| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2022/0169/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/02 |
| Огноо | 2022-12-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/02
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
улсын яллагч А.Д,
оруулагч, хэлмэрч Б.Ж,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч Х.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж ургийн овогт Хийн Ед холбогдох 2213002670226 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, ам бүл 9, эхнэр, 7 хүүхдийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багийн 29 дүгээр гудамжны 09 тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзуулсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Жадик Баян ургийн овогт Харакөзийн Е, регистрийн дугаар
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар.
Шүүгдэгч Х.Е нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Хийн амбаарт нэвтэрч 20 литрийн болон 8 литрийн хөнгөн цагаан тогоо тус бүр 1 ширхэг, хөнгөн цагаан таваг 1 ширхэг, хагас түрийтэй гутал 2 хос зэрэг эд зүйлсийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 216000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс өгсөн мэдүүлэг,
1.1. Шүүгдэгч Х.Е мэдүүлэхдээ: “Би тухайн өдөр гэртээ зууны байшиндаа унтаж байхад нөгөө залуу ирээд намайг сэрээгээд, хоёулаа нэг шил архи хувааж уусан.Тэгээд хоёулаа гаръя гээд намайг дагуулж гарсан. Би нэлээн халамцуу байсан бөгөөд араас нь дагаж яваад байсан. Тэгээд нөгөө залуу булан эргээд дэлгүүрийн цоожийг эвдсэн. Хоёулаа хамт ороод тогоо, плитк авч гарсан. Би өргөж чадахгүй байсан тул тэр залуу өөрөө өргөсөн. Улмаар хоёулаа такси барьж гүүрний цаана байдаг нэг айл руу аваачсан. Энэ хэнийх юм гэж асуухад манай хамаатных гэж хэлсэн. Тухайн гэрт очсоны дараа “энэ залуу Казахстан улс руу нүүх гэж байгаа” гэхэд нь би “үгүй” гэж хэлэхэд над руу харж нүдээ ирмэсэн. Тэгээд тухайн айлаас 70.000 төгрөг авч гараад архи авч уусан бөгөөд би согтсон байсан. Гэртээ яаж ирснээ мэдээгүй. Эхнэр маань усанд оруулж, унтуулсан байсан. Нөгөө залуу саатуулах байранд саатуулагдсан байна. Маргааш нь дэлгүүрийн эзэн намайг олж аваад юмнуудаа олж өгөхийг шаардахад нь нөгөө айл руу дагуулж очсон. Би хоёр өдөр ажил хийгээд 70.000 төгрөгийг төлж, тогоо зэргийг нь буцаагаад өгсөн. ” гэв.
2. 2213002670226 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Д.Хээс 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...2022 оны 8 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдийн хооронд Өлгий сумын 8 дугаар багт байрлах гэрийн хажуу талын махны амбаарын цоожны цүүг эвдэн хулгай орж, дотроос нь 20 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 8 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, хөнгөн цагаан том таваг 1 ширхэг, шинэ хагас түрийтэй гутал 2 ширхэг зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай “...Уг байшин нь 4х10 метрийн харьцаатай 2 талд нүүрс болон модны амбаартай, дунд хэсэгт нь 4х4 метрийн хэмжээтэй махны амбаар байв. Уг амбаар нь 1х1 метрийн хэмжээтэй модон цонхтой, 160х80 см-ийн хэмжээтэй модон хаалгатай, хаалганы дээд талд цоожны цүү байв...” гэсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 4-6 дахь тал),
2.3. Иргэн Х.Аоос гаргаж өгсөн тогоо, таваг, гутал зэрэг эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 10-13 дахь тал),
2.4. Хохирогч Д.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай өвлийн байшингийн баруун талд байрлах махны амбаарт 2022 оны 8 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдийн хооронд бид нар гэрт байхгүй үед цоожны цүүг нь эвдэж ороод дотроос нь 20 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 8 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, хөнгөн цагаан том таваг 1 ширхэг, шинэ хагас түрийтэй гутал 2 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж аваад буцааж цоожны цүүг оронд нь хадсан байна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
2.5. Хохирогч Д.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Миний хулгайд алдсан эд зүйлсийг цагдаагийн албан хаагч нар хулгайлсан этгээдээс хураан авч надад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Надад ямар нэгэн гомдол, санал болон хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
2.6. Гэрч К.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний нөхөр болох Х.А нь 2022 оны 9 дүгээр сарын дундуур байх нэг өдөр 20 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 8 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, хөнгөн цагаан таваг 1 ширхэг, цэргийн хагас түрийтэй гутал 2 хосыг тус тус авч ирсэн. Тэгээд нөхрөөсөө “энэ эд зүйлс хаанаас ирсэн вэ” гэж асуухад нэг хүн Казахстан Улс руу нүүх гэж байгаа болохоор хямд үнээр зарж байна, мөнгийг нь дараа өгөхөөр болж тохироод аваад үлдсэн. Эдгээр эд зүйлүүдийг чамд үзүүлэх гэж гэрт аваад ирлээ гэхээр нь хэрэглэж байсан хуучивтар эд зүйлүүд болохоор нь би авахгүй, авсан хүнд өгөөрэй гэж буцааж нөхөрт өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),
2.7. Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын дундуур миний бие өөрийн хашаанд шаврын ажил хийж байхад гаднаас Харакөзийн Е том шуудайд хийсэн эд зүйл өргөж ирсэн. Тэгээд надад миний бие тун удахгүй Казахстан улс руу нүүх гэж байгаа болохоор гэрийн эд хогшлыг зарж байна. Чи хямд үнээр худалдаж авах уу гэж надад шуудай дотроос 20 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 8 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, хөнгөн цагаан таваг 1 ширхэг, хагас түрийтэй цэргийн хуучивтар өмсөж хэрэглэж байсан гутал 2 хос зэрэг эд зүйлүүдийг үзүүлж бүгдийг нь нийлүүлж 70,000 төгрөгөөр аваарай гэж хэлсэн. Тэгээд хэрэглэж байсан хөнгөн цагаан тогоо, таваг зэрэг зүйлүүд болохоор эхнэрт үзүүлж худалдаад авъя гэсэн санаа төрж таны эд зүйлүүдийг манай эхнэр эзгүй байгаа, ирэхээр нь үзүүлж авах, авахгүй талаар танд хариу өгье гэж хэлэхэд тэгвэл эдгээр эд зүйлүүдийг танайд орхиж маргааш ирээд та худалдаж авах юм бол мөнгийг авч явна гэж хэлээд тухайн эд зүйлүүдийг надад үлдээгээд яваад өгсөн. Тэгээд тухайн эд зүйлүүдийг эхнэр ирэхээр нь үзүүлэхэд хүний хэрэглэж байсан хуучин эд зүйлүүдийг худалдаж авахгүй хүнд нь буцааж өг гэж хэлэхээр нь гэрээс гаргаж хашаа дотор байрлах нүүрсний амбаарт оруулж тавьсан.
Х.Еы надад өгсөн эд зүйлүүдийг бүгдийг нь хэрэглэхгүйгээр нүүрсний амбаарт оруулсан байсан. Тэгээд маргааш нь Х.Е огт ирээгүй бөгөөд дахиж түүнийг хараагүй болно. Х.Е ямар утас барьж явдаг гэдгийг мэдэхгүй учраас тухайн эд зүйлүүд манай нүүрсний амбаарт байсан. Тэгээд цагдаа нар ирж хурааж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
2.8. Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Тэгээд Е нь цагдаагийн албан хаагчдын хамт манайд ирээд надад хэлэхдээ би урьд танд авч ирж өгөөд явсан эд зүйлсийг хүнээс хулгайлсан юм. Тухайн үед би танд өөрийн эд зүйлс гэж худлаа хэлсэн. Одоо цагдаа нарт баригдсан учраас тухайн эд зүйлсийг эзэнд нь буцааж өгнө гэж ярьж байсан. ...Е надаас 70,000 төгрөг авч яваад эд зүйлсээ буцааж авах үед 65,000 төгрөг авч ирж өгсөн нь үнэн. Гэхдээ би түүнээс 5,000 төгрөгөө нэхэмжлэхгүй. Надад ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед Х.Е ганцаараа ирж уулзсан. Хажууд нь өөр хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),
2.9. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээчний үнэлгээ тогтоосон тухай 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн БӨА-22-0269 дугаартай “...2022 оны 9 дүгээр сарын байдлаар дээрх эд зүйлүүдийн нийт үнэ 151,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 45-48 дахь тал),
2.10. Яллагдагч Х.Еы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 8 дугаар сарын сүүл үед байсан, сар өдрийг нь тодорхой санахгүй байна. Нэг өдөр 10-12 цагийн орчимд архи уугаад гудамжинд согтуу явж байгаад манай багийн нутаг дэвсгэр, манайхаас 2 гудамжны цаана байдаг нэг айлын хашаанд ороод тус хашаанд байсан амбаарын дотор байсан хөнгөн цагаанаар хийгдсэн 2 тогоо, 1 том таваг, хагас түрийтэй 2 ширхэг хос гутлыг аваад тус амбаарт байсан нэг том шуудайнд хийж авч гараад гүүрний цаана байдаг зүс таних А гэх хүний хашааны гадна очиход А хашаандаа ажил хийгээд явж байсан. Тэгээд би Атой уулзаад “би Казахстан улс руу нүүх гэж байгаа тул өөрийнхөө гэрийн эд зүйлсийг зарж байна. Та миний энэ сав суулга, эд зүйлсийг худалдаж авах уу “гэж хэлээд түүнтэй тохиролцоод 70,000 төгрөгөөр худалдсан. Улмаар 10 дугаар сард цагдаа нар миний хулгай хийснийг мэдээд Ат аваачиж өгсөн сав суулга, эд зүйлсийг буцаагаад хурааж авсан юм..
...Тухайн үед би ганцаараа явж байгаад хулгайлсан...Тухайн амбаарын хаалганы гадна жижиг цоожтой байсан. Уг цоожийг гараараа хүчтэй татахад цүүний хадаас нь сугарч гараад ирсэн... Би ганцаараа очсон. Миний хажууд өөр хүн байгаагүй..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.11. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 69-70 дахь тал),
2. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 518 дугаартай “...Харакөзийн Еы эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй газар байхгүй байна..” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дэх тал),
3. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...Танай өрх Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэн буюу нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/14 дугаар тушаалаар баталсан амьжиргааны түвшний 409679 босго шугамаас доогуурт багтсан байна.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 83 дахь тал),
4. Шүүгдэгч Х.Еы иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 73-74 дэх тал),
5. Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал),
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал),
7. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-йн шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн Өлгий сумын 8 дугаар багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тодорхойлолт, Е.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, Е.Н, Е.А, Е.А, Е.А, Е.Н нарын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтууд болно.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүгдэгч Х.Е нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Хийн хашаан дахь амбаарын хаалганы цүүг эвдэн орж, 20 литрийн болон 8 литрийн хөнгөн цагаан тогоо тус бүр 1 ширхэг, хөнгөн цагаан таваг 1 ширхэг, хагас түрийтэй гутал 2 хос зэрэг эд зүйлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 216000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Үүнд:
2.1. Иргэн Д.Хээс 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 4-6 дахь тал),
2.3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 10-13 дахь тал),
2.4. Хохирогч Д.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай өвлийн байшингийн баруун талд байрлах махны амбаарт 2022 оны 8 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрүүдийн хооронд бид нар гэрт байхгүй үед цоожны цүүг нь эвдэж ороод дотроос нь 20 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 8 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, хөнгөн цагаан том таваг 1 ширхэг, шинэ хагас түрийтэй гутал 2 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж аваад буцааж цоожны цүүг оронд нь хадсан байна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),
2.5. Гэрч К.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний нөхөр болох Х.А нь 2022 оны 9 дүгээр сарын дундуур байх нэг өдөр 20 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, 8 литрийн хөнгөн цагаан тогоо 1 ширхэг, хөнгөн цагаан таваг 1 ширхэг, цэргийн хагас түрийтэй гутал 2 хосыг тус тус авч ирсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),
2.6. Гэрч Х.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 9 дүгээр сарын дундуур үед миний бие өөрийн хашаанд шаврын ажил хийж байхад гаднаас Харакөзийн Е том шуудайд хийсэн эд зүйл өргөж ирсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
2.7. Яллагдагч Х.Еы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 8 дугаар сарын сүүл үед байсан, сар өдрийг нь тодорхой санахгүй байна. Нэг өдөр 10-12 цагийн орчимд архи уугаад гудамжинд согтуу явж байгаад манай багийн нутаг дэвсгэр, манайхаас 2 гудамжны цаана байдаг нэг айлын хашаанд ороод тус хашаанд байсан амбаарын дотор байсан хөнгөн цагаанаар хийгдсэн 2 тогоо, 1 том таваг, хагас түрийтэй 2 ширхэг хос гутлыг аваад тус амбаарт байсан нэг том шуудайнд хийж авч гараад гүүрний цаана байдаг зүс таних А гэх хүний хашааны гадна очиход А хашаандаа ажил хийгээд явж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
3.4. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Х.Е нь 2022 оны 08 дугаар сарын сүүлээр иргэн Д.Хийн хашаан дахь амбаарын хаалганы цүүг эвдэж дотогш нэвтрэн 20 литрийн болон 8 литрийн хөнгөн цагаан тогоо тус бүр 1 ширхэг, хөнгөн цагаан таваг 1 ширхэг, хагас түрийтэй гутал 2 хос зэрэг эд зүйлсийг шуудайд хийж авч явж улмаар иргэн Х.Ат 70000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байна.
3.5. Шүүгдэгч Х.Еы яллагдагчаар өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг бусад нотлох баримтуудтай харьцуулан судлахад тэрээр хэрэг учрал болох үед ганцаараа явж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.
4. Эрх зүйн дүгнэлт:
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Х.Еы хохирогч Д.Хийн эзэмшлийн амбаарын хаалганы цүүг эвдэж орж, хөнгөн цагаан тогоо, таваг, хагас түрийтэй гутал зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирол учруулсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
4.2. Бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр, тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр авч болохгүй гэдгийг шүүгдэгч мэдсээр байж, өөрийнхөө эзэмшилдээ дээрх эд зүйлсийг үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авч, улмаар бусдад худалдаж захиран зарцуулсныг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан гэж үзэх бөгөөд түүний үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэсэн шинжийг хангасан байна.
4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэж энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
4.4. Шүүгдэгчийн хувьд хохирогчийн эзэмшлийн амбаар нь тухайн цаг хугацаанд нэвтрэх нь зөвшөөрөгдөөгүй орон зайд хамаарах бөгөөд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр амбаарын хаалганы цүүг эвдэж дотогшоо нэвтэрсэн үйлдлийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн хууль бус нэвтрэлт гэж үзнэ.
4.5. Шүүгдэгчийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл төдийгүй өөрийнхөө үйлдлийн хууль бус шинж чанарыг ухамсарласан атал бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж, хохирогчид хохирол учруулсан учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.6. Шүүгдэгч Х.Еы үйлдсэн гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн ” гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.7. Иймд шүүгдэгч Х.Еыг хохирогч Д.Хийн эзэмшлийн амбаарын хаалганы цүүг эвдэж орж 216000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлсан буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.8. Шүүгдэгч нь амар, хялбар аргаар мөнгө олох зорилготой байсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг гарахад шууд нөлөөлжээ.
5.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
5.1. Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн хулгайлсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 216000 төгрөгөөр тогтоосныг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлын хэмжээг тогтоох нь үндэслэлтэй байна.
5.2. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Хд 216000 төгрөгийн хохирол учирсныг гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн Х.Аоос тогоо, таваг, хагас түрийтэй гутал зэрэг эд зүйлүүдийг хураан авч хохирогч Д.Хд хүлээлгэж өгсөн нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний хулгайд алдсан эд зүйлсийг цагдаагийн албан хаагч нар хулгайлсан этгээдээс хураан авч надад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Надад ямар нэгэн гомдол, санал болон хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр (хавтаст хэргийн 30 дахь тал) нотлогдож байна.
5.4. Иргэн Х.Аоос хулгайд алдагдсан эд зүйлсийг хураан авах үед шүүгдэгчээс 65000 төгрөгийг буцаан авч, үлдэгдэл 5000 төгрөгөө нэхэмжлэхгүй гэж мэдүүлжээ.
5.5. Иймээс хохирогчид учирсан хохирол биет байдлаар төлөгдсөн, шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 40 дэх тал),
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Х.Еыг шүүхээс хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Х.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчид учирсан хохирол биет байдлаар төлөгдсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болно.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд “...Өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн талаар ямар нэгэн маргаан байхгүй байна. Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэргийн бүх үйл явцтай танилцаад гэм буруугийн хувьд маргахгүй оролцоод ирсэн. Шүүгдэгч Х.Еы хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулж өгсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар улсын яллагчаас санал болгож буй 2 жил 2 сарын хорих ялыг 1 жил 2 сар болгож багасгаж өгөхийг хүсэж байна...” гэсэн агуулгатай дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.4. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Е нь хувийн байдлын хувьд гэрлэсэн, 7 хүүхэдтэй, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзуулж байсан, тодорхой эрхэлсэн ажилгүй, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнд хамаардаг зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 67, 69, 73-75, 81, 83 дэх тал),
2.5. Шүүгдэгчийн шунахайн сэдэлтээр гэмт санаагаа хэрэгжүүлснийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас ... гэмт хэрэг үйлдсэнд тооцоогүй бөгөөд өмнө ял шийтгүүлсэн нь эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж хуульчилжээ.
2.7. Шүүгдэгч Х.Е нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед зарим үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлсэн хэдий ч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ үгүйсгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хулгайлагдсан эд зүйлсийг илрүүлэхэд тусалж, эд зүйлсийг худалдсан хүнийг зааж өгч, улмаар иргэн Х.Ат худалдсан эд зүйлүүдийн мөнгийг нөхөн төлсөн зэрэг тогтоогдсон нөхцөл байдлуудыг дүгнээд шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн болно.
2.8. Шүүгдэгч Х.Еы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, тодорхой эрхэлсэн ажилгүй, бага насны хүүхэдтэй гэх хувийн байдал, 216000 төгрөгийн хохирол учруулсан, учруулсан хохирол нөхөн төлөгдсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.
2.9. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
3. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч Х.Е нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
3.2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хулгайлсан эд зүйлсийг иргэн Х.Ат 70000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдсон учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 70000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэв.
3.3. 2213002670226 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогчид учирсан хохирол биет байдлаар төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж ургийн овогт Хийн Еыг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Харакөзийн Ед 1 (нэг) жил, 3 (гурав) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ед оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Х.Е нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Еы хувьд ногдох хөрөнгө, орлогоос 70000 (далан мянга) төгрөгийг албан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. 2213002670226 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогчид учирсан хохирол биет байдлаар төлөгдсөн, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б