын шийдвэрээр шүүхэд ажиллах шүүгч, албан хаагч нарын ажиллах хуваарь гаргасан. Тухайн хуваарийг 2021 оны 3 сарын 23-аас эхлэн одоог хүртэл 14 хонгоор гаргаж хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайн зөрчил гарсан хугацааг нэхэмжлэгч **нэхэмжлэлдээ дурдсан.

Шүүгчийн туслах ** нь Тамгын газраас надад мэдээлэл лавлагааны ажлыг хийх Тамгын газрын даргын тушаал гаргаагүй гэж тайлбарлаж байна. Тухайн шүүхийн шуурхай штабаас шүүгч, ажилтан албан хаагч нарын аюулгүй байдлыг хангах хүрээнд хуваариар ажиллах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг биелүүлэхэд Төрийн албаны тухай хуульд зааснаар албан хаагчийг түр орлон гүйцэтгэх журамд заагдсан сул орон тоог нөхөж ажиллаж байгаа бус ээлжээр ажиллах хуваарийн дагуу тухайн өдрийн цахимаар ажиллаж байгаа мэдээлэл лавлагааны ажил үүргийг түр орлон ажилласан хугацаанд тухайн зөрчлийг гаргасан.

Батлагдсан хуваарьт ажилтнууд хоорондоо хэрхэн нөхөж ажиллах талаар заасан. Тухайн өдөр тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч **би шүүгчийн туслах **-г мэдээлэл лавлагааны ажлыг орлон ажиллах тухай амаар үүрэг даалгавар өгсөн. Өгсөн үүрэг даалгаврыг шүүгчийн туслах ** биелүүлэхдээ шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 146/ЗТ2021/00014 дугаартай тогтоолыг зөрчин шүүхэд ирсэн нэхэмжлэлийг иргэний хэргийн программд буруу бүртгэсэн. Тухайн нэхэмжлэлийг буруу бүртгэгдсэн байна гэдгийг шүүгчийн туслах Т.Л нь мэдэж тухайн нэхэмжлэлийг программаар хуваарилахдаа шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасны дагуу татгалзсан нэхэмжлэл тул өмнө авч татгалзсан шүүгчид хуваарилах ёстой нэхэмжлэл байна гэж шүүгчийн туслах **-д хэлсэн гэсэн.

Шүүгчийн туслах ** нь буруу бүртгэсэн нэхэмжлэлийн иргэний хэргийн программд зөвтгөж залруулга хийхийг хүссэн хүсэлтээ гаргаж миний бие Мэдээлэл технологийн мэргэжилтэн Н.М-д нь зөвшөөрч залруулга хийсэн. Нэхэмжлэлийг яагаад буруу хуваарилсан гэж шүүгчийн туслах ** асуухад нэхэмжлэлийг шинээр гаргаж байгаа юм шиг өгсөн болохоор нь авсан. Урьд гаргаж байсан нэхэмжлэл мөн эсэхийн асуугаагүй, программд шалгаагүй хүлээн авсан. Би урьд нь нэхэмжлэл гаргаад түүнийг татгалзсан тохиолдол өмнөх татгалзсан шүүгчид нэхэмжлэлийг дахин хуваарилах ёстой гэдгийг мэднэ гэж тайлбар өгч байсан.

Энэ тайлбараас нь үзэхэд өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Шүүгчийн туслах ** нь тухайн нэхэмжлэлийг буруу бүртгэснээс болж дараагийн хүлээн авсан 3 нэхэмжлэлийг хуваарилах ажиллагаа өөрчлөгдсөн гэж үзсэн. Нэхэмжлэлийг тухай өдөрт нь залруулсан боловч тухай нэхэмжлэлийн дараа нь бүртгэсэн 3 нэхэмжлэлийг засварлах боломжгүй болсноор хэрэг хуваарилах журмыг зөрчсөн байна гэж үзээд Төрийн албан тухай хуулийн дагуу ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол зөрчсөн байна гэж үзэж шүүгчийн туслах **-д сахилгын шийтгэл ногдуулсан.

Шүүгчийн туслахын албан тушаалын тодорхойлолтын 8 дугаар зорилтын   1-д удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхдээ ажилтан алдаа зөрчил гаргахгүй ажиллах үүрэгтэй. Тушаалын 2 дугаар заалтыг хувьд тухайн ажилтан цаашид ажил үүргээ гүйцэтгэхдээ дахин алдаа гаргалгүй ажиллахыг анхааруулсан заалт юм.

Иймд шүүгчийн туслах ** гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”, “...Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд зааснаар нэхэмжлэлийг хүлээж авахдаа урьд нь татгалзсан, буцаасан бол тухайн өмнөх шүүгчид хуваарилах байсныг өөр шүүгчид хуваарилсан. Өөр шүүгчид хуваарилснаас болж дараагийн хүлээж авах нэхэмжлэлийн шүүгчдийн дараалал зөрсөн. Б гаргасан зөрчилд нэхэмжлэлийг буруу хуваарилсан гэдэг үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан. Ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгүүлсэн гэдэг тайлбарыг өгч байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй ба өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн. Мэдээлэл лавлагааны ажилтан бол ковидын нөхцөл байдлын үед онлайнаар ажиллаж байсан. Онлайнаар ажиллаж байх үед нэхэмжлэлийг онлайнаар хүлээж авах боломжгүй байсан учраас тухайн өдөр биеэр ажиллаж байсан шүүгчийн туслах тэр үүргийг гүйцэтгэсэн ... Тухайн үүрэг даалгаврыг биелүүлж байхдаа би алдаа зөрчил гаргасан” гэж гаргасан алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Гаргасан зөрчилд нь тамгын газрын даргын зүгээс хариуцлага тооцсон. Арга хэмжээ авахдаа сануулах буюу Төрийн албаны тухай хуульд заасан хамгийн бага сахилгын шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Яагаад вэ гэвэл зөрчил гаргасан. Зөрчилд хариуцлага тооцсон” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ** нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн **дугаартай “Шүүгчийн туслах **-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн **дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1, тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг үндэслэн шүүгчдийн зөвлөгөөнөөр батлагдсан хэрэг хуваарилах журмыг зөрчиж иргэний хэрэг хянан шийдвэрлэх нэгдсэн системд нэхэмжлэл буруу бүртгэсэн зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэгч ** сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.С-с тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүгчийн туслах ** нь хүлээж авч, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “Иргэн-2014” нэгдсэн системд тойрог дотор санамсаргүй сонгогдох аргаар шүүгч Г.Э-д хуваарилсан байна. Гэтэл уг нэхэмжлэлийг өмнө нь тус шүүхийн шүүгч Б.С нь 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 146/ШЗ2021/00316 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэл байжээ.

Улмаар нэхэмжлэгч ** хүсэлтийн дагуу Тамгын даргын зөвшөөрлөөр мэдээлэл технологийн мэргэжилтэн нь системд нэхэмжлэлийг шүүгч Б.С-д хуваарилсан байна. 

Тус шүүхийн шүүгчдийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 146/ЗТ2021/00014 тоот зөвлөгөөний тогтоолоор баталсан “Эрүү, иргэний шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх хэрэгт оролцох шүүгчийг томилох дарааллыг тогтоох, шүүхэд хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын хоёрдугаар хавсралтын 2.1-д “Шүүхэд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэлээ татан авсны дараа уг нэхэмжлэл дахин ирсэн тохиолдол тус бүр өмнө шийдсэн шүүгчид өөрт нь хуваарилах...” гэж заасан байна. 

Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар тодорхойлогдоно. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д заасны дагуу ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, 37.1.13-т заасан албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг биелүүлээгүй, тодруулбал шүүгчийн туслахын албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилтын 8-д заасан Удирдах албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэж заасныг хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэлийг хүлээн авч системд бүртгэх нь шүүгчийн туслахын албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын чиг үүрэг биш боловч короновируст халдвар /ковид-19/-ын цар тахалтай холбоотойгоор улс орон даяар төрийн албан хаагчид тогтоосон хуваарийн дагуу ажиллаж байсан, энэ үед мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлыг орлон гүйцэтгэх үүргийг Тамгын даргаас өгсөн, нэхэмжлэгч нь удирдлагын зүгээс өгсөн үүргийн хүрээнд системд нэхэмжлэл өмнө нь ирсэн эсэхийг нягталж шалгалгүйгээр буруу хуваарилж шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан дээрх журмыг зөрчсөн болох нь ** өөрийнх нь Тамгын даргад гаргасан хүсэлт, мэдээлэл технологийн мэргэжилтний “Нэхэмжлэл өөр шүүгчид хуваарилсан тухай” тодорхойлолт, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тухай” захирамж, анхан шатны шүүхэд нэхэмжлэл хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн бүртгэл зэргээр тогтоогджээ.

Нэхэмжлэгчээс “Мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажлыг орлон ажиллуулахаар Тамгын газрын даргын тушаал гаргаагүй, нэхэмжлэлийг өмнө нь хүлээж авсан шүүгчид буцаан хуваарилсан байхад сахилгын арга хэмжээ авсныг зөвшөөрөхгүй” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тус шүүхийн Тамгын газрын дарга нь 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхэд хөл хорио, цээрийн дэглэм бүх нийтийг хамарсан цар тахал /ковид-19/ халдварт өвчний үед мөрдөж ажиллах хуваарь”-ийг батлахдаа мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.М-г онлайнаар ажиллах үед ажиллаж байгаа шүүгчийн туслах орлон ажиллах талаар тусгасан байх тул заавал тушаал гаргах шаардлагатай гэж үзэхгүй. Энэ ч утгаараа шүүгчийн туслах ** нь тухайн өдөр шүүхэд ирсэн нэхэмжлэлүүдийг хүлээн авч ажилласан атлаа орлон ажиллах тушаал гаргаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн буруу хуваарилсан нэхэмжлэлийг системд залруулан хуваарилсан нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 48.1.1.сануулах;” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс сонсох ажиллагаа хийгээгүй гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан, мөн Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журамд энэ талаар заасан. Хариуцагчаас дээрх хууль болон журамд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон, гэвч нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь тогтоогдсон энэ тохиолдолд сонсох ажиллагаа хийснээр зөрчлийг үгүйсгэх нөхцөл байдал үүсэхээргүй байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг үгүйсгэж, хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ** Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан гаргасанӨвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн **дугаартай “Шүүгчийн туслах **-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, гуравдагч этгээд 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ