Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/81

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Б.Ундрах,

хохирогч Н.П ,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А холбогдох 2208000001938 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо хангайн 48 дугаар гудамж ......... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Боржигон овогт Г-ын А (регистрийн дугаар:ут***************).

 

Холбогдсон хэргийн утга: Шүүгдэгч Г.А нь 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэр хангай 65 дугаар гудамжинд хохирогч Н.П тай “автомашины салхины шил онгойлгосон” асуудлаас болж маргалдаж, улмаар хохирогчийн баруун нүдэн тус газар нь гараараа цохиж биед нь “баруун нүдний нулимсны суваг, зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1447 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

4. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.

5. Шүүгдэгч Г.А нь хохирогч Н.П тай “автомашины салхины шил онгойлгосон” асуудлаас болж маргалдаж, улмаар хохирогчийн баруун нүдэн тус газар нь гараараа цохиж биед нь “баруун нүдний нулимсны суваг, зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

5.1. Хохирогч Н.П аас цагдаагийн байгууллагад гаргасан “...бусдад зодуулсан...” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 тал),

5.2. Хохирогч Н.П ын өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр... би бага хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тэндээсээ... би эхнэрийн хамт...автобусанд суугаад 32 дугаар байрны автобусны буудал дээр ирсэн. Тухайн үед эхнэр бид хоёр хойшоо гэр рүүгээ 1000 төгрөгийн унаанд суухаар болоод үл таних “Toyota prius-30” маркийн автомашинд суусан. Тэр машин...шууд хөдлөөд...дээшээ уул өгсөж байхад таксины жолооч цонхоо нээгээд яваад байхаар нь би түүнд хандаж “цонхоо хаачих уу” гэж асуухад таксины жолооч надад “архи үнэртээд байна” гэж хэлсэн. Тэр үед би тэр таксины жолоочид архи үнэртэж явалгүй хаагуур явсан пизда вэ гээд бид хоёр маргалдсан. Тэгээд эцсийн зогсоол буюу Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо хангайн 65 дугаар гудамжинд ирсэн. Тухайн үед таксины жолооч...бууж ирээд намайг элдэв янзаар доромжилсон гэж хэлээд шууд миний баруун талын нүд рүү нэг удаа гараараа цохисон... би хохирол төлбөр огт аваагүй. Би эмчилгээний зардалд баримтаар бол 529,840 төгрөг...баримтгүй зардал 200,000 орчим төгрөг болсон... нийт 729,840 төгрөг нэхэмжилж байна... миний гэмтэл бол яаралтайгаар орох заалт буюу зито гэх заалттайгаар хагалгаанд орсон, хагалгаанд ороогүй бол нүд сохрох мөн нулимсны зам нь олдохгүй болдог гэж хэлсэн... Би 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дахин нүдний ухархайд суулгасан эмчилгээний зүйлийг авхуулах хагалгаанд орно энэ гарсан зардлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 14 тал),

5.3. Гэрч Ж.У-ийн өгсөн “...2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо “Эрчим” худалдааны төвийн замын урд зогсоол дээр очоод саарал өнгийн prius машинд нөхөр Г.П хамт суусан. Тэгээд би шууд гэрийнхээ гадаа хүргүүлье гээд 5000 мянган төгрөг өгсөн. Тэгээд тэр машинтай хөдлөөд явж байсан чинь жолооч нь цонхоо онгойлгоод байхаар нь манай нөхөр “цонхоо хаачихаа” гээд хэлтэл жолооч нь архи үнэртээд болохгүй байна гээд хэлтэл манай нөхөр тэр жолоочийг чи архи уудаггүй юм уу пизда минь гээд хэлсэн. Тухайн үед эцсийн буудал дөхчихсөн гэрийн гадаа буулгах байх гэж бодсон чинь эцэс дээр зогссон чинь тэр машины жолооч бууж ирээд нөхрийг минь барьж аваад газар унагаад, манай нөхрийн нүүр лүү гараараа цохиод байхаар нь “чи согтуу хүнийг цохихоо болиоч ээ” гээд би дундуур нь орж салгах гэсэн чинь дийлээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 тал),

5.4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 сарын 03-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 14929 дугаартай “...Н.П ын биед баруун нүдний нулимсны суваг, зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 тал),

5.5. Г.А-ын яллагдагчаар болон шүүх хуралдаанд гаргасан  “...машин дотор архи нэлээн үнэртээд байхаар нь архи уусан хүний талын цонхыг би нээсэн. Тэгтэл тэр эхнэртэйгээ суусан архи уусан хүн надад цонхоо хаачих гэж хэлсэн. Тэр үед нь би түүнд хандаж “архи хэтэрхий их үнэртэж байна, цонхоо нээхгүй бол болохгүй байна” гэж хэлсэн чинь тэр хүн намайг хэл амаар доромжилж, элдэв янзаар маш олон удаа хэлж, над руу шүлсээрээ нулимсан...Тэгээд би чимээгүй согтуу хүнтэй маргалдаад хэрэлдээд яах вэ гэж бодоод чимээгүй явж байгаад нөгөө архи уусан хүнд хандаж “чи уусан идсэн зүйлээ зөв шингээгээрэй” гэж хэлсэн, удалгүй эцсийн зогсоол буюу Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо, хангайн 65 дугаар гудамжинд очоод хүмүүсээ буулгах гээд машинаасаа буугаад нөгөө согтуу, архи уусан хүн дээр очоод машинаас буу гэж хэлсэн. Тэр үед нөгөө архи уусан залуу миний машинаас бууж ирээд над руу дайраад, хараагаад, элдэв янз болоод байхаар нь би түүнийг гараараа мөр лүү нь түлхэж өөрөөсөө холдуулсан. Тэгтэл тэр хүн газар халтираад унахаар нь би түүн дээр очсон... Ингээд би машиндаа суугаад явах гэхэд тэр согтуу архи уусан хүн миний машины жолоочийн эсрэг ар талын кузовын төмрийн хэсэгт нэг удаа гараараа хүчтэй цохисон. Тэгээд би машинаасаа буугаад нөгөө хүн дээр очоод чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд тэр хүн над руу гараараа далайгаад цохих үйлдэл гаргахаар нь би зөрүүлээд баруун нүдний хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэр хүн бол намайг цохиж, зодсон зүйл байхгүй... одоогоор хохирогчид хохирол барагдуулж өгсөн зүйл байхгүй... би тэр хүнийг цохисон асуудалд гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр  нотлогдон тогтоогдсон.

6. Хохирогч Н.П ын биед учирсан баруун нүдний нулимсны суваг, зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хохирол нь шүүгдэгч Г.А-ын хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

   7. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрт Н.П  нь баримтаар нийт 529,840 төгрөгийг нэхэмжилсэн (хавтаст хэргийн 31-32 хуудас) болон цаашид эмчилгээ, хагалгаа хийлгэх шаардлагатай талаар мэдүүлсэн (шүүх хуралдааны тэмдэглэл) болно. Шүүгдэгч *********************529,840 төгрөгийг гаргуулж хохирогч Н.П  (Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо Овоотын 70-******* оршин суух, РД:***************)-д олгуулж шийдвэрлэх нь зүйтэй.

8. Хохирогч Н.П ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлын үр дагавар бүрэн арилаагүй болох нь хохирогчийн дахин хагалгаанд орох талаарх тайлбараар тогтоогдож байгаа тул цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

9. Улсын яллагчаас шүүгдэгч Г.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

10. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, ялын хувьд хэлэх саналгүй гэв.

11. Шүүгдэгч Г.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд тогтмол ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

12. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 ,3  36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Г-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.А-ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.А мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар Г.А-аас 529,840 төгрөг гаргуулж Н.П  (Сонгинохайрхан дүүрэг, 39 дүгээр хороо Овоотын _************оршин суух, РД:ЙЭ******************, утас:8822***********)-д олгосугай.

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Н.П  цаашид гарах эмчилгээ, үйлчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ