| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0013/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/10 |
| Огноо | 2023-01-11 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-,
Шүүгдэгч А.Х- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт А-ы Х-эд холбогдох эрүүгийн 2209000002323 дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт А-ы Х-, регистрийн дугаар БЮ..................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Х- нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Биеийн Тамирын сургуулийг Биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж төгссөн гэх 0200904106 дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн биеийн тамирын багшаар ажиллахдаа ашиглаж, Баян-Өлгий аймгийн Билге-Тегин сургуульд 1.479.753 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Я.Д- гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчээс тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, прокурорын яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримтаар иш татагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, холбогдох бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд Билге-Тегин сургуульд 1.479.753 төгрөгийн хохирол учруулсан байгаа. Тус хохирлыг шүүгдэгч А.Х-аас гаргуулан Баян-Өлгий аймгийн Билге-Тегин сургуульд олгох саналтай байна” гэв.
2. Шүүгдэгч А.Х- мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хохирлыг төлж чадахгүй” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С- гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Х- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар гаргах дүгнэлт байхгүй. Хохирлын хувьд анх эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байхад Д, Ж нар хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлж байсан. Сүүлд нь мөрдөгч З- хохирол нэхэмжлэх ёстой гэсний дагуу нэхэмжилсэн гэж сонссон. Билге-Тегин сургууль нь хувийн сургууль байгаа. Хэрэв шүүхээс төлүүлэхээр шийдвэр гаргавал сургуульд нь төлөхөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
Эрүүгийн 2209000002323 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралт /хавтаст хэргийн 11-35 дахь тал/,
5. Гэрч Я.Н-ийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
6. Гэрч Н.Б-ийн /Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгч/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,
7. Гэрч Б.Д-ийн /БШУЯамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах шинжээч/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,
8. Гэрч Ч.Э-А-гийн / БШУЯамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,
9. Гэрч А.Т-Э-ийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 дах тал/,
10. Гэрч Д.А-гийн /Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст шинжээч/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-63 дах тал/,
11. Гэрч Д.Ц-гийн /МУБИС-ын Сургалтын хөтөлбөр, Багшийн хөгжлийн албаны дарга/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,
12. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/1208 дугаартай албан тоот, түүний хавсралт /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,
13. Баян-Өлгий аймгийн Билге-Тегин сургуулийн захирлын хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
14. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 92 дахь тал/,
15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 110, 113 дахь тал/,
16. Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дахь тал/,
17. Гэрч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 117, 119 дэх тал/,
18. Гэрч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дахь тал/,
19. Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/41 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 139 дэх тал/,
20. Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/44 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 140 дэх тал/,
21. Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/07 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт /хавтаст хэргийн 125-126 дахь тал/,
22. Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 127 дахь тал/,
23. Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн цалингийн цэсийн хуулбар /хавтаст хэргийн 128-136, 141-142 дахь тал/ зэрэг баримт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
24. Харин шүүгдэгч А.Х-, түүний өмгөөлөгч Я.С- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
25. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
26. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Х-эд холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
27. Шүүгдэгч А.Х- нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Биеийн Тамирын сургуулийг Биеийн тамирын багш мэргэжлээр суралцаж төгссөн гэх 0200904106 дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн биеийн тамирын багшаар ажиллахдаа ашиглаж, Баян-Өлгий аймгийн Билге-Тегин сургуульд 1.479.753 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
28. Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, танилцуулгын хавсралтын 244 дугаар мөр “...А- Х...0200904106...” /хавтаст хэргийн 11-35 дахь тал/,
29. Гэрч Я.Н-ийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй, тайлбар өгөөгүй байгаа. Мөн боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ESIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу PDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
30. Гэрч Н.Б-ийн /Боловсрол, шинжлэх ухааны яамны Боловсролын мэдээллийн технологийн төвийн систем хөгжүүлэлтийн хэлтэст ахлах хөгжүүлэгч/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн программд мэдээлэл оруулахдаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүс нь анх орохдоо өөрсдөө юм уу сургууль, цэцэрлэгийн менежер, эрхлэгч нар мэдээлэл оруулдаг, үнэн зөвийг нь аймаг, дүүргийн боловсролын хэлтсийн ажилчид хяналт тавьж ажилладаг ESIS систем бол боловсролын салбарын сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа багш ажилчдын мэдээллийн бүртгэл, дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь HEMIS буюу их, дээд, сургуулиудын хөдөлгөөн статистикийн мэдээг цахимжуулсан систем, их дээд сургууль төгсөгчдийн мэдээний РDF, ДБ гэсэн үг нь Их, дээд сургууль төгсөгчдийн статистик мэдээний тайлан. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг систем нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системийн мэдээллийн сан бүрдүүлэх ажил үе шаттайгаар тасралтгүй хийгдэж байна. Тиймээс системд бүртгэлгүй шүүлт хийхэд байхгүй байна гэдэг нь системийн алдаа биш юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,
31. Гэрч Б.Д-ийн /БШУЯамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газарт ахлах шинжээч/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ...Ерөнхийдөө манай яамны дотооддоо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм..., ... Дээрх он, цаг үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн байгууллагад хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй. ...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа. ...Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,
32. Гэрч Ч.Э-А-гийн / БШУЯамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, Багш нарын дипломыг РDF файлаар татаж авах, архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн. Харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ манай байгууллагад ЕSIS, НЕМІS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМІS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕSІS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕSІS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМІS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,
33. Гэрч А.Т-Э-ийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...БШУЯамны сайд Л.Э-А-гийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н-, Д-, Б-, С- нарын хамт ажилласан юм..., ...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSІS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ...Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм..., ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-57 дах тал/,
34. Гэрч Д.А-гийн /Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст шинжээч/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй, тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /НЕМІS/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-63 дах тал/,
35. Гэрч Д.Ц-гийн /МУБИС-ын Сургалтын хөтөлбөр, Багшийн хөгжлийн албаны дарга/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Одоогийн байдлаар нийт 196 хүний мэдээллийг нарийвчлан тулгалт хийж үзсэн ба үүнээс 12 иргэн нь суралцаж төгссөн үнэн байна. Харин үлдэгдэл иргэдийн хувьд бол манай сургуульд огт элсэн орж төгсөлт хийгээгүй. Энэ талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Үүнийг бол бидний зүгээс хуурамч диплом хийлгэсэн гэж үзэж байна. Ерөнхийдөө манай зүгээс мэдээллийг шүүхдээ бол элсэлт болон төгсөлт хийсэн захирлын тушаалыг үндэслэж хийж байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,
36. Монгол Улсын Боловсролын Их сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 07- ны өдрийн 3/1208 дугаартай албан тоот, түүний хавсралт “...А.Х- өөр хүн дээр бүртгэлтэй байна...” гэх /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,
37. Баян-Өлгий аймгийн Билге-Тегин сургуулийн захирлын хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
38. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 92 дахь тал/,
39. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А.Х- нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн тушаалаар тус сургуулийн биеийн тамирын цагийн багшаар ажилд томилогдсон. Нийт 9 сар цагийн багшаар ажилласан. ...А.Х- ажиллах хугацаандаа ямар нэгэн тэтгэмж, урамшуулал авч байгаагүй, зөвхөн цагийн багшаар ажиллаж байсан учраас тухайн цалинг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110, 113 дахь тал/,
40. Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...цагийн багшийн нэг цагийг 4200-4500 төгрөгөөр тооцож цалинждаг байсан. Тухайн сард ажилласан цагаас хамаарч сарын цалин нь өөр өөр бодогддог байсан. ...ямар нэгэн тэтгэмж, урамшуулал аваагүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дахь тал/,
41. Гэрч Х.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...А.Х- нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар тус сургуулийн биеийн тамирын цагийн багшаар томилогдсон. Ажилд орохдоо өөрийн сурч төгссөн сургууль буюу Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Биеийн тамирын сургуулийг төгссөн дипломын хуулбар, ажилд орохыг хүссэн өргөдөл зэргийг гаргаж өгч тэгээд дараа нь хөдөлмөрийн гэрээ хийж ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн. А.Х- нь 10 сар цагийн багшаар ажилласан. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн тэтгэмж, урамшуулал аваагүй. ...Миний өмнөх захирал болох Х.Г- нь А.Х-ийг 2020 оны 10 дугаар сард цагийн багшаар түр ажилд томилж ковидын нөхцөл байдлын улмаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 117, 119 дэх тал/,
42. Гэрч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 10 дугаар сард А.Х-ыг биеийн тамирын цагийн багшаар түр тушаалаар ажилд авч байсан. Тухайн үед ковид өвчний улмаас сургууль зогссон. А.Х- нь манай сургуульд 10, 11 дүгээр сард цагийн багшаар ажилласан. Анх ажилд ороход нь миний бие дипломыг нь үзсэн. Гэхдээ тэрээр өөрийн хувийн хэрэгтээ хуулбарлаж хийсэн эсэхийг сайн санахгүй байна. Ажлаас чөлөөлөгдөхдөө тухайн хувийн хэргийг багш нар өөрсдөө авдаг учраас дипломын хуулбар сургуульд үлдсэн үлдээгүйг нь сайн мэдэхгүй байна. А.Х- нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн биеийн тамирын багш гэсэн дипломын хуулбарыг үзүүлж байсан. Тэгээд биеийн тамирын багш мэргэжилтэй болохоор нь ажилд авсан юм. Түүнийг ажилд авсан болон ажлаас чөлөөлсөн тушаал сургуульд байгаа болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120 дахь тал/,
43. Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/41 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 139 дэх тал/,
44. Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн захирлын 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/44 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 140 дэх тал/,
45. Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/07 дугаартай тушаалын хуулбар, түүний хавсралт /хавтаст хэргийн 125-126 дахь тал/,
46. Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн захирлын 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/11 дугаартай тушаалын хуулбар /хавтаст хэргийн 127 дахь тал/,
47. Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн цалингийн цэсийн хуулбар /хавтаст хэргийн 128-136, 141-142 дахь тал/ болон шүүгдэгч А.Х-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
48. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
49. Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт үйлдэх,ашиглах” гэмт хэргийг хуульчилсан ба уг гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон...диплом ...хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
50. Шүүгдэгч А.Х- нь Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Биеийн Тамирын сургуулийг Биеийн тамирын багш мэргэжлээр төгсөөгүй атлаа 0200904106 дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч дипломыг ашиглан, улмаар Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн биеийн тамирын багшаар 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ажиллаж хууль бус санаагаа хэрэгжүүлсэн байна.
51. Шүүгдэгч А.Х- нь Монгол Улсын Багшийн Их сургуулийн D200904106 дугаарын бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж, уг хуурамч дипломыг гэм буруугийн санаатай хэлбэрээр идэвхтэй үйлдлээр ашиглаж, улмаар багшийн ажилд орж, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ажилласан болох нь тогтоогдсон тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн объектив, субектив шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
52. Шүүгдэгчээс өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
53. Иймд шүүгдэгч А.Х-ын үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
54. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
55. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч А.Х- нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр томилогдож, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн биеийн тамирын багшаар ажиллахдаа хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.
56. Уг гэмт хэргийн улмаас 1.479.753 төгрөгийн хууль бус орлого олсон болох нь Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуулийн цалингийн хүснэгт /хавтаст хэргийн 128-136, 414-142 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ж-ы мэдүүлэг /хавтаст хэргийн 110, 113 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 160-161 дэх тал/ зэргээр тогтоогдож байна.
57. Шүүгдэгч А.Х-ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, ингэснээрээ эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй цалин буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан хөлсийг авч эдийн хөрөнгийг шууд олсон байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Х-ийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.479.753 төгрөгийг гаргуулж, Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуульд олгохоор шийдвэрлэв.
Хоёр Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
58. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгийг торгох ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан.
59. Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С-ээс: “Уулсын яллагчаас санал болгож буй 450.000 төгрөгийн торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгөхийг хүсэж байна” хэмээн дүгнэлт гаргаж мэтгэлцээгүй болно.
60. Шүүхээс шүүгдэгч А.Х-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
61. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.Х-ын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
62. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
63. Шүүгдэгч А.Х- урьд ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
64. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Х-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол нөхөн төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
65. Шүүгдэгч А.Х-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
66. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
67. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
68. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуурамч дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж шийдвэрлэв.
69. Шүүгдэгч А.Х- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Х-эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1,2,3,5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч Ш овогт А-ы Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х-эд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч А.Х- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч А.Х-ээс 1.479.753 /нэг сая дөрвөн зуун далан есөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын Билге-Тегин сургуульд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуурамч дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгасугай.
8. Шүүгдэгч А.Х-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК