Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/02

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Ц,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: Б.Н, Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б-ын Н, Б овогт Д-ын А нарт холбогдох эрүүгийн 2235002030258 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны ..... дугаар сарын 06-нд Увс аймгийн .............суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агро техникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн ....... тоотод оршин суух хаягтай, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт Б-ын Н, /регистрийн дугаар: ................/,

Монгол Улсын иргэн, 1989 оны ......дүгээр сарын 02-нд Ховд аймгийн ......... суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн .......... тоотод оршин суух хаягтай, урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн, Б овогт Д-ын А /регистрийн дугаар: ........./,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н, Д.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт “Улаан

, сарнай” рестораны гадна 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 31-нд шилжих шөнө хохирогч О.Б-ын толгой, нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Н, Д.А нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч О.Б-ыг үл ялих зүйлээр шалтаглан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2. Шүүгдэгч Б.Н, Д.А нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй  болно.

Эрүүгийн 2235002030258  дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хохирогч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн чацарганы талбай дээр ажиллаж байгаад оройн 20 цагийн үед гэрээсээ гарч найз Г, Ц нарыг утсаар манай чацарганы талбай дээр хүрээд ир ганц пиво хувааж ууцгаая гэж хэлсэн юм. Тэгээд би хүнсний дэлгүүрээс 2,5 литрийн Сэнгүр гэдэг пиво 2 ширхэг худалдаж аваад чацарганы талбай дээр очоод байж байтал манай хоёр найз хүрээд ирэхээр нь пиво задалж хүвааж уугаад сууж байгаад хэдүүлээ караоке орж дуулья гэхэд Г, Ц нар зөвшөөрч таксинд суугаад Голд пабын гадна ирэхэд миний зүс таних манай хорооллын ах Гтой таарсан бөгөөд тухайн үед мэнд асуугаад хамт тамхи татаад бид нар паб руу ороход Г ах бид гуравт 3 хундага архи өгөхөөр нь уучихаад бид гурав Голд пабаас гараад явж байхад найз Ц би харилаа гэж хэлээд явсан юм. Тэгээд Г бид хоёр “Улаан сарнай” зоогийн газрын хажууд гудамжны өнцөг дээр тамхи татаад зогсож байтал цагаан өнгийн приус-20 маркийн машин ирж зогсоод дотроос нь Г, А, Н нар бууж ирээд Г миний зүүн хацар луу баруун гараараа хоёр удаа алгадчихаад манай найз Гыг хөөгөөд явсан ба харин А, Г хоёр машинаас бууж ирээд шууд намайг цохиж эхэлсэн бөгөөд толгой нүүр ам хэсэг рүү нэлээн хэд цохисон, яг хэн хэн нь хаашаа цохисоныг нь би сайн мэдэхгүй байна. Тэгээд намайг цохихоо болихоор нь хартал А, Н хоёр машинд суугаад явсан юм. Би хэсэг хугацаанд нүүрээ дараад сууж байгаад эргээд харахад Г миний хажууд ирчихсэн зогсож байсан юм. Миний биед учирсан гэмтлийг А, Н хоёр учруулсан бөгөөд би харах завдалгүй хоёулаа намайг цохиж байсан. Харин Г ах намайг 2 удаа алгадсан бөгөөд тухайн үед миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 47-50 дахь тал);

2. Гэрч Г.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 10 дугаар сарын 30-ны орой Б.Н, А гэх хоёр найзтайгаа Голд пабад 3 шил 0,75 литрийн Еден гэдэг архи хувааж уугаад сууж байгаад бид гурав тамхи татахаар гарч ирэхэд гадна Б-, Ц, Г гэх зүс таних 3 залуу зогсож байсан ба бид хэд мэнд мэдчихээд би тэр гурван залууг манай өрөөнд орооч гэж хэлэхэд тэр гурван залуу бид нарын сууж байсан өрөөнд орж ирэхээр нь ууж байсан архинаасаа 3 хундага хийж өгөхөд тэр гурван залуу уучихаад гараад явсан юм. Тэгээд би гадна гарч ирэхэд Б-, Ц /Шараа/, Г нар манай найз Нтай маргалдаад зогсож байхаар нь би явцгаа гэж хэлэхэд Б-, Ц, Г нар яваад өгсөн юм. Би буцаж ороод тооцоогоо хийчхээд бид гурав голд пабаас гараад таксинд суугаад доошоо эргээд явахад Улаан сарнай зоогийн газрын доод талын гудамжны хажууд Б-, Г нар зогсож байхаар нь бид гурав явж очоод би машинаас буугаад Гтай машины урд гараад юм яриад зогсож байхад машины ард хүмүүс орилоод хэрүүл болохоор нь би яваад очиход манай найз Н, Б-, А нар барьцалдаад зогсож байхаар нь би Б-ыг дуудаж чамайг яв гэж хэлээд байхад яагаад явахгүй байгаа юм бэ гэж хэлээд баруун гараараа Б-ын зүүн хацар хэсэгт хоёр удаа алгадаад түүнтэй хамт явж байсан Гыг нааш хүрээд ир гэж дуудахад надаас зугтаахаар нь би түүний араас хөөгөөд явсан. Харин Б-, А, Н нар тухайн газар үлдсэн. Би Гын араас хөөгөөд гүйцэхгүй буцаад явж байтал Б- миний урдаас ирээд та нар намайг зодлоо гэж хэлээд цагдаа дуудна гэхээр нь би тэг тэг гэсэн ба түүний аав нь машинтай ирэхэд Б-ын хамраас цус гарсан байсан.гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал);

3. Гэрч О.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэртээ байж байтал 20 цагийн үед манай найз О.Б- нь надруу утсаар залгаж манай чацарганы талбай дээр хүрээд ир ганц пиво хувааж ууцгаая гэж хэлсэн юм. Тэгээд би өөрийн найз Цын хамт Б-ынд очоод 2,5 литрийн Сэнгүр гэдэг пиво 2 ширхэг хувааж уугаад сууж байтал Б- караокое орж дуулья гэж хэлээд бид гурав таксинд суугаад Голд пабын гадна ирэхэд Б-ын зүс таних хорооллын ах Гтой таарсан бөгөөд тухайн үед мэнд асуугаад хамт тамхи татаад бид нар паб руу ороход Г гэх хүн бид гуравт 3 хундага архи өгөхөөр нь уучихад бид гурав Голд пабаас гараад явж байхад найз Ц би харилаа гэж хэлээд явсан юм. Тэгээд Б- бид хоёр Улаан сарнай зоогийн газрын хажууд гудамжны өнцөг дээр тамхи татаад зогсож байтал цагаан өнгийн приус-20 маркийн машин ирж зогсоод дотроос нь Г, А, Н нар бууж ирээд шууд Г нь миний хацар луу баруун гараараа гурван удаа алгадсан бөгөөд би тухайн үед зугтаагаад явтал А, Н хоёр Б-ыг цохисон бөгөөд А эхлээд Б-ын нүүрэн тус газарт 2 удаа цохитол хойноос Н ирээд толгой хэсэг рүү хоёр удаа цохисон юм. Тэгээд тухайн Н, А хоёр машинд суугаад явсан бөгөөд Г нь тухайн үед хараад зогсож байсангэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал);

            4. Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 484 дугаартай “...Үзүүлэгч О.Б-ын биед хамар ясны шинэ хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн арьсан доор хий хуралт, дээд уруулын салстад, хүзүүний урд хэсэгт цус хуралт, цээжний баруун урд доод хэсэгт зулгаралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг бус удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь өөрийнх нь зааж буй хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Хамар ясны шинэ хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн арьсан доор хий хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно" гэх дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дахь тал);

5. Шүүгдэгч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би машинаас буугаад О.Б-ыг цохисон. Тэгээд Н нь намайг гэрт хүргэж өгөөд харьсан ба маргааш нь цагдаагийн байгууллагаас намайг О.Б-ын биед халдаж цохисон гэх шалтгаанаар дуудсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал);

6. Шүүгдэгч Б.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би О.Б-тай барьцалдаад зогсож байхад А нь миний хажуугаар орж ирээд О.Б-ыг цохисон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч  Б.Н, Д.А нар нь нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт нийцсэн байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд Б.Н, Д.А нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба уг хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

2. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

3. Шүүгдэгч Б.Н, Д.А нар нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр бүлэглэн халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч нарыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

4. Шүүгдэгч Б.Н, Д.А нарын үйлдлийн улмаас хохирогч О.Б-ын биед хамар ясны шинэ хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн арьсан доор хий хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсан нь хэргийн 19-20 дахь талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан бөгөөд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

6. Иймд шүүгдэгч Б.Н, Д.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул тэдгээрийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

7. Шүүгдэгч Б.Н, Д.А нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

8. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Б.Н, Д.А, хохирогч О.Б- нарын хэн аль нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн байна гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч Б.Н, Д.А нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Б-ын биед хамар ясны шинэ хугарал, хамрын таславчны мурийлт, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацарт цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн арьсан доор хий хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Н, Д.А нар нь хохирогч О.Б-ын эмчилгээний зардалд 100.000 (нэг зуун мянга) төгрөг төлж, гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгаснаар хохирогч О.Б- нь “Б.Н, Д.А нарт гомдол санал байхгүй,...надад эмчилгээний зардал гэж 100.000 төгрөг өгсөн” гэх тодорхойлолтыг нотариатаар гэрчлүүлж, ирүүлсэн нь хавтаст хэргийн 109 дэх талд авагджээ.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Н, Д.А нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

   1. Шүүгдэгч Б.Н, Д.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

3. Шүүгдэгч Б.Н нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар (хавтаст хэргийн 86 дахь тал), 

Шүүгдэгч Д.А нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тус тус нотлогджээ. (хавтаст хэргийн 85 дахь тал), 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.А нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

4. Шүүгдэгч Б.Н, Д.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэдгээр нь гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдэж, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 100.000  төгрөг төлж, хор уршгийг арилгасан байна.

5. Иймд шүүгдэгч Б.Н, Д.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2-д заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.

6. Шүүгдэгч Б.Н, Д.А нар нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч маргаагүйг тэдний хувийн байдалд хамааруулж үзэх үндэслэлтэй.

7. Түүнчлэн шүүгдэгч Б.Н, Д.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

8. Прокуророос шүүгдэгч Б.Н, Д.А нарын хүсэлтийг хангаж, тэдгээрт холбогдох хэргийг хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

9. Шүүгдэгч Б.Н, Д.А нар нь гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч нар зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул Б.Н, Д.А нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

10. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Ад (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг гаргаж шүүгдэгч Б.Н, Д.А нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

11. Иймд шүүгдэгч Б.Н, Д.А нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тэдгээрийн  тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу)-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Н, Д.А нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Н, Д.А нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н, Д.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зуутраг овогт Б-ын Н, Бөөгүүд овогт Д-ын А нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Д.А нарын тус бүрт 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга)-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгэгч нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Н, Д.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хор уршиг, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гаргуулах хохирол, хор уршиггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй  болохыг тус тус  дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Д.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА