Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/38

 

 

 

 

 

 

                     

                                   

 

2023           01              10                                          2023/ШЦТ/ 38

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,     

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,               

улсын яллагч М.Эрдэнэзаяа

шүүгдэгч ********* түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ***********,*********** холбогдох эрүүгийн 2205000002339 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Монгол Улсын иргэн, ****** оны *****0 дугаар сарын *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамтаар ****** дүүргийн ******** дугаар хороо, ********* тоотод оршин суух хаягтай, урьд 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 511 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.2, 91.2.11 зааснаар 20 жилийн хорих ял, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 496 дугаартай магадлалаар 21 жилийн хорих ял, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 256 дугаартай тогтоолоор 496 дугаартай тогтоолд өөрчлөлт оруулж 16 жилйин хорих ялаар шийтгэгдэж, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 433 дугаартай тогтоолоор 3 жил 2 cap 18 хоногийн үлдэгдэлтэй тэнсэн суллагдсан, ************,*************

 

Холбогдсон хэргийн талаар 

 

******** нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах “17” нэртэй бааранд хохирогч ********* танилцаж, хохирогч ******** Баянгол дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэр, ********* автобусны буудлын орчимд худалдаа эрхлэн явуулдаг “********” кофе уухаар орж, улмаар хохирогч ******* унтах үед нь хохирогчийн хүзуүнд зүүлттэй байсан 203,000 төгрөгийн үнэ бүхий монетон гинж, кулон, 565,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг монетон бөгж, 120,000 төгрөгийн үнэ бүхий ухаалаг цаг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 888,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ:  “...энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. 18 насандаа хүнд гэмт хэрэгт холбогдсон. Энэ 2 жилийн хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад ажил хөдөлмөрт хамрагдаж ажиллаж байна. Энэ хэрэгт маш их гэмшиж байна. Энэ хугацаанд эхнэртэй болж зөв амьдрах гэж хичээсэн. Амьдралын төлөө хичээсэн. Цаашдаа зөв амьдрах чин хүсэлтэй байгаа. Шүүх хяналтын хугацааны үлдэгдэл ялыг нэмж нэгтгэж өгнө үү. Хохирол төлбөр төлөгдсөн. Маш их гэмшиж байна. Цаашдын ирээдүйг минь бодож үзнэ үү.. ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч  ******** өгсөн: “...Би архи уусан байсан тул Түцэндээ унтаад  өгсөн байсан. монетон гинж кулонтойгоо, 2 ширхэг монетон гинж, 140,000 авч байсан ухаалаг цаг алга болсон байсан. ... Миний гинж кулон, бөгж нийлээд 910,000 төгрөг болно. Гинж нь 230,000 төгрөг, кулон нь 1,6 грамттай 1 грам нь 160,000 төгрөгийн үнэтэй байсан. Бөгж 380,000, 260,000 төгрөгийн үнэтэй 2 бөгж байсан. ...Би тухайн хүнтэй өөрөө уулзаж эд зүйлээ буцааж авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 21 дүгээр хуудас/,

 

-Ашид Билгүүн эд хөрөнгийн ТХҮ722 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /888,500 төгрөг/ хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,

-Алт, мөнгөн эдлэл худалдсан тухай бичиг /хавтаст хэргийн 22 дугаар  хуудас/,

мөрдөн байцаалтад яллагдагч ******** өгсөн: “...2022  оны 10 дугаар сарын 09-ний өдөр шөнө 5 цагийн үед Баянгол дүүрийн ******* дугаар хороо, ********** талын автобусны буудлын ТҮЦ-нд би кофе ццх гэж  орсон. Тэгээд ТҮЦ-ний ажилтан унтаж байхаар нь хүзүүнд нь байсан монеттан  гинжийг тайлж аваад гараад  гэртээ  явсан...”  гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

-иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

-тээврийн хэрэгслийн лавлагаа / хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

-эд хөрөнгтэй эсэх хураангуй  лавлагаа / хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

-гэрлэсний бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

-хорооны  оршин суугаа хаягийн  тодорхойлолт/ хавтаст хэргийн 42  дугаар хуудас/,

- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах “17” нэртэй бааранд хохирогч ****** танилцаж, хохирогч ******* Баянгол дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэр, ******** автобусны буудлын орчимд худалдаа эрхлэн явуулдаг “Түргэн Үйлчилгээний ****** уухаар орж, улмаар хохирогч ******* унтах үед нь хохирогчийн хүзуүнд зүүлттэй байсан 203,000 төгрөгийн үнэ бүхий монетон гинж, кулон, 565,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг монетон бөгж, 120,000 төгрөгийн үнэ бүхий ухаалаг цаг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 888,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.     

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:  “...шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх санал дүгнэлтийг,.

 

шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт:: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх  саналыг тус тус гаргав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах “17” нэртэй бааранд хохирогч ******* танилцаж, хохирогч ******* Баянгол дүүргийн *********дугаар хорооны нутаг дэвсгэр, ****** шарын автобусны буудлын орчимд худалдаа эрхлэн явуулдаг “******” кофе уухаар орж, улмаар хохирогч ******* унтах үед нь хохирогчийн хүзуүнд зүүлттэй байсан 203,000 төгрөгийн үнэ бүхий монетон гинж, кулон, 565,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг монетон бөгж, 120,000 төгрөгийн үнэ бүхий ухаалаг цаг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 888,500 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол зэргээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн  гэм буруугийн санаатай  хэлбэрээр хулгайлах гэмт  хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж  байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

 

Хохирлын талаар

 

Хохирогч ******* 888,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд  888,500 төгрөгийн үнэтэй монетон  эдлэлийг буцаан  өгсөн байх тул шүүгдэгч ******** бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь  зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 174 дугаартай шүүгчийн захирамжаар 3 жил 2 сар 18 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар хянан харгалзсан шийдвэрээс эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 2 /хоёр/-н сар, 18 /арван найм/-н хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг  3 жил 8 сар 18 хоногийн хорих ял оногдуулах ...” санал,

 

шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх санал,

 

  шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтанчимэг: “...улсын яллагчийн зүгээс оногдуулсан эрүүгийн хариуцлагад маргахгүй байгаа. Өмнөх шийтгэх тогтоолын үлдэгдэл 1 жил 2 сар 28 хоногийн үлдэгдэлтэй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт заасан байна. 6.9 өмнөх ял шийтгүүлсэн бол өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн ялыг оногдуулна гэж заасан байх тул үлдэгдэл дээр хяналт тогтоосон хугацаанаас үлдсэн хоног болох 1 жил 8 сар 28 хоногийг оногдуулж өгнө үү... гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.  

Шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлөгдсөн, хэргээ хүлээн зөвшөөрсөн байдал, прокурорын санал зэргийг харгалзаж үзэж шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н сарын  хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2020  оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 174 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасныг баримтлан ******* эдлээгүй үлдсэн 03 жил 02 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж хяналт тогтоож  шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ”, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тус тус зааснаар гэмт хэрэг оногдуулсан ял дээр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 174 дугаартай шүүгчийн захирамжаар 3 жил 2 сар 18 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар хянан харгалзсан шийдвэрээс эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 2 /хоёр/-н сар, 18 /арван найм/-н хоногийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн  түүний эдлэх нийт хорих ялыг 3 /гурав/-н жил 8 /найм/ сар 18 /арван найм/-н хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд хөрөнгө хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

1. *****,******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч ********  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/-н  сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.      

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6/зургаа/-н  сарын хорих ял дээр, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 174 дугаартай шүүгчийн захирамжаар 3 жил 2 сар 18 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар хянан харгалзсан шийдвэрээс эдлээгүй үлдсэн 3 /гурав/ жил 2 /хоёр/-н сар, 18 /арван найм/-н хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/-н жил 8 /найм/ сар 18 /арван найм/-н хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар ******* оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

  6. Шүүгдэгч ********* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ