Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/26

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Э.Оргилбат, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1740 дугаартай хэргийг 2022 оны 11 үгээр сарын 23-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн О-ы Б, 1999 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл тав, аав, ээж, дүү нарын хамт *** тоот хаягт оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 22 цаг орчимд Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 8в байрны хойд талд Н зочид буудлын үүдний зогсоол дээр байсан Р.Б-ийн эзэмшлийн *** улсын дугаартай Nissan Juke маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар хагалж, хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн О-ы Б нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 22 цаг орчимд Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 8в байрны хойд талд Н зочид буудлын үүдний зогсоол дээр байсан Р.Б-ийн эзэмшлийн *** улсын дугаартай Nissan Juke маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар хагалж, хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 400,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал, Шуурхай удирдлагын тасгийн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5 дахь тал),

 -Хохирогч Р.Б-ийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн орчим өөрийн *** улсын дугаартай Nissan Juke маркийн тээврийн хэрэгслээ Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Н зочид буудлын үүдний зогсоолд байрлуулан орхиж, эгч Ж-ын гэрт орсон юм. Гэтэл 21 цаг 40 минут орчим миний дугаар руу нэг дугаар залгаад “согтуу хүмүүс маргалдаад машины чинь арын салхины шилийг чулуугаар хагалсан” гэсэн. Аз болоход тухайн үед үеэл ах Б, манай охин У дэлгүүр ороод машины ойролцоо явж байхад ийм асуудал болсон юм билээ. Яг чулуу шидэж цонх хагалсан залуу нь зугтаачихсан байсан ба намайг гарч ирэхэд ах Б цонх хагалсан залуутай хамт явж байсан гэх хоёр залууг барьчихсан зогсож байсан. Энэ машиныг анх авахдаа Нэт капитал ББСБ-аас зээл авч худалдаж авсан ба зээлээ 2022 оны 05 дугаар сард төлж дуусгасан. Одоогоор нэрээ шилжүүлж амжаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),

-Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1806 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

-Гэрч Х.Т-ий “...Би 2022 оны 09 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн орчим эхнэр Б, найз Г нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Н зочид буудлын хажууд үйл ажиллагаа явуулдаг нэрийг нь мэдэхгүй нэг караокед орсон юм. Тухайн караокены үүдэнд манай эхнэр үл таних залуутай зогсож байсан бөгөөд нөгөө залууг нь “яасан миний дүү” гэж хэлтэл “чи харин яасан” гээд над руу учир зүггүй дайрсан юм. Тэгтэл надтай маргалдсан залуутай хамт явж байсан дээгүүрээ цээж нүцгэн битүү шивээстэй залуу над руу дайраад газраас чулуу авч шидсэн бөгөөд би булттал хажууд байсан улаан өнгийн Nissan Juke загварын арын салхины шилийг хагалчихсан. Тэгээд тэр цээж нүцгэн залуу зугтаад явчихсан бөгөөд хамт явж байсан нэг залууг нь барьж үлдээд машины эзнийг дуудсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал), 

-Гэрч А.М-ийн “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн оройн 18 цагийн үед найз Н.Н, танил ах О.Б нартай уулзаад Н зочид буудлын хажууд нэрийг нь үл мэдэх караокед 1 цаг гаран дуулж байгаад караокеноос гарахаар болсон. О.Б түрүүлээд гарахад би Н.Н-ын хамт араас нь гарахад үүдэнд нэг танихгүй эгч зогсож байсан. Түүнээс “сая энэ караокеноос гарсан хүнийг харсан уу” гэхэд хараагүй гэж хэлсэн.  Гэтэл тэр эгчийн цаанаас үл таних залуу гүйж ирээд намайг заамдаж, цохих гээд байсан. Тэгэхэд Н.Н, О.Б нар ирээд нөгөө залуутай маргалдаад, зууралдаад авсан. Тэгтэл тухайн залуутай зууралдсан Н.Н, О.Б нар хамт газарт унасан. О.Б газраас босож ирээд чулуу аваад зууралдсан хүнийг цохих гэж байгаад чулуутай гараараа хойш далайж байгаад хойноо байсан улаан өнгийн машины арын цонхыг хагалчихсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),

-Гэрч Н.Н-ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн оройн 18 цагийн үед найз А.М, О.Б нартай уулзаад Н зочид буудлын хажууд байрлах нэг караокед орж 1 цаг гаран байсан. Ингээд намайг караокены 00-н өрөө орчхоод ирэхэд А.М, О.Б нар үл таних залуутай караокены гадаа маргалдаж байсан. тэр залууг А.М заамдсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би О.Б-н хамт салгах гээд очтол газар унасан. Тэгсэн чинь О.Б газраас чулуу аваад хойш далайхад ардаа байсан улаан өнгийн Nissan Juke машины цонхыг хагалсан. Тэр машины эзэн болох эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гарч ирэхэд О.Б шууд зугтаасан. Нөгөө хоёр хүн А.М бид хоёрыг барин цагдаа дээр ирсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч О.Б нь яллагдагчаар “... Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэж (хавтаст хэргийн 33 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Ойролцоогоор нэг пиво уусан. Хохирлоо бүгдийг нь төлж барагдуулсан. ” гэсэн нь хохирогчийн мэдүүлэг, авто машины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр батлагдаж байх тул түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3.     Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Б нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

1.4.     Эрх зүйн дүгнэлт

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллага хохирогчийн эвдэрч, хагарсан эд зүйлсийг нийт 420,000.0 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас 420,000.0 төгрөгийн буюу хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч О.Б-н үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Р.Б-ийн эд зүйлсийг эвдэлж сүйтгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Б-г эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5.      Хохирол, хор уршиг

Хохирогч Р.Б нь “хохирлоо авсан, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн байх тул  шүүгдэгч О.Б-г бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар: 

2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч О.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 51-58 дахь тал), суурь боловсролын гэрчилгээ (хавтаст хэргийн 59-60 дахь тал), мэргэжлийн боловсролын №*** дугаартай гэрчилгээ (хавтаст хэргийн 61 дэх тал), мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцах 15*** дугаартай эрхийн бичиг (хавтаст хэргийн 62 дахь тал),  суурь боловсролын гэрчилгээ (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч О.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

 Шүүгдэгч О.Б-д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндсэн хугацааг нэмэгдүүлж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

2.2.     Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

​​​​​​​ ТОГТООХ нь:

1.Б овгийн О-ы Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг хуульд заасан үндсэн хугацаа болох гурван сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Б-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА