Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 0207

 

Г ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03586 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн

Хариуцагч Б.Еөд холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 23 979 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г ХХК-ийн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Б.Етэй 10-38 УБ улсын дугаартай эксковаторыг түрээслүүлэхээр түрээсийн гэрээ байгуулж, гэрээний урьдчилгаанд9 250 000 төгрөгийг авсан. Гэвч хариуцагч тээврийн хэрэгслээ хугацаанд нь аваагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бид түрээсийн гэрээнд тодотгол хийж, илүү сайн ажиллагаатай 10-50 УБ улсын дугаартай эксковаторыг Б.Еөд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд олборлож байгаа алтны бичил уурхай руу өгч явуулсан. Хариуцагч Б.Е нь нийт 51 хоног ажилласан, нийт түрээсийн төлбөр 45 449 000 төгрөг, үүнээс 9 250 000 төгрөг, 1 500 000 төгрөгийг төлөөд 34 700 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Хариуцагч мэргэжлийн хяналтын шалгалт гээд ажиллахад хэцүү байна гэсэн учир түүнд 11 700 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Харин хариуцагч нь үлдэгдэл 23 000 000 төгрөгийг төлөх баталгааг бичиж өгөөд, хугацаагаа тохиролцох гэсэн боловч чадаагүй. Иймд хариуцагчаас үндсэн төлбөр болон алдангид нийт 23 979 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талууд 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 10-38 УБ улсын дугаартай Доосан маркийн эксковаторыг мэргэжлийн нэг операторчны хамт газар шорооны ажил хийх зорилгоор түрээсийн төлбөр сарын 18 500 000 төгрөг, хугацааг ажлын талбарт ажил гүйцэтгэж эхэлснээс 2017 онд газар шорооны ажил дуусах хүртэлх хугацаагаар тохиролцон бичгээр гэрээ байгуулж, энэ өдрөө түрээслүүлэгчид гэрээнд заасан нэг сарын төлбөрийн 50 хувь буюу 9250 000 төгрөгийг Ж.Нэргүйгийн ХААН банкны 5007078054 данс руу Б.Батсайханы 5720351249 данснаас шилжүүлсэн. Ингээд хариуцагч экскаваторыг авахаар 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр очиход гэрээгээр тохирсон 10-38 УБ улсын дугаартай экскаваторыг өөр ажилд явуулсан, оронд нь 10-50 УБ улсын дугаартай Хьюндай робекс маркийн эксковаторыг засварлаад ав гэсний дагуу 1 500 000 төгрөг өгч шаардлагатай засвар болох гахай пүрш сэлбэгийг авч зассан. Ингээд Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүргэсэн боловч түрээслүүлэгчийн операторчин ирээгүй 2 өдрийн дараа буюу 7 дугаар сарын 25-ны өдөр операторчин н.Хатнаа ирж 2 хоног ажиллаад ар гэрийн шалтгаантай гээд буцсан. Үүний дараа 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр операторчин н.Алгаа ирж 22 хоног ажиллаад 8 дугаар сарын 26-ны өдөр буцсан. Эдгээр операторчин энэхүү механизмын техникийн бүрэн бүтэн байдал хангахгүй, удаан ажиллахаар халж байна гэсэн бөгөөд хариуцагч тал өөрөө операторчин ажиллуулахад бүрэн бүтэн биш учир энэ механизм дээр ажиллахгүй гэж хэлээд ажиллаагүй. Иймд нэхэмжлэгчид мэдэгдэж, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр н.Хатанбаатарт механизмыг хүлээлгэн өгсөн. 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээгээр тохирсон 10-38 УБ улсын дугаартай Доосан маркийн экскаваторыг нэхэмжлэгч хариуцагчид шилжүүлээгүй тул бид ажлаа бүрэн гүйцэтгэж чадаагүй, мөн энэхүү гэрээгээр үүрэг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Еөөс 16 383 304 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГХХК-д олгож, нэхэмжлэлээс 7 595 696 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277 845 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Еөөс 239 866 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ГХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Е давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шаардсан, ингэхдээ ашигласан хугацааг 44 хоног байна гэж үнэлсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. Мөн шүүх хариуцагч тал нэхэмжлэгч талд 44 хоног биш, 24 хоног механизм ашигласан төлбөрт нийт 14 799 000 төгрөг төлөхөөс төлсөн 10 750 000 төгрөгийг хасч, 4 049 990 төгрөг төлөх ёстой, шүүхийн шийдвэрээс 12 333 314 төгрөгийг эс зөвшөөрч байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Г ХХК шүүхэд хандан, хариуцагч Б.Еөөс түрээсийн гэрээний үүрэгт 23 979 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээгээр тохиролцсон эксковаторын марк өөрчлөгдсөн, биет байдлын доголдолтой байснаас зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, шаардах эрхгүй гэж маргажээ.

Зохигчид, 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 17/55 дугаартай түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч нь 1038 УБ улсын дугаартай Доосан маркийн эксковаторыг, мэргэжлийн нэг операторын хамт түрээслүүлэх, хариуцагч буюу түрээслэгч Б.Е сард 18 500 000 төгрөгийн төлбөр төлөхөөр тохиролцсон байна. /хх-5-7 дахь тал/ Хариуцагч тал, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэрээгээр тохиролцсоноос өөр буюу Хьюндай маркийн 1050 УБ улсын дугаартай эксковаторыг хүлээн авсан үйл баримт зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн, мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу үр дагаврыг арилгахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Талуудын гэрээний зүйл нь эксковатор бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчид түрээсийн гэрээгээр тохирсноос өөр маркийн экскаватор шилжүүлснийг өмнөх гэрээг дуусгавар болсон шинэ гэрээ байгуулсан гэж үзэхгүй. Гэрээний зүйл нь газар шорооны ажил хийх зорилгоор ашиглах эксковатор байсан бөгөөд уг зүйлийг өөр төрлийн эд зүйлээр солиогүй байх тул гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт заасан буюу бичгээр байгуулах шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.1.1-д зааснаар түрээслүүлэгч нь түрээслэх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг түрээслэгчид шилжүүлэх үүрэгтэй. Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж, мөн гэрээнд эд хөрөнгийн шинж чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар Г ХХК нь түрээслэх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, эксковаторыг хариуцагч Б.Еөд шилжүүлэх үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчид шилжүүлсэн экскаваторыг доголдолтой байсны улмаас ашиглаж чадаагүй гэх тайлбараа өөр баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох эксковаторыг хүлээн авсан нь тогтоогдсон тул хариуцагч нь ашигласан хугацааны түрээсийн төлбөрөө төлөх үүрэгтэй.

Зохигч талууд гэрээгээр төлбөр төлөх хугацааг тохиролцсон байдаг. /хх-6 дахь тал/ Хариуцагч Б.Е нь гэрээ байгуулсан өдрөө нэхэмжлэгч Г ХХК-д эхний сарын түрээсийн урьдчилгаа төлбөрт 9 250 000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр сэлбэгийн үнэд 1 500 000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй гэдэгт маргаагүй тул түүнийг гэрээний 5.2, 5.3 дахь хэсэгт заасан төлбөр төлөх хугацааг зөрчсөн гэж үзнэ. Үүний улмаас нэхэмжлэгч нь гэрээний 6.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас алданги шаардах эрх үүсчээ. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, алданги тооцохгүй гэж үзсэнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хариуцагч тал түрээсийн зүйлийг ашигласан хугацааны талаар марган, мэтгэлцэж энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Талууд гэрээний 2.4 дэх хэсэгт техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан зогсолтыг А тал бүрэн хариуцах, хэрэв техникийн эвдрэл гэмтлээс шалтгаалж техник зогсвол зогссон хугацаагаар түрээсийн төлбөрийг суутгаж тооцох, 3.7 дахь хэсгээр ажлын талбар дахь сул зогсолт ...-ыг Б тал хариуцан ажиллах-аар тус тус тохиролцжээ. /хх-5-6 дахь тал/

Дээр дурдсанаар хариуцагч эксковатор доголдолтой байсан гэх нөхцөл байдлыг нотлоогүйн гадна Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд аваачсан хугацаанаас хойш зөвхөн 24 хоног ашигласан, сул зогсолт нь нэхэмжлэгчийн буруугаас болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул гэрээний 3.7-д зааснаар сул зогсолтын үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр болон алдангийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд өөрчлөлт оруулахгүй байх нь талуудын диспозитив зарчимд нийцнэ. Иймд шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулан, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/03586дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 гэснийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ч.ЦЭНД