Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/15

 

    2023          01          13                                        2023/ШЦТ/15    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,

Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.П-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-гийн Н-д холбогдох эрүүгийн 2235000000163 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс аймгийн Баруунтуруун сумын НИК ХХК-ийн ......... ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Увс аймгийн ......... сумын Туруун багийн Ар чулуут хорооллын 1 дүгээр гудамжны .........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Б-гийн Н /РД:.............../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Баруунтуруун сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр “Туруун” голын хажууд ...... УБӨ улсын дугаартай приус 20 загварын авто машин жолоодож Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 12.3,  3.7.а  заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, автомашины дэргэд байсан амь хохирогч М.Б-ийг дайрч амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч Б.Н-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 07 сарын 21-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын 1-р багийн нутаг дэвсгэрт “Туруун” голын хажууд ..... УБӨ улсын дугаартай приус 20 загварын авто машинаар амь хохирогч М.Б-ийг дайрч амь насыг хохироосон болох нь:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, замын бүдүүвч зураг,  гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 4-16 дахь тал),

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 18-31 дэх тал),

3. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 32-35 дахь тал),

4. Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 36-38 дахь тал),

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би нөхөр хүүхдийн хамт Баруунтуруун сумын 1-р багийн нутаг дэвсгэрт хувиараа ногоо тарьж, амьдардаг бөгөөд 2022 оны 07 сарын 20-ны өдөр нутгийн танилууд болох З түүний эхнэр Б нар манайд ирээд трактораа өгөөч ногоо сийрэгжүүлэх гэсэн юм гэхэд нөхөр миний машины араа болохгүй байгаа өөр хүн амьтнаас хайгаад үз бүр болохгүй бол маргааш өглөө эрт ирээд ав гэж хэлээд явсан. Ингээд маргааш нь буюу 2022 оны 07 сарын 21-ний өглөө хэдэн цагийн үед гэх талаар мэдэхгүй байна. Манайд З, Б нар ирээд нөхөр Б-гийн хамт аваад ногоо сийрэгжүүлэн гэж хэлээд явсан бөгөөд би тухайн үед Б-д хандаж за битгий архи дарс өгөөрэй, халуун хоол цай өгөөрэй гэж хэлээд явсан. Ингээд гэртээ байж байтал хэсэг хугацааны дараа Б, Н нар манай гэрт ирээд сумын төвөөс 20 ширхэг хуушуур аваад явж байна хамт ногооны талбай явья гээд намайг дагуулаад гэрээс гарсан. Ингээд ногооны талбай дээр очиход Б-ийн нөхөр З мөн Б.Н-гийн нөхөр Б нар байсан бөгөөд Б задалчихсан 0.75 литрийн архи задлаад бид бүгд бөөндөө уусан. Мөн ууж дуусаад дахин 1 ширхэг 2.5 литрийн пиво хувааж уугаад Б дахин архи авч ирье гэхээр та нар наад ажлаа дуусгаад машин гэрт аваачаад тавьчих тэгээд манайд ууя гэхэд за гээд тэд удалгүй ажлаа дуусгаад манай гэр лүү бөөндөө Б-ийн машинтай ирсэн. Ингээд манайд бид нар Болор нэртэй архи ЛХ гэх 0.5 литрийн архийг тус тус хувааж уусан. Тэгээд би яасан юу болсон талаар юу ч санахгүй байна. Нэг сэрэхэд Б гэрт ороод ирчихсэн Б ахыг дайрчихлаа гэж хэлж байсныг санаж байна. Тэгээд би яаж тухайн хэргийн газарт очсон юм бүү мэд согтуу яваад очсон байсан. Манай гэр ногооны талбайд байдаг бөгөөд хэргийн газраас 1 км орчмын зайтай байдаг. Тэгээд намайг хэргийн газар яваад очиход Б.Н, Б нар машины хажууд байсан бөгөөд машиныг данхраадаж манай нөхөр Б-гийг татаж гаргаж ирсэн байдалтай намайг очиход нас барсан байсан. Удалгүй миний араас эрүүл мэндийн төвөөс эмч ирсэн боловч манай нөхөр нас барсан байсан тул ямар нэгэн эм тариа хэрэглээгүй, би тухайн үед согтуу байсан орон гаран болсон асуудлаа санаад байна. Тухайн үед Б.Н надад хандаж би Б ахыг дайраад алчихлаа би ял шийтгэлээ өөрөө хүлээн гэж удаа дараа орилж байсан.”, “Талийгаач нөхөр Б-гийн оршуулгын зардалд нийт 12.847.985 төгрөгийн зардал гарсан. Уг зардлуудаас зарим нь баримттай зарим нь баримтгүй бөгөөд баримттай нийт 6.342.000 төгрөг уг зардал нь нийт 34 ширхэг баримттай, баримтгүй зардал болох хоол хүнснээс гадна ламаар ном уншуулах, гар цайлгах зардалд 6.506.000 төгрөг болж байгаа юм. Б.Н-гаас нийт 24.349.400 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд уг хохирлоос Б.Н нь нийт 4.000.000 төгрөгийг төлсөн. Одоо түүнээс 20.349.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 53, 55 дахь тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн хэрэг болсон газар хамгийн түрүүнд очсон хүн би юм. Тэгээд би талийгаач дээр очоод орилж чарлаад байж байхад манай 2 хүүхэд болон ах дүү хамаатан садангууд ирсэн. Манай 2 хүүхдийг ирэхэд Н би Б ахыг алчихлаа гэж орилж байсан. Би тасраад унтсан учир мэдэхгүй байна. Б “Б ах хөл нүцгэн, цээж нүцгэн Ц”-гийн гэр лүү явж байсан араас нь бид нар очиж авсан гэж хэлээд байгаа. Миний хань бол тэгж явах ёсгүй энэ хүмүүс л суулгаж авч гол руу явсан байх. Хохирол төлбөрт нэхэмжилсэн 24.349.400 төгрөгийг төлж барагдуулсан. Цаашид сэтгэл санааны хохирлоо тусдаа нэхэмжлэх болно.  Б-ын ах, дүү нар гомдолтой байгаа. Н надтай уулзаж, уучлалт гуйгаад яваад байгаа, Талийгаачийн ах, дүү нараас уучлалт гуйгаагүй” гэх мэдүүлэг,

6. Гэрч Д.Б-лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Бид нар Б ахын гэрт очоод Elix 0.5л, Болор нэртэй 0.75 литрийн архи хувааж уугаад тухайн үед хүмүүс орж гараад ууж байх үед Б ах Ц-гийнд очно гээд гэрээсээ дээгүүрээ цээж нүцгэн гараад Ц-гийн гэрээс хазаагаад гол руу явж байсныг би хараад тэр Б ах хаашаа явж байгаа юм бэ очиж авч ирье гээд Б-ийн эзэмшлийн тоёота приус загварын .......УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний эхнэр Н жолоодоод түүний нөхөр Б урд талын суудалд суугаад би арын суудалд сууж хөдлөөд замдаа Б ахыг аваад миний хажууд арын суудалд суулгаад бид явсан. Ингээд Б.Н нь Туруун голын хажууд зогсоод бид ширгэн дээр сууж байсан ингээд хэсэг тухайн газарт суугаад хар экс архи хэн нэгэн авсан байсан бөөндөө тухайн архийг уугаад голын хажууд сууж байгаад Б.Н дахин сумын төв рүү явж архи авч ирнэ гээд машинд жолооны ард сууж байсан. Тухайн үед талийгаач Б ах ширгэн дээр хэвтэжбайсан. Б.Н-гийн нөхөр Б босоход гэнэт жолооны араас би хүн алчихлаа гээд Б.Н орилоод буугаад ирэхээр харахад Б ах машины хоёр дугуйны голоор толгойн харагдахгүй, машины доор орчихсон цээж хэсэг нь харагдаж байсан. Тэгээд би юу вэ гээд гол руу шоконд орж гүйгээд одоо яанаа гэхэд түүний нөхөр Б эхнэр Б.Н-д хандаж чи биш би жолоо барьсан за юу гэж хэлж байсан. Тэгэхэд Б.Н эгч над руу гүйж ирээд чи унтаж байсан шүү гэж хэлээд явсан. Би шоконд ороод яахаа мэдэхгүй эхнэрийн дуудахаар гүйгээд Б ахын гэрт ирэхэд манай нөхөр З, Л.Б эгч хоёр байсан би эхнэрт нь Б ах машин доор байна хурдлаач гэж хэлээд дагуулж аваад явсан. Тухайн осол болохын өмнө нөхөр З гол дээр ирэхэд Б ах маань манай эхнэрийг аваад ирээч гэж хэлээд явуулчихсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 59-60 дахь тал),

7. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би эхнэрээ аваад  харих гэж байтал Б гэнэт М.Б ахыг гол руу явж байна гэхээр нь бид нар миний машинаар гол руу явсан. Тухайн үед би өөрийн машинаа бариад эхнэр Б-тай гол дээр очиход Б ах гол дээр ирчихсэн байсан. Ингээд би тасарчихсан байх, гол дээр очиж хичнээн удсан талаар мэдэхгүй байна. Гэнэт эхнэр машин хөдөлгөчихсөн би хүн алчихлаа гэж орилохоор харахад Б ах машины 2 дугуйны голоор толгой нь харагдахгүй, машин доор орчихсон цээж хэсэг нь харагдаж байсан. Тухайн үед эхнэр яагаад машин хөдөлгөсөн талаар би юу ч мэдэхгүй байна. Тухайн ....... УБӨ улсын дугаартай авто машиныг эхнэр Б.Н жолоодож хөдлөөд Б ахын дээгүүр гарсан байсан чухам хүн байгааг харсан юм уу үгүй юм уу би хэлж мэдэхгүй байна. Гэнэт эхнэр би хүн алчихлаа гээд орилохоор эхнэрийг тайвшруулаад би жолоо барьсан шүү гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 64 дэх тал),

8. Гэрч Н.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б гол явна гэж байсан. Тэгээд нэг мэдэхэд байхгүй байсан, алга болсон байсан учраас Б, Б.Н, Б, нар гарч хайсан. Би жаахан байж байгаад араас нь гараад хайж байгаад гол орно гээд байсан болохоор гол явж байхад голын захад нөгөө хэдийн машин харагдаж байсан. Би хажуугаар нь орж зогсоход Б ах намайг эгч чинь ирсэнгүй эгчийгээ аваад ир гэсэн. Би гэрт нь очоод Л.Б эгчийг авахаар ирэхэд эгч би явахгүй гэсэн. Тэгээд Л.Б эгч бид хоёр юм яриад сууж байхад манай эхнэр орж ирээд “чамд данхраад байна уу?” гэсэн “яах гэж байгаа юм бэ?” гэхэд машинд хүн дарагдчихлаа гэсэн би “хаана?” гэхэд гол гэсэн тэгээд би машинаа асааж аваад шууд очсон. Тэгтэл машины доод талд Б ах дарагдчихсан байсан. Тухайн машиныг данхраадаар данхраадаад хүнийг татаад гаргаад ирэхэд өнгөрчихсөн бололтой байсан. Нөгөө хүмүүст “та нар хүн алаад хаячихсан байна ш дээ” гэж хэлчихээд машинаа асааж аваад гэр лүүгээ явж байхад манай эхнэр Л.Б эгчийг дагуулчихсан гол руу явж байсан. Тэр хүмүүс гол дээр очоод хэр удсан талаар сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 68 дахь тал),

9. Гэрч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай үеэл О ирээд намайг “машинд суучих” гэсэн би машин дотор нь суучихаад гэрээсээ осол болдог газар руу явж байхдаа юу болсон талаар асуухад “Аав чинь машинд дайруулчихсан юм шиг байна. Юу болсон талаар сайн мэдэхгүй байна” гэсэн. Ногооны талбай дээр байсан авга ах О-ын хамт осол болсон газарт очиход ээжийн хоёр талаас хүн тулчихсан хажуу талд нь аав Тоёота Приус-20 загварын .... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн доогуур харагдсан. Тэгээд би гүйгээд очиход бүгд сандарсан байдалтай байсан. Би аавыг тэврээд уйлж байхад миний хамарнаас цус гараад Б.Н эгч аавын нөгөө талаас намайг тэврээд “Эгч нь аавыг чинь алчихлаа” гэж аргадаад байсан. Тэгээд байж байхад Б ах Б.Н-г татаж аваад “чи чимээгүй бай” гээд байсан. Б.Н эгч над дээр 2-3 удаа ирээд миний хамраас гарсан цусыг арчаад намайг тайвшруулаад байсан. Б.Н гэж хүнээс юу болсон талаар асуухад “Эгч нь дайрсан намайг уучлаарай” гээд уучлалт гуйж байсан. Б ахаас юу болсон талаар асуухад би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар тэнд байж байгаад шөнийн 03 цагийн “яаж дайрсан юм бэ?” гэхэд урд талаараа дайрсан гэж хэлсэн. “Хэн дайрсан юм бэ?” гэхэд би дайрсан гэж хэлсэн. “Яагаад ийм зүйл болсон юм бэ? хэрүүл маргаан болсон зүйл байгаа юу?” гэхэд “ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй” гэж хэлсэн. Мөн тухайн осол болсныг Б эгч сумын төв рүү гүйж яваад манай 2 найз Н, М нарт “Б.Н, Б-ийн машинаар Б-ийг дайрчихлаа” гэж хэлсэн гээд надад сүүлд тэгж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 70 дахь тал),

10. Гэрч Б.П-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн ...... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би анх 3 жилийн өмнө буюу 2019 онд 10.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан бөгөөд би уг машиныг унаж ашиглаж байгаад 2021 оны 05 дугаар сард би өөртөө шинээр приус-30 загварын автомашин худалдаж аваад хуучин ..... УБӨ улсын дугаартай приус-20 машинаа Баруунтуруун суманд оршин суух аав Б.Б, ээж Б.Н нарт өгсөн. Би уг автомашиныг аав, ээж хоёртоо үнэгүй бэлэглэсэн. Машины бичиг баримтын нэрийг нь шилжүүлж өгөөгүй байгаа. Тэр машин одоо бол аав, ээж хоёрын хөрөнгө бөгөөд надад хамаарал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 72 дахь тал),

11. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай “Талийгаач М.Б-ийн биед үзлэг, шинжилгээ хийх үед цээжний баруун талын 2, 3, 4, 5, 6, 8 дугаар хавирга, цээжний зүүн талын 1, 2, 3, 4, 6, 7, 8 дугаар хавиргануудын нэг болон хоёрлосон хугарал, хугарлын түвшинд цус хуралт, баруун чамархайн булчинд, хуйханд доор цус хуралт, баруун чамархайд зулгаралт, баруун хацарт язарсан шарх, зулгаралт, цус хуралт, баруун чихний дэлбэнд язарсан шарх, цээж, бүсэлхийн баруун хажууд, хэвлийн зүүн хажуу хэсэгт, баруун ташааны ирмэгт, баруун мөрний үеийн ард хэсэгт, баруун бугалга, тохой, шуу, баруун суганы хонхорт, баруун дал, цээжний баруун ар доод хэсэгт, зүүн өвдөгт зулгаралт, баруун бугалга, цээжний баруун, зүүн урд дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үе буюу нас барахын өмнөхөн үүссэн гэмтэл шинэ гэмтлүүд байна. Цээжний баруун талын 2, 3, 4, 5, 6, 8 дугаар хавирга, цээжний зүүн талын 1, 2, 3,4, 6, 7, 8 дугаар хавиргануудын нэг болон хоёрлосон хугарал, хугарлын түвшинд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгтогтоох журмын 3.1.10-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Талийгаач М.Б-ийн биед учирсан гэмтэл нь үхэлд шууд бусаар нөлөөлсөн байх боломжтой. Талийгаач М.Б нь зүрхний зуүн титэм судасны хатуурал шохойжилт бүхий өөрчлөлттэй байсан байна. Энэ нь талийгаачийн үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй байна. Талийгаач М.Б нь цээж хэсгээр дарагдсанаас дээрх гэмтлүүд үүсч цээж дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтэд орж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна. Талийгаач М.Б нь үзлэг шинжилгээ эхлэхээс өмнө нас бараад 24 цаг орчим хугацаа өнгөрсөн байх боломжтой. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 76-80 дахь тал),

12. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн шүүх химийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 93 дугаартай “Талийгаач М.Б нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Талийгаачийн цусанд 2,3% промилли, ходоодны агууламжинд 8,4% промилли, шээсэнд 2,1% промилли спиртийн агууламж илэрч байна. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 87-88 дахь тал),

13. Шүүгдэгч Б.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 07 дугаар сарын 21-ний өглөө би өөрийн ажил болох Баруунтуруун сумын Ник шатахуун түгээх станц дээр очиж байж байгаад 11:00 цагийн орчимд ажлаасаа алхаж гэрт очиж өөрийн нөхөр Б-той хамт ногооны талбайруугаа явсан. Тухайн үед нөхөр маань .... УБӨ дугаартай приус-20 загварын машиныг жолоодож явсан. Ногооны талбай дээр очиж нөхөр бид хоёр талбайгаа услаад 30 гаруй минут болсон бөгөөд бид хоёрыг ногоо услаад байж байтал манай сумын Б, Б нар ирцгээсэн. Тэр хоёрыг ирэхээр нь нөхөр бид хоёр тэднийхээс усалгааны иж бүрдлийг нь гуйж авч талбайгаа услах гээд бид хоёр машинтайгаа Б-гийн талбай дээр очсон. Тэнд очиход Б нөхөр бид хоёрт “та хоёр сум ороод хиам, талх авч ирээд өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б-д “чадахгүй чи өөрөө хамт очоод ав аа” гэж хэлсэн. Манай ногооны талбай сумын төвөөс 4-5 орчим километр зайтай байдаг юм. Тэгээд Б-ийг нөхөр бид хоёр аваад сумын төв орсон. Сумын төв ороод би нөхрийгөө Ник шатахуун түгээх станц дээр ажилд нь буулгачихаад Б бид хоёр манай хүү Б-ын гэрт очоод амбаараас нь хөргөгчийг нь аваад Дөрөөгийн застав явах машинд хүргэж өгсөн. Тэр зуурт Б утсаар гуанз  руу яриад 20 ширхэг хуушуур захиалчихсан байсан. Тэгээд буцаж клонк ороод би нөхрөө авсан, тэгээд Б-ийн гэрээс очиж ногооны багаж авсан, Б ногооны багаж авч гэрээсээ гарч ирэхдээ 0.750 литрийн  задалчихсан цагаан экс гэх нэртэй 1 шил архи авч ирсэн, уг архийг задлаад дээрээс нь дөнгөж 1, 2 хундага уусан байсан. Тэгээд Б, Б бид 3 сумын төвөөс ногооны талбай руу явсан, талбай руу явж байхад Б “Л.Б эгчийг аваад явъя” гэж хэлээд ногооны талбайн эхэнд байх Л.Б эгчийг гэрээс нь очиж аваад бид нар Б-гийн талбай дээр очсон. Бид нар талбай дээр очиход Л.Б эгчийн нөхөр Б өөрийнхөө ногооны трактортой Б-гийн ногооны талбайн гадна манай машины хажууд сүүдэрт сууцгааж авч ирсэн хуушуураа хувааж идэцгээсэн. Хуушуур идэж байхдаа Б-ийн авч ирсэн архийг Б, М.Б, Л.Б, Б бид зургуулаа хувааж ууж дуусгасан. Архи уугаад дуусч байтал Л.Б эгч бид нарт “өчигдөр манай нөхрийн төрсөн өдөр болсон хүн ирээгүй, бүгдээрээ манайд очъё” гэж хэлсэн. Тэгээд Б-ийн гэрт очсон. Б-ийн гэрт орж цай уусан тэгээд Б ах авдраасаа 0.5 литрийн ногоон өнгийн шилтэй эликс гэх архи гаргаж задалж тухайн архийг бид нар бүгдээрээ тойруулж ууцгаасан. Би сүүлийн архи задалж ууж байсан бөгөөд тэрнээс хойш юу болсон хаашаа явсан, яасан талаараа юу ч санахгүй байгаа. Тэгээд би “голын эрэг дээр яагаад ирчихсэн юм бол оо, яагаад энд хүрээд ирсэн юм бол” гээд дотроо бодоод машинаа асаагаад араандаа хийгээд хөдлөхөд тэр үед машин урагш хөдөлсөн, машин урагш хөдлөхөд машинд юм дайрагдчих шиг болсон бөгөөд би юм дайрчихлаа, чулуун дээр гарчихсан юм болов уу гэж бодоод машинаа зогсоож машинаас буугаад харахад жолооч талын буюу миний хаалга талын хэсэгт машины доод талд цээж нүцгэн хүн хэвтэж байсан бөгөөд машинд дайрагдаад машины доод талд орчихсон байсан. Тухайн үед би машины доод талаар харахад Б ах машинд дайрагдчихсан байсан. Би Б ахыг дайрчихаад тухай үедээ сандарч “яанаа би хүн дайрчихлаа” гэж орилсон бөгөөд манай нөхөр хажууд байсан бусад нь хаана байсныг би мэдээгүй тэгээд би айж сандарч шоконд орсон байсан бөгөөд нэг харахад голын хажуугаар манай сумын Б гэх залуу машинтай явж байхаар би гүйж очоод эмч, цагдаа дуудаад өгөөч би хүн дайрчихлаа гэж хэлсэн шиг санагдаж байна. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Миний ухаан санаа орж гараад байсан бөгөөд юу болсныг мэдэхгүй байна. Би анх 2009 онд жолоо төгсөж үнэмлэх авсан бөгөөд 2019 онд миний үнэмлэхний эрх нь дуусчихсан. Би талийгаачийн эхнэр Л.Б-т 1.000.000 төгрөг, талийгаач Б-ийн цалингийн зээлийн үлдэгдэл-3.000.000 төгрөг ингээд нийт 4.000.000 төгрөг өгсөн. Цаашид учирсан хохирлыг  бүрэн барагдуулж өгөх болно. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Б-ийн амь насанд хохирол учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 143-144 дэх тал),

Шүүгдэгч Б.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний буруу. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Та бүхнээс уучлалт гуйж байна. Би хийсэн хэрэгтээ ялаа эдлээд гарч ирээд эргээд та бүхэнтэй эгч, дүү шиг харилцаатай байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжилсэн 24.349.400 төгрөгийг төлж барагдуулсан. 15 сая төгрөг бэлнээр цувуулаад өгсөн. Үлдсэнд нь газар, будаа, мод зэрэг зүйлийг тооцоод өгсөн” гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Амь хохирогчийн хувийн зан байдлын талаарх Хилийн 0311-р ангийн  захирагчийн тодорхойлолт, 2022.01 сараас 2022 оны 07 сарын 31-нийг дуустал олгогдсон цалингийн аттестат нийт хоёр  хуудас нотлох баримт,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-т нийт 15.060.000 төгрөгийн мөнгө шилжүүлсэн 6 ширхэг баримт, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.З-т “Увс аймаг Баруунтуруун сум 3-р баг Цагаан эрэг 40/307, 50 га газар эзэмших эрхийг хэсэгчлэн шилжүүлэх гэрээ” нийт 8 хуудас нотлох баримт, Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон 5 баримт нийт 19 хуудас нотлох баримтыг тус тус шинээр гаргаж өгсөн байна.  

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь  Монгол Улсын Засгийн газраас  хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, хүний амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийх үед хохирол, хор уршиг бий болгодог хүний болгоомжгүй үйлдэл байдаг боловч авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцох зорилготой, идэвхтэй үйлдэл хийсэн байдгаараа болгоомжгүйгээр хүний амь насыг хохироох гэмт хэргээс ялгагдана.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн, баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон бол гэмт хэрэгт тооцогдоно.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнд оролцож явах эсхүл оролцохоор идэвхтэй үйлдэл хийсэн байна. 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолоочийн хөнгөмсгөөр найдсан эсхүл хайхрамжгүй хандсан болгоомжгүй үйлдлийн улмаас  хохирол, хор уршигт хүргэсэн байдаг онцлогтой

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэдэг нь Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам зөрчсний улмаас хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр хохирол учруулсан үйлдэл юм.

Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 07 сарын 21-ний өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын 1-р багийн нутаг дэвсгэрт “Туруун” голын хөвөөнд зогсож байсан .... УБӨ улсын дугаартай приус 20 загварын авто машиныг жолоодож хөдлөхдөө уг автомашины хажууд хэвтэж байсан М.Б-ийг дайрч амь насыг хохироосон үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжтэй байна.

1. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээч эмчийн шүүх химийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 90 дугаартай “Б.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Б.Н-гаас авсан F48382821 дугаартай хуруу шилтэй цусанд 1.6% промилли спиртын агууламж илэрч байна. Б.Н-гаас цусны дээж авах үед дунд зэргийн согтолттой байсан байна” гэх дүгнэлт  (хавтаст хэргийн I-р хавтасны 115-116 дахь тал)-ээр нотлогдож байна.

 Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаартай тогтоолоор батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ийн  2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%о) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан тул шүүгдэгч Б.Н-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

2. Жолоочийн мэдээлэл лавлагаа /хавтаст хэргийн I-р хавтасны 128 дахь тал/-аар “В” ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хуүчинтэй байх хугацаа нь 2019 оны 7 дугаар сарын 24-нд дууссан болох нь нотлогдож байгаа тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан гэж үзнэ.  

Шүүгдэгч Б.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д “Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа, хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг,

Мөн дүрмийн 10.1-т “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэхдээ аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”  гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Шүүгдэгч хөдөлгөөн эхлүүлж, хүн дайрсан гэдгийг мэдсэн даруйд зогсоох арга хэмжээ авч авто машиныг зогсоосон болох нь амь хохирогчийг урд дугуйгаар дайрч, арын дугуйгаар дайрахгүйгээр зогссон байгаагаар нотлогдож байгаа тул прокуророос Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд энэ нь хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй болно. 

Шүүгдэгч Б.Н-гийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 10.1 дэх заалтуудыг зөрчсөний улмаас М.Б-ийг дайрч амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан жолооч авто тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг согтуугаар зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б нь сэтгэл санаанд учирсан хохирлын талаарх нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Б.Н хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-т оршуулгын зардал болон бусад зардалд 15.060.000 төгрөгийн 9 ширхэг баримт, 2 тонн будааг 2.000.000 төгрөг тооцож, Хэрэгцээний мод 1.200.000 төгрөг, Түлшний мод 700.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Увс аймаг Баруунтуруун сум 3-р баг Цагаан эрэг 40/307, 50 га газар эзэмших эрхийг 5.389.400 төгрөгөөр тооцож амь хохирог Б-ын хүү З-ын нэр нь дээр шилжүүлж, 24.349.400 төгрөгийн бодит хохирлыг төлсөн гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байгаа талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбар гаргасныг үнэлээд  Б.Н-гаас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт “сэтгэл санааны хохирлыг тусдаа нэхэмжлэх болно” гэж, түүний өмгөөлөгч “сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү” гэж тус тус хүсэлт гаргасан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч энэ талаар тайлбар гаргаагүй болно.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байх бөгөөд хохирогч нас барсан тул түүний хууль ёсны төлөөлөгч /эхнэр/ нь эдийн бус буюу сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр хэлбэрээр хуульд тусгайлан заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Б.Н нь  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан эрүүгийн хариуцлагыг  хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Н урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа (хавтаст хэргийн 158 дахь тал)–аар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Н-гийн хувийн зан байдлын талаар: Гэрч Б.Б-ийн өгсөн: “Б.Нтай албан ёсоор гэр бүл болоод 30 жил болж байна. Манайх амьдарлын нөхцөл байдлбн хувьд дундаж орлоготой хүүхдүүд бүгд тусдаа гарсан учир эхнэр бид хоёр олсон хэдэн төгрөгөө өөрсдийнхөө амьдралд зарцуулдаг. Манай эхнэр Б.Н-гийн хувьд зан ааш сайтай, хүнд тусархуу нутаг усандаа нэр хүнд сайтай, хэнд ч хамаагүй чадхаараа туслаад явж байдаг юм. Бид хоёрын хувьд өдийн олон жил амьдрахдаа янз бүрийн хэрүүл маргаан гаргаж үзээгүй. Эхнэр маань урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй хүн юм. Бие эрүүл мэндийн хувьд архаг хуч өвчин байхгүй сүүлийн үед даралт ихсэх, зүрх нь өвддөг болсон. Амьдарлын төлөө маш их зүтгэдэг, хөдөлмөрч  эмэгтэй юм. Ямар нэгэн зүйлийг их зөвөөр ойлгож, хүнтэй зөв боловсон харилцдаг, зан ааш сайтай хамт олон дундаа нэр хүнд сайтай цайлган цагаан сэтгэлтэй, хар буруу зүйл ярьж явдаггүй төлөв даруу хүн юм. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 66 дахь тал), Гэрч Б.П-гийн өгсөн: “Ээж маань хөдөлмөрч хичээнгүй, үр хүүхдүүддээ хайр халамж  сайтай бусдаас дутаахгүйн төлөө хичээж амьдарч ирсэн хүн юм. Зан аашийн хувьд сайхан ааш зантай, цайлган сэтгэлтэй, бусдад тусархаг зантай, аль болох хүний эв зүйг олохыг хичээдэг, хүнтэй зөв боловсон харьцдаг, хүнлэг хүн юм. Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, элдэв муу зан ааш байхгүй, нутаг усандаа нэр хүнд сайтай хүн юм. Бие эрүүл мэндийн хувьд даралт ихтэй, сүүлд элэгний шинжилгээ өгөхөд В, С вирус нь өндөр гарсан.”гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 72 дахь тал  хэрэгт авагдсан, шүүгдэгч Б.Н нь цээжний тогтвортой бах, цөс, нойр булчирхайн архаг үрэвсэлтэй (хавтаст хэргийн I-р хавтасны 217 дахь тал), зүрхний шигдээс, элэгний хатуурал (хавтаст хэргийн I-р хавтасны 226 дахь тал) гэх өвчинтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-т “....учруулсан бодит хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлуудыг харгалзан шүүгдэгч Б.Н-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан энэ гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хугацааны хорих ял оногдуулах боломжтой гэж дүгнээд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг  хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.П-гийн өмчлөлийн ..... УБӨ улсын дугаартай тоёота приус-20 авто машин битүүжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шил 1 ш, пивоны сав 1ш, 2 хэсэгт хуваасан ундааны сав 1 ш, цагаан өнгийн хос углаашийг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-гийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгйн 4.1-т заасан “Жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.Н-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг  хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүйг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэл санаанд учирсан хохирлын талаарх нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэг цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.П-гийн өмчлөлийн ..... УБӨ улсын дугаартай тоёота приус-20 авто машин битүүжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шил 1 ш, пивоны сав 1ш, 2 хэсэгт хуваасан ундааны сав 1 ш, цагаан өнгийн хос углаашийг тус тус устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ГАНСҮХ