| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 184/2018/01479/И |
| Дугаар | 184/ШШ2019/01148 |
| Огноо | 2019-05-02 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2019/01148
| 2019 оны 05 сарын 02 өдөр | Дугаар 184/ШШ2019/01148 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: БГД, 00 дугаар хороо, 00в байр, 000 тоот хаягт оршин суух Т г овогт Б-ын Т /регистрийн дугаар: АА00000000/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СХД, 00 дугаар хороо, м о 00 дугаар гудамж, 00 тоот хаягт оршин суух Б овогт У-ын Б /регистрийн дугаар: АА00000000/-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт 1 040 000 төгрөг гаргуулах тухай үндсэн, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч *******, хариуцагчийн хүсэлтээр гэрч *******,*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Чогчмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2017 оны 10 сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, СХД, 7 дугаар хороо, 11 дүгээр гудамжны 48 тоотод байрлах миний ээжийн өмчлөлийн хашаа байшинг 1 жилийн хугацаанд 1 сарын төлбөрийг 210 00 төгрөгөөр тохирч түрээсэлсэн. У.Б түрээсийн төлбөрийг бүрэн төлөөгүй, 2017 оны 12 сарын 07-ны өдрийг хүртэл 720 000 төгрөгийг миний хувийн дансанд шилжүүлсэн нь үнэн юм. Гэрээний дагуу нэг жил суух байсан. Гэтэл 7 сар суусан гэж үзэж байна. Энэ хугацааны түрээсийн төлбөр нийт 1 470 000 төгрөг төлөх юм. Урд нь түрээсийн төлбөр 2,0 сая гаруй төгрөг шүүхээр нэхэмжилж байгаад шаардлагаа багасгаж 300 000 төгрөгийг 2017 оны 06 сарын 15-ны дотор төлж дуусгахаар тохирч эвлэрч байсан.
Гэтэл У.Б үүргээ биелүүлээгүй, эвлэрсэн захирамжийг би зөвшөөрөөгүй тул хүчингүй болгосон. Ингээд дахин нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд түрээсийн төлбөрт урьдчилан өгсөн 720 000 төгрөгийг хасаад үлдэх түрээсийн төлбөр 750 000 төгрөг, цонх хагалсан 150 000 төгрөг, цахилгааны төлбөр 140 000 төгрөг нийт 1 040 000 төгрөгийг нэхэмжилж байна.
Шүүхэд өмнө нь нэхэмжлэл гаргахдаа 2018.04.05-нд 50 310 төгрөг, 2018.04.18-нд 70 200 төгрөг, нийт 120 510 төгрөгийг тушаасан байсныг буцаан гаргаж өгнө үү. Одоо гаргасан нэхэмжлэлийн шаардлагад 29 510 төгрөг тушаасан гэв.
Хариуцагч У.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “... тэр хүнээс мөнгө авах ёстой“ гэж хэлж байсан. Тус байранд 1 жилийн хугацаатай байх гэрээ хийсэн боловч хоёр сарын хугацаанд байсан. Амины орон сууц нь хүйтэн, гал түлэхэд утаа, угаар их гарч хүн амьдрах нөхцөл маш муу, тэр тусмаа дөнгөж төрсөн нялх хүүхэдтэй айлд тохиромжгүй байсан тул нэхэмжлэгчид гарах тухайгаа мэдэгдээд тог, цахилгааныг нь холбогдох газарт нь мэдэгдэж салгуулаад гарсан. Энэ талаар “хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан” баримтад тэмдэглэгдсэн байдаг.
Түрээсийн төлбөрт 3 сар гаруй хугацааны төлбөрийг 2017 оны 10 сарын 27-нд 420 000 төгрөгийг, 2017 оны 12 сарын 7-нд 300 000 төгрөгийг нийт 720 000 төгрөгийг Б.Т-гийн 5925219028 дугаар дансанд шилжүүлсэн юм. Энэ нь дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно. Хөлсний байранд 2017 оны 10 сарын 29-нд ороод 2017 оны 12 сарын 17-нд гарсан. Тухайн үед байрны түлхүүрийг өгөх гэсэн боловч нэхэмжлэгч өөрөө авахгүй, утсаа салгаад холбогдохгүй байсан гэдэг юм билээ. Энэ талаар У.Б-ын эхнэр *******, хадам ээж******* нар нь нотолдог.
Нэхэмжлэгч түлхүүрээ авахгүй байсан атал 2018 оны 5 сар хүртэл амьдарсан гэж яриад байгаа нь үндэслэлгүй юм. Байрыг орхиж гарахдаа цахилгааныг нь салгуулсан юм. Энэ маргаан анх 2018 оны 4 сард шүүхэд өгсөн ба энэ үед нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 төгрөг төлөх талаар эвлэрч байсан. Ахуй амьдралын нөхцөл, ажилгүй байсан байдлаас шалтгаалаад тохирсон хугацаандаа төлбөрөө өгөөгүй байсан. Гэтэл нэхэмжлэгч одоо өөр байдлаар үндэслэлгүй нэхэмжилсэн байна. Цонх хагалсан зардал 150 000 төгрөгийг зөвшөөрөхгүй үүнийг засаж шиллэж өгсөн. Мөн хэрэглэсэн тог, цахилгааны төлбөр 140 000 төгрөг төлөх үндэслэлгүй юм. Хэдэн оны хэдэн сарын төлбөр гэж нэхээд байгаа нь тодорхойгүй байна. У.Б байсан хугацааны хэрэглэсэн цахилгааны төлбөр 57 000 төгрөгийг төлсөн байдаг. Энэ нь баримтаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Талууд 2017 оны 10 сарын 27-нд нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ хийсэн ба хуульд заасан хэлбэрийг зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу өмчлөгч *******ын зөвшөөрөлгүй хийсэн, мөн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцно уу. Түрээсийн гэрээний нэг хувийг У.Б-д өгөөгүй байсан гэв.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбартаа: Түрээсийн гэрээний нэг хувийг У.Б-д өгсөн. Гэрээ нь хууль ёсны хэлцэл юм. Миний ээж өөрийн өмчлөлийн хашаа байшинг бусдад түрээслэх эрхийг олгосон ба энэ талаар итгэмжлэлээ, ээжийнхээ бичсэн тайлбарын хамт нотлох баримтаар өгсөн байгаа. Байшинг амьдран суух зориулалтаар түрээслэнэ гэж зааж тохиролцсон юм. Иймд хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч У.Б-д холбогдуулж хашаа байшин хөлслөх гэрээний үүрэгт түрээсийн төлбөрийн үлдэгдэл 750 000 төгрөг, цахилгааны төлбөр 140 000 төгрөг, хагалсан цонх солих зардал 150 000 төгрөг, нийт 1 040 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч нь 2017 оны 10 сарын 27-нд байгуулсан “Түрээсийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэгчид холбогдуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:
Зохигчдын хооронд 2017 оны 10 сарын 27-нд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан байна. Уг гэрээгээр .........тоотод байрлах хашаа байшинг нэг жилийн хугацаатай сарын 210 000 төгрөгийн хөлс төлж түрээслэхээр тохиролцжээ.
Хариуцагч У.Б 2017 оны 12 сарын 29-нд “түрээсэлсэн байр маш хүйтэн, гал түлэхэд утаа, угаар их гардаг, нэг сартай нярай хүүхэд амьдрах нөхцөл муу, угаартах магадлалтай байсан” гэх шалтгаанаар түрээсийн байрыг орхиж явсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрч *******гийн “...би төрөөд нэг сар болж байсан, хөлсөлсөн байр их хүйтэн, гал түлээд халдаггүй, утаа, угаар их гардаг байсан, нялх хүүхэд, амьсгалах, амьдрахад эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн учир дулаан байр олж гарсан ...” гэх мэдүүлэг,
Гэрч:*******ын “...У.Б манай хүргэн юм.Охин маань төрөөд нэг сар болж байсан, хөлсөлсөн байр нь маш их хүйтэн гал түлээд дулаацахгүй, утаа, угаар их гардаг, нялх хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байсан. Охиндоо тус болж хажууд нь хамт байсан учир сайн мэдэж байна. ...Өөр дулаан байранд орсон” гэх мэдүүлэг, байрнаас гарахдаа тог, цахилгааныг салгуулсан болох нь “хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан” баримтад үйлчилгээг түдгэлзүүлэв, “2017.12.22-2018-01-03” гэж тэмдэглэгдсэн байдал зэргээр тус тус тогтоогдсон байна. /хх-121 дүгээр тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар: “У.Б хашаа байшингаас гарах тухайгаа нэхэмжлэгч Б.Т-д утсаар хэлэхэд эмнэлэгт хэвтэж байгаа талаар зохигчид хоорондоо ярилцсан, түлхүүрийг өгөх гэтэл утсаа салгаад холбогдохгүй байсан гэх, 2018 оны 5 сард түлхүүрийг хүлээлгэн өгсөн зэрэг үйл баримтын талаар зохигчид маргаагүй байна. Иймд байр хөлслөх гэрээг цуцлах тухай илэрхийллээ нөгөө талд буюу нэхэмжлэгч Б.Т-д мэдэгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг хашаа байшингийн түлхүүрийг өгөөгүй учир 2017 оны 10 сарын 29-өөс 2018 оны 5 сар хүртэлх хугацаанд хөлсөлсөн гэж нийт 1 040 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж энэ үндэслэлээ гэрч *******ын “...Б.Т-гийн байшинд өвөл айл амьдарч байсан, нэг хүүхэд хаалгаа онгойлгож чадахгүй байхад нь би нэг удаа очиж байсан” гэх мэдүүлэг нотолно гэх боловч гэрчийн мэдүүлэг нь тухайн үйл явдал хэдэн оны хэдэн сард болсон талаарх эх сурвалжаа шууд зааж чадахгүй байгаа ба баримтаар нотолж чадахгүй байх тул нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.1, 25.2.2-д “хэргийн оролцогч ...шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хөлслөгч ашиглаж байсан эд хөрөнгөд хохирол учруулсан гэсэн байдлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний дагуу хөлсөлж байсан байр нь “хүн амьдрах боломжтой эсэх” талаар үзлэг хийлгэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг 2019 оны 02 сарын 28-нд 02474 дугаартай шүүгчийн захирамжаар хангасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үзлэг хийлгэх шаардлагагүй үзлэгтэй холбоотой асуудлаар маргахгүй цаг хугацааны үед одоо үзлэг хийхэд хашаа байшинг хэн ч харсан амьдрах нөхцөлтэй харагдана, харин өвлийн улиралд тус байшинд утаа, угаар хэр гардаг эсэх нь тогтоох боломжгүй гэж татгалзсан тул үзлэгийг явуулаагүй болохыг дурдав.
Түүнчлэн нэхэмжлэгч гал түлэхэд утаа, угаар их гардаг нь нялх хүүхэд амьсгалах,амьдрах нөхцөл муу гэсэн хариуцагчийн тайлбартаа холбогдуулж тухайн байрны “пийшин”-д үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй болно.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд:
Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 10 сарын 27-нд хийсэн гэрээг үндэслэл болгосон байна.
Зохигчид нь хашаа байшин хөлслөх хугацаатай гэрээ байгуулсан, нэг жилийн хугацааны хөлсөнд урьдчилан 720 000 төгрөг өгч авсан тухайд маргаагүй байна.
Харин хашаа байшин хөлслөх хугацаатай гэрээг хугацаанаас нь хууль буюу гэрээнд заасны дагуу хөлслөгч цуцалсан эсэх, гэрээний зүйлийг ашиглаагүй хугацааны хөлсийг хөлслүүлэгч шаардах үндэслэлтэй эсэх талаар маргажээ.
Зохигчдын хооронд ...............байшинг хөлслөх нэг жилийн хугацаатай гэрээ байгуулагдсан ба уг гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар “хөлслүүлэгч нь сууцны зориулалтай орон сууцыг хөлслөгчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр харилцан буюу эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох гэрээний төрөлд хамаарах ба тэдний хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.
Уг гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний нэг төрөл тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-д заасан хэм хэмжээг үндэслэх нь зүйтэй гэж үзэв.
Гэрээний дагуу хөлсөлсөн дээр дурдсан хашаа байшингийн өмчлөгч нь *******ын өмч байна. Нэхэмжлэгч Б.Т нь түүний хүү бөгөөд үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах, түрээслэх итгэмжлэлийг 2017 оны 1 сарын 18-нд олгосон болох нь хэрэгт авагдсан Ү....... дугаарт бүртгэгдсэн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, итгэмжлэл зэргээр тогтоогдож байна. /хх4-6, 75 дугаар тал/ Энэ нь өмчлөгчийн зөвшөөрлөөр үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Орон сууц хөлслөх гэрээг байгуулахад хэлбэрийн хувьд хуульд тусгайлсан шаардлага байхгүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар амаар буюу бичгээр аль ч хэлбэрээр байгуулж болохоор байна.
Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.3-д “Хөлслөн авсан эд хөрөнгө нь бусдын амь бие эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байдал байвал энэ хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-д заасан хугацааг хагалзахгүйгээр гэрээг цуцлах” гэж заасантай нийцсэн байна гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-д “...тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна“ гэж заасан хуулийн шаардлагаас хамаарахгүйгээр гэрээний нэг талын санаачлагаар буюу хөлслөгч У.Б-ын санаачлагаар 2017 оны 12 сарын 17-нд гэрээг цуцлах саналаа гаргаж орон сууц хөлслөх гэрээний харилцааг хууль ёсны дагуу цуцалж дуусгавар болгосон байна.
Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд байр хөлсөлсөн гэрээний харилцаа дуусгавар болсон байхад хариуцагч У.Б-аас 2018 оны 5 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 750 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.
Нэхэмжлэгч нь цонх солих зардал, цахилгааны төлбөр нэхэмжилсэн талаар:
Нэхэмжлэгч нь хөлсөлсөн байрны нэг цонх солих зардал 150 000 төгрөг, цахилгааны төлбөр 140 000 төгрөг нэхэмжилж нотлох баримтаар цахилгаан эрчим хүч хэрглэсэн төлбөр төлсөн тухай 2017.08.21-2017.09.19 хүртэлх хугацааны баримт ирүүлсэн байна. Энэ баримт нь хариуцагчийг хөлсөлсөн хашаа байшинд орохоос өмнөх хугацааны баримт байна. /хх-106, 138 дугаар тал дугаар/, мөн байшингийн цонхны шил хагарсан хэсгийг фото зургаар бэхжүүлэн авсан 2 ш зураг зэргийг /хх-105 дугаар тал/ нотлох баримтаар ирүүлсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч “хагалсан цонхыг хариуцагч зассан” тайлбарласан тул дээрх баримтууд хэрэгт ач холбогдолгүй гэж үнэлэв.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн Эд хөрөнгийн ашиглалт болон засварын зардал нэхэмжилснийг засварыг хийсэн талаар тайлбарлаж нотлох баримтаар 95 280 төгрөгийн зарлагын баримт ирүүлснийг нэхэмжлэгч үгүйсгэхгүй байна. /хх-ийн 119 дугаар тал/. Мөн хариуцагчаас 2017.10.16-аас 11, 12 сар хүртэлх хугацааны цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрийг төлсөн тухай УБЦТС ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчийн дансны баримтыг ирүүлсэн бөгөөд уг баримтад цахилгаан эрчим хүчийг хязгаарласан түдгэлзүүлсэн тухай тэмдэглэгджээ. /хх-120-121 дугаар тал/ Энэ нь “түрээсийн байрнаас гарсан байдлыг давхар нотолж байгаа юм” гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг шаардах эрхтэй боловч 2018 оны 12 сарын 17-нд гэрээ цуцлагдахад хариуцагч дангаараа буруутай гэж үзэх боломжгүй учир шаардах эргүй байна.
3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Зохигчид байр хөлслөх, хөлслүүлэхээр хүсэл зоригоо илэрхийлж бичгээр гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна. Орон сууц хөлслөх гэрээг байгуулахад хэлбэрийн хувьд хуульд тусгайлсан шаардлага байхгүй тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлйийн 42.1-д зааснаар амаар буюу бичгээр аль ч хэлбэрээр байгуулж болохоор байна.
Нэхэмжлэгч нь сууцны зориулалтай орон сууцыг хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөхөөр гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох бөгөөд талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн. Улмаар тодорхой хугацаанд гэрээ үргэлжилсэн байна. Түүнчлэн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “...хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан талаар:
Нэхэмжлэгч нь шүүхэд 2018 оны 4 сарын 16-нд нэхэмжлэл гаргаж, 2018 оны 04 сарын 25-нд 05050 дугаартай иргэний хэрэг үүсгэсэн байжээ. /хх-15 дахь тал/. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч 2018 оны 05 сарын 29-нд эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байна. /хх-32 дугаар тал/ Нэхэмжлэгч нь гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт гаргаагүй байна.
Харин нэхэмжлэгч нь 2018 оны 6 сарын 12-нд захирамжийг өөрчлөх, 2018 оны 8 сарын 13-нд хүчингүй болгох зэрэг 11 удаагийн хүсэлт гаргасан байна. /хх-34-36,40-44, 52-57, 60, 70-74, 81-82 дугаар тал/
Иймд 2018 оны 11 сарын 20-нд тус шүүхийн шүүгчийн 13433 дугаар захирамжаар эвлэрсэн захирамжийг хүчингүй болгож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин явуулсан болно. /хх-83 дугаар тал/
Нэхэмжлэгч нь дахин нэхэмжлэл гаргасан тул хариуцагчид гардуулан шийдвэрлэсэн байна. /хх-92 дугаар тал/
Нэхэмжлэгч нь хэрэгт хамааралтай гэж бичгийн нотлох баримт 6 ш ирүүлснийг дурдав. /хх-ийн 5-7, 9, 105, 138 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 289 дүгээр зүйлийн 289.2.3, 294 дүгээр зүйлийн 294.2.4, 227 дугаар зүйлийн 227.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан Б.Т-гийн нэхэмжлэлтэй, У.Б-д холбогдох 1 040 000 /нэг сая дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай, хариуцагчийн 2017 оны 10 сарын 27-нд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн 29 510 төгрөг, хариуцагчаас төлсөн 56 000 төгрөгийг тус тус улсын оролгод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн тэмдэгтийн хураамж 120 510 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ