| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2023/0014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/12 |
| Огноо | 2023-01-16 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/12
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-,
Шүүгдэгч А.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт А-н Т-т холбогдох эрүүгийн 231300030008 дугаартай хэргийг хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1985 оны 10 дугаар 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, тус аймгийн Авто тээврийн төвд галчаар ажилладаг гэх, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял, 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Ж овогт А-н Т-, регистрийн дугаар:БГ................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Т- нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө Баян-Өлгий Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х-гийн Г-Э-ийн ашиглаж байгаад гээгдүүлсэн гэх “Samsung Gаlаху АЗЗ 5G” маркийн гар утсыг олж авч бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 800,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Улсын яллагч Х.Ө шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Т-ын үйлдсэн гэмт хэрэг нь өөрийн өгсөн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэв.
1.2. Шүүгдэгч А.Т- мэдүүлэхдээ: “Миний бие 2022 оны 12 дугаар сарын 03-ний өдөр Шинэ зах руу очиж гал түлээд явж байх хугацаанд гар утас олж авсан. Хаана, хэнд хүлээлгэж өгөхөө мэдээгүй. Би тухайн гар утсыг өөрөө ашигласнаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч А.Т-ийг гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, хохирлыг төлж барагдуулсан” гэв.
2. Эрүүгийн 231300030008 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
3. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
4. Хохирогч Х-гийн Г-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34, 37 дахь тал/,
5. Эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 05-17 дахь тал/,
6. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,
7. Мобиком корпорацын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/10894 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
8. “Ашид Билгүүн” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БӨА22-0343 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-58 дахь тал/,
9. Гэрч К.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
10. Шүүгдэгч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73/ дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
11. Харин шүүгдэгч А.Т-, түүний өмгөөлөгч С.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
12. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
13. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Т-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
14. Мөн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Хэргийн үйл баримт:
15. Шүүгдэгч А.Т- нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө Баян-Өлгий Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х-гийн Г-Э-ийн ашиглаж байгаад гээгдүүлсэн гэх “Samsung Gаlаху АЗЗ 5G” маркийн гар утсыг олж авч бусдын эзэмшлийн гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
16. “Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэн Х-гийн Г-Э-ээс ирүүлсэн "2022 оны 12 дугаар сарын 03-ны орой өөрийн “Samsung Gаlаху АЗЗ 5G” маркийн гар утсаа гээгдүүлсэн" гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
17. Хохирогч Х-гийн Г-Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2022 оны 12 дугаар сарын 03-ний өдөр гадуур явж байгаад нэг зоогийн газарт ороод суусан. Тухайн газарт сууж байхдаа орон нутгийн нэг казах залуутай танилцсан юм. Тэндээс бид хоёр “Сэнгүр” гэх нэртэй 0.5 литрийн пивоноос тус бүр 1 ширхгийг уусан. Тэндээс гараад “Думан” гэх газарт түр орж гарсан бөгөөд тэндээс шууд манай гэр буюу 40 айлын цэргийн байранд очсон. Тухайн үед манай гэрт хүн байгаагүй. Би маргааш өглөө нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өглөө харах үед миний гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Миний гар утасны имейл код нь 356356737721288 357905557721288 байгаа юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-34, 37 дахь тал/,
18. Эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 05-17 дахь тал/,
19. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,
20. Мобиком корпорацын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 4/10894 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
21. “Ашид Билгүүн” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БӨА-22-0343 дугаартай “2022 оны 12 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан “Samsung Gаlаху АЗЗ 5G” гар утас 800,000 /найман зуун мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-58 дахь тал/,
22. Гэрч К.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр талаар надад хэлээгүй. Тухайн өдөр нэг ухаалаг гар утас аваад ирсэн. Уг утсанд 8550107 гэх дугаарыг хийсэн. Тухайн гар утас нь бусдын гээгдэл эд зүйл гэдгийг би мэдээгүй. Уг гар утас нь манай гэрт байсан ба дараа нь цагдаа аваад ир гэж байна гээд нөхөр А.Т- нь аваад явсан. Болсон бүх асуудал ийм л байгаа. Дээрх удаа мэдүүлэг өгөхдөө сандраад буруу мэдүүлэг өгсөн байна. Энэ удаа үнэн зөв мэдүүлэг өгч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
23. Шүүгдэгч А.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн талаар ярихад 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн өглөө 08 цагийн орчимд гадуур явж байгаад Өлгий сумын 13 дугаар баг, “Шинэ зах”-ын баруун талын засмал замын хажуу хөвөөнд газарт цайвар цэнхэр өнгийн гар утас олж авсан. Тэр үед би ганцаараа явж байсан бөгөөд тэгээд олж авсан гар утсаа гэртээ авч ирээд цэнэглэж аваад сим картыг нь аваад гар утсыг эхнэртээ өгсөн. Утсыг эхнэртээ өгөх үед олж авсан талаар хэлээгүй бөгөөд таньдаг хүн өгсөн юм гэж хэлээд өгсөн. Манай эхнэр өөрийнхөө дугаарыг хийгээд ашиглаж байсан. Манай эхнэр миний өгсөн гар утсыг бусдын гээгдүүлсэн утас гэдгийг огт мэдээгүй. Тэгээд сүүлд цагдаагаас намайг дуудаад дээрх гар утсыг хураагаад авсан. Миний бие бусдын гээгдэл хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашигласан үйлдэлдээ гэмшиж байна, өөрөө хууль эрх зүйн мэдлэггүй улмаас ийнхүү хэрэгт холбогдож байна. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73/ дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
24. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
25. Хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БӨА22-0343 дугаартай дүгнэлтээр “2022 оны 12 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд дурдагдсан “Samsung Gаlаху АЗЗ 5G” гар утас 800,000 /найман зуун мянган/ төгрөг”-ийн үнэтэй болохыг тогтоосон байх тул шүүгдэгч А.Т- нь бусдын гээгдэл хөрөнгийг завшсаны улмаас 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзнэ.
26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно” гэж заасан ба шүүгдэгч А.Т-ын гэмт үйлдлийн улмаас учирсан 800.000 төгрөгийн хохирол нь бага хэмжээний хохирол болох гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох гурван зуун мянгаас дээш байна.
27. Шүүгдэгч А.Т- нь тухайн “Samsung Gаlаху АЗЗ 5G” маркийн гар утсыг өөрийнх нь биш бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр, хохирогчийн гээгдэл хөрөнгийг өөрөө дур мэдэн эзэмшилдээ авч, бусдад нэгж шилжүүлж, захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг бүрэн хангаж байна.
28. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 3-д “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах дайчлан авахыг хориглоно. Төр түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Тавдугаар зүйлд “Мал сүрэг бол үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна”, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд аливаа халдагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааж, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалж, баталгаажуулсан байна.
29. Гэтэл шүүгдэгч А.Т- нь хохирогчийн хуулиар баталгаажуулсан өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр, идэвхтэй үйлдлээр халдаж хохирол учруулсан нь тогтоогдож байна.
30. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлан ойлгож байсан хэдий ч түүнийг хүсэж үйлдэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул А.Т-т бусдын гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
31. Шүүгдэгч А.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
32. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахайн сэдэлт, хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
33. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
34. Уг гэмт хэргийн улмаас хохирогчид 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь “Ашид Билгүүн” ХХК-ны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн БӨА22-0343 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-58 дахь тал/-ээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Т- нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид гар утсыг буцаан өгч, хохирогчийг хохиролгүй болгосон болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-20 дахь тал/-ээр тогтоогдож байх тул тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
35. Мөн түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
36. Шүүгдэгч А.Т- нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
38. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
39. Шүүгдэгч А.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.
40. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж, шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
41. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан ялын хязгаарлалтыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоолгох саналыг А.Т-т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.
42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
43. Шүүгдэгч А.Т-т түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
44. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
45. Шүүгдэгч А.Т-т оногдуулсан 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
46. Тодруулбал, шүүгдэгч А.Т- нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
47. Хэрэв шүүгдэгч А.Т- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.
48. Шүүгдэгч А.Т-т оногдуулсан 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
49. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.Т- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
50. Шүүгдэгч А.Т-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт А-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Т-ийг 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Т-т оногдуулсан 1 /нэг/ сар 20 /хорь/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч А.Т- нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч А.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК