Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/23

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Д.Ууганцэцэг, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Д.Майдри нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01322 0987  дугаартай хэргийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овгийн Э-ийн Б Улаанбаатар хотод 1992 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эхнэр, дөрвөн хүүхдийн хамт *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч *** тоотод түр оршин сууж байгаа, регистрийн дугаар ***, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан;

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 964 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн байна. 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** баарны үүд хэсэгт иргэн С.Г-ын эзэмшлийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж, Самсунг фирмийн Жи-3 маркийн гар утас, ХААН банкны виза карт, автобусны карт зэргийг дээрэмдэн авч бусдад 198,500 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотод иргэн Д.Я-ы 1 ширхэг монетон ээмгийг хүч хэрэглэн дээрэмдэн авч, бусдад 100,000 төгрөгийн хохирол учруулсан гэх  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б  овгийн Э-ийн Б согтуурсан байх үедээ 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** нэртэй баарны үүдэнд хохирогч С.Г-ын эсрэг хүч хэрэглэн довтолж, улмаар тухайн цаг хугацаанд хохирогчийн эзэмшлийн эд хөрөнгө болох Samsung фирмийн G-3 маркийн гар утас, ХААН банкны виза карт, автобусны карт халааснаас унахад нь авч, өөрийн өмчийн адилаар захиран зарцуулж, бусдад 198,500.0 төгрөгийн хохирол учруулсан;

Мөн согтуурсан байх үедээ 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжны 4а тоотод байх эхийнхээ гэрт эхийнхээ найз болох хохирогч Д.Я-ыг  орон дээр дарж унаган түүний өрөөсөн монет ээмгийг хүчээр мултлан авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулж, бусдад 100,000.0 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

1.2. Нотлох баримтын үнэлгээ

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын үед хэргийн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Яллах болон өмгөөлөх тал хавтаст хэргийн материалаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч С.Г-ын “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би найз Г-ийн  хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан ба би ганцаараа гэр рүүгээ харих гээд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн  8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *** баарны 1 давхрын шатны хэсэгт байхад танихгүй залуу араас шилэн хүзүү орчим руу гарынхаа алгаар цохиод, миний өмсөж байсан ногоон өнгийн пальтоны энгэрийн халаасанд байсан Samsung G-3 маркийн цэнхэр өнгийн гар утас, түүний гадна байсан хавтастай цэнхэр өнгийн кэйс, түүний дотор байсан ХААН банкны виза карт, автобусны карт зэрэг эд зүйлс алдагдсан. Намайг дээрэмдсэн залуу намхан нуруутай, бор царайтай, хар бараан өнгийн богино куртиктэй, 30 орчим насны залуу байсан. Намайг тухайн үед цохиж зодсон боловч миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Бусад дээрэмдүүлсэн зүйлс болох гар утасны кейс, ХААН банкны виза карт, автобусны карт зэрэг зүйлсээ нэхэмжлэхгүй” гэсэн мэдүүлэг(хавтаст хэргийн 27,29 дэх тал),

- Хохирогч Д.Я-ы “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр би дэлгүүр орох гээд гудамжаар явж байхад Э.Б гудамжинд согтуу тааралдсан. Намайг хараас гараас чирээд гэр рүүгээ дагуулаад явахаар нь би ээжийнх нь бие муудчихсан юм байх гэж бодоод чирэгдээд гэр рүү нь орсон. Гэрт нь түүний ээж - өөр хүн байгаагүй. Э.Б гэрийн зүүн талын модон орон дээр намайг дарж аваад миний хүзүү хоолойг багалзуурдаад зүүн чихэнд зүүсэн байсан монет ээмгийг тайлж аваад баруун талын ээмэг аваагүй. Ээж нь орилоод болиулах гэсэн боловч үгэнд нь ороогүй. ...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Э.Б-ы эхнэр О миний дээрэмдүүлсэн монет нэг өрөөсөн ээмгийг ломбардаас чөлөөлж авлаа гээд надад өгөөд уучлалт гуйсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 121-122, 124 дахь тал),

- Гэрч Ц.Э-ийн “...Манай хүү Э.Б, Янжаа хоёр согтуу орж ирээд хоорондоо маргалдаад манай хүү Э.Б “Танд би өдөржин архи авч өглөө” гээд Я-ийн чихэнд байсан 1 ширхэг ээмгийг нь аваад гараад яваад өгсөн. Манай хүү Э.Б Я-г дахин зодоогүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 129 дэх тал),

- Гэрч С.О-ын “...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр манай хадам ээж Ц.Э над руу залгаад “Э.Б миний нүдэн дээр Д.Я-ы чихэнд байсан өрөөсөн монет ээмгийг аваад зугтаачихлаа” гэж хэлсэн. Тухайн өдрийн орой Э.Б согтуу ирсэн ба маргааш нь Э.Б-аас Д.Я эгчийн ээмэг хаана байгаа талаар асуухад “Баянхошууны Жанцан дээр байдаг Сайн ломбардад тавьсан” гэхээр нь би Д.Я эгчтэй утсаар холбогдоод “цалин буухаар ээмгийг чинь буцааж авч өгнө” гэж хэлээд уучлалт гуйсан. Цалин буусны дараа Э.Б өөрийнхөө нэр дээр тавьсан байсан өрөөсөн ээмгийг 87,000 төгрөгөөр барьцааг чөлөөлж  Д.Я эгчид ээмгийг нь өгөөд уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 131 дэх тал),

- Мастер үнэлгээ ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22/010 дугаартай үнэлгээгээр “Samsung G-3 загварын гар утас 180,000 төгрөг, Samsung G-3 загварын гар утасны кейс 10,000 төгрөг, ХААН банкны виза карт 5,000 төгрөг, U-Money автобусны карт 3,500 төгрөг гээд нийт 198,500 төгрөг” гэх (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6, 111-114 дэх тал),

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр “...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** баарны 1 давхрын үүдний ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш тусгалтай хяналтын камерын бичлэгийг бэхжүүлсэн дүрс бичлэгт үзлэг хийв. 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 14 цаг 48 минут 32 секундэд хохирогч С.Г нь хаалгаар ороход араас нь цагаан цамцтай, дотор талаараа ягаан малгайтай цамцтай эрэгтэй байна. 14 цаг 48 минут 49 секундэд хохирогч С.Г-ыг цагаан цамцтай, дотор талаараа ягаан малгайтай цамцтай, хар өмд, хар гуталтай эрэгтэй унагаж байна. 14 цаг 43 минут 45 секундэд хохирогч С.Г-ыг тухайн эрэгтэй хүн цээж рүү нь цохиж байна. Тухайн хяналтын камерын бичлэг нь 14 цаг 49 минут 7 секундийн дараа минут нь 14 цаг 43 минут 45 секунд болж байна. 14 цаг 43 минут 48 секундэд хохирогч С.Г-ыг нааш нь татахад цаана нь гар утас нь үлдэхэд дотор талаараа ягаан малгайтай цамцтай, цагаан өнгийн цамцтай залуу цааш гишгэж байна. 14 цаг 44 минут 03 секундэд тухайн цагаан цамцтай эрэгтэй утсыг баруун гараараа авч, баруун талын халаас руугаа хийж байна. 14 цаг 44 минут 28 секундэд хохирогч С.Г-ын толгойн ар хэсэгт цагаан цамцтай эрэгтэй цохиж байна. 14 цаг 44 минут 43 секундэд хохирогч С.Г-ын зүүн талын хацар руу цагаан цамцтай эрэгтэй баруун гараараа алгадаж байна.” гэх, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (хавтаст хэргийн 11-16 дахь тал),

- Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр миний эд зүйлсийг дээрэмдэж авсан залуу намхан нуруутай, бор царайтай байсан. Би царай төрхийг нь сайн харж авсан тул хараад танина. Миний эд зүйлийг авсан гэх хүн 2 дугаартай гэрэл зураг мөн байна. Би тухайн эрэгтэйн царайг нь шууд хараад танилаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 20-23 дахь тал),

- Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо “888” баарны 1 давхрын үүдний хэсэгт би танихгүй залуугийн араас нь түлхээд хоорондоо нэгнийгээ түлхээд маргалдаад, тухайн залуу газар унасан. Гар утас нь шалан дээр уначихаар нь би авсан. ...Гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн ба би уг гар утасны кейс болон картыг нь согтуу явж байгаад хаясан. ...2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн өглөө гудамжинд зүс таньдаг Д.Я эгчтэй тааралдаад бид хоёр манай ээж Ц.Э-ийн гэр рүү хамт орсон. Би архины халуундаа Д.Я эгчийг ор руу түлхээд чихэнд байсан өрөөсөн ээмгийг аваад зугтаасан. Тэгээд Жанцан дээр байдаг “Сайн” ломбардад өөрийнхөө нэрээр зээлийн барьцаанд тавьсан ба сүүлд эхнэр Ц.О-д болсон асуудлыг хэлээд Д.Я эгчийн ээмгийг ломбардаас авхуулж эхнэрээрээ өгүүлсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 102, 150 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

​​​​​​​1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Б бага боловсролтой, уншиж, бичиж чадахгүй, мөн төлбөрийн чадваргүй үндэслэлээр улсын өмгөөлөгчтэйгөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан боловч шүүхийн шатанд тэрээр улсын өмгөөлөгчөөс татгалзаж, өөрөө өмгөөлөгч сонгон авах хүсэлт гаргасныг хүлээн авч хуралдааныг хангалттай хугацаагаар хойшлуулсан юм.

Гэтэл тэрээр шүүх хуралдаан хойшилсон хугацаанд өмгөөлөгч сонгон аваагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 6-д “...шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна.” гэж зааснаар тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2496 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос өмгөөлөгч томилуулан томилогдсон өмгөөлөгч Д.Майдриг оролцуулж, шүүгдэгчийн хууль зүйн туслалцаа авах үндсэн эрхийг хангасан болохыг дурдах нь зүйтэй. 

​​​​​​​1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Майдри шүүх хуралдаанд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгуулж, шүүгдэгчийг цагаатгуулах байр суурьтай мэтгэлцэж оролцсон бөгөөд дүгнэлтдээ “...миний үйлчлүүлэгч Э.Б хохирогч С.Г-ын эд хөрөнгийг авах зорилгоор довтлоогүй. Тэд хоорондоо харилцан маргалдсан, зодолдсон, тэр үед хохирогчийн халааснаас унасан эд зүйлийг нууцаар авч халаасандаа хийж байгаа нь хулгайлах шинжтэй үйлдэл юм. Гэхдээ хохирлын хэр хэмжээ нь 300,000 төгрөгөөс бага байгаа тул хулгайлах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Харин хохирогч Д.Я-ы хувьд өөрөө цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй, охин нь мэдээлэл өгсөн байсан бөгөөд ээмгийг нь ломбардаас 87,000 төгрөгөөр аваад буцаагаад өгчихсөн байх тул мөн хэрэгсэхгүй болгуулах саналтай байна...” гэв.

Эрүүгийн эрх зүйн онол, гэмт хэргийн зүйлчлэлд гэмт санаа хувирч, нэг гэмт хэрэг нөгөө гэмт хэрэгт шилжих гэсэн ойлголт байдаг. Тодруулбал, зарим тохиолдолд гэмт явдал нэг гэмт хэргийн шинжээр эхэлж, өөр гэмт хэргийн шинжийг ханган төгсөх буюу нэг гэмт хэргээс нөгөө гэмт хэрэгт хүндэрч шилждэг. Хууль тогтоогч хэргийн зүй тогтлыг нийлмэл гэмт хэргээр, нэг гэмт хэрэгт нөгөө гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан бол тэрхүү хүндрүүлэх шинжтэй гэмт хэргээр, эсхүл урьдчилан илэрч буй ижил шинжүүдийг нэгтгэн сүүлд төгссөн гэмт хэргийн үйлдэл, үр дагавраар зүйлчлэх зэрэг хууль хэрэглэх  арга зүйн асуудал хөндөгддөг.

Шүүгдэгч Э.Б-ы хувьд анхнаасаа бусдын эд хөрөнгийг дээрэмдэж авах зорилго агуулаагүй байж болох ч хүч хэрэглэн зодож байх үедээ хохирогчийн эд хөрөнгө газарт унахыг хараад гэмт санаа нь өөрчлөгдөн шунахайн сэдлээр авч явсан үйлдлээр үйл баримт төгсөж байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Мөн хохирогч Д.Я нь цагдаагийн байгууллагад өөрөө, эсхүл охин нь өргөдөл гаргасан байх нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлын аль алинд нь хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.    

Шүүгдэгч Э.Б-ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авах зорилгоор довтолсон байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, хохирогч нарын эрүүл мэндэд хуульд заасан хохирол учраагүй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан тул шүүгдэгч Э.Б-ы хохирогч С.Г, Д.Я нарын эсрэг хоёр удаагийн дээрэмдсэн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдож, нэг зүйлчлэгдэнэ.

Шүүгдэгч Э.Б-ы бусдад хүч хэрэглэж эд зүйлсийг нь хууль бусаар авсан үйлдэл болон хохирогч С.Г, Д.Я нарын эд зүйлсээ алдсан хохирол, зөрчигдсөн эрх өөр хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд орчны сөрөг нөлөө болон бусдын буруутай үйлдлээс илүүтэй, шүүгдэгч Э.Б-ы өөрийнх нь согтуурсан байдал, шунахайн сэдэл нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.Б-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5. Хохирол, хор уршиг

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хохирогч С.Г-ын эд зүйлсийн үнэлгээ 198,500.0 төгрөгөөр, хохирогч Д.Я-ы эд зүйл 100,000.0 төгрөгөөр тус тус тогтоогдсон бөгөөд хохирогч нар эд зүйлсээ биет байдлаар буцаан авсан байх тул шүүгдэгч Э.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул төрийн нэрийн өмнөөс ял оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцох саналтай, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул улсын яллагч ялын санал хэллээ. Ялын саналтай санал нийлэхгүй байна. 2 жилийн хорих ял оногдуулж өнө үү” гэв.

Шүүгдэгч: “...Хэлэх зүйлгүй...” гэв.

​​​​​​​2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 41 дэх тал), Улсын Ерөнхий Прокурорын эрүүгийн хэргийн төв архивын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 1745 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 43 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 436 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 44-46 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 47-55 дахь тал),  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 964 дүгээр дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 56-58 дахь тал),  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 248 дугаартай захирамж (хавтаст хэргийн 69-70 дахь тал),  суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хавтаст хэргийн 71 дэх тал), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 10-1/510 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 73 дахь тал),  Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 721 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 75 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 457 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 77 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал), гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 82 дахь тал), ХААН банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 83-86 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 87-90 дэх тал), Хур системийн лавлагаа (хавтаст хэргийн 96 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлагын талаарх талуудын санал дүгнэлт, согтуурсан үедээ ил цагаан хүч хэрэглэн довтолж гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал, урьд хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгч Э.Б-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгыг хангана гэж үзэв.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, тэрээр 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 56 /тавин зургаа/ хоног цагдан хоригдсон байх тул тус хугацааг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

​​​​​​​2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хавтаст хэрэгт хавсарган хадгалуулахаар хэргийн хамт Эрүүгийн хэргийн төв архивд шилжүүлэхээр тогтов.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Б-ы эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс буюу 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолох бөгөөд энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Б овгийн Э-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэн довтолж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ы цагдан хоригдсон 56 (тавин зургаа) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хавтаст хэрэгт хавсарган хадгалуулахаар хэргийн хамт Эрүүгийн хэргийн төв архивд шилжүүлсүгэй.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

           

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА