Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Р.Очирсүрэн, шүүгдэгч М.Х нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 02399 1778 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овгийн М-ийн Х , 1997 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл дөрөв, эцэг, хоёр дүүгийн хамт *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, урьд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч М.Х нь 2022 оны 07 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өгөөмөр зочид буудлын урд талд явган хүний зам дээр О.Л-ыг шилээр гар зүслээ гэж хоорондоо маргалдан түүний толгойн тус газар гараараа болон модоор тус бүр нэг удаа цохиж эрүүл мэндэд “зулайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Б овгийн М-ийн Х  нь 2022 оны 07 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өгөөмөр зочид буудлын урд талд явган хүний зам дээр “шилээр гар зүслээ” гэсэн шалтгаанаар хохирогч О.Л руу дайрч, түүний толгой руу гараараа болон модоор тус бүр нэг удаа цохиж, бие махбодод нь “...зулайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

​​​​​​​1.2.Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын дуудлагын хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал);

- Хохирогч О.Л-ын “...2022 оны 07 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед найз А.М, Г  нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караоке орчхоод гарч явж байсан юм. Тэгтэл Өгөөмөр зочид буудлын хажууд хоёр залуу хашхираад, элдэв янз болоод байхаар нь би “тойроод явах уу” гэж Г-д хэлсэн. Тухайн үед Г “гайгүй байх, шууд явъя” гэхээр нь бид гурав тэдгээр залуусын хажуугаар явсан. Гэтэл яг тэр хоёр залуугийн хажуугаар өнгөрч явах үед жижиг биетэй залуу нь надад хандаж “пизда минь чи миний гарыг зүсдэг хэн бэ” гээд шууд миний толгой руу цохисон ба дахин дөрвөлжин мод шиг зүйлээр толгой руу нэг удаа цохисон. Намайг өөр хүн цохиж, зодоогүй. Тэр залуу намайг зодож байхад А.М, Г  нар тэр залууг надаас салгаад, цагдаад дуудлага өгсөн юм. Тэр залуу өөр хүнтэй маргалдсан юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 12 дахь тал);

- Гэрч А.М-ийн “...2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Саппоро орчим явж байгаад найз О.Л-тай тааралдсан. Тэгээд бид хоёр архи уухаар болоод хамт явж байхдаа Г-той тааралдаж, гурвуулаа нийлээд Ачит нэртэй караокед орсон юм. Караокеноос гараад явж байхад замд өндөр, нам хоёр залуу Ц  ахтай маргалдаад чанга дуугараад байсан. Тэгээд О.Л, Г  бид гурав тэр хоёр залуу дээр очоод Л Ц ахыг өмөөрөөд тэр хоёрын намхан залуугийнх нь гарыг архины шилээр зүсчихсэн. Тэгсэн тэр залуу зөрүүлээд О.Л-ын толгой руу нэг юмаар цохисон...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 24 дэх тал),

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9778 дугаартай: “...О.Л-ын биед зулайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт ( хавтаст хэргийн 27-28 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч М.Х мөрдөн байцаалтад “...2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр С гэдэг хүнтэй танилцсан юм. Тэгээд С ах бид хоёр Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хорооны “Өнөр” нэртэй зочид буудалд орж архи уучхаад, Саппорогийн хойд талд байрлах “Өгөөмөр алтай” зочид буудлын хажууд С ахын найз Б гэж хүнтэй уулзахаар очсон боловч тэр хүн нь байгаагүй. Гэтэл тухайн үед хажуугаар хэдэн залуучууд явахаар нь би тэд нарт хандаж “Б ахыг харсан уу” гэсэн чинь “тэрийг бид яахаараа мэддэг юм бэ” гээд уурлаад зодох гээд байсан. Тэгэхээр нь би бас өөдөөс нь маргалдаж, хэрэлдэж байхад нэг үл таних эмэгтэй тэр залуучуудыг өмөөрөөд миний зүүн гарыг шилээр зүссэн. Тухайн үед би гараа зүсүүлсэндээ уурлаад тэр эмэгтэйн толгой руу газарт байсан жижиг дөрвөлжин мод аваад цохисон...” (хавтаст хэргийн 71-72 дахь тал) гэж мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн бөгөөд яллах дүгнэлтэд тусгасан хэргийн талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй...” гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар батлагдаж байх тул түүний хэргээ хүлээсэн мэдүүлгийг шүүхийн шийдвэрт яллах үндэслэл болгон үнэлэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

​​​​​​​1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Х нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

​​​​​​​1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9778 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч М.Х-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.Л-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч М.Х нь тухайн үед үүссэн хувийн таарамжгүй, харилцааны улмаас болж маргалдан улмаар хохирогч О.Л-ын нүүр лүү гараараа, толгой руу модоор цохисон үйлдэл болон хохирогчийн биед учирсан “...зулайд шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна. Харин гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн хувьд архидан согтуурсан үедээ маргаан үүсгэж

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

​​​​​​​1.5.Хохирол, хор уршиг

Хохирогч О.Л нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч М.Х-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж, хохирогч О.Л эмчилгээний талаарх хууль ёсны баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

​​​​​​​2.1.Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...Шүүгдэгч М.Х нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгч М.Х-г гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

​​​​​​​2.2.Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), ХААН банкны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 29/7411 дугаартай албан бичиг, хавсралтын хамт (хавтаст хэргийн 44-46 дахь тал), Төрийн банкны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18/4601 дугаартай албан бичиг, хавсралтын хамт (хавтаст хэргийн 47-49 дэх тал), Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 6/9791 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 50 дахь тал), Хас банкны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 5в/4799 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 51 дэх тал), Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/03-8413 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 52 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 53-57 дахь тал), Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/249 дугаартай шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 59-64 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч М.Х-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн боловч тэрээр урьд ял шийтгүүлж байсан байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй юм.  

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, арга хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

Шүүгдэгч М.Х нь шүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт 8-аас дээшгүй цагаар хийж гүйцэтгэх ба хэрэв биелүүлээгүй тохиолдолд найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих хууль зүйн үр дагавартайг түүнд тусгайлан сануулах нь зүйтэй.

​​​​​​​2.3.Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Х нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Б овгийн М-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай  ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газарт өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоосугай.

4.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.Х-д сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Л нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Х нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

ДАРГАЛАГЧ                                  Б.БАТАА