| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2023/0077/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/75 |
| Огноо | 2023-01-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.1.1., 17.2.1., 17.2.2., 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,
улсын яллагч Б.Оргилболд,
шүүгдэгч Х.У , түүний өмгөөлөгч П.Ариунжаргал,
шүүгдэгч Н.Т , түүний өмгөөлөгч М.Билгүтэй нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
шүүгдэгч Н.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1809044060658 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаар энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Нэг: Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 25 дугаар гудамжны ________ тоотод оршин суух бүртгэлтэй, урьд
1. 2004 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар,
2. 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 04 сарын хорих ялаар,
3. 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 09 жилийн хорих ялаар,
4. 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 04 жилийн хорих ялаар шийтгэж, 2014 оны шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 08 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг 04 жил 08 сар 10 хоногоор тогтоосон,
5. Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Өршөөл үзүүлэх хуулиар эдлээгүй үлдсэн 02 жил 01 сар 21 хоногийн хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 11 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн,
Тайж овогт Х-ийн У (регистрийн дугаар:йю9002*******************).
Хоёр: Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг ширээ нуруу гудамжны хөдөө гэх газарт оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо задгайн ****************тоотод түр оршин суух, урьд
1. 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгэж, 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,
2. 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
3. 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3, 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 04 жилийн хорих ялаар,
4. 2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 08 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2008 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр 05 жил 01 сарын хорих ял болж өөрчлөгдсөн,
5. 2008 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 04 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар,
6. 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар,
7. 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,
8. 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар,
9. 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 07 сар 20 хоногийн хорих ял оногдуулсныг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, эдлээгүй үлдсэн 01 жил 05 сар 16 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, 2022 оны 03 сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 859 дугаартай захирамжаар зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 01 жил 16 хоногийг хорих ялаар сольсон,
Боржигон овогт Н-ын Т (регистрийн дугаар:чв8308*******************
Холбогдсон хэргийн товч агуулга:
1. Шүүгдэгч Х.У , Н.Т нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир” зочид буудлын 304 номерын өрөөнд хохирогч Н.Н хоолойг боож “Самсунг эс-6” загварын гар утас, хохирогч Д.Г “Памсэйт” нэртэй пүүз зэрэг 366,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн,
2. Шүүгдэгч Х.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан дэглий” зочид буудлын коридорт Э.Ө явуулахгүй гэж өргөөд явж байхдаа алгадлаа гэх шалтгаанаар уурлан түүний газарт шидэж, эрүүл мэндэд нь зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
3. Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор” гэх зочид буудлын ажилтан Ж.О “гар утсаараа яриулаач, хөдөөнөөс мах шөл ирж байгаа тосож авах гэсэн юм” гэж хэлээд, түүний өмчлөлийн “Самсунг А-52” маркийн 799,200 төгрөгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, буцааж өгөлгүй тэр даруйдаа зугтан зайлсхийсэн,
4. Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монтел” худалдааны төвийн хажууд байрлах "Сu" нэртэй сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч О.Х куртикний халааснаас “Айфоне экс макс” маркийн 1,020,000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 776/а дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримт, хохирол төлсөн баримтуудыг шинжлэн судлав.
2. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. Шүүгдэгч Х.У болон түүний өмгөөлөгч П.Ариунжаргал хуралдаанд гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай,
Шүүгдэгч Н.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч М.Билгүтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай тус тус оролцсон.
5. Шүүгдэгч Х.У , Н.Т нар 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир” зочид буудлын 304 номерын өрөөнд бүлэглэн хохирогч Н.Н хоолойг боож “Самсунг эс-6” загварын гар утас, хохирогч Д.Г “Памсэйт” нэртэй пүүз зэрэг 366,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолсон болох нь:
5.1. Хохирогч Н.Н “...би шууд хаалга түгжээд найз Г.Н хажууд ороод хэвтсэн удалгүй 20 минутын дараа хаалга эвдлээд үл таних хүмүүс орж ирээд шууд нэг залуу нь дээр гараад боосон нөгөө хоёр нь гар дээр дараад халаасанд байсан эд зүйлсийг авах гэж оролдоход Samsung s-6 маркийн утас халааснаас авсан тэгээд ресейпшн орж ирээд юу болоод байгаа юм бэ гээд хэлтэл үл таних тэр гурван хүн гараад зугтсан, гарж зугтахдаа найз Г.Н Пампсэйт пүүзийг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 189 хуудас),
5.2. Хохирогч Д.Г “...Удалгүй найз Н үл таних нэг эрэгтэйн хамт гарж ирээд “Өрөөгөө авчихлаа оръё” намайг тухайн хүнтэй хамт хоёр талаас сугадаад 3 давхарт байрлах өрөө лүү оруулсан. Тэгээд өрөөндөө орчоод авсан нэг шил архиа найз Н болон намайг сугадаж оруулсан үл таних залуутай хамт 100 гр уучхаад би муудаад байна ууж чадахгүй юм шиг байна гээд түрүүлээд тасраад унтаад өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн намайг босоорой гэсэн...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 193 хуудас),
5.3. Гэрч Г.О-ын: “...тэгтэл Бундан Нараа нөгөө нэг залуутай хамт манай өрөөнд орж ирээд энэ залуугийн утас, пүүз хоёрыг нөгөө хоёр аваад явсан байна гэж хэлсэн тэгээд би нөгөө залуутайгаа хамт тэндээ хоноод маргааш өглөө нь гарсан, харин _____________ нартай таарсан яг юу болсон талаар нь хараагүй тусдаа өрөөнд үйлчлүүлэгчтэй байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 206 хуудас),
5.4. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 5642 дугаартай шинжээчийн дүгнэлт болон гэрэл зургууд “Шинжилгээнд ирүүлсэн №3,4,5 дугаарын 3 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн №2,4 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцсэн №3 дугаарын 1 ширхэг гарын мөр санд 162786, 63926, MN005210008595, 160753, MN004910002501, MN004910000214 MN0000МБГ00238 дугаарт Ц.У гэх нэрээр 7 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын дунд хурууны дардастай тохирч байна. ...” гэсэн дүгнэлт (1 хавтаст хэргийн 209-212 хуудас),
5.5. “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт (1 хавтас хэргийн 221-222 хуудас) зэрэг баримтуудаар,
6. Шүүгдэгч Х.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан дэглий” зочид буудлын коридорт Э.Ө явуулахгүй гэж өргөөд явж байхдаа алгадлаа гэх шалтгаанаар уурлан түүнийг шидэж, эрүүл мэндэд нь зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
6.1. Хэргийн газрын үзлэг хийсэн “... Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шаргал өнгийн ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан хүрэн өнгийн төмөр хаалгатай “Hotel” гэсэн бичиглэл бүхий зочид буудал байх бөгөөд шатаар өгсөн бор өнгийн дулаалга бүхий модон хаалгаар ороход... зочид буудлын коридор байх бөгөөд тус буудлын үйл явдлыг сайн харсан. Эрэгтэй нь эмэгтэйгээ гар дээрээ барьж байгаад яг энд унагаасан" гэж хэлээд 216 дугаараар дугаарласан, ертөнцийн зүгээр урд талын баруун захын хаалганы харалдаа шал руу заасныг гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 78-81 хуудас),
6.2. Хохирогч Э.-ийн “...найз М-ын хамтаар харих гээд буудлаас гарах гэтэл Ц.У араас гарч ирээд хаашаа явах гэж байгаа юм бэ гэхэд одоо харья гэрт нөхөр хүлээж байгаа гэхэд та хоёр одоо явахгүй надтай хамт байна гэхээр нь би шоронгоос гарч ирсэн чинь хамаагүй шүү дээрэлхэнэ гэж бодоо юу гэхэд чи их том болсон юм уу гээд намайг өргөж аваад коридорт шидэж унагаасан. Тэгсэн би босох гэтэл босож чадахгүй байтал миний баруун хөлийг өвдөг хэсэг рүү нэг удаа өшиглөөд босооч гичий минь юундаа маяглаад байгаа юм гээд байсан. Миний биед Ц.У гэмтэл учруулсан. Намайг коридорт өргөж шидсэнээс болж миний зүүн хөлийг шилбэ хэсгээр хоёр хугарсан. Мөн шагайн хэсгээр ясны бяцралтай болсон. Эрүүл саарал байсан хүн асаргаа шаардлагатай болсонд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 95 хуудас),
6.3. Гэрч Г.С-ын “... 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр... намайг өрөөндөө байж байхад коридорт хүн унах чимээ сонсогдсон ба гараад харахад 216 тоот өрөөнд байрлаж байсан хар малгайтай эрэгтэй махлагдуу залуу нь нэг эмэгтэйгээ өргөөд авч орж байхыг нь харсан. Тэгээд тухайн хар малгайтай эрэгтэй нь манай буудлаас гараад хойд буудал орсон ба ************* эгч өрөөг нь шалгахад эмэгтэй нь шалан дээр миний хөл хугарчих шиг болчихлоо гээд хэлсэн гэсэн ба арын буудал руу араас нь Ц эгч нөгөө залууг дагуулж ороод ирсэн ба тухайн орой доо манай буудалд хоноод маргааш нь гарсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 98-99 хуудас),
6.4. Гэрч Л.М-ийн: “...**************** зочид буудлын 216 тоотод Ц.У болон танихгүй М, Ө гэх хоёр хүүхний хамт дөрвүүлээ архи уугаад байж байсан. Тэгэхээр нь би тэр гуравт "түр гарчхаад ирье гэж хэлээд гадуур жаахан гараар амьсгалж байгаад ирсэн чинь ресейпшн эгч "Танай энэ Ц.У гэх найз чинь яагаад байгаа юм бэ хамт байсан эмэгтэйгээ өргөөд шидчихлээ шүү дээ гэхээр нь ресейпшн эгчийн хамт өрөө рүүгээ ортол Өөлэн гэх эмэгтэй нь хөлөө барьчихсан "Хөл нэг л эвгүй байна” гэж хэлээд сууж байсан...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 101 хуудас),
6.5. Гэрч Д.Ц-ын “... 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр... хөлөө хугалсан гэх хүүхэн гадуур хувцсаа өмсөөд цүнхээ аваад өрөөнөөсөө гарч явж байхад буудалд үлдсэн хар малгайтай хар куртиктэй залуу араас нь гарч ирээд явуулахгүй гээд тэврээд өрөө рүүгээ тэврээд явж байхад тухайн эмэгтэй уурлаад залуугаа алгадах шиг болсон чинь залуу нь уурлаад чи намайг алгаддаг хэн бэ гичий чинь гээд уурлаад шууд доош унагаахаар нь би очоод юу болоод байгаа юм хоорондоо хэрэлдэж зодолдохгүй шүү гэхэд тухайн эрэгтэй эмэгтэй хоёр өрөөндөө яваад орсон. Удалгүй эрэгтэй нь гараад яваад өгсөн ба араас нь өрөөнд байсан эмэгтэй газар хэвтээд өрөөнийхөө хаалгыг онгойлгоод миний хөл эвгүй болчихлоо та надтай хамт байсан хүмүүсийг дуудаад өгөөч гэсэн...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 103 хуудас),
6.6. Шүүх шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 96 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт “...Э.Ө-ийн биед зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл...” (1 хавтаст хэргийн 110-113 хуудас),
6.7. Хохирогч Э.Б-н Гэмтэл согог судлалын Үндэсний төвд үзүүлсэн өвчний түүх (1 хавтаст хэргийн 115-118 хуудас) зэрэг баримтуудаар,
7. Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 18 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сонор” гэх зочид буудлын ажилтан Ж.О “гар утсаараа яриулаач, хөдөөнөөс мах шөл ирж байгаа тосож авах гэсэн юм” гэж хэлээд, түүний өмчлөлийн “Samsung A-52” маркийн 799,200 төгрөгийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, буцааж өгөлгүй тэр даруйдаа зугтан зайлсхийсэн болох нь:
7.1. Хохирогч Ж.О “...Надад өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй тухайн үед болсон бүх зүйлийн талаар гэрчийн мэдүүлэг дээр өгсөн байгаа. Би тухайн өдрийн өөрийн дугаарын ярьсан биллийг авсан байгаа...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 28 хуудас),
7.2. Гэрч Ж.О : “...Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Coнop зочид буудлыг 2021 оны 10 сараас хойш түрээслэн ажиллуулж байгаа. Тэгээд 2021 оны 12 сарын 14-ний өдөр манай буудлын 304 тоот өрөөнд авгай нөхөр хоёр гэх хоёр хүүхдийн хамт дөрвүүлээ орж ирж үйлчлүүлсэн. Манай буудлын 304 тоот өрөөг хоёр хоногоор авсан байсан. Тэгээд манай буудалд хонож үйлчлүүлээд өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 цагийн орчим миний утсыг эхлээд том охин нь утсаар нэг хүн рүү ярьсан. Тэгээд ярьсан хүн нь саяны охинтой яриулаач гэхээр нь буцаад өрөөг нь тогшиж оруулаад утсаар яриулсан. Тэгээд тэр охин удахгүй гараад явсан. Тэгээд байж байтал жижиг охин нь утсаа өгч байгаач гээд авч яваад төд удалгүй авч ирсэн. Тэгээд удаагүй байхад нөхөр гэх эрэгтэй нь 18 цаг 10 минутын орчим утсаараа яриулаач гэж хэлээд миний утсыг гуйж авсан. Тэгээд хөдөөнөөс мах шөл ирж байгаа би тосож авах гэсэн юм гэж хэлээд авсан боловч буцааж авч ирээгүй алга болсон. Нэлээн олон удаа 2 цагийн турш залгасан мөн мессеж бичиж үлдээсэн. Миний гар утасны цэнэг дундаж байсан. Гомдолтой байна. Гар утсаа олж авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 31 хуудас),
7.3. Гэрч Г.О-ын “...Би Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны усны .... тоотод эгч Д-ын хашаанд гэрт 3 охины хамт амьдарч байгаад ахтайгаа маргалдаж таарахгүй байр түрээслэхээр болж нийтийн байр хайсан боловч олдоогүй. Тэгээд би түрээслэх байр хайж явж байгаад шинэ замын тэнд өмнө таньдаг байсан, утсаар хааяа ярьдаг байсан Т-тэй таарч би ************ гандангийн автобусны буудал дээрээс өмд авч өгөөд тэгээд хоёр хүүхдийн хамт дөрвүүлээ хоолонд ороод түрээсийн байр олдохгүй, орой болохоор нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Сонор нэртэй буудалд орсон. Тэгээд өчигдөр орой ороод хоноод өглөө буудлаа дахин нэг өдрөөр сунгасан. Тэгээд манай том охины аав А Баянхонгороос мах өгч явуулсан гэхээр нь миний утас цэнэггүй болсон, тэгээд буудлын эгчийн утсыг манай охин гуйж ярьсан. Тэгээд манай дээд талын ********** гэх эгчтэй охин утсаар ярьж тэр хоёр уулзаад хамт явж махаа авахаар явсан. Тэгээд сүүлд нь Т охинтойгоо ярья гэж хэлж байсан. Тэгээд удаагүй дэлгүүр орж ундаа авахаар явсан боловч орж ирээгүй, тэгсэн буудлын эгч утсаа авъя гэж орж ирсэн, тэгээд би **************утсыг нь авч явсныг мэдсэн, ...Урд нь уулздаг дотно харилцаатай байсан. Нэг гэрт бол хамт амьдарч байгаагүй найзын харилцаатай. Өөрөөс нь бол хүүхэд байхгүй, Т********** гартаа Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газраас хар өнгийн бугуйн цаг зүүсэн байсан. Тэрүүгээр нь хайж олох боломжтой байх...” гэсэн мэдүүлэг (1 хавтаст хэргийн 35-36 хуудас),
7.4. “Дамно ХХК-ний шинжээч, мэргэшсэн үнэлгээчин ************ 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 хавтаст хэргийн 42-43 хуудас),
7.5. Хохирогч Ж.О-нь “Самсунг А-52” маркийн гар утсаа 2021 оны 10 сард Мобиком корпорацаас лизингийн зээлээр авч байсан баримт (1 хавтаст хэргийн 50 хуудас) зэрэг баримтуудаар,
8. Шүүгдэгч Н.Т нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монтел” худалдааны төвийн хажууд байрлах "Сu" нэртэй хүнсний сүлжээ дэлгүүрт үйлчлүүлж байсан хохирогч О.Х куртикний халааснаас “Айфоне экс макс” маркийн 1,020,000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь:
8.1. Насанд хүрээгүй хохирогч О.Х-ийн: “...Мөнгөн завьяа худалдааны төвийн хажуу талд байдаг CU сүлжээ дэлгүүр рүү ороод Fanta ундаа Hotdog гэх мэт зүйлсийг худалдаж авчхаад куртикнийхээ халаасанд хийсэн байсан гар утсаа гаргаж ирэх гэтэл гар утас маань байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь ойр хавьд тавьчихсан юм байхдаа гэж бодоод шалгаад үзэхэд CU дотор гар утас маань байхгүй байсан бөгөөд ирсэн замаараа мөн шалгаж үзэхэд гар утас маань байгаагүй. Тухайн үед өөрийнхөө алга болсон утсанд ашиглаж байсан 8860..... дугаарын гар утас руу залгаж үзтэл утас маань холбогдож байсан бөгөөд хэсэг хугацааны дараа дахиж залгаж үзэхэд гар утас маань унтарчихсан байсан” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 167-168 хуудас),
8.2. Гэрч С.С-ийн “...Тэр үед би дэлгүүрийнхээ цэвэрлэгээг хийгээд зогсож байхад нэгэн ноосон хар малгайтай цэнхэр өнгийн масктай 30-40 орчим насны эрэгтэй хүн орж ирсэн бөгөөд манай дэлгүүрээс гар утсаа алдсан гэх хүүхдийг касс дээр юмаа бичүүлэх гээд зогсож байхад нь хажууд юм худалдаж аваагүй хэр нь зогсож байгаад явсан байдаг. Гэхдээ би яг тэр үед гар утсыг нь халааснаас нь авч байгааг бол хараагүй. Харин дараа нь хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд тухайн хүүхдийн хажууд нь байсан миний харж байсан хүн гар утсыг нь аваад гарч байгааг мэдсэн. Тэр хүн нь баруун болон зүүн гар дээрээ шивээстэй хүн байсан. Би тэр хүний царайг бол хараад танихгүй, зүүн гарынх нь шивээсийг бол хараад танина. Тухайн үед би шал угаагаад явж байхад тэр хүүхдийн хажууд ахын зүүн гарынх нь шивээсийг хараад ямар содон шивээстэй хүн бэ. Яг ямар шивээс юм бол гэж бодож байсан...” гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 245 хуудас),
8.3. Мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 246-250, 3 хавтас 1-2 хуудас),
8.4. Эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий CD 2 ширхэг (2 хавтаст хэргийн 182, 221 хуудас),
8.5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (2 хавтаст хэргийн 173-176 хуудас),
8.6. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22/574 дугаартай үнэлгээний тайлан, (2 хавтаст хэргийн 189-190 хуудас),
8.7. Н.Т гийн “...Тогтоолтой холбоотой санал байхгүй, хүлээн зөвшөөрч байна. CU дэлгүүр дотор байсан хүүхдийн гар утсыг хулгайлж авсан буруугаа хүлээн зөвшөөрч байна Айфоне маркийн гар утас байсан түүнийгээ би 85,000 төгрөгөөр зараад өөртөө эм аваад эм тариа авч хэрэглээд дууссан байгаа” гэсэн мэдүүлэг (3 хавтаст хэргийн 10 хуудас) зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
9. Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, хоолой боох зэргээр бие махбодь руу нь чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдэл, мөн ямар нэгэн арга хэрэглэн эд зүйлийг шилжүүлэн авсны дараа тухайн эд зүйлийг өөртөө үлдээхээр хүч хэрэглэх зэрэг нөхцөл байдал аль аль нь хамаардаг. Хүч хэрэглэхээр заналхийлж авах гэдэгт: “үг хэл”-ээрээ буюу “ална шүү”, “зодно шүү” гэж сүрдүүлэн айлгах хэлбэрээр заналхийлж халдлага хийж, эд зүйлээ өгөхгүй бол бодитоор хүч хэрэглэхээр дарамтад оруулж, сэтгэл зүйн хувьд хохирогчийн эсэргүүцлийг дарсан нөхцөл байдлыг хамааруулан ойлгодог тул Н.Т , Х.У нарын хохирогч Н.Н , Г.Г нарын эд зүйлийг авахаар бие махбодид нь хүч хэрэглэн халдсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэх шинжийг хангасан.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан бөгөөд Х.У , Н.Т нар нь бүлэглэн хохирогч Н.Н хоолойг боож “Самсунг эс-6” загварын гар утас, хохирогч Д.Г-ийн “Памсэйт” нэртэй пүүзийг авсан нь үйлдлээрээ нэгдсэн байх тул дээрх шинжийг хангаж байна.
11. Шүүгдэгч Х.У , Н.Т нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй буюу хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн бүрдэл төгссөн гэж дүгнэлээ.
12. Хохирогч Э.Ө-н биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Х.У ийн хохирогчийг тэвэрч яваад уурандаа газарт шидэж унагаасан үйлдэл нь хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.
13. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хүч хэрэглээгүй /булаах/ буюу эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэж тодорхойлсон. Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.Т нь хохирогчийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.
14. Өмгөөлөгч М.Билгүтэй:Н.Т нь хохирогчийн утсыг худал үгээр хуурч авсан тул залилах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү гэсэн.
15. Залилах гэмт хэргийн үндсэн шинжийн хувьд хохирогч хууртсаны улмаас өөрийн эд зүйл болох гар утсыг түүний эзэмшил, өмчлөлд бүр мөсөн шилжүүлж өгсөн байхыг шаардах бөгөөд хохирогчийн хувьд түүний үгэнд итгэж утсаар яриулаад буцаан авахаар буюу түр хугацаагаар шилжүүлэн өгсөн, түүний худал үгээр хуурч утсыг авсан нь хууль бусаар авах аргад хамаарах бөгөөд илээр, утсыг авсан даруйдаа зугтан зайлсан тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон болно.
16. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зоригоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
17. Шүүгдэгч Н.Т нь насанд хүрээгүй хохирогч О.Х гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсан, гэм буруугийн шууд санаатай шунахай сэдэлтээр үйлдэгдсэн, гар утсыг өөрийн эзэмшилд авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.
18. Н.Т гийн хулгайн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч О.Х-нд нийт 1,020,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3. “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан бага бус хэмжээний буюу 1,020,000 төгрөгийн хохирол нь бусдын эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар болох гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд хүрсэн.
19. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
20. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
20.1. Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** “...Э.Ө гэх хүн эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3 удаагийн 279,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Уг төлбөр мөнгийг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг (3 хавтаст хэргийн 129 хуудас)
20.2. Хохирогч Н.Н ид 198,000 төгрөг, хохирогч Д.Г 168,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт (1 хавтас хэргийн 221-222 хуудас)-ээр тогтоогдож байгаа, бөгөөд бүлэглэн гүйцэтгэсэн тул Х.У , Н.Т нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.
20.3. Шүүгдэгч Х.У ээс хохирогч Н.Н ид 99,000 төгрөг, хохирогч Д.Г 84,000 төгрөгийг буюу өөрт ноогдох төлбөрөө төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргасан баримтаар тогтоогдсон.
20.4. Шүүгдэгч Н.Т гөөс 99,000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Н (Төв аймаг, Сүмбэр сум 1 баг Баянлэг .......... тоот, ...........)-д, 84,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Г (Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо ......... тоотод оршин суух, ..........., утас .......)-д тус тус олгуулах нь зүйтэй байна.
20.5. Хохирогч Э.Ө нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирлоо нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
20.6. Харин хохирогч Э.Ө нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд Эрүүл мэндийн даатгалын сангаас 279,000 төгрөгийн эмчилгээ хийгдсэн болох нь хохирогч Э.Ө Гэмтэл согог судлалын Үндэсний төвд үзүүлсэн өвчний түүх (1 хавтаст хэргийн 115-118 хуудас), иргэний нэхэмжлэгч************ мэдүүлэг (3 хавтаст хэргийн 129 хуудас), Эрүүл мэндийн даатгалын газрын албан бичиг, хавсралт баримт (1 хавтаст хэргийн 89-90)-ээр тус тус тогтоогдсон.
20.7. Шүүгдэгч Х.У нь 105,000 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 174,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох.
20.8. Хохирогч Ж.О 799,200 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч О.Х-д 1,020,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно ХХК-ний шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 хавтаст хэргийн 42-43 хуудас), “Дамно” ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22/574 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, (2 хавтаст хэргийн 189-190 хуудас)-аар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Т гөөс 799,200 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О- (Сүхбаатар дүүрэг 1 хороо ........... тоотод оршин суух, РД:ТА7409....., утас .............), 1,020,000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч О.Х хууль ёсны төлөөлөгч Д.С (Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 81 дүгээр байрны ...........тоотод оршин суух, РД:ГЖ8404......., утас ...........)-д олгуулахаар шийдвэрлэв.
21. Эрүүгийн хариуцлагын талаар:
21.1. Улсын яллагчаас: Шүүгдэгч Х.У д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, түүний эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 06 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.
21.2. Шүүгдэгч Н.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 08 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 08 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ял тус тус оногдуулж, мөн эдлээгүй үлдсэн хорих ял 07 сар 17 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
21.3. Шүүгдэгч Х.У түүний өмгөөлөгч: Гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, Дээрмийн гэмт хэргийн хохирол төлөгдсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж, мөн Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хэрэгт зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү, дээрмийн гэмт хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү гэв.
21.4. Шүүгдэгч Н.Т түүний өмгөөлөгч: Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг Өршөөлийн хуульд хамруулж, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан бусад хэрэгт нь зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэв.
21.5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
21.6. Шүүгдэгч Х.У ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр хувийн байдлын хувьд урьд удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийг бүрэн төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох Зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
21.7. Шүүгдэгч Н.Т гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр хувийн байдлын хувьд урьд удаа дараа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 02 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Т д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 жил 02 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
21.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.У д энэ тогтоолоор оногдуулсан 03 жилийн хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаартай захирамжаар биечлэн эдлүүлэхээр тогтоосон 02 жил 01 сар 21 хоногийн хорих ялаас 2022 оны 08 сарын 22-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил 06 сар 16 хоногийн хорих ялаар тогтоов.
21.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Т д энэ тогтоолоор оногдуулсан 05 жил 02 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 859 дугаартай захирамжаар биечлэн эдлүүлэхээр тогтоосон 01 жил 16 хоногийн хорих ялаас 2022 оны 08 сарын 22-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 07 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 жил 09 сар 17 хоногийн хорих ялаар тогтоов.
22. Шүүгдэгч Х.У , Н.Т нар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар хорих ялаас хэсэгчлэн чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байгаа тул тэдгээрийн 2018 онд үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийг өршөөлд хамааруулах хууль зүйн үндэслэлгүй болно.
23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.У , Н.Т нарын 2022.08.22-2023.01.10-ны өдрийг хүртэл тус тус цагдан хоригдсон 140 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцох.
24. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тайж овогт Хандмаагийн Ц.У ийг;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- Боржигон овогт Н-ын Т-г;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрийг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Х.У ийг;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох Зорчих эрх хязгаарлах ялаар,
- Н.Т г;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 02 жил 02 сарын хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Х.У д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар оногдуулсан 02 жил 06 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох Зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жилийн хорих ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь зааснаар оногдуулсан 02 жил 02 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 жил 02 сарын хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.У д энэ тогтоолоор оногдуулсан 03 жилийн хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 34 дугаартай захирамжаар биечлэн эдлүүлэхээр тогтоосон 02 жил 01 сар 21 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 06 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 04 жил 06 сар 16 хоногийн хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Т д энэ тогтоолоор оногдуулсан 05 жил 02 сарын хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 859 дугаартай захирамжаар биечлэн эдлүүлэхээр тогтоосон 01 жил 16 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 05 жил 09 сар 17 хоногийн хорих ялаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.У , Н.Т нарын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.У , Н.Т нарын 2022.08.22-2023.01.10-ны өдрийг хүртэл тус тус цагдан хоригдсон 140 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар Х.У ээс 174,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд,
- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Н.Т гөөс 799,200 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-(Сүхбаатар дүүрэг 1 хороо тоотод оршин суух,), 1,020,000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогч О.Х хууль ёсны төлөөлөгч Д.С (Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 81 дүгээр байрны оршин суух,), 99,000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Н (Төв аймаг, Сүмбэр сум 1 баг Баянлэг тоот, РД:)-д, 84,000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Г (Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо ..... тоотод оршин суух, , утас)-д тус тус олгосугай.
9. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Э.Ө хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ