Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2019/01085

 

 

                              

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг *** дугаар хороо 3**** тоотод оршин суух, Боржигин овогт У.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, 1*** дугаар хороо, *** дүгээр байр,*** тоотод оршин суух, Монгол овогт С.М

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** дүгээр хороо,*** дугаар хороолол, Сансар *** дугаар байр *** тоотод оршин суух,  Яндаг овогт С.М нарт холбогдох

 

8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны  01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, хариуцагч С.М, хариуцагч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:С.М, С.М нар нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Байгаль орчины нарийвчилсан үнэлгээ, байгаль орчины тархац нөөцийн үнэлгээ хийж өгнө гэж 13,700,000 төгрөг залилж авсан. Дээрх үнэлгээнүүдийг хийж өгөөгүй учир Баянзүрх дүүргийн Прокурорын газарт 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өргөдөл гаргаснаар 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гарч 148.2-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Н тогтоолдоо С.М, С.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн нь үндэслэлтэй байх тул өршөөл үзүүлж хэргийг хэрэгсэхгүй болгосон. С.М, С.М нар нь Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ У.Б учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна. Мөн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор учирсан хохирлыг минь төлж барагдуулна гэсэн. 2016 оны 04 дүгээр сард 5,700000 төгрөгийг төлсөн ч үлдсэн 8,000,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй байгаа учир 8,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч С.М, хариуцагч С.М нараар байгаль орчины нарийвчилсан үнэлгээ болон байгаль орчны тархац нөөцийн үнэлгээ хийлгэхээр тохиролцож уг үнэлгээг гаргасны хөлсөнд 13,700,000 төгрөг өгөхөөр болж, 4,000,000 төгрөгийг бэлнээр, 9,700,000 төгрөгийг С.М өгсөн Б.Х Голомт банкин дахь дансруу шилжүүлсэн байна. Гэтэл хариуцагч С.М нь эрдэм шинжилгээний ажилтан Б.М 2013-2014 онд хийсэн судалгааны материалыг хуулбарлан өгч хууран мэхэлсэн. С.М, С.М нарын үйлдлийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 836 дугаар тогтоолоор бусдыг залилан мэхэлсэн гэж үзсэн бөгөөд өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гарчээ.  Тус тогтоолд “...яллагдагч С.М нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ...” гэж үзсэн нь Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан яллагдаж С.М болон С.М нарын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус гаргасан төлбөрөө төлж барагдуулна гэсэн хүсэлтээс шалтгаалсан байна. Мөн тэд хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, У.Б хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн боловч хохирлыг өнөөг хүртэл барагдуулаагүй байна. Нэхэмжлэгч У.Б нь нийт 13,700,000 төгрөгийг С.М өгсөн боловч Баянзүрх дүүргийн прокурорт яллагдаж нар шалгагдаж байхдаа 5,700,000 төгрөгийг С.М барагдуулж үлдэгдэл 8,000,000 төгрөгийг С.М барагдуулахаар болсон. Улмаар С.М нь 2016 оны 12 сард 1,000,000 төгрөгийг хохирогчид төлсөн байна. Иймд нэхэмжлэгч У.Б учирсан хохирол болох үлдэгдэл 7,000,000 төгрөг дээр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг нэмж нийт 7,142,950 төгрөгийг Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар “Үүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно” гэж заасны дагуу хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч У.Б нь С.М, С.М нарт 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны тархац, нөөцийн үнэлгээ хийж өгнө гэж хэлээд 13,700,000 төгрөг авсан байдаг. Хариуцагч С.М гаргаж өгсөн үнэлгээ нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн шинжлэх ухааны академи болон сорилын биологийн хүрээлэнгийн 2012-2015 оны судалгааг хуулбарлан өгсөн болохоос С.М нь өөрөө судалгаа хийж яваагүй байдаг. Дээрх үнэлгээг хийж өгөөгүй  залилсан тул Баянзүрх дүүргийн Прокурорын газарт 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өргөдөл гаргаж өгсөн. Үүний дагуу С.Мандах, С.М нарын үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 836 дугаарт тогтооолоор бусдыг залилан мэхэлсэн гэж үзсэн бөгөөд өршөөлийн хуульд хамруулж хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргаж, хариуцагч С.М, С.М нар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төлбөрөө төлж барагдуулахаар болсон. 2016 оны 04 сард С.Мөнхбат 5,700,000 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр С.Мандах 1,000,000 төгрөг өгсөн. Хариуцагч нар нийт 6,700,000 төгрөгийг барагдуулсан байдаг. Иймд үлдэх 7,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй учраас шүүхэд нэхэмжлэлийг шаардлага гаргасан. Энэ 7,000,000 төгрөгийг С.М гаргуулж, М татгалзаж байна гэв.

 

Хариуцагч С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2009 онд “Эгэл цагаан түрүү” ХХК-ийг үүсгэн байгуулж байгалийн ургамлыг зохистой ашиглаж эцсийн бүтээгдэхүүн болгохоор зорьж явсан. “Эгэл цагаан түрүү” ХХК-ийг хөл дээр нь босгох гэж өчнөөн жил хөөцөлдөж байна. Үндэсний хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Зуун найман цэцэг” төслийг хэрэгжүүлэх үйлдвэр байгуулахаар олон банкны хаалга татаж учраа хэлж явсан ч төрийн бодлого дутмаг учир төсөл маань цаасан дээр байдаг юм. Манай компани ажлын шаардлага, байгалийн ургамал хамгаалах хуулийн дагуу Байгаль орчны мэргэжлийн байгууллага болж компани дээр байгалийн ургамал ашиглах эрх нээгдсэн юм. Энэ нь компани дээр хөрөнгө босгох нэг боломж байсан. Яагаад гэвэл урд хөршийн хэрэгцээ шаардлагын улмаас Хятадууд 2003 оноос хойш жил болгоны намар Дэрэвгэр жиргэрүү ургамалыг худалдан авахаар ирдэг болсон. Мэргэжлийн байгууллагын эрхтэй компани энэ бизнесийг хийх эрхтэй байдаг. Манай компани энэ эрхийг 2009 онд авч 2010 онд 3 тн дэрэвгэр жиргэрүүг гаргасан түүхтэй. 2003, 2004 оны үеэс эхэлсэн энэ бизнес хэдэн жил хөл толгойгүй үргэлжилж харамсалтай нь Монголын ховор ургамалын санд бүртгэгдсэн маш ашигтай энэ ургамлын нөөц үгүй болсноор 2017 онд Засгийн газрын тогтоол шийдвэр гарсанаар зогссон. Төрийн байгууллагын уялдаа холбоо муу, төрөөс бодлогын арга хэмжээ аваагүй, мэргэжлийн байгууллагуудтайгаа тулж итгэж ажиллаагүй, үгийг нь сонсоогүй, орон нутгийн ченжүүд болон хятадуудыг давраасан, дээрээ ч доороо ч зөвхөн мөнгөний араас улайрсан энэ утгаараа их хор уршигтай ирээдүй хойч үедээ сургамж болохоор маш муу бизнес байсан. Б 2014 онд Баатарын Банзрагч гэгч залуугаар заалган ирж уулзаж танилцаж байсан. Тэр үед би өөр нэг хятад компанитай гэрээтэй ажиллаж байсан учир боломжгүй гэсэн хариу өгсөн. Дараа жил нь дахиад ирсэн. Цаг их байгаа болохоор өөр компанитай гэрээ хийх бүрэн боломжтой байсан ч Монгол хүнд туслах гэсэн сэтгэл төрөөд нэг ч гэсэн Монгол хүн мөнгөтэй болог гэж бодоод зөвшөөрсөн. Энэ бол миний түүнд туслах гэсэн сайхан сэтгэл байсан юм. Өөрийнх нь надад танилцуулснаар бол “миний ард нэг хятад баян компани байгаа, мөнгө төгрөг бол асуудалгүй” гэж хэлсэн. У.Б ийг гэрээний дагуу шударга бизнес хийгээд авах ёстой ашгаа аваад л явах юм байх гэж бодсоноос биш хамаг ажил төрөл бужигнуулж хаяад хүний амьдралыг орвонгоор нь эргүүлчихнэ гэж яаж санах билээ. Б болж манай компани мэргэжлийн байгууллагын эрхээ хураалгасан, өрөнд орж, шүүхийн хаалга татдаг ажилтай болсон. 2015 оны Б бужигнуулдаг бизнесийн бодит хохирол 30,000,000 төгрөг. Мэргэжлийн байгууллагын эрхээ хураалгаагүй байсан бол 2016, 2017 онуудад 50-60 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж болох байсан. Бас мэргэжлийн байгууллагын эрхийн дагуу Монос, АПУ гэх дотоодын томоохон үйлдвэрүүдэд бага сага ургамал бэлтгэн нийлүүлж олсон орлогоороо улсад төлөх татвар нийгмийн даатгалын шимтгэл, барааны тэмдэгтийн хураамж зэрэг компаний дотоод үйл ажиллагаанд зарцуулдаг мөнгөн хөрөнгийн урсгал тасарсан зэргийг тооцвол их хохирол амссан. Харин ч би зөөлөн сэтгэлтэй хүн учир тэгээд өнгөрсөн. Б нь Ц.Б гэж найзынхаа хамт өөрсдөөсөө болж алдсан мөнгөө надаас гаргуулж авах гэж хөөцөлддөг хүмүүс. М-тай холбоотой 13,700,000 төгрөгийн хэрэг бол өөрсдийнх нь тарьсан хэргүүдийн нэг нь. Хэрэв 2015 онд манай компаний нэр дээр гарсан нэг удаагийн ургамал түүх зөвшөөрлийн бичгийг засаагүй бол Баттөмөр, Болд нарын эсвэл тэр хятадуудынх нь зарцуулсан мөнгө нь хэзээ ч алга болохгүй зарлага нь орлогодоо нөхөгдөөд эргүүлж авах бүрэн боломжтой байсан юм. Гэвч бичиг зассанаас үүдэлтэйгээр ургамал түүхэд зориулж гаргасан зардал эргэж нөхөгдөхгүй байдалд орсон. Үүнд Баттөмөр өөрөө буруутай. Б найз Болдын хамт анхнаасаа намайг ашиглах гэж онилчихоод байсан учраас урьд жил нь бүтээгүй ч дараа жил нь бүтэн жил хүлээж байж ирж уулзсан. Баатарын Банзрагч намайг хүнд туслах гэж явдаг, зөөлөн хүн гэдгийг мэддэг учир “зөөлөн хоол” гэж зааж өгсөн байх. Тэд намайг бичгээ “ашиглуулна” гэж андуурсан. “Бичиг ашиглах” гэдэг нь өөрсдийнх нь зорилго байсан учир оноосон бай нь би байсан учир энэ үзэл бодлоороо хэрэг бишдээд ирэхээр намайг гүтгэн гуйвуулж цуурхал тарааж миний болон компаний нэр төрийг хугалсан. Буруугаа надад нялзаах гээд чадаагүй, Монгол улсын хууль үнэн зөвөөр нь шийдэж өгсөн. Гэвч би хохирохын дээдээр хохирсон хүн. М 13,700,000 төгрөгийн хэрэгт би оролцоогүй. Харин ч тэр айхтар шуналтай хүүхнээс 5,700,000 төгрөгийг нь гаргуулахад нь тус болсон. Хэн хэн нь хохироод үлдсэн энэ бүтээгүй бизнесийн үндсэн шалтгаан нь анхнаасаа л надаас хол хуйвалдааны замаар эхэлсэн учир хэдэн төгрөгийн зардал хэн нь юунд зориулж гаргасан байлаа ч эргэж олох боломжгүй болтол нь сүйтгэсэн хүмүүс нь нөхөр У.Б байгаа юм. Миний идэж уугаагүй барааг нь ч хараагүй мөнгийг бүх хэрэгээ хөөн хэлэлцүүлэх хугацаа дуусгаж хаалгасны дараа надаас гаргуулж авах гэж байгаа нь ичгүүргүйгээр хүн гүтгэж байгаа хэрэг мөнөөсөө мөн. Харин ч би 1,000,000 төгрөгийн өр тавьж байгаад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ард кино театрын дэргэдэх Хаан банкнаас авч өгсөн. Үүнийг яагаад нэхэмжлэлдээ дурдаагүй юм. Хэрвээ энэ хэрэг дахин сөхөгдөж болдог бол нэг удаагийн ургамал түүх зөвшөөрлийн бичиг зассан этгээдээс би хохирлоо нөхөн төлүүлмээр байна.

У.Б нь 13,700,000 төгрөгийг С.М бид хоёроос нэхэмжилээд байна. Энэ мөнгийг авах болсон шалтгаан нь манай байгууллага буюу “Эгэл цагаан түрүү” ХХК нь байгалийн ургамалыг зохистой ашиглах эрхтэй компани юм. 2014 онд У.Б манай компани дээр ирж хамтран ажиллах боломж байгаа эсэхийг маань асуусан. Тухайн үед манай компани өөр байгууллагатай хамтран ажиллаж байсан учраас боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл дараа жил нь бас манай компани дээр ирэхээр нь нэг ч гэсэн Монгол хүн өөрийн гэсэн хөрөнгөтэй болог гэж бодсны үндсэн дээр би хамтран ажиллахыг зөвшөөрсөн юм. Ингээд Ботаникийн хүрээлэнд ажилладаг найз С.М байгалийн нөөцийн судалгаа хийлгэхээр У.Б, С.М нарыг танилцуулсан. С.М хийсэн судалгааны үндсэн дээр ургамалын нөөцийн судалгааны дүгнэлт гарч, түүнийг үндэслэн БОАЖЯамнаас тус бүр 2 багц 12 бичиг баримт гарсан. Энэ баримтууд бүгд “Эгэл цагаан түрүү” ХХК-ийн нэр дээр гарсан байгаа. Энэ судалгааг ганц С.М гаргадаггүй олон эрдэмтэд орсон 2 жилийн судалгааны баримт бичгийг үндэслэн гарсан байгаа. У.Б нэр дээр гарсан ганц ч баримт байхгүй. У.Б нь бид хоёроос 7,000,000 төгрөгийг нэхэмжлэх боломж байхгүй. БОАЖНХЯамнаас олгосон дэрэвгэр жирэвгэрүү ургамал түүх эрхийг манай компанийн нэр дээр гарсан. У.Б яамнаас олгосон Төрийн үнэт цаасан дээр хэвлэгдсэн эрхийн бичгийг зассанаас энэ асуудал үүссэн. БОНХАЖЯ-наас гарсан Б 15.005 тусгай зөвшөөрөл нь С.М нөөцийн үнэлгээнээс гаргасан баримт. Ботаникийн хүрээлэнгээс гаргаж, нөөцийн судалгаа хийсэн эрдэмтэнтэй тухайн хүсэлт гаргасан компани гэрээ хийдэг. Би С.М 8,000,000 төгрөгийн санал тавьсан. Олон тонныг өөрөө хийлгэх хүсэлт гаргасан. Нөөцийн үнэлгээ 10 тонн гэж хэлсэн. Судалгаа шинжилгээний үнэ өндөр гардаг. Би ойлгохдоо 8,000,000 төгрөгөөр тухайн үнэт цаасыг үнэлсэн гэж ойлгосон. Би 7 сая төгрөгийг зөвшөөрөхгүй учир нь энэ зардал нь эрдэмтэдийн судалгаа хийсэн зардал багтаж байгаа. Би 8,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэж хэлсэн эрүүгийн хэргийн тогтоолд байгаа. Прокуророос намайг та гэмт хэрэг үйлдсэн байна гээд би айж сандарсандаа төлнө гээд хэлж байсан. Одоо бодоход би зөвшөөрөхгүй гомдол гаргах байсныг хуулийн мэдлэггүйгээс болоод зөвшөөрсөн байна. 2013 оны 4 дүгээр сарын 11-д гарсан прокурорын тогтоол гарсны дараа манай байгууллагын тусгай зөвшөөрөл цуцалсан байсан. Яагаад манай байгууллагын эрх цуцалсан бэ гэж асуухад тухайн мэргэжилтэн танай байгууллагын эрхийг цуцалсан гэдэг нь таны мэргэжлийн байгууллагын эрхийг хууль бус цуцалсан байна гэж хэлээд сэргээсэн.

У.Б хувь хүнээрээ ийм зөвшөөрөл, үнэлгээг гаргаж авч чадахгүй учир манай компаниар дамжуулж авсан. Энэ залуу миний өмнөөс нөөцийн үнэлгээний бичиг баримтыг өөрөө дур мэдэн авсан байсан. Би тухайн үед компанийн бичгийг ашиглаж байгаа гэж бодсон. Гэрээнд гарын үсэг зураагүй байж Батзаяа гэдэг хүнээр дамжуулан экспортын үнэт цаасыг авсан байсан. Нөөцийн үнэлгээг яаран гаргуулах шаардлагагүй гэж хэлэхэд өөрөө яарч гаргуулж авсан. . Тусгай зөвшөөрлийг олгохдоо мөн нэг цэгийн үйлчлэгч охин манай компанид буюу надад мэдэгдээгүй У.Б өгсөн байсан. У.Б 3 тонн 500 кг Дэрэвгэр, жиргэрүүг  Дорнод аймгаас зөвшөөрөлгүй түүж байгаад баригдаж над руу албан хүн нь утсаар ярьж би тусгай зөвшөөрлийг нэмж зассаныг нь мэдсэн Миний түүх зөвшөөрөл гараагүй бол экспортын баримт бичиг авахгүй байсан. Өөрийнхөө хэргийг цагаатгуулаад бид хоёрыг өнөөдрийг хүртэл шүүх, цагдаагаар яваад байгаад байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч С.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Эгэл цагаан түрүү” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 24 тоот албан бичгээр дэрэвгэр жиргэрүүгийн тархац нөөцийн тухай Шинжлэх ухааны академийн ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/113 тоот албан бичгийг хавсарган тус компаний захирал С.М Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 25 тоотоор 11,7 тн “экспортын зөвшөөрөл хүссэн албан хүсэлтээр БОНХАЖЯамны “Байгалийн ховор ургамал түүж, бэлтгэх 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Б.15.005 зөвшөөрлөөр Сэлэнгэ аймгийн нутгаас 6000 кг түүх бичиг нь гарсан.

Дээрх Б.15.005 тоот экспортын зөвшөөрлийг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тэмдэгтийн хураамж 24 сая төгрөг тушаасан баримтаа өгч БОНХАЖЯамнаас авсан байдаг.

Эрүүгийн хэрэг үүсгэн У.Б нийт 13,7 сая төгрөгийн хохирол учирсан гэж тогтоогдсон бөгөөд үүнээс би өөрийн 5,7 сая төгрөгийг 2016 онд эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа төлж барагдуулсан. С.Мандах 8 сая төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 01-ний дотор У.Б өгөхөөр тохиролцсон боловч тохирсон мөнгөө өгөөгүй байна. Иймд уг мөнгийг С.М төлөх ёстой, энэ нь эрүүгийн хэргээр нэгэнт шалгагдаж тогтоогдсон. С.М намайг Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн референт буюу нарийн бичгийн дарга албан тушаалтай байсныг мэдсээр байж, хүрээлэнгийн эрдэмтэн гэж хэлсэн нь шинжлэх ухааны байгууллагад 36 жил нэр хүндтэй ажилласан намайг хүрээлэнгийн одоогийн удирдлага, захирал, эрдэмтэн, нарийн бичгийн дарга, салбарын эрхлэгч, хамт олонд буруугаар ойлгогдож нэр хүндийг минь доромжилсон үйлдэл болсон тул нэр төрөө сэргээлгэх саналтай байна.

Ер нь У.Б, С.М нар хамтарч өөрсдийн буруутай үйл ажиллагаа буюу байгалийн ховор ургамал түүж, бэлтгэх үнэт цаас болгох зөвшөөрлийг засаж, хуурамчаар хийж, зөвшөөрөлгүй аймгаас түүсэн болон бусад холбогдох зардлаа төлбөр хураамжийн зардлаа надаар барагдуулахыг хүсч байна. Иймд нэхэмжилсэн 8,000,000 төгрөгийг төлөхгүй, зөвшөөрөхгүй.

Намайг нэхэмжлэгч тархац нөөцийн судалгаа хийж нөөцийн тодорхойлолт гаргаж өгөөгүй гээд байна. С.М компанийн нэрээр хүсэлт гаргаж ашигт ургамлын тусгай зөвшөөрлөөр тодорхойлолт гаргаж өгсөн. Би 36 жил ботаникийн хүрээлэнд ажиллаж байсан. Хүсэлт гаргасан байгууллагын зардлаар нөөцийг тодорхойлох судалгааг хийж гүйцэтгэдэг. Би машин хөлслөөд хөдөө явж нөөцийн тодорхойлолт гаргаж өгсөн. Би С.Мн өгсөн баримтан дээр үндэслэн Сэлэнгэ, Сүхбаатар, Төв аймгаар явсан.  Бүх 21 аймгаар энэ ургамал ургадаг ургамал биш. Ургамлын төрөл зүйлийн ургадаг газар, тархац, нөөц хаана их байгааг хээрийн судалгаагаар тогтоодог. Дорнод аймаг манайд энэ ургамал ургаагүй гэсэн тайлан гаргаж өгсөн. Миний гаргаж өгсөн нөөцийн үнэлгээ тайланг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан гаргаж өгсөн. Өөр байгууллага мөнгийг гаргахад талон болон бусад баримт гаргаж өгөөгүй нь миний буруу. Өгсөн 13,000,000 төгрөгийг нөөцийн баримт гаргуулахад зарцуулсан.

Прокурор Нархажид гэдэг хүн бид хоёрыг эрүүгийн хэрэгтэн болно гэж хэлээд байхаар нь бид хохирлыг төлнө гэж хоёр хувааж бичээд 5,700,000 төгрөгийн зээл аваад барагдуулсан.

Шинжлэх Ухааны академи нь сүүлийн 5 жилийн төсөв байхгүй зөвхөн ажилчдын цалинг олгож байсан. Хувийн компанитай тохиролцож тэдний зардлаар нөөцийн үнэлгээ хийж байсан. Тухайн үед би ботаникийн хүрээлэнгийн референт хийж байсан. Экспортын зөвшөөрөл гарсан байхад Баянзүрх дүүргийн Цагдаад намайг өгсөн. Би өөрийн хийсэн ажлаа үнэлээгүй нь буруу болсон. Одоо хуулийг үзээд байхаар 5,700,000 төгрөг өгөх ёсгүй байсан. У.Б Байгалийн ховор ургамлыг түүж бэлтгэх зөвшөөрлийн үнэт цаасыг засаад дээр нь 2 аймаг нэмсэн үйлдэлд нь эрүү үүсгэсэн байсан. Би энэ Эгэл цагаан түрүү ХХК-ийн нэр дээр тархац нөөцийн судалгааг хийж нөөцийн үнэлгээг гаргаж өгснөөр Байгалийн ховор ургамал түүж бэлтгэх тусгай зөвшөөрөл цаашлаад экспортлох тусгай зөвшөөрөл гардаг юм. У.Б гэгч энэ хүн өөрөө ийм зөвшөөрөл хувь иргэнээрээ гаргаж авч чадахгүй учир Эгэл цагаан түрүү ХХК буюу Маар дамжуулан хандсан байгаа. Иймд би нэхэмжилсэн төлбөрийг зөвшөөрөхгүй. Энэ хүнээс болж би ажил амьдралаасаа салсан, би харин хохирч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Б нь хариуцагч С.М, С.М нарт холбогдуулан 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7,000,000 төгрөг болгон багасгаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь С.М холбогдох шаардлагаасаа татгалзан хариуцагч С.М 7,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 7 сард С.М, С.М нар байгаль орчины нарийвчилсан үнэлгээ, байгаль орчины тархацын үнэлгээ хийж өгнө гээд хийж өгөөгүй, ... эрүүгийн хэрэгт гэм буруугаа хүлээж, хохирлоо төлнө гэж зөвшөөрсөн..., ...шалгагдаж байхдаа 5,700,000 төгрөгөө төлсөн..., үлдэх хохирлоо Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар С.М гаргуулна...” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...байгаль орчины нарийвчилсан үнэлгээ, байгаль орчины тархацын үнэлгээ хийж өгснөөр байгалийн ховор ургамлыг түүж, бэлтгэх №Б.15.005 зөвшөөрөл гарсан..., ...У.Б өөрөө МУ-ын үнэт цаасан дээр гаргаса зөвшөөрлийг гараараа дур мэдэн засварласан, зөвшөөрөлгүй газар Дэрэвгэр жиргэрүү ургамал түүж байгаад зөвшөөрлийг цуцлуулсан..., өөрөө анхнаасаа гуйж байж гаргуулж авсан, ...гэрээ байгуулья гэхээр байгуулаагүй..., ...бид эрүүгийн хэрэгт холбогдсон гэхээр айсандаа төлье гэж зөвшөөрсөн..., ...энэ хүнээс болж ажил, үйл ажиллагаагаа зогсооход хүрч хохирсон..., ...Эгэл цагаан түрүү ХХК-ийн нэрээр бүх бичиг баримт, зөвшөөрөл гарсан..., У.Г иргэнээр ийм үнэлгээ гаргуулж авч чадахгүй байсан...” гэж тайлбарлан маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч У.Б нь 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр С.М, С.М нартай уулзан байгаль орчины нарийвчилсан үнэлгээ, байгаль орчины тархацын үнэлгээ хийлгэхээр харилцан тохиролцон 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 9,700,000 төгрөгийг Б.Хаш-Эрдэнийн дансаар шилжүүлэн нийтдээ 13,700,000 төгрөгийг хариуцагч нарт өгсөн талаар талууд хэн аль нь маргахгүй байна. Мөн уг байгаль орчины нарийвчилсан үнэлгээ, байгаль орчины тархацын үнэлгээг хийлгэхдээ хариуцагч С.М эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх, сэргээн нутагшуулах, тарималжуулах ажлыг эрхлэн гүйцэтгэдэг тусгай зөвшөөрөл бүхий “Эгэл цагаан түрүү” ХХК-ийн нэр дээр бичиг баримт бүрдүүлэн улмаар Байгалийн ховор ургамлыг түүж, бэлтгэх, экспортлох тусгай зөвшөөрлүүдийг гаргуулахаар тохиролцсон үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч У.Б дээрх тохиролцсоны дагуу 13,700,000 төгрөгийг төлсний дараа 2 тайланг хүлээн авсан бөгөөд шалгаж үзэхэд Байгал орчны нарийвчилсан үнэлгээний тайланг огт гүйцэтгээгүй мөн тархац нөөцийн үнэлгээний тайланг 2012-2014 оны хээргийн судалгааны материалыг хуулбарлан өгсөн байсан. Тархац нөөцийн тайланг хуурамчаар хийж 13,700,000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэж Баянзүрх дүүргийн  прокурорын газарт өргөдөл гаргасны дагуу тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батзориг Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан болох нь хэргийн 5-6-р талд авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. Улмаар 201625010041 дугаартай эрүүгийн хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 836 дугаартай прокурорын тогтоолоор “яллагдагч С.М нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь өршөөлд хамрагдах үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн  7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.6, 10.7, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 209 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна. /хх-ийн 8,9/  Энэхүү Баянзүрх дүүргийн прокурорын газрын 836 дугаартай тогтоолоор С.М, С.М нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн гэсэн үндэслэл зааж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь яллагдагч С.М болон С.М нарын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус гаргаж өгсөн төлбөрөө барагдуулна гэсэн хүсэлтээс шалтгаалсан учир Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан хариуцагч С.М “Баянзүрх дүүргийн газарт хүсэлт гаргах нь” гэх бичгийн баримт, хариуцагч С.М “Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүсэлт гаргах нь” гэх бичгийн баримтуудыг /хх-ийн 10, 11-р тал/ хариуцагч нар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн прокурорын газарт хандан эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа бичиж өгсөн баримт болох талаар маргадаггүй.

 

Гэвч маргааны гол үндэслэл болсон 13,700,000 төгрөг өгсөн-авсан тухай баримтаас үзвэл нэхэмжлэгч У.Б нь анх С.М, С.М нартай уулзан байгаль орчины нарийвчилсан үнэлгээ, байгаль орчины тархацын үнэлгээ хийлгэх тухай саналыг тавьсны дагуу талууд харилцан тохиролцон 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 4,000,000 төгрөгийг бэлнээр, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 9,700,000 төгрөгийг Б.Хаш-Эрдэнийн дансаар шилжүүлэн нийтдээ 13,700,000 төгрөгийг хариуцагч нарт өгсөн талаар талууд хэн аль нь маргахгүй байна. Уг тохиролцооны дагуу нэхэмжлэгч С.М нь өөрийн Байгалийн ургамлын эмийн болон ашигт ургамал бэлтгэх, нөхөн сэргээх, байгалийн ургамал сэргээн нутагшуулах, тарималжуулах ажил эрхлэх эрх бүхий “Эгэл цагаан түрүү” ХХК-ийн нэрээр Шинжлэн ухааны академийн Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэнд хандан “Дэрэвгэр Жиргэрүү /Saposhnikovia divaricata Schischk/-ийн тархац нөөцийн үнэлгээг гаргуулах хүсэлт гаргасны дагуу тус хүрээлэнгээс 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 01/113 тоот албан бичгээр  “Дэрэвгэр Жиргэрүү /Saposhnikovia divaricata Schischk/-ийн тархац нөөцийн үнэлгээг хүргүүлсэн байна. /хх-ийн 92-94-р тал/

Уг нөөцийн үнэлгээг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамнаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр №Б.15.005 дугаар бүхий “Байгалийн ховор ургамлыг түүж, бэлтгэх зөвшөөрөл”-ийг “Эгэл цагаан түрүү” ХХК-д Дэрэвгэр Жиргэрүү /Saposhnikovia divaricata/ гэх байгалийн ховор ургамлыг 6000 кг-ийг 2015 оны 8 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс түүж бэлтгэх зөвшөөрлийг олгосон байна. /хх-йн 34, 91-р хуудас/  Энэхүү “Байгалийн ховор ургамлыг түүж, бэлтгэх зөвшөөрөл” нь аливаа иргэний нэр дээр олгогдохгүй, зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн нэр дээр гардаг тул “Эгэл цагаан түрүү” ХХК-ийн нэр дээр гаргуулсан талаар, мөн дээрх тусгай зөвшөөрлийг олгохдоо байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, тархацын нөөцийн үнэлгээг харгалзан үзэж гаргаж өгдөг талаар талууд хэн аль нь маргахгүй байна.

Нэхэмжлэгч У.Б нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны  2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр №Б.15.005 дугаар бүхий “Байгалийн ховор ургамлыг түүж, бэлтгэх зөвшөөрөл”-ийг үндэслэн Дэрэвгэр Жиргэрүү /Saposhnikovia divaricata/ ургамлыг түүж байсан талаар маргадаггүй.

Мөн нэхэмжлэгч У.Б дээрх №Б.15.005 тоот тусгай зөвшөөрлийг засварлан хуурамчаар үйлдэж 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Дорнод аймгийн Булган сумын нутгаас 10 орчим тонн Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг зөвшөөрөлгүй түүж бэлтгэсэн гэх үндэслэл болон бусад үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан болох нь хэрэгт авагдсан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 1436 дугаартай магадлалаар тогтоогдож байх бөгөөд тусгай зөвшөөрлийг хуурамчаар засварласан гэх үйл баримт болон хариуцагч нарын энэ талаар гаргасан тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадахгүй байна. Улмаар дээрх хэрэгт бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд “Эгэл цагаан түрүү” ХХК-ийн захирал С.М Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал жуучлалын яамны хүрээлэн буй орчны нөөцийн газарт хандан 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 69 дугаартай албан бичгээр тус компанид олгосон  №Б.15.005 тоот тусгай зөвшөөрлийг “... манай компани иргэн У.Б Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг худалдах, худалдан авах гэрээг байгуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл байгуулаагүй... У.Б манай компанийн нэрийг ашиглан хууль бус үйлдэл хийгээд явж байгаад харамсаж байна. ...түүх зөвшөөрөл дээр Сэлэнгэ аймаг дээр хувиарласан дээр нэмж Төв, Дорнод гэсэн үгнүүдийг бичсэн байна...,манай компанийн үйл ажиллагааны үндэсэн баримт бичиг болох байгаль орчны мэргэжлийн байгууллагын ...тоот гэрчилгээг хэвээр үлдээж өгнө үү.” гэх агуулга бүхий хүсэлтийг гаргаж байжээ. /хэргийн 56,99-р хуудас/ Уг хүсэлтийг үндэслэн   №Б.15.005 тоот тусгай зөвшөөрлийг цуцалсан болох нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны “Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүргүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08/1780 тоот албан бичиг, уг албан бичигт хавсарган хүргүүлсэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны “Шууд шилжүүлсэн албан бичиг” гэх бичгийн баримтад “Эгэл цагаан түрүү” ХХК, С.М, зөвшөөрлийн тухай, зөвшөөрөл хүсэлт тухай албан бичгийг хүлээн авсан тэмдэглэл хэсэг /хх-ийн 59-61, 96-98-р тал/, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамнаас Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газарт хүргүүлсэн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05/5618 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Дээрх хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар хариуцагч С.М, С.М нар нь У.Б өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч хариуцагч С.Мөнхбат Байгаль орчины тархац, нөөцийн үнэлгээг гаргах үүргээ биелүүлээгүй гэх боловч үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй, дээрх баримтуудаар уг тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Хөрөнгийг олж авч буй этгээд энэ үйлдлийнхээ улмаас бусдын эрхэнд халдаж, ингэснээрээ ямар нэг үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа нөхцөлд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар хөрөнгийг буцаан өгөх үүрэг үүснэ.

Гэтэл хариуцагч С.М, С.М нар нь У.Б өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн, уг хариуцагчийн хүлээсэн үүрэг буюу үйлдэл нь хожим дуусгавар болсон төдийгүй хөрөнгө шилжүүлсэн этгээд буюу У.Б хүсэл зоригт нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт томилогдон иргэдийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч биеийн эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд ирэх боломжгүй гэх тайлбар гарган шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд зохигчид түүнийг эзгүйд шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                        ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.Б хариуцагч С.М 8,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь, хариуцагч С.М холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч  шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.НЯМСҮРЭН

                                                                                         

                                                                                         Г.НЯМСҮРЭН

 

                                                                                         Л.ОЮУНЦЭЦЭГ