Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/03

 

    2022         12           30                                      2023/ШЦТ/03

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Б,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э,

Шүүгдэгч Ө.Б-гийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Б,

Шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Т.У,

Шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц овогт Ө-гийн Б, Х овогт Ч-гийн Б нарт холбогдох эрүүгийн 2135001560041 дугаартай хэргийг 2022 оны 11  дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1974 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн ........... суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Амарсанаа ХХК-ийн ...... ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ц ургийн овогт Ө-гийн Б, /РД:............./,

2. Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн ....... суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч, аюулгүй ажиллагааны мэргэжилтэй, Амарсанаа ХХК-д ........... ажилдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х ургийн овогт Ч-гийн Б, /РД:................../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            1. Шүүгдэгч Ц ургийн овогт Ө-гийн Б /........./ нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Амарсанаа” ХХК-ийн барьж байсан 5 давхар 30 айлын орон сууцны ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан барилгын ажлын зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажил эхлүүлж, улмаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй, 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасан “Хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх”, 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус барилга дээр өрлөгчнөөр ажиллаж байсан Ц.М нь ажлын байрандаа  албан үүргээ гүйцэтгэж байх үедээ 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тухайн барилгын 5 давхараас унаж, нас барсан гэх хэрэгт,

2. Шүүгдэгч Х ургийн овогт Ч-гийн Б /........./ нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Амарсанаа” ХХК-ийн барьж байсан 5 давхар 30 айлын орон сууцны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллахдаа хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу MNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх хэсгт заасан “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн  ажлын байрыг хариуцсан цех, тасаг хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, 3.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”гэх заалтуудыг тус тус зөрчиж, тус барилга дээр өрлөгчнөөр ажиллаж байсан Ц.М-д аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас Ц.М нь ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байх үедээ 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тухайн барилгын 5 давхараас унаж, нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч  Ө.Б, Ч.Б нар нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Амарсанаа” ХХК-ийн барьж буй 5 давхар 30 айлын орон сууцыг барихдаа Барилгын тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөний улмаас тус барилга дээр өрлөгчнөөр ажиллаж байсан Ц.М нь ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байх үедээ буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр уг барилгын 5 давхраас унаж, нас барсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх  дүгнэлтийг,

2.  Шүүгдэгч Ө.Б-гийн өмгөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Гэм буруугийн асуудлаар маргаан байхгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцоно” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Ч.Б-ын өмгөөлөгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаан байхгүй тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж, мэтгэлцэв.

4. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт:”...Би 1988 онд төрсөн, Увс аймгийн Улаангом сумын 5-р багт 4 хүүхдийн хамт амьдарч байна. Нөхөр Ц.М-тэй 14 жил хамт амьдарсан. Манай нөхөр Ц.М Амарсанаа ХХК-д 2009 онд анх орж ажилласан. Миний нөхөр, миний үр хүүхдүүдийн хайртай аав, халамжит хань минь Амарсанаа ХХК-ийн хариуцлагагүй байдлаас болж амь насаа алдсан. Миний нөхөр өрлөг өрдөг байхдаа сарын 3.000.000 төгрөгийн цалин авдаг байсан мөн ажлаас гадуур хувиараа давхар ажил хийж амьдарлаа авч явдаг байсан. 14 жил би нөхөртэйгээ амьдарч байх хугацаандаа би ажил хийж байгаагүй. Нөхөр нас барсны дараа 1 сард би Нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орсон. Миний сарын цалин 500.000 төгрөг, нөхөр ажилладаг байхад хүүхдүүдэд хадгаламж нээж байсан. Миний одоо авч байгаа сарын цалин амьдралд хүрэлцэхгүй байгаа учир би хүүхдүүдийнхээ хадгаламжийг авч амьдарч байна. Амарсанаа ХХК-ийн зүгээс надад 2 өрөө байр өгөхөөр тохирсон. Байранд арай орж амжаагүй байна. Аав нь амьд сэрүүн байхад том охиноо багш, хүүгээ цагдаа болгоно гэж ярьж байсан. Одоогийн байдлаар миний олж байгаа орлого бага учраас хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд зорилго, зориг мохож байна. Миний том охин одоо 14 настай, миний охин надаас “Аав намайг багш болгоно гэж ярьж байсан, таны авч байгаа цалин амьдралд хүрэлцэхгүй байгаа юм чинь та намайг багш болгож чадах юм уу” гэж асуусан, хүүхдийн сэтгэл зүй хүртэл хэцүү байна. Цааш цаашдаа Амарсанаа ХХК-аас миний 4 хүүхдийг эрүүл саруул,  мэргэжил боловсролтой өсгөхөд туслаач гэж хүсэж байна. Өөр надад хүсэх зүйл байхгүй. Амарсанаа ХХК Ч.Б нараас бидэнд 2021 оны 10-р сарын 5-нд 1.100.000 төгрөг, 2022 оны 2-р сарын 4-нд 1.000.000 төгрөг, 2022 оны 3-р сарын 1-нд 1.000.000 төгрөг, 2022 оны 3-р сарын 7-нд 2 өрөө байр /85.500.000/ өгсөн.  2022 оны 4 сарын 6-нд анхан шатны шүүх хурал орсны дараа Ө.Б  дарга манай 4 хүүхэд тус бүрт 1.000.000 төгрөгийн хадгаламж нээж өгсөн. Мөн 2 тонн нүүрсний 200.000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг нийт 93.800.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Ийм учраас Ө.Б, Ч.Б нарт хорих ял оногдуулахгүй байхыг хүсэж байна” гэх агуулга бүхий мэдүүлгийг,

5. Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт: ”Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад оногдуулах хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг,

6. Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт: ”Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.

Эрүүгийн 2135001560041 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч хэргээс:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 08-17 дахь тал),

2. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 19-28 дахь тал),

3. Эд зүйл хураан авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал),

4. Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн Амарсанаа ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 57-59 дэх  тал),

5. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 728 албан бичгээр, хавсралтаар ирүүлсэн баримтууд (1 дэх хавтаст хэргийн 78-97 дахь тал),

6. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт (1 дэх хавтаст хэргийн 106-115 дахь тал),

7. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 123-128 дахь тал),

8. Хэв загвар, дээж авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 118-121 дэх тал),

9. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал),

10. Амарсанаа ХХК-ийн захирлын тушаал, холбогдох баримт (1 дэх хавтаст хэргийн 45-51 дэх тал),

11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, ...... тоотод талийгаач нөхөр Ц.М болон бага насны буюу 1-13 насны 4 хүүхдийн хамт амьдардаг юм. Манай нөхөр Ц.М нь Амарсанаа ХХК-нд 2009 оны 5 дугаар сараас  анх өрлөгчин, мужаанаар орж ажиллаж байсан бөгөөд нийт 12 дахь жилдээ ажиллаж байгаа юм. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр манай нөхөр Ц.М 08 цаг 05 минутанд ажилдаа яваад өдөр 13 цаг 30 минутад хоолондоо орж байна гэж надтай ярьсан. Манай нөхрийн ажиллаж байсан Амарсанаа ХХК-нь Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг, Өнөр 90 айлын орон сууцны эсрэг талын 5 давхар 30 айлын орон сууцны барилга барьж байсан бөгөөд нөхөр маань уг барилга дээр өрлөгийн ажил хийж байсан юм. Манай нөхөр Ц.М үдийн цайны цагаас хойш  дахин надтай утсаар яриагүй бөгөөд би гэртээ байсан. Тэгээд тэр өдрийн 14 цаг 40 минутын үед манай гэрт Амарсанаа ХХК-ийн 4 ажилчин ирээд манай нөхөр Ц.М-г барилга дээрээс уначихлаа, эмнэлэг дээр байна, биеийн байдал нь гайгүй байна гэж хэлэхээр нь эмнэлэг дээр очиход нөхөр маань томографийн шинжилгээнд орж байсан бөгөөд тэр ухаангүй байсан. Томографийн шинжилгээ дуусаж, нөхрийг маань эрчимт эмчилгээний тасагт шилжүүлэн эмчилсэн боловч сэхээний эмч О, 103-ийн эмч М нар миний нөхрийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэр үед Амарсанаа ХХК-ийн ажилчид бүгд байсан бөгөөд Б гэх хүн нөхрийг маань барилгын өрлөг хийсэн тоосгоны шаврыг арчиж байгаад хөл алдаад уначихлаа гэж хэлсэн юм. Миний нөхөр Ц.М энэ компанид 12 жил ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байхдаа урьд өмнө нь ч тухайн өдөр ч гэсэн ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл хэрэглэдэггүй, компанийн зүгээс ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл өгдөггүй байсан, барилгын ажил хийхдээ зүгээр л ажлын даавуун өмд, цамц өмсдөг байсан. Нөхрийг маань барилгын ажил хийхэд хамгаалах хэрэгслээр хангаагүй, аюулгүй ажиллагааны зааварчлага өгөөгүй Амарсанаа ХХК-д маш их гомдолтой байна. Тэр өдөр хамгаалах хувцас, хэрэгсэлтэй ажиллаж байсан бол нөхөр маань осолд өртөж, амь насаа алдахгүй байсан. Талийгаач нөхөр Ц.М-г оршуулах, мөн 49 болон 100 хоногийн буяны ажлын зардалд нийтдээ 7.094.500 /долоон сая ерөн дөрвөн мянга таван зуу/ төгрөг зарцуулсан. Оршуулгын үеэр компанийн зүгээс 1.000.000 / нэг сая/ төгрөг, мөн  портер нүүрс буулгаж өгсөн. Мөн талийгаач Ц.М нь сард дунджаар 1.500.000 / нэг сая таван зуун мянга/ төгрөг, жилд дунджаар 18.000.000 /арван найман сая/ төгрөг олдог байсан. Талийгаач  маань дунджаар 20 жил ажиллах байсан гэж тооцвол 360.000.000 / гурван зуун жаран сая/ төгрөгийг олох байсан учир дээрх мөнгийг компаниас нэхэмжилж байна. Ёс заншлын дагуу 100 хоногийн ажлыг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийсэн, тухайн үед гарсан зардлын баримтыг би бүрдүүлж байгаа. 100 хоног гэх нэртэй ёс заншлын арга хэмжээгээр ах дүү нараараа цугларч хүүхдүүдэд мөнгө төгрөг өгдөг, буяны ёслолын ажил юм. Компанийн буруугаас болж нөхөр маань нас барж, би одоо 4 хүүхдийн хамтаар амьдарч байна.  2021 оны 10 дугаар сарын эхээр намайг өөрийн төрсөн аав, ээж, хадам аав ээж, 4 хүүхдийн хамтаар гэрт байхад Амарсанаа ХХК-ийн удирдлага болох Ө.Б, Ч.Б нар ирж уулзан, амьдрал ахуйтай минь танилцаад Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах 32 айлын орон сууцанд 2 өрөө байр өгөхөөр ярьж тохиролцсон. Би үүнд нь итгэж байгаа. Талийгаач Ц.М нь 2009 оноос хойш Амарсанаа ХХК-нд ажиллаж байсан бөгөөд би одоо тус аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн ..... тоот хашаанд 6 ханатай, Монгол гэрт 1-12 насны 4 хүүхдийн хамтаар өнөөдрийн байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдүүдээ асарч өсгөн амьдарч байна. Манай том охин Ө, 12 настай, 7-р ангид суралцдаг. 2 дахь хүү З 9 настай, 4-р ангид суралцдаг, 3 дахь охин Э 5 настай, цэцэрлэгт явдаг, бага хүү У, 1 настай. Манайд сарын орлого гэх зүйл байхгүй,  тэжээгчээ алдсан, өрхийн амжиргааны түвшин доогуур, би өөрөө эрхэлсэн ажилгүй, эд хөрөнгө гэх зүйлгүй, хашаа, гэртэй, суудлын автомашин,  нөхрийн эзэмшлийн Хурд загварын мотоцикль зэрэг эд хөрөнгөтэй, өөр эд хөрөнгө гэх зүйл байхгүй. Нөхөр нас барснаас хойш амьдралын нөхцөл байдал хүнд, сэтгэл санаа тогтворгүй, хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд нь зөөхөд хэцүү байсан учраас миний аав Н, ээж Ц нар Улаангом сумын 12 дугаар багаас гэрээрээ нүүж ирээд миний хажууд манай хашаанд амьдарч байгаа юм. Амарсанаа ХХК-ийн зүгээс бидний амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзээд ярьж тохиролцсон 2 өрөө байраа өгсөн тохиолдолд миний зүгээс гомдол байхгүй. Нөхөр маань энэ компанид 2009 онд ороод түүнээс хойш нас барах хүртлээ ажилласан. ....Осол болсон орой манай гэрт Ө.Б, Ч.Б нар ирчихсэн манай гэр бүлийн хүмүүс, хадам талын хүмүүс байхад Ч.Б нь манай нөхрийг тухайн өдөр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлага өгсөн дэвтэрт гарын үсэг зураагүй байсан, тэгж байтал осол гарч уначихаар нь би сандарсандаа дэвтэрт гарын үсэг зурсан гэж хэлсэн. Би тэр үед нөхөр нас барсан байсан учраас сэтгэл санаагаар уначихсан, шаналж байсан болохоор гэрт ямар хүмүүс байсан талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Би Ч.Б-ыг аюулгүй ажиллагааны зааварчлагын дэвтэрт нөхрийн гарын үсгийг өөрөө дуурайлгаж зурсан болохыг сонсоод яагаад тэгж байгаа юм бол гэж бодож байсан. Мөн осол болсон газар манай хадам эгч Ундрах очоод хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлагын дэвтэр хаана байна, манай дүүд зааварчлага өгсөн юмуу? дэвтрээ аваад ир харья гэхэд цагдаагийн алба хаагч нар хураагаад авчихсан гэж хэлсэн гэсэн. Тэгээд орой нь манайд ирэхдээ Ч.Б ах зааварчлагын дэвтэр дээр гарын үсэг зурсан талаараа хэлсэн юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 133-134, 136-137, 139 дэх тал),

12. Гэрч Д.М-ын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө барилга дээр нийт 30 гаруй хүн ажиллаж байсан. Би өнөө өглөө 08 цаг 40 минутын үед ажилдаа хоцорч ирэхэд ажил эхэлчихсэн байсан юм. Талийгаач Ц.М нь өнөөдөр уг барилгын 5 давхарт өнгөлгөөний 12-ын тоосгон хана өрсөн. ....тэр  барилгын 5 давхрын баруун урд талын хэсэгт тагтны хэсгийн хана өрж байсан, М-гийн баруун талд Ч.Б-ын баруун талд би зэрэгцэж хана өрж байсан, миний баруун гар талд Б өрлөг хийж байсан. Харин туслах ажилчид өрлөгчдийнхөө хажууд шавар, тоосго гэх мэт зүйл зөөж байсан юм. Бид нар үдийн цайны дараа гарч ирээд барилга дээр 30 гаруй минут ажиллаж байтал Ч.Б ах гэнэтхэн “М” гээд орилсон. Тэгээд би яасан бэ гэхэд Ч.Б надад “М уначихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б бид хоёр түрүүлээд М-гийн ажиллаж байсан хэсэгт очиход М нь барилгын тагтан дээрээс доош нь уначихсан байсан. ....М нь барилгын баруун талын хэсэгт барилга, хашаа хоёрын завсарт толгой хэсэг нь барилгын хана руу харсан, нүүр, цээжний хэсэг нь доошоо харсан байдалтай газарт хэвтэж байсан. ...Тухайн үед Б М-г татаж эргүүлэхэд М амьсгалтай байсан бөгөөд ухаан санаа байхгүй, ямар ч байсан амьсгаатай байсан,  удалгүй аймгийн нэгдсэн эмнэлгийн дуудлагын эмч ирээд Мд тариа хийх гэхэд цамц нь тайлагдахгүй байхаар нь Б хутга авхуулж хутгаар цамцыг нь зүсч тайлсан. Тэгээд дуудлагын эмч Мгийн булчинд тариа хийгээд эмнэлэгийн ортой машиныг дуудаж, тухайн машинд М-г оруулж Б, А, У бид дөрөв М-тэй хамт нэгдсэн эмнэлэг рүү явсан. Эмнэлэг дээр ирэхэд М-д эмнэлгийн ажилчид тусламж үзүүлж эхэлсэн бөгөөд 30-40 орчим минут эмчилгээ хийгээд М-г компьютер томографийн шинжилгээнд оруулсан. Тэгээд компьютерт үзүүлчихээд буцаад эрчимт эмчилгээ рүү эмч нар аваад явсан бөгөөд удалгүй 5 минут хүрээгүй М нь нас барсан юм. Манай Амарсанаа ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь Ч.Б гэх хүн ажилладаг юм. Өнөөдөр би өглөө ажилдаа хоцорч ирсэн бөгөөд намайг 08 цаг 40 минутанд барилга дээр ирэхэд ажил аль хэдийн эхэлчихсэн байсан ба надад аюулгүй ажиллагааны зааварчлага өгөөгүй юм. Манай барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар Ч.Б гэх хүн ажилладаг бөгөөд өглөөд ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй, харин ажилчид өөрсдөө өглөөд ирээд аюулгүй ажиллагааны зааварчлага дээр гарын үсэг зурчихаад ажилдаа гардаг, зарим өдрүүдэд ажилчид гарын үсгээ зурахгүй ажилд гардаг. Тэрнээс биш барилгын ажилчдыг өглөөд жагсааж байгаад бүгдэд нь аюулгүй ажиллагааны ямар нэгэн зааварчилга өгч байгаагүй, зүгээр л ажилчид өөрсдөө л тэр дэвтэр дээр гарын үсэг зурдаг, зарим нь зурдаггүй юм. Мөн компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй, барилгын ажил хийхдээ бид нар компаниас тарааж өгсөн Амарсанаа ХХК гэсэн бичиглэлтэй даавуун өмд хувцастай ажлаа хийдэг бөгөөд өөр ямар нэгэн хамгаалах хэрэгсэл хувцас байдаггүй юм. Мөн манай компанийн зүгээс бид нарыг ажилд гаргахдаа хамгаалах хувцас хэрэгсэл өмссөн эсэхийг шалгадаггүй, ямар нэгэн хяналт байхгүй, ажиллаж байхад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй байсан юм. Бид нарт каск малгай ч байхгүй, өрлөг өрөхдөө ямар нэгэн бэхэлгээ олс хүртэл байхгүй ажиллаж байгаа юм. Барилгын ажилчид барилгын гадна хэсгийг өнгөлгөөний тоосгоор өрлөг хийдэг бөгөөд өрлөг хийчихээд гадна талд нь шавар шороо болсон байвал бээлий, алчуур зэргээр өөрсдөө арчиж цэвэрлэдэг. Бид нар гадна талын хэсгийг өнгөлөгөөний тоосгоор өрдөг учраас харагдах байдлаас нь хамаарч уг хэсгийг арчиж цэвэрлэдэг юм. Бид нарыг өрлөг өрсөний дараа компаний зүгээс өнгөлгөөний тоосгыг цэвэрлээгүй байвал бохир байна гээд байдаг учраас бид нар өрсөн өрлөгнийхөө гадна хэсгийг арчиж цэвэрлэдэг. Амарсанаа ХХК  урьд нь олон орон сууц барилга барьж байхдаа ажилчиддаа хамгаалах хувцас хэрэгсэл болох ажлын хувцас, каск, бээлий өгдөг байсан бөгөөд бид нарт хяналт тавьж ажилладаг байсан. Энэ удаагийн барилгын ажил дээр ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл тавьж олгоогүй, хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны зааварчлага өгөхгүй барилгын ажлаа явуулаад байгаа юм. Манай компанийн ХАБ-ын инженер Ч.Б нь энэ удаа өөрөө барилга дээр өрлөг өрөөд байгаа учраас бид нарт ямар нэгэн зааварчлага өгөхгүй, хамгаалах хувцас хэрэгсэл олгохгүй байгаа юм. ...Тухайн өдөр талийгаач М-д аюулгүй ажиллагааны зааварчлага өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна, би ажилдаа хоцорч ирсэн бөгөөд намайг ирэхэд М барилга дээр ирчихсэн ажиллаж байсан юм. Мд ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс гэх зүйл байгаагүй. Талийгаач Ц.М нь Амарсанаа ХХК-ийн үндсэн ажилчин бөгөөд компанид олон жил буюу 10 гаруй жил ажиллаж байгаа юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 144-145 дахь тал),

13. Гэрч Ц.Б-ийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Амарсанаа ХХК-нд өрлөгчнөөр ажилладаг бөгөөд манай байгууллага тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах Тобу төвийн баруун талд 30 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би, талийгаач Ц.М, мөн М, Ч.Б бид 4 туслахын хамтаар өрлөгийн ажил хийж байсан юм. Уг барилгын 5 давхрын гадна өнгөлгөөний өрлөг өрж байсан. Бид нар 12-ын хана өрж байсан бөгөөд үдийн хоолонд орж гарч ирэхэд Мгийн өрлөгөн дээр нарийн нимгэн тоосго хийх газар үлдчихсэн байсан ба түүнийг М доороос гарч ирэхдээ бэлтгээд авч гарч ирээд түүнийг өрж дуусгасан. Түүний дараагаар өнгөлгөөний тоосгоны завсрын шоуг янзлаад өнгөлгөөний тоосго хоорондын засварыг цэвэрлэж дууссан. Тэр үед би барилгын зүүн талын тагтан дээр бэлтгэл ажил хийгээд утас татаад зогсож байсан. М 5 давхрын тагтны хэсэгт өнгөлгөөний тоосгыг арчиж байсан, гэтэл гэнэт хүмүүс гэнэт орилолдоод эхлэхээр нь очиж хартал Ц.М газар унасан байсан. Дээрээс харахад зүүн гараа нүүрний урд талын хэсэгт дэрлэсэн байдалтай, газар уруу нүүрээ харуулсан байдалтай уначихсан байсан юм. Бид нар буугаад түргэн тусламжийн машин дууд гэж хэлэхэд инженер Ц дуудчихлаа гэж хэлсэн. Тэгээд хамаагүй хөдөлгөж болохгүй гээд М бид 2 талийгаачийг дээш нь харуулаад тэврээд сууж байтал түргэн тусламжийн машин ирээд түүнийг аваад явсан. Тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь Ч.Б ах байсан бөгөөд өөрөө давхар өрлөг өрж байгаа тул өглөөд ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй, харин ажилчид өөрсдөө өглөөд ирээд аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээр гарын үсэг зурчихаад ажилдаа гардаг, зарим өдрүүдэд ажилчид гарын үсгээ зурахгүй ажилдаа гардаг. Ажилчдыг бүгдийг нь цуглуулж байгаад аюулгүй ажиллагааны ямар нэгэн зааварчилга өгч байгаагүй, зүгээр л ажилчид өөрсдөө л тэр дэвтэр дээр гарын үсэг зурдаг, зарим нь зурдаггүй юм. Манай компаний зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй, барилгын ажил хийхдээ бид нар компаниас тарааж өгсөн “Амарсанаа” ХХК гэсэн бичиглэлтэй даавуун өмд хувцастай ажилладаг. Мөн манай компаний зүгээс бид нарыг ажилд гаргахдаа хамгаалах хувцас хэрэгсэл өмссөн эсэхийг шалгадаггүй, ямар нэгэн хяналт байхгүй, намайг уг барилга дээр ажиллаад 5 хонож байхад ямар нэгэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга гэх зүйл өгөөгүй, харин намайг гурилын үйлдвэрийн 4 замд баригдаж байгаа барилга дээр ажиллаж байхад өдөр болгон зааварчилгаа өгдөг байсан, энэ барилга дээр хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлага өгч байгаагүй. Бид нарт каск малгай ч байхгүй, өрлөг өрөхдөө ямар нэгэн бэхэлгээ олс хүртэл байхгүй ажиллаж байгаа юм. Барилгын ажилчид барилгын гадна хэсгийг өнгөлгөөний тоосгоор өрлөг хийдэг бөгөөд өрлөг хийчихээд гадна талд нь шавар шороо болсон байвал бээлий, алчуур зэргээр өөрсдөө арчиж цэвэрлэдэг. Тухайн өдөр манай ажилчдад  хамгаалах бүс, малгай байхгүй байсан. Тийм учраас талийгаачид өгч гаргаагүй. Талийгаач Ц.М унах үедээ ямар нэг хамгаалах бүс, хамгаалах малгайтай байгаагүй. Талийгаачийн унасан тагт нь 5 давхрын, ямар нэг хашлага хаалт байдаггүй, задгай, 3 метрийн урттай, 1 метрийн өргөнтэй, бетонон тагт байсан юм. Би Ц.М-г яаж унсаныг хараагүй. Тэр манай байгууллагын үндсэн ажилтан байсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 147-148 дахь тал),

14. Гэрч Н.У-гийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би “Амарсанаа” ХХК-д барилгын туслах ажилтнаар ажилладаг бөгөөд тус компанд ажиллаад 5 жил болж байна. Манай байгууллага тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах Тобу төвийн баруун талд 30 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би, талийгаач Ц.М, өрлөгчин М, Ч.Б, туслах М, А, Н бид 8 өрлөгийн ажил хийж байсан юм. Уг барилгын 5 давхрын гадна өнгөлгөөний өрлөгийг өрж байсан. Бид нар 12-ын хана өрж байсан бөгөөд үдийн хоолонд орж гарч ирээд М-гийн өрлөгөн дээр нарийн нимгэн тоосго хийх газар үлдчихсэн байсныг М доороос  гарч ирэхдээ бэлтгэж,авч гарч ирээд түүнийг өрж дуусгасан. Түүний дараагаар өнгөлгөөний тоосгоны завсрын шоуг янзлаад өнгөлгөөний тоосго хоорондын завсрыг цэвэрлэж дууссан. Тэр үед бид нар тус тусын ажлыг хийж байсан ба М 5 давхрын тагтны хэсэгт өнгөлгөөний тоосгыг арчиж байх үед хүмүүс гэнэт орилолдоод байхаар нь очоод хартал өрлөгчин М газарт унасан байдалтай байсан. Тэр зүүн гараа нүүрний урд талын хэсэгт дэрлэсэн байдалтай, газар уруу нүүрээ харуулсан байдалтай уначихсан байсан юм. ...Бид нар тэр өглөө ажилдаа гарсны дараа талийгаач 8 цаг 40 минутын үед ажилдаа ирсэн. Манай барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр Ч.Б  гэх хүн ажилладаг бөгөөд тэр өөрөө барилгын өрлөг өрж байгаа тул өглөөд ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчлага өгдөггүй, харин ажилчид өөрсдөө өглөөд ирээд аюулгүй ажиллагааны зааварчлага дээр гарын үсэг зурчихаад ажилдаа гардаг, зарим өдрүүдэд ажилчид гарын үсгээ зурахгүй ажилдаа гарчихдаг, барилгын ажилчдыг өглөөд жагсааж бүгдэд нь аюулгүй ажиллагааны ямар нэгэн зааварчлага өгч байгаагүй, зүгээр л ажилчид өөрсдөө л тэр дэвтэр дээр гарын үсэг зурдаг, зарим нь зурдаггүй юм. Манай компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй, барилгын ажил хийхдээ бид нар компаниас тарааж өгсөн “Амарсанаа” ХХК гэсэн бичиглэлтэй даавуун өмд хувцастай ажлаа хийдэг. Намайг уг барилга дээр ажиллаад 5 хонож байхад ямар нэгэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчлага гэх зүйл өгөөгүй, харин намайг гурилын үйлдвэрийн 4 замд баригдаж байгаа барилга дээр ажиллаж байхад өдөр болгон зааварчилгаа өгдөг байсан. Энэ компанид бид нарт каск малгай ч өгөөгүй, өрлөг өрөхдөө ямар нэгэн бэхэлгээ олс хүртэл байхгүй ажиллаж байгаа юм. Барилгын гадна хэсгийг өнгөлгөөний тоосгоор өрдөг бөгөөд өрлөг хийчихээд гадна талд нь шавар шороо болсон байвал бээлий, алчуур зэргээр өөрсдөө арчиж цэвэрлэдэг. ...Талийгаачид хамгаалах, хэрэгсэл өгч гаргаагүй. Талийгаач унах үедээ ямар нэгэн хамгаалах бүс, хамгаалах малгайгүй байсан. ...Талийгаач М нь манай байгууллагын үндсэн ажилтан бөгөөд энэ компанид ажиллаад 10 гаруй жил болж байгаа.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 150-151 дэх тал),

15. Гэрч Ц.А-гийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би талийгаач Ц.М-гийн туслахаар ажиллаж байсан бөгөөд бид хоёр өнөөдөр эхлээд барилгын 5 давхрын зүүн урд талын хэсгийн 12-ын өнгөлөгөөний өрлөгийг өрж дууссан, тэгчихээд бид хоёр барилгын баруун урд талын булангийн хананы өрлөгийг өрж эхэлсэн юм. Бид нар өглөөнөөс хойш өрлөг хийгээд барилгын хашаанд байдаг цайны газарт 11.50 цагт үдийн хоолонд орж 12:40 цагт гарсан. Тэгээд М бид хоёр таван давхрын барилгын баруун урд талд өрж байсан өрлөгөө өрж байсан бөгөөд талийгаач өрлөгөө өрсөн, харин би М-д шавар, тоосго дөхүүлж өгч байсан. Тэгээд тагтны хажуу талын ханыг дээшээ өрж дуусаад шатаа зөөе гэж хэлээд багажаа надад өгчихөөд шатнаас буусан, тэгээд би тэрэгтэй шавраа хажуу талын хананы өрлөг рүү түлхэж дөхүүлээд шатнаас холдуулчихаад эргээд явж байтал Ч.Б ах “М доошоо уначихлаа” гэж хэлээд орилсон. Тэр үед би М ахаас зайтай байсан бөгөөд учраас харж амжаагүй, тэгээд М ахын өрж байсан барилгын баруун урд талын хананы тагтны хэсгээр доошоо харахад М ах тагтны харалдаа газарт доошоо хараад уначихсан байсан. ...Тэгээд талийгаач Мг Б М нар тэврээд эргүүлэхэд талийгаачийн гар нь хугарчихсан бололтой, нүүр нь энэ тэндээ жаахан жаахан өнгөц шалбарсан байдалтай байсан. Бид нар нэгдсэн эмнэлэгт дуудлага өгсөн бөгөөд удалгүй эмч ирээд Мд тариа хийсэн, эмч тариа хийхэд Мгийн хувцас нь саад болоод байхаар нь түүний хувцасыг хутгаар урж гарыг нь гаргасан юм. Эмч М ахад тариа хийхэд гэдэс нь амьсгалж хөдөлж байсан бөгөөд нүд нь сонин болчихсон байсан ба ямар нэгэн зүйл хэлэх гээд оролдож байсан боловч хэлж чадахгүй байсан. Тэгээд М, Б, У бид дөрөв М ахыг эмнэлгийн машинд аваад эмнэлэг рүү явсан бөгөөд 103 дээр ирээд эмчлэгдэж байгаад нас барсан юм. Амарсанаа ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан гэх хүн байдаг эсэхийг нь мэдэхгүй байна, бид нарыг 09 дүгээр сарын 08-наас хойш ирж ажиллаж байхад ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчлага өгөхгүй талдаа байдаг юм. Өглөө ажилд гарахаас өмнө аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөггүй бөгөөд аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтрийг янз бүрийн хүмүүс авч яваад гарын үсэг зуруулдаг. Б, Ц нар нь бид нарын өглөө, оройны цагийг бүртгэдэг, мөн уг дэвтрийг хааяа нэг авч явж хүмүүсээр гарын үсэг зуруулдаг. Ажилчдыг өглөөд жагсааж нийтэд нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй юм. Өнөө өглөө манай компаниас ажилчдыг ажилд нь гарахад нь ямар нэгэн зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Манай барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан гэх хүн байдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Би энэ барилга дээр ирээд 1 сар гаруй хугацаанд ажиллаж байхад ямар нэгэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Манай компаний зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй, барилгын ажил хийхдээ бид нар компаниас тарааж өгсөн Амарсанаа ХХК гэсэн бичиглэлтэй даавуун өмд хувцастай ажлаа хийдэг. Барилгын ажилчид барилгын гадна хэсгийг өнгөлгөөний тоосгоор өрдөг бөгөөд өрлөг хийчихээд гадна талд нь шавар шороо болсон байвал бээлий, алчуур зэргээр өөрсдөө арчиж цэвэрлэдэг юм. Ингэхдээ бид нар ямар нэгэн хамгаалах бүс, олс хэрэглэдэггүй бөгөөд гар хүрэх хэсэг хүртлээ гараараа, эсхүл төмрөөр хүрэх газар хүртэл нь татаж цэвэрлэдэг, бид нар өрлөгийг гаднаас нь цэвэрлэхдээ заримдаа барилгын тагтан дээр зогсож байгаад тоосгыг гадна талаас нь цэвэрлэдэг юм. Өрлөгчдөд болон барилгын ажилчдад ямар нэгэн бэхэлгээ олс өгдөггүй бөгөөд учраас бид нар хамгаалах олс, бүс хэрэглэдэггүй юм. М өнөөдөр ажилдаа хоцорч ирсэн болохоор аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн эсэхийг нь мэдэхгүй. Бид нарыг өглөө ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй юм. Мд ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс гэх зүйл байгаагүй. Талийгаач Ц.М нь Амарсанаа ХХК-ийн үндсэн ажилчин бөгөөд уг компанид олон жил буюу 15 гаруй жил ажиллаж байгаа гэж байсан” гэх мэдүүлэг (1дэх хавтаст хэргийн 153-154 дэх тал),

16. Гэрч Б.М-ийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Амарсанаа ХХК-нд гэрээгээр ажиллаад 4 хонож байгаа бөгөөд тус барилга дээр 4 давхрын өрлөгийн ажлыг хариуцаж ажилладаг. Амарсанаа ХХК-нь Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах Тобу төвийн баруун талд 30 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байгаа. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би тус барилгын 4 давхарт Т, Б, Б нарын хамт өрлөгийн ажил хийж байсан юм. 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед тус барилгын 5 давхарт ажиллаж байсан хүмүүс “хүн уначихлаа” гээд дээрээс бүгд орилоод ороод ирсэн. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд тухайн хүнийг аваад явсан. Би тухайн барилга дээр 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш 4 хоног ажиллаж байна. Тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн инженер нь яг хэн гэдгийг мэдэхгүй байна. Б гэх залуу өглөөд аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зуруулдаг. Би өглөө ажилдаа 8 цагт ирээд ажилдаа шууд гарсан. Тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь бидэнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгдөггүй, харин ажилчид өөрсдөө өглөөд ирээд аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зурчихаад ажилдаа гардаг, зарим өдрүүдэд ажилчид гарын үсэг  зурахгүй ажилдаа гарчихдаг. Барилгын ажилчдыг өглөөд жагсааж бүгдэд нь аюулгүй ажиллагааны ямар нэгэн зааварчилгаа өгч байгаагүй, зүгээр л ажилчид өөрсдөө л тэр дэвтэр дээр гарын үсэг зурдаг, зарим нь зурдаггүй юм. Тус компаний зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй, намайг уг барилга дээр ажиллаад 4 хонож байхад ямар нэгэн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа гэх зүйл өгөөгүй. Барилгын ажилчид барилгын гадна хэсгийг өнгөлгөөний тоосгоор өрдөг бөгөөд өрлөг хийчихээд гадна талд нь шавар шороо болсон байвал бээлий, алчуур зэргээр өөрсдөө арчиж цэвэрлэдэг юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 156-157 дахь тал),

17. Гэрч А.Н-ын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Амарсанаа ХХК-нд барилгын туслахаар ажиллаад 3 жил болж байна. Тус компани нь Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах Тобу төвийн баруун талд 30 айлын орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байгаа. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би тус барилгын 3 давхарт А-лийн хамт өрлөгийн ажил хийж байсан юм. 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед тус барилгын 5 давхарт ажиллаж байсан хүмүүс “хүн уначихлаа” гээд дээрээс бүгд орилоод ороод ирсэн. Тухайн үед би нэг давхарт буугаад очиход М, Б нар талийгаачийг дээшээ харуулж хэвтүүлсэн байсан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд тухайн хүнийг аваад явсан. Би тухайн барилга дээр 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 10 хоног ажиллаж байна. Тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь Ц гэх залуу ажиллаж байсан. Тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөггүй, харин ажилчид өөрсдөө өглөөд ирээд аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зурчихаад ажилдаа гардаг, зарим өдрүүдэд ажилчид гарын үсэг зурахгүй ажилдаа гарчихдаг. Барилгын ажилчдыг өглөөд жагсааж бүгдэд нь аюулгүй ажиллагааны ямар нэгэн зааварчилгаа өгч байгаагүй. Тус компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл өгөөгүй. Бид нарт каск малгай ч байхгүй, өрлөг өрөхдөө ямар нэгэн бэхэлгээ олс хүртэл байхгүй ажиллаж байгаа юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 159 дэх тал),

18. Гэрч Ц.Н-гийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Амарсанаа ХХК-нд 2018 оноос хойш 4 дэх жилдээ барилгын туслах ажилтнаар ажиллаж байна. Амарсанаа ХХК-нь Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутагт Тобу төвийн ар талд Өнөр хотхоны 90 айлын байрны баруун талд 5 давхар 30 айлын нийтийн орон сууцны барилга барьж байгаа. Би уг барилга дээр 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажиллаж байгаа бөгөөд өрлөгчин Ч.Б ахын туслахаар ажилладаг юм. Өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр барилгын ажил өглөө 08:00 цагт цуглаж ажилдаа орцгоосон бөгөөд би өглөө 08 цаг 00 минутын үед ажилдаа ирсэн. Бид нар өглөө ажилдаа ирчихээд хувцсаа сольж өмсөөд ажилчид өөрсдөө аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт зарим нь гарын үсэг зураад, зарим нь гарын үсэг зурахгүйгээр ажилдаа гарцгаасан юм. Талийгаач Ц.М нь өнөөдөр 5 давхарт өнгөлгөөний 12-ын тоосгон хана өрсөн бөгөөд 5 давхарт 4 өрлөгчин 4 туслах ажилчин нийт 8 хүн өрлөгийн ажил хийж байсан. Өрлөгчнөөр М, Б, Ч.Б, М дөрөв ажиллаж байсан бөгөөд туслахаар би У, М, А бид нар ажилласан юм. Талийгаач М ажил эхлээд барилгын 5 давхрын зүүн урд талын хэсгийн 12-ын өнгөлгөөний өрлөгийг өрж дууссан, тэгчихээд барилгын баруун урд талын булангийн хананы өрлөгийг өрж эхэлсэн юм. Тэгээд бид нар 12:00 цагт хоолондоо орж цаг амарцгаагаад ажилдаа орж, тус тусынхаа ажлыг хийж байтал Ч.Б ах “М уначихлаа” гээд орилсон. Тэгээд тэнд ажиллаж байсан хүмүүсээс Б, М нар түрүүлээд барилгаас гараад М ахын унасан газарт очсон, харин би араас нь гарахад М ах барилгын баруун талын хэсэгт газарт унасан байсан. Бид нар ар талын хашааны хаалга онгойлгож эмнэлгийн машиныг оруулж ирээд М, Б, У гэх хүмүүс талийгаачийг эмнэлгийн машинд аваад эмнэлэг рүү явсан. Өглөө би ажил дээрээ ирээд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зурсан, харин бусад хүмүүс гарын үсэг зурсан эсэхийг нь мэдэхгүй байна. Бид нар өглөөд ажил дээрээ ирээд хувцсаа сольж өмсөөд аюулгүй ажиллагааны дэвтэр дээр гарын үсэг зураад ажилдаа гардаг, бид нарт уг аюулгүй ажиллагааны зааварчилгыг хэн нэгэн хүн уншиж танилцуулж, хувцас хунарыг нь шалгаж ажилд гаргаж байгаагүй. Манай барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан гэх хүнийг Ц ахыг гэж боддог бөгөөд Ц ах барилгын инженер ажилтай хүн юм. Бид нарт өглөө бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч, танилцуулдаггүй. Манай компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, бид нарт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс, хувцас хэрэгсэл гэх зүйл байдаггүй, барилгын ажил хийхдээ бид нар компаниас тарааж өгсөн Амарсанаа ХХК гэсэн бичиглэлтэй даавуун өмд хувцастай ажлаа хийдэг. ...Барилгын ажилчид барилгын гадна хэсгийг өнгөлгөөний тоосгоор өрдөг бөгөөд өрлөг хийчихээд гадна талд нь шавар шороо болсон байвал бээлий, алчуур зэргээр өөрсдөө арчиж цэвэрлэдэг. Компанийн зүгээс бид нарыг өрлөг өрж дуусаад өнгөлгөөний тоосгоны гадны хэсгийн шавар, шороог арчиж цэвэрлэхийг шаарддаг учраас бид нар өрлөгийн гадна хэсгийг ээлжилж арчиж цэвэрлэдэг юм. Ингэхдээ бид нар ямар нэгэн хамгаалах бүс, олс хэрэглэдэггүй, хүрэх хэсэг хүртлээ гараараа, эсхүл төмрөөр хүрэх газар хүртэл нь татаж цэвэрлэдэг. Бид нар өрлөгийг гаднаас нь цэвэрлэхдээ заримдаа барилгын тагтан дээр зогсож байгаад тоосгыг гадна талаас нь цэвэрлэдэг. Өрлөгчдөд болон барилгын ажилчдад ямар нэгэн бэхэлгээ олс өгдөггүй учраас бид нар хамгаалах олс, бүс хэрэглэдэггүй. Талийгаач Мд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн зүйл байхгүй. Бид нар өөрсдөө л дэвтэр дээр гарын үсэг зурчихаад ажилдаа гардаг байсан юм. Талийгаач Мд ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэл, каск малгай, бэхэлгээ олс гэх зүйл байгаагүй юм. Талийгаач Ц.М нь Амарсанаа ХХК-ийн үндсэн ажилчин бөгөөд уг компанид олон жил ажиллаж байгаа гэж сонссон юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 161-162 дахь тал),

19. Гэрч Б.Б-ний 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Амарсанаа ХХК-нд 2018 оноос хойш талбайн инженерээр ажиллаж байгаа юм. Амарсанаа ХХК-нь 2021 оны 6 дугаар сараас хойш Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутагт Тобу төвийн ар талд Өнөр хотхоны 90 айлын байрны баруун талд 5 давхар 30 айлын нийтийн орон сууцны барилга барьж байгаа.Мөн манай компани нь Улаангом сумын 5-р багийн нутагт аймгийн прокурорын газрын барилга барьж байгаа. Би прокурорын байрны барилга дээр талбайн инженерээр ажиллаж байгаа.Улаангом сумын 11-р багт баригдаж байгаа 5 давхрын барилгын инженер Баатар нь ковид өвчнөөр өвчилсөн байсан юм. Би өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө 08 цаг 30 минутын үед тухайн барилга дээр очоод 10 минут хүрэхгүй хугацаанд байж байгаад ажил гараад явсан бөгөөд тухайн үед барилгын ажилчид ирчихсэн ажилдаа гарч байсан. Манай компани нь бас Улаангом сумын 11-р багийн нутагт Дулаан дамжуулах шугам сүлжээний ажлыг хийж дуусгаж маргааш ашиглалтанд оруулах гэж байгаа юм. Тэгээд би уг дулаан дамжуулах төвийн ажилтай байсан учир гадуур гарч ажил хөөцөлдөж яваад өдөр 12:30 цагийн үед барилгын талбай дээр ирж цайндаа орсон. Тэгээд цайнаас гараад Улаангом сумын 11-р багийн нутагт баригдаж байгаа манай компанийн барилгын цаана байдаг Дулаан дамжуулах төв-7 дээр зураг угаалгах гээд дотор талын тоног төхөөрөмжийг дарж байтал гадна хүн орилох чимээ гараад хүмүүс гүйлдээд байхаар нь юу болсныг асуухад барилгаас хүн уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би гүйгээд очиход тухайн баригдаж байгаа барилгын баруун талын урд хэсэгт барилгынхаар бол ар талын хэсэгт ажиллаж байсан М гэгч нь таван давхраас унасан байдалтай байсан. Тэгээд би эмнэлэгт дуудлага өгсөн бөгөөд тухайн үед М нь амьсгалтай байсан бөгөөд ямар нэгэн зүйл хэлж чадахгүй, ухаан санаа муу талдаа байсан. Тэгээд эмнэлгийн машин ирээд эмч нар Мг авч явах гэхэд машинд нь насилк байхгүй байсан учраас дахин явж насилктай машин авч ирсэн. Тэгээд манай ажилчдаас зарим хүмүүс нь хамт явж эмнэлэг орж эмнэлэгт Мг аваачиж хүлээн авах руу оруулсан. Би 2 ажилчны хамтаар Мгийн ар гэрт нь хэл дуулгахаар Улаангом сумын 5-р багийн нутагт байх гэрт нь очиж болсон явдлын талаар манай 2 ажилчид хэлсэн юм. Тэгээд би эмнэлэг дээр дөнгөж ирээд байж байтал Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас мэргэжилтэн дуудхаар нь явж очиж уулзчихаад ажлын офисс дээр очоод байж байтал надруу манай ажилчин утсаар залгаж Мг нас барсан гэдгийг хэлсэн. Тэгээд би ажлын офисс дээр бичиг цаасаа янзалчихаад эмнэлэг дээр явж очсон юм. Би уг барилгын талбайн инженер бол биш инженер Б нь коронавирус өвчнөөр өвчилсөн байсан учир уг барилгын 1, 2-р давхарын дотор өрлөгийн хэмжээг тавьж өгч байсан юм. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр уг барилгын гадна бохирын шугам татсан. Би тухайн барилгын цаад талын дулаан дамжуулах станц дээр ажилтай байсан, мөн барилгын дулаан болон бохирын шугамын ажлыг хийхээр ирсэн юм. Манай Амарсанаа ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий ажилтан нь Ч.Б гэж явдаг бөгөөд тухайн барилга дээр бол аюулгүй ажиллагааны зааварчилгааг Ч.Б, М нар өгдөг байсан. Би 1-2 удаа л ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байсан юм. Би хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан биш. Манай барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг ажилчдад өдөр бүр тогтмол амаар болон бичгээр өгч гарын үсэг зуруулдаг байсан юм. Манай компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгдөг бөгөөд өглөөд ажилд гарахад нь хамгаалах хувцас хэрэгслийг өмссөн эсэхийг шалгадаг, гэхдээ зарим ажилчид нь тухайн хувцсыг байнга өмсдөг бөгөөд каск малгай мөн адил өмсдөг, ерөнхийдөө бол хамгаалах олс, бэхэлгээг ажил хийж байгаа хүмүүс өөрсдөө зүүдэггүй талтай юм. Барилгын ажилчид барилгын гадна хэсгийг өнгөлгөөний тоосгоор өрлөг хийдэг бөгөөд өрлөг хийчихээд гадна талд нь шавар шороо болсон байвал зориулалтын төмрөөр татаж гадна талыг нь цэвэрлэдэг юм. Талийгаач Мд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Би өнөө өглөө ажил дээр 08 цаг 30 минутын үед ирсэн болохоор зааварчилгаа өгсөн эсэхийг нь мэдэхгүй байна. Өнөөдөр Ч.Б зааварчилгаа өгсөн гэж сонссон юм. М нь өнөөдөр барилга дээр ажиллаж байхдаа хамгаалах малгай хэрэглээгүй, ажлын хувцастай байсан бөгөөд ямар нэгэн бэхэлгээ олс гэх зүйл хэрэглээгүй байсан юм. Талийгаач Ц.М нь Амарсанаа ХХК-ийн үндсэн ажилчин бөгөөд уг компанид нэлээн олон жил ажиллаж байгаа юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал),

20. Гэрч Ж.Б-ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Амарсанаа ХХК-нд ерөнхий инженерээр 2009 оноос хойш ажиллаж байгаа, одоо 12 дахь жилдээ ажиллаж байна. Манай барилга нь газрын асуудлыг шийдвэрлэсэн. Түүний дараагаар барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаар холбогдох баримт бичгүүдийг барилга хот байгуулалтын хэлтэст хүргүүлсэн, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон эсэх талаар би тодорхой хэлж мэдэхгүй байна, олгогдоогүй байх, манай компанийн ерөнхий захирал Ө.Б нь зөвшөөрлийн асуудалгүй, ажлаа эхлүүлж бай, бичиг баримт асуудалгүй гараад ирнэ гэж хэлсэн. Түүний дагуу бид нар барилга барих ажлыг эхлүүлж байсан юмаа. Манай Амарсанаа ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер нь Ч.Б юм. Тэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сурч төгссөн. Тухайн үед осол гарах үед би ковидын халдвар авсан учраас гэртээ тусгаарлалтанд байсан. Тэр үед барилгын карказ босчихсон. Харин өрлөгийн ажил 09 дүгээр сарын 08-09-ний үеэс эхэлсэн байсан, карказны асуудал 8 дугаар сарын 29-ний өдөр дууссан, би карказ хийхэд ажилчдад хяналт тавьж ажиллаж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр Ч.Б хяналт тавьж ажилласан. Өрлөгийн ажлыг Ч.Б, талийгаач Ц.М нар хариуцан ажиллаж, Ч.Б хяналт тавьж ажиллаж байсан. Тухайн үед зөвхөн өрлөгийн ажилчид ажиллаж байсан юм. Б, М нар нь прокурорын байгууллагын ажил зогсоход 5 давхрын барилгын явцад хяналт тавьж ажиллаж байсан. Би карказны ажил хийж байхад ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг би бүрэн хариуцаж, тухайн ажлыг гэрээгээр гүйцэтгэж байсан. Өрлөгийн ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг Ч.Б хариуцан ажиллаж байсан. Уг нь бол хамгаалах малгай бүх ажилтан нарт олгогдсон, хамгаалалтын бүс мөн байсан. Тэр үед яагаад хамгаалалтын хувцас хэрэглээгүй, бүс хэрэглээгүй болохыг мэдэхгүй. Зааварчилгааг тухайн үед Ч.Б өгөх ёстой, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн эсэхийг би мэдэхгүй байна. Тэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажил цалгардсан байх. Манай барилгын ажил эхэлж, карказны ажлын явцад Мэргэжлийн хяналтаас 2 удаа, газрын харилцаанаас 1 удаа хийцийн холбогдолтой хяналт шалгалт хийсэн. Барилгын явцын хяналтыг мэргэжлийн хяналтын газар, газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас хийсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хяналт шалгалт хийгээгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал),

21. Гэрч Л.Д-гийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2017 оны 6 дугаар сараас газрын кадастрын мэргэжилтнээр ажиллаж байгаад барилга хот байгуулалтын хэлтсийн зураг төсөл хариуцсан мэргэжилтнээр 2019 оны 4 дүгээр сараас хойш ажиллаж байгаа юм. Барилгын ажил эхлэх зөвшөөрлийг авахдаа эхлээд захиалагчийн хяналт гүйцэтгэгч байгууллага буюу манай байгууллагад бичиг баримтын бүрдлийг магадлалаар орсон зураг төслийн хамтаар ирүүлээд манай байгууллагаас бүрдлийг шалгаад материал бүрдсэн тохиолдолд аймгийн Засаг даргын тамгын газрын хөрөнгө орлого хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлдэг. Хүргүүлсэн материалыг Хөрөнгө орлого хөгжлийн бодлогын хэлтэс хянаад барилгын ажил эхлэх зөвшөөрлийг олгоод материалын хамтаар албан бичгээр манай байгууллага руу явуулдаг. Тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах одоо баригдаж байгаа “Амарсанаа”ХХК-ийн  30 айлын орон сууцны барилга, барилгын ажил эхлэх зөвшөөрөл аваагүй байгаа. Жишээлбэл 2 орон сууцны барилгын ажлыг тухайн онд хийж гүйцэтгэхээр авсан тохиолдолд нэгэн зэрэг барилгын ажил эхлэх зөвшөөрөл авч болно, он дамжаад барилга барих тохиолдолд тухайн ондоо барих гэж байгаа барилгын ажлын зөвшөөрөл авдаг. Амарсанаа ХХК-ийн хувьд тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах 30 айлын орон сууцны барилгын хувьд барилгын ажил эхлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх ёстой. Амарсанаа ХХК манай байгууллагаас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах албан бичгийг 2021 оны 11 дүгээр сард манай байгууллагад ирүүлсэн юм. Яг хэзээ ирсэн талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Уг нь албан бичгийн хамт бүрдүүлсэн материал нь ирэх ёстой, гэтэл өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр намайг ажлын байрандаа байхад Амарсанаа ХХК-ийн ажилтан гэх эрэгтэй хүн бүрдүүлсэн бичиг баримтуудыг авчирч өгсөн. Түүнээс өмнө ямар нэгэн байдлаар манай байгууллагад барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаар албан бичиг баримт материалын хамтаар ирүүлж байгаагүй. Ер нь барилгын ажлын батлагдсан зураг төсөл нь заавал надаар дамждаг, би уг зураг төслийг нь шалгадаг. Амарсанаа ХХК-ийн зүгээс зураг төсөл урьд өмнө ирүүлсэн зүйлгүй өнөөдөр ирүүлж байна. Миний санаж байгаагаар 2021 оны 7 дугаар сард байх барилгын ажил эхлүүлэх А зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажил эхлүүлсэн Амарсанаа ХХК-ны 2 барилга байсан. Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт баригдаж байсан 30 айлын орон сууцны барилга, Улаангом сумын 7 дугаар багийн нутагт баригдаж байгаа 32 айлын орон сууцны барилга зэрэг нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байсан. Энэ талаар манай хэлтсийн дарга Б.Б очиж хяналт шалгалт хийгээд үүрэг даалгавар өгсөн. Энэ талаар манай байгууллагын пейж хуудсанд мэдээлэл нь байгаа. Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Амарсанаа ХХК-ийн  32 айлын орон сууцны барилга нь барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө аваад үйл ажиллагаагаа явуулж байгаа, харин Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрлах 30 айлын орон сууцны барилга одоог хүртэл барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байгаа юм. Барилга барьж буй компани нь нэг бол манай байгууллагаар хяналтын гэрээ хийсний дараагаар хяналт хийлгэдэг, эсхүл хувийн зөвлөх үйлчилгээний барилга хянах тусгай зөвшөөрөлтэй компаниар хяналтаа хийж гүйцэтгүүлж болдог. Манай аймгийн хувьд зөвлөх үйлчилгээний компани байдаггүй. Улаанбаатар хотоос авчирч хяналт тавиулж болдог. Барилгын ажил явуулах үед заавал хяналт хийлгэх ёстой, хяналт тавьсан компаниар дамжуулаад улсын комисс ажиллаад тухайн барилга хүлээж авах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Тухайн үед манай дарга Б.Б уг компанийн удирдлагаас зөвлөх үйлчилгээний компаниар хяналт тавиулж байгаа эсэх талаар асуухад үгүй танай байгууллагаар хяналт тавиулна гэж хэлсэн байсан. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахаар ирүүлсэн баримт бичигт 20 төрлийн бичиг баримт байдаг, үүнд жишээлбэл компаний тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ, талбайд ажиллах инженер техникийн ажилчдыг томилсон тушаал, диплом, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн инженерийн тушаал, диплом, зураг төсөл хийсэн байгууллагын гэрээ, гэрчилгээ, барилгын төсөв, зураг төсөл гэх мэт баримт бичгүүдийг хавсаргаж, материалаа ирүүлэх ёстой” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 191-192 дахь тал),

22. Гэрч Ж.Ж-гийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулж байгаа Амарсанаа ХХК-ийн 30 айлын орон сууцны барилгын үйл ажиллагаанд хяналт тавьсан. Би 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр очиж ерөнхий инженер Ж.Б-тай хамт Улаангом сумын нутагт баригдаж байгаа Амарсанаа ХХК-ийн барьж байгаа 3 барилгад хяналт тавьсан. Амарсанаа ХХК-ийн 2021 онд баригдаж байгаа 30 айлын орон сууцны барилгын суурийг 2020 онд тавьсан ба 2021 оны 5 дугаар сараас барилгын ажил эхлүүлсэн. Би Амарсанаа ХХК-ийн тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах 30 айлын орон сууцны барилга дээр хяналт тавиад бичиг баримтны зөрчилтэй буюу барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй байсан тул улсын байцаагчийн албан шаардлага уг компанид хүргүүлсэн. Албан шаардлагаар тухайн байгууллагыг барилгын ажлын зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулах, зөрчлийг арилгуулах талаар хугацаа зааж 2021 оны 9  дүгээр сарын 23-ны дотор албан тоотоор хариу ирүүлэх талаар мэдэгдсэн. Уг компаниас одоог хүртэл ямар нэг байдлаар хариу ирүүлээгүй байгаа юм. Барилгын компани нь барилгын ажлын зөвшөөрлийг авахдаа хууль тогтоомжид заасны дагуу бичиг баримтыг бүрдүүлэн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Д гэгчид өгч хянуулаад Аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж зөвшөөрөл авдаг. Тийм учраас би Л.Д рүү гар утсаар ярьж Амарсанаа ХХК-ийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт барьж байгаа 30 айлын орон сууцны барилга дээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан эсэх талаар тодруулахад аваагүй, хүн осолдсон учраас барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй талаар хэлсэн. Тиймээс би Амарсанаа ХХК-нд арга хэмжээ аваагүй. Би ээлжийн амралттай байх хугацаанд осол гарсан байсан. Би 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны хооронд байх ээлжийн амралттай байсан. Барилгын тухай хуулиар барилгын ажлын зөвшөөрөл авсны дараа барилгын ажлыг эхлүүлэх ёстой гэж тусгасан байдаг.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 199 дэх тал),

23. Гэрч Б.М-гийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр би Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн тасагт 8 цагаар ажиллаж байсан. Барилгаас унасан гэх өгүүлэмжтэй эрэгтэй хүнийг манай эмч А дуудлагаар очиж нэгдсэн эмнэлэгт 14.00 цагийн үед авчирсан. Эмнэлэгт ирэх үед талийгаач Ц.М ухаангүй, орчинд харьцаагүй, глазоо 3 /хүний биеийн байдлын тодорхойлолт, хамгийн бага оноотой байсан. Биеийн ил харагдах хэсэгт гар хугарал, толгой няцралттай, хамар амнаас нь цус гарсан байдалтай байсан. Анхны тусламж үзүүлж сэхээн амьдруулалт хийх үед хавирганы яс дуугарч хугарсан мэт зүйл сонсогдож байсан. Сэхээн амьдруулалт хийсний дараагаар комьпютер, томографид цээж, толгой үзүүлээд сэхээний эмчид мэдэгдээд сэхээний тасаг руу шилжүүлэх хооронд талийгаач нь нас барчихсан юм. Манай эмч дуудлага авсан даруй очиж, осолдсон хүнийг эмнэлэг рүү тээвэрлэж ирсэн юм. Талийгаач Мг сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлж байхад нас барсан. Сэхээн амьдруулах тасагт ямар нэг эмчилгээ хийгдээгүй. Би амьсгал зүрх судас дэмжих адерналин тариаг 3 минутын хугацаатай 3 удаа хийсэн. Өвчин намдаах зорилготой пенталин тарьж хийсэн. Цавины венд гуурс байрлуулсан, комьпютер томографид үзүүлээд катетарь бусад хэрэгслээ аваад сэхээн амьдруулах тасаг руу талийгаачийг шилжүүлж байхад нас барсан. Би эмчилгээ, оношилгоо хийж талийгаачийг эрчимт эмчилгээний тасаг руу /сэхээн амьдруулах/ шилжүүлэхэд ойролцоогоор 20-30 минут болсон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 182-183 дахь тал),

24. Гэрч Ж.Э-ын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ажиллаж байна. Хувийн компани холбогдох баримт бичгүүдийг газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хянуулж, шаардлага хангасан гэж үзвэл газрын харилцааны мэргэжилтэн гарын үсэг зурснаар би дахин хянаад баталгаажуулж гарын үсэг зурж барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгодог. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн маягтыг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас цахим барр кодтойгоор ирүүлдэг болчихсон. Миний зүгээс түүнийг баталгаажуулж барилгын ажил эхлүүлэх эсэхийг шийдвэрлэдэг. Миний санаж байгаагаар Амарсанаа ХХК-нь Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт барьж буй 30 айлын орон сууцны барилга дээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл аваагүй. Харин тус аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах 32 айлын орон сууцны барилга дээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 194 дэх тал),

25. Гэрч Ц.Э-гийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Хэргэм олгосон диплом гэдэг нь бакалаврын боловсролоос доошхи диплом, боловсрол эзэмшсэнийг нотлох баримт юм. Техникч аюулгүй ажиллагааны мэргэжлээр төгссөн хүмүүс нь практикт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар ажилладаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь тухайн хэсгийн аюулгүй ажиллагааг хангах, тухайн хэсгийн ажлын байрны аюулгүй ажиллагааг хангаж удирдан зохион байгуулж, зааварчилгаа өгөх, хамгаалах хувцас хэрэгслээр хангах гэх мэт ажлыг хийж гүйцэтгэнэ. Техникч, аюулгүй ажиллагааны мэргэжлийн ангид 1.5 жилийн хугацаанд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах чиглэлийн хичээлүүдийг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу суралцагсдад орж, мэдлэг  олгодог. Жишээлбэл:         Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын аюулгүй ажиллагаа, механикийн аюулгүй ажиллагаа, ажлын бүсийн орчин, анхны тусламж үзүүлэх, хөдөө аж ахуйн салбарын аюулгүй ажиллагаа, металь боловсруулах үеийн аюулгүй ажиллагаа, хамгаалах техник хэрэгсэл гэх мэт хичээлүүдийг би суралцагсдад ордог. Увс аймгийн Улаангом политехник коллеж “Техникч аюулгүй ажиллагааны” мэргэжлээр 2018 оны 06 дугаар сард анхны төгсөгч нарыг бэлтгэн төгсгөж байсан. Одоо “Техникч аюулгүй ажиллагааны” мэргэжлийн ажилтнуудыг Улаангом политехник коллеж бэлтгэж байгаа” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 213 дахь тал),

26. Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай “Талийгаач Ц.Мгийн биед гэмтэл тогтоогдлоо. Хүзүү эрүү, биеийн баруун талд зурагдсан зулгаралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь нас барах үед үүссэн гэмтлүүд байна.  Дээрх гэмтлүүд нь биеийн баруун тал, цээж хэсгээрээ өндрөөс унах үед үүсэх бүрэн боломжтой. Талийгаач Ц.Мд учирсан гэмтлүүд нь нас барах буюу амьд үед нь үүссэн байна. Талийгаач Ц.М нь дээрх гэмтлийг авсны дараа бие даан хөдөлгөөн хийх боломжгүй. Талийгаач Ц.М өвчүүний хугарал, баруун, зүүн хавирганы зөрөөтэй хугарлын улмаас уушги няцарч, цээжний хөндийд шингэн хурснаар амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байна...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 231-234 дэх тал),

27. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05-0292/26 дугаартай “Иргэн Ц.М барилгаас унаж нас барсан осол нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 /ажпын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ заалтад хамаарах үйлдвэрлэлийн осол мөн. Ажилтан өөрийн ажил үүрэгтэй холбоотой ажлын байр буюу тухайн осол гарсан ажлын талбай дээр осол өртсөн байна. “Амарсанаа” ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №01/05 тоот тушаалаар Ц.Мг өрлөгчин албан тушаал дээр ажиллуулах тухай шийдвэр гарган, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан байна. Иймд Ц.М нь Амарсанаа ХХК-ийн ажилтан болно. Ажилчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь MNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт, Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх заалт /Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажпын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө/, 3.16 дахь заалт /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажпын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/ гэх заалтыг зөрчсөн байна. Тухайн барилга дээр ажиллаж байсан ажилчдад аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй байна. Энэ нь хавтаст хэргийн материалд авагдсан Амарсанаа ХХК-д даамал ажилтай гэх Ч.Бын мэдүүлэгт /...Амарсанаа ХХК-ийн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер нь би. ... Би талийгаачид зааварчилга өгч гаргаагүй. Би Мг барилга дээрээс унасны дараагаар айгаад зааварчилгын дэвтэр дээр гарын үсэг нөхөөд зурчихсан юмаа./ гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой мэргэшсэн хүнийг ажиллуулна/ гэж заасны дагуу Ч.Б нь хуулийн энэ заалтын шаардлагыг хангасан эсэхийг нотлох баримт хэргийн материалд авагдаагүй байна. Ажилчдад ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгоогүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 /Ажил олгогч нь ажилтныг түүний ажпын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/ гэх заалтыг зөрчсөн байна. Амарсанаа ХХК-ийн ажил олгогч ажилчдад ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл тавьж олгоогүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, өөрөөр хэлбэл тухайн хийх ажпын онцлогт тохирсон хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэг, дадлага олгоогүй, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй, тухайн ажпын байрны эрсдлийг үнэлж тогтоогоогүй зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, стандартын шаардлагыг мөрдөөгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1/ Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 28 дугаар зүйлийн 28.1.3 /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;/, 28.1.4. /ажпын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх;/, 28.1.6. /ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх;/, 28.1.8. /аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх;/ заалтууд мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан томилон ажиллуулаагүй нь дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.2. /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна./ заалтуудыг тус тус зөрчсөн байна. Буруутай этгээдийг хуулийн байгууллага тогтооно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна./ гэж заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, хяналт тавих үүрэгтэй албан тушаалтан нь Амарсанаа ХХК-ийн захирал болно. Дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно” гэх дүгнэлт  (2 дахь хавтаст хэргийн 9-12 дахь тал),

28. Шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн баримтууд шинжилгээнд тэнцэнэ. “Амарсанаа” ХХК-ийн “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тутмын зааварчилгааны дэвтэр, 30 айлын орон сууцны барилга” дэвтэр гэсэн гарчигтай дэвтрийн 24-р хуудасны №17 гэж дугаарласан тооны ард байх Ц.М гэсэн нэрний ард зурсан шинжилж буй гарын үсэг нь чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсгүүдтэй тохирохгүй байна. Харин чөлөөт загвараар ирүүлсэн “Татвар төлсөн баримт”-ны доод гол хэсэгт байх “гарын үсэг” гэсний ард зурагдсан гарын үсэг болон мөн чөлөөт загвараар ирүүлсэн “2-р сургууль, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны” дэвтрийн 05-р сарын 26-нд гэсэн бичиглэл бүхий нүүрний №18 гэж дугаарласан тооны ард байх Ц.М гэсэн нэрний ард зурсан гарын үсэг нь хоорондоо тохирч байна. 2. Шинжилгээнд ирүүлсэн гарын үсэг нь үл уншигдах элементээс бүрдсэн учир харьцуулах загвараар ирүүлсэн Ч.Бын гэх хэв загвар, гар бичмэлийн загвартай харьцуулах боломжгүй” гэх дүгнэлт ( 2 дахь хавтаст хэргийн 19-22 дахь тал),

29. Шинжээч М.У-ын 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Ажил олгогч “Амарсанаа ХХК-ийн захирал нь Увс аймгийн Улаангом хотын Политехник коллежийг Техникч, аюулгүй ажиллагааны мэргэжлээр төгссөн Ч.Быг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар томилсон нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 /Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна/-д заасан шаардлагад нийцэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Аливаа барилгын ажлыг эхлэхдээ тухайн орон нутгийн засаг захиргааны төв байгууллагаас барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг авах бөгөөд барилгын ажил эхлэх, үргэлжүүлэх зөвшөөрөлгүйгээр ажиллаж болохгүй. Энэ талаар Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15 /"барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажпын зөвшөөрөл” гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг/, 40 дүгээр зүйлийн 40.1.16 /барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэхгүй байх/-д заасан байдаг. Зөвшөөрөлгүй барилгын үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын байцаагч салбарын болон Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан эрх, үүргийн дагуу хяналт тавьдаг” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Б.Б хэргээс:

1. Гэрч Ө.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Манай төрсөн ах Ө.Б нь 1974 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Дээрээ нэг ах, нэг эгч доороо 3 дүүтэй. Эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хотод оршин суудаг. Ө.Б дээд боловсролтой, төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, ажилсаг, тусархуу, нийтэч, хамт олонч, хөдөлмөрч хичээнгүй, аливаа зүйлд хандах хандлага сайтай, нутгийн иргэд дунд нэр хүндтэй, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, аймгийн иргэдийн төлөөлөгчийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон, уурлаад байдаггүй, тайван, идэвхи зүтгэл сайтай хүн юм. Амарсанаа ХХК-нь үүсгэн байгуулагдаад 25 жил болж байгаа, уг компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ихэвчлэн Увс аймгийн Улаангом суманд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 223-224 дэх тал),

2. Гэрч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“Ө.Б Улаанбаатар хотод эхнэр 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Ө.Б Амарсанаа ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, эелдэг, ажилсаг, тусархуу, нийтэч, хөдөлмөрч, аливаа зүйлд хандах хандлага сайтай, ямар нэг муу зуршилгүй, урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, сайн удирдагч, эдийн засгийн тооцоонд сайн, зохион байгуулалт сайтай. Архи согтууруулах ундааны зүйл хааяа зохих хэмжээнд хэрэглэдэг, тамхи татдаггүй, эрүүл мэндийн хувьд эрүүл, биеийн хөгжил хэвийн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 226-227 дэх тал),

3. Ө.Б урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( 2 дахь хавтаст хэргийн 132 дахь тал),

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн “Амарсанаа ХХК-ийн захирал Ө.Б, инженер Ч.Б нараас 2021 оны 10-р сарын 5-нд 1.100.000 төгрөг, 2022 оны 2-р сарын 4-нд 1.000.000 төгрөг, 2022 оны 3-р сарын 1-нд 1.000.000 төгрөг, 2022 оны 3-р сарын 7-нд 2 өрөө байрны үнэ:85.500.000 төгрөг өгсөн. Хохирогчийн зүгээс Амарсанаа ХХК, Ч.Б нарт гомдол санал тэмцэлгүй болно” гэх гараар бичиж, наториатаар гэрчлүүлсэн тодорхойлолт (2 дахь  хавтаст хэргийн 155 дахь тал) зэрэг баримтуудыг,

Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Т.У хэргээс:

1. Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Манай төрсөн аав Ч.Б 1974 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Айлын ууган хүүхэд доороо 4 дүүтэй. Миний аав Ч.Б нь зан байдлын хувьд цовоо сэргэлэн, эелдэг боловсон, харьцаатай, илүү дутуу зан аашгүй,ажилсаг тусархуу, хөдөлмөрч, ямар нэг муу зуршилгүй, хүнд тусархуу зантай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг, хүмүүстэй зөв боловсон харилцдаг, хүүхдүүддээ халамжтай, эрх дураар нь өсгөдөг, ямар нэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, зөв боловсон хүн юм...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 217-218 дахь тал),

2. Гэрч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие нөхөр Ч.Бтой 1997 онд гэр бүл болсон бөгөөд түүнээс хойш хамт амьдарч байгаа юм. Бид хоёр гэр бүл болсноос хойш 4 хүүхэдтэй болсон. Ч.Б зан байдлын хувьд цовоо сэргэлэн, бусадтай болон ажилчидтайгаа эелдэг боловсон харилцдаг, бусдыг өөртөө татах чадвартай, ажилчид нь манай нөхөрт сайн ханддаг, шударга, ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирсэн ажилтандаа чөлөө өгөөд ажиллуулахгүй буцаагаад явуулчихдаг, ямар нэг муу зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаг, олон нийтийн газар биеэ зөв боловсон авч явдаг, урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдон шалгагдаж байгаагүй. 2021 оны орон нутгийн сонгуулиар тус аймгийн иргэдийн 10 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын даргаар ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 220-221 дэх тал),

3. Ч.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( 2 дахь хавтаст хэргийн 99 дэх тал),

4. Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаартай “Улаангом сумын 10 дугаар багийн иргэн Ч.Б ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт тус багийн 8 дугаар гудамжны ...... тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт ( 2 дахь хавтаст хэргийн 102 дахь тал),

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бтэй 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар барьж, гүйцэтгэх гэрээ” (2 дахь хавтаст хэргийн 153-154 дэх тал),

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн “Амарсанаа ХХК-ийн захирал Ө.Б, инженер Ч.Б нараас 2021 оны 10-р сарын 5-нд 1.100.000 төгрөг, 2022 оны 2-р сарын 4-нд 1.000.000 төгрөг, 2022 оны 3-р сарын 1-нд 1.000.000 төгрөг, 2022 оны 3-р сарын 7-нд 85.500.000 төгрөгийн өртөгтэй 2 өрөө байр өгөхөөр тохиролцсон тул хохирогчийн зүгээс Амарсанаа ХХК, Ч.Б нарт гомдол санал тэмцэлгүй болно” гэх гараар бичиж, наториатаар гэрчлүүлсэн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 155 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар хэргээс нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал, үйл баримт

1.Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэн, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

Увс аймгийн Улаангом суманд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Амарсанаа” ХХК-нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 5 давхар, 30 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ барилгын ажлыг зөвшөөрлийн дагуу гүйцэтгэх, барилгын ажлын талбайд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг дагаж мөрдөх, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх, аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж мөрдүүлэх зэрэг холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагийн үед тухайн барилга дээр ажиллаж байсан, тус компанийн үндсэн ажилтан, өрлөгчин Ц овогтой М нь барилгын 5 давхраас унаж, нас барсан гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий эрх бүхий шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай дүгнэлтээр амь хохирогч Ц.М нь өндрөөс унасны улмаас өвчүүний хугарал, баруун, зүүн хавирганы зөрөөтэй хугарал гэмтэл авч, уушиг нь няцарч, цээжний хөндийд шингэн хурснаар амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан, тэрээр осолд өртөх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хэвийн байсан болох нь тус тус тогтоогдсон байна. (1 дэх хавтаст хэргийн 231-234, 236-237 дахь тал),

Шүүхээс тогтоосон хэргийн дээрх үйл баримт улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгасан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт(1 дэх хавтаст хэргийн 8-17 дахь тал), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 19-28 дахь тал), эд зүйл хураан авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал), Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн “Амарсанаа” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, лавлагаа, (1 дэх хавтаст хэргийн 57-59 дэх тал), Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 728 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримтууд (1 дэх хавтаст хэргийн 77-97 дахь тал), үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт (1 дэх хавтаст хэргийн 106-115 дахь тал), баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 123-128 дахь тал), хэв загвар дээж авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 118-121 дэх тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 129 дэх тал), “Амарсанаа ХХК-ийн захирлын тушаал, холбогдох баримтууд (1 дэх хавтаст хэргийн 45-51 дэх тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 132-139 дэх тал), гэрч Д.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 144-145 дахь тал), гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 147-148 дахь тал), гэрч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 153-154 дэх тал), гэрч Б.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 156-157 дахь тал), гэрч А.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 159 дэх тал), гэрч Ц.Нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 161-162 дахь тал), гэрч Б.Бий мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 164-165 дахь тал), гэрч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 188-189 дэх тал), гэрч Л.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 191-192 дахь тал), гэрч Ж.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг(1 дэх хавтаст хэргийн 199 дэх тал), гэрч Б.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 182-183 дахь тал), гэрч Ж.Эын мөрдөн байцаалтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 194 дэх тал), гэрч Ц.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 210 дахь тал), шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 67 дугаартай дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 231-234 дэх тал), шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 05-0292/26 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 9-12 дахь тал), шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний 05 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 19-22 дахь тал), шинжээч М.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал), шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгүүд цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй, тухайн цаг хугацаанд болсон үйл баримт болон хэргийн бодит байдлыг сэргээн тогтооход хамааралтай, ач холбогдолтой байх тул үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Хууль зүйн дүгнэлт:

1. “Амарсанаа” ХХК-ийн барилгын ажлын талбайд гарсан дээрх үйлдвэрлэлийн осолд тус компанийн захирал Ө.Б, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байсан Ч.Б нарыг холбогдуулан шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, улмаар Прокурорын 2022 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 2135001560041 дугаартай тогтоолуудаар Ө.Б, Ч.Б нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн  44 дугаартай прокурорын яллах дүгнэлтээр хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүхээс шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт холбогдуулан үйлдсэн прокурорын яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолууд үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Тодруулбал: Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироож” буй нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд хүний амь нас хохирсноор уг гэмт хэрэг төгсдөг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан бөгөөд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж нь гэм буруутай этгээдийн хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх бөгөөд хууль гэж хууль тогтоох дээд байгууллагаас баталсан, нийтээр дагаж мөрдөх, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн эрх зүйн баримт бичгийг,

Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр хуульд нийцүүлэн гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй баримт бичгийг ойлгодог байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 5 давхар, 30 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжийг илэрхийлэх хууль тогтоох байгууллагаас батлан гаргаж, нийтээр дагаж мөрдөх, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн баримт бичиг болох Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу “Сургалт зохион байгуулах Үндсэн дүрэм”-ийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Мгийн амь нас хохирсон болох нь нотлогдож байх бөгөөд дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд “Амарсанаа” ХХК-ийн захирал Ө.Б, тухайн барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр томилогдон ажиллаж байсан Ч.Б нар гэм буруутай болох нь дараах байдлаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ө.Бгийн гэм буруугийн талаар:  

 

1. Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Ө.Бг Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн “Амарсанаа” ХХК-иар 5 давхар, 30 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэхдээ Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан барилгын ажлын зөвшөөрөл авахгүйгээр барилгын ажлыг эхлүүлж, улмаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан” Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасан” хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх”, 28.1.4-д заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх”, 28.1.6-д заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх, 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус барилга дээр өрлөгчнөөр ажиллаж байсан Ц.М нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр барилгын 5 давхраас унаж, нас барсан гэх хэрэгт яллажээ.

А. Увс аймгийн Улаангом сумын “Амарсанаа” ХХК-нь тус аймагт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй, шүүгдэгч Ө.Бгийн эзэмшлийн компани болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хувьцаа эзэмшигч, түүний гишүүний талаарх лавлагаа, шүүгдэгч Ө.Бгийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч Ө.Бгийн эзэмшлийн “Амарсанаа” ХХК-нь 2021 оны 5 дугаар сараас эхлэн Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 5 давхар, 30 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох байгууллагаас барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл аваагүй болох нь гэрч Л.Д, Ж.Эрдэнэтогтох, Ж.Ж нарын мэдүүлгээр (1 дэх хавтаст хэргийн 191-194, 199 дэх тал) нотлогдож байх бөгөөд тухайн орон сууцны барилгын ажлын явцад ажлын талбайд осол гарч, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр барилгын 5 давхраас хүн унаж, нас барсны дараа “Амарсанаа” ХХК-нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 5 давхар, 30 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авах хүсэлт гаргаж, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бичиг баримтуудыг хавсарган хүсэлтээ Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн нь тогтоогджээ.(1 дэх хавтаст хэргийн 77-97 дахь тал),

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.15-д "барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл /цаашид "барилгын ажлын зөвшөөрөл" гэх/ гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч, эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг” ойлгоно гэж заасан бөгөөд барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авахдаа барилгын ажлын төрөл, барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамаарч холбогдох эрх бүхий этгээдээс зөвшөөрөл авахаар Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заажээ.

Тодруулбал: Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар барилга байгууламжийг төвөгшлөөр нь (10.1.1) барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж, (10.1.2) бага төвөгшилтэй барилга байгууламж, (10.1.3) дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламж, (10.1.4) өндөр төвөгшилтэй барилга байгууламж, (10.1.5) онцгой төвөгшилтэй барилга байгууламж гэж тус тус ангилах бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу энэ хуулийн 10.1.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д заасан бага, дунд, өндөр, онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн ангилалд хамаарах барилга байгууламжийг барьж байгаа тохиолдолд Барилгын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу барилгын ажлыг  зөвшөөрлийн үндсэн дээр эхлүүлэхээр байна.

Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 211 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал"-ын үзүүлэлтээр шүүгдэгч Ө.Бгийн эзэмшлийн “Амарсанаа” ХХК-ийн Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт барьж байгаа 5 давхар, 30 айлын орон сууцны барилга нь дунд зэргийн төвөгшилтэй барилга байгууламжид хамаарч байна.

Өөрөөр хэлбэл “Амарсанаа” ХХК-ийн барьж байгаа 30 айлын, 5 давхар нийтийн орон сууцны барилга нь төвөгшлийн ангиллаараа Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.1-д заасан “барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж”-д биш мөн зүйлийн 10.1.3-д заасан “дунд зэргийн” төвөгшилтэй барилгад хамаарч байх тул  Ө.Б нь дунд зэргийн төвөгшилтэй, 5 давхар, 30 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхдээ Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн 35.1.6-д зааснаар Увс аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой байжээ.

Гэтэл “Амарсанаа” ХХК-ийн захирал Ө.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 5 давхар, 30 айлын орон сууцны барилга угсралтын ажиллагааг гүйцэтгэхдээ барилгын ажлыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр 2021 оны 5 дугаар сараас эхлүүлсэн болох нь тогтоогдож байна.

Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн улсын байцаагч Ж.Ж нь “Амарсанаа” ХХК-ийн барьж байгаа 5 давхар, 30 айлын орон сууцны барилга угсралтын ажиллагаанд хяналт тавьж, “барилгын ажлыг зохих зөвшөөрөлгүй эхлүүлсэн” зөрчлийг илрүүлэн, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20/07/030/96 дугаартай “Албан шаардлага”-аар “барилгын ажлын зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас гаргуулан авч, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх” шаардлага тавьж, албан шаардлагын биелэлтийг 2021 оны 9 дүгээр сарын 23-ны дотор ирүүлэхийг “Амарсанаа” ХХК-д даалгасан байх боловч тус компанийн захирал Ө.Б нь мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг хүлээн авсан атлаа хууль зөрчсөн барилга угсралтын ажлаа зогсоогоогүй, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжүүлж байх үед 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус барилгын 5 давхраас хохирогч Ц.М унаж нас барсан байна.

Барилгын ажлын талбайд осол гарсны дараа шүүгдэгч Ө.Б нь 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хүргүүлсэн нь тус компанийг Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт баригдаж байгаа 5 давхар, 30 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлэхдээ эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрөл аваагүйг нотолж байх тул шүүгдэгч Ө.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.15 дахь заалтыг зөрчсөн гэж үзнэ. (1 дэх хавтаст хэргийн 75-97, 191-194,199 дэх тал),

Б. Амь хохирогч Ц.М нь “Амарсанаа” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Бгийн 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 01/05 дугаартай тушаалаар 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тус компанид өрлөгчнөөр томилогдон, хөдөлмөрийн гэрээгээр, үндсэн ажилтнаар ажиллаж, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажлын байран дээрээ осолд өртөн нас барах хүртлээ “Амарсанаа” ХХК-иас цалин хөлс авч ажиллаж байсан нь тогтоогдож байх тул компанийн ерөнхий захирал Ө.Бг Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан “ажил олгогч” гэж үзнэ.(1 дэх хавтаст хэргийн 45-55 дахь тал),

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар амь хохирогч Ц.М нь “Амарсанаа” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тус компанийн барьж байгаа, 30 айлын орон сууцны барилгын 5 давхарт өрлөгийн ажлыг 2.80 метрийн өндөрт дотор талд шат, вандан дээр гүйцэтгэж дуусаад шатнаас бууж, блокны тавцан дээр гарч, өрлөгийн заадас аршукны шаврыг унагааж, цэвэрлэх үедээ хөл алдан өндрөөс унасан болох нь тогтоогджээ. (1 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал),

Тухайн осол болох үед амь хохирогч Ц.Мтэй хамт ажиллаж байсан, “Амарсанаа” ХХК-ийн ажилтан гэрч Д.М, Ц.Б, Н.У, Ц.А, Б.М, А.Н, Ц.Н, Б.А нар” ...”Амарсанаа” ХХК-ийн 5 давхар, 30 айлын орон сууцны барилгын  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Ч.Б нь ажил эхлэхээс өмнө аюулгүй ажиллагааны зааварчлагааг биечлэн өгч байгаагүй, ажилчид өөрсдөө зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зураад ажилдаа гардаг. Компанийн зүгээс барилгын ажилчдад хамгаалах хувцас хэрэгсэл тарааж өгсөн зүйл байхгүй, барилгын ажил хийхдээ компаниас тарааж өгсөн “Амарсанаа” ХХК гэсэн бичиглэл бүхий даавуун, өмд цамц өмсдөг, каск малгай байхгүй, өрлөгийн ажлын үед хамгаалах бэхэлгээ олс хэрэглэж байгаагүй, компаниас хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ямар нэгэн сургалтад хамруулаагүй, барилга дээр ажиллаж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан нь ажилчдын хувцас хэрэгслийг шалгаж, хяналт тавьдаггүй. Амь хохирогч Ц.М тухайн өдөр өрлөгийн ажил хийж байхдаа хамгаалах хувцас, олс, бэхэлгээгүй ажиллаж байсан” гэх агуулга бүхий мэдүүлгүүдийг өгчээ. (1 дэх хавтаст хэргийн 144-145, 147-148, 150-151,153-154, 156-157, 159, 161-162,171-172 дахь тал),

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүргийг ажил  олгогч хүлээдэг байна.

Гэтэл ажил олгогч, Амарсанаа ХХК-ийн ерөнхий захирал Ө.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 5 давхар, 30 айлын нийтийн орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж, ажилтан Ц.Мг түүний ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас буюу аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бэхэлгээ зэрэг хамгаалах хэрэгслээр хангаагүйн улмаас хохирогч Ц.М барилгын 5 давхраас унаж нас барсан болох нь тогтоогдож байна.

            Түүнчлэн мөн хуулийн 28 дугаар зүйлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Ө.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт 5 давхар, 30 айлын нийтийн орон сууцны барилга угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий “Амарсанаа” ХХК-иар гүйцэтгүүлэхдээ ажил олгогчийн хувиар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

Гэвч ажил олгогч Ө.Б нь тухайн барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа “Амарсанаа” компанийн ажилчдын ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг (каск малгай, бэхэлгээ олс зэрэг) тавьж олгоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны үйл ажиллагаанд зохих ёсоор хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, ажилчдыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалтад хамруулаагүй, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийж, ажилтныг аливаа эрсдлээс хамгаалж, урьдчилан сэргийлээгүй, тухайн ажлын байрны онцлогт тохирсон дүрэм, журам, зааврыг баталж мөрдүүлээгүй, зааварчилга аваагүй  ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн зэргээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар тогтоосон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горим, стандартын шаардлагыг мөрдөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хангалттай нотлогдон тогтоогдсон байна. (1 дэх хавтаст хэргийн 144-145, 147-148, 15-151,153-154, 156-157, 159, 161-162,171-172, 2 дахь хавтаст хэргийн 9-12,  дахь тал, )

Түүний дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.3-д заасан “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;”, 28.1.4-д заасан “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;”, 28.1.6-д заасан “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх;”, 28.1.8-д заасан “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” заалтуудыг тус тус зөрчжээ.

 Тухайн өдөр амь хохирогч Ц.М нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй болох нь шүүгдэгч Ч.Б-ын мэдүүлэг, кримналистикийн шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.  (2 дахь хавтаст хэргийн 19-22 дахь тал),

Иймд шүүгдэгч Ө.Бгийн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.15, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.3, 28.1.4, 28.1.6, 28.1.8 дахь заалтуудыг зөрчсөн эс үйлдэхүй, хохирогч Ц.Мгийн амь нас хохирсон үйл баримт хоорондоо шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Ө.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Бын гэм буруугийн талаар:

 

  1. Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Ч.Быг Увс аймгийн

Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Амарсанаа” ХХК-ийн барьж байсан 5 давхар, 30 айлын орон сууцны барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллахдаа хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу MNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх хэсгт заасан “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн  ажлын байрыг хариуцсан цех, тасаг хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, 3.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”гэх заалтуудыг тус тус зөрчиж, тус барилга дээр өрлөгчнөөр ажиллаж байсан Ц.Мд аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас Ц.М нь ажлын байрандаа албан үүргээ гүйцэтгэж байх үедээ 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тухайн барилгын 5 давхраас унаж, нас барсан” гэх хэрэгт ял сонсгож, яллажээ.

Шүүгдэгч Ч.Б нь “Амарсанаа” ХХК-ийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаартай  “Ажилд томилох тухай” тушаалаар мөн өдрөөс эхлэн тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр,

Мөн захирлын 2021 оны 6 дугаар 10-ны өдрийн 26 дугаартай тушаалаар Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт баригдаж буй “Өнөр” хотхоны 4 дүгээр ээлжийн 30 айлын барилга угсралтын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр тус тус томилогдон ажиллаж, тухайн барилгын ажлын талбайд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдүүлж, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулах, ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх зэрэг үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна. (1 дэх хавтаст хэргийн 41, 83 дахь тал),

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Увс аймаг дахь Улаангом Политехник коллежийг “техникч, аюулгүй ажиллагааны” мэргэжлээр төгссөн болох нь D201801655 дугаартай дипломын хуулбараар нотлогджээ.(1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал),

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг ажиллуулна” гэж заасан бөгөөд  Ч.Бын “техникч, аюулгүй ажиллагааны” мэргэжил нь дээрх хуульд заасан мэргэжлийн шаардлагыг хангаж байгаа болох нь Улаангом Политехник коллежийн сургалтын менежер, гэрч Ш.А, тус коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багш, гэрч Ц.Э, З.Б, шинжээч М.У нарын мэдүүлгээр нотлогдож байх тул Ч.Быг тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангасан гэж үзнэ. (1 дэх хавтаст хэргийн 201,213,215, 2 дахь хавтаст хэргийн 35-36 дахь тал),

Өөрөөр хэлбэл ажил олгогч Ө.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, 30 айлын, 5 давхар барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт заасан “инженер, техникийн болон эрүүл ахуйн боловсролтой, мэргэшсэн хүнийг томилж ажиллуулсан тогтоогдож байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар  Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, 30 айлын, 5 давхар барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Ч.Б нь тухайн барилга дээр ХАБЭА-н инженерээр ажиллаж байхдаа ажилтнуудад ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг биечлэн өгч байгаагүй, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүст хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг өдөр тутам ажил эхлэхийн өмнө биечлэн өгөөгүйн улмаас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ажилтан Ц.М барилгын 5 давхраас унаж амь эрсэдсэн байна.

Тодруулбал: Амь хохирогч Ц.М 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өглөө 08-09 цагийн үед ажилдаа ирж, 5 давхрын өрлөгийн ажлыг гүйцэтгэхээс өмнө инженер Ч.Б нь түүнд болон тухайн өдөр ажиллаж байсан ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгыг биечлэн өгөөгүй, ажилтнууд аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй атлаа “Амарсанаа” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгааны дэвтэрт гарын үсэг зурсан, амь хохирогч Ц.Мг ажлын байранд осолдсоны дараа зааварчилгааны дэвтэрт түүний өмнөөс инженер Ч.Б аюулгүй ажиллагааны зааварчилга өгсөн мэтээр гарын үсгийг нь нөхөж зурсан нөхцөл байдал тогтоогдсон байх тул Ч.Быг амь хохирогч Ц.Мд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилга өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, 30 айлын, 5 давхар барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа гэрээгээр тус барилгад өрлөгийн ажлыг давхар хийж, цалин хөлс авч байсан нь тогтоогдож байх бөгөөд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр барилгын талбайд осол гарах үед тэрээр амь хохирогч Ц.Мгийн хамт 5 дугаар давхарт өрлөгийн ажил хийж байсан нь тогтоогджээ. (1 дэх хавтаст хэргийн 121-122 дахь тал),

Дээрхээс үзэхэд шүүгдэгч Ч.Б нь тус барилгад ХАБЭА-н инженерээс гадна өрлөгчнөөр давхар ажиллаж байсны улмаас түүний үндсэн ажил болох хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерийн үүрэгт ажил цалгардаж, ажлын байранд осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.   

Шүүгдэгч Ч.Бын 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тухайн барилга дээр ажиллаж байсан ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгыг ажил эхлэхийн өмнө биечлэн үзүүлэх журмаар, бичгээр өгөөгүй эс үйлдэхүй нь хууль, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас батлан гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох MNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм” стандартын 3.9 дэх хэсгт заасан “Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн  ажлын байрыг хариуцсан цех, тасаг хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө”, 3.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө”гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй ба түүний  MNS4969:2000 “Сургалт зохион байгуулалт Үндсэн дүрэм” стандартын холбогдох заалт зөрчсөн үйлдэл, хохирогч Ц.Мгийн амь хохирсон үйл  баримт хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь гэм буруугийн асуудлаар маргахгүй гэснийг тэдгээрийн өмгөөлөгч Б.Б, Т.У нар дэмжин оролцож, улсын яллагчтай гэм буруугийн асуудлаар маргаж, мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. ”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5.”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

2. Шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Мгийн амь нас шууд хохирсон нь энэ гэмт хэргийн хохирол бөгөөд хүний амь нас хохирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б мөрдөн байцаалтын шатанд талийгаач нөхөр Ц.Мг оршуулах, мөн 49 болон 100 хоногийн буяны ажлын зардалд нийтдээ 7.094.500 /долоон сая ерөн дөрвөн мянга таван зуу/ төгрөг зарцуулсан. Оршуулгын үеэр компанийн зүгээс 1.000.000 / нэг сая/ төгрөг, мөн  портер нүүрс буулгаж  өгсөн. Мөн талийгаач Ц.М нь сард дунджаар 1.500.000 / нэг сая таван зуун мянга/ төгрөг, жилд дунджаар 18.000.000 /арван найман сая/ төгрөг олдог байсан. Талийгаач  маань дунджаар 20 жил ажиллах байсан гэж тооцвол 360.000.000 / гурван зуун жаран сая/ төгрөгийг олох байсан учир дээрх мөнгийг компаниас нэхэмжилж байна. Ёс заншлын дагуу 100 хоногийн ажлыг 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хийсэн, тухайн үед гарсан зардлын баримтыг би бүрдүүлж байгаа. 100 хоног гэх нэртэй ёс заншлын арга хэмжээгээр ах дүү нараараа цугларч хүүхдүүдэд мөнгө төгрөг өгдөг, буяны ёслолын ажил юм. Компанийн буруугаас болж нөхөр маань нас барж, би одоо 4 хүүхдийн хамтаар амьдарч байна” гэх мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт:“... Амарсанаа ХХК болон  Ч.Б нараас гэмт хэргийн хохирол, хор уршигт  2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 1.100.000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 4-ний 1.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 1.000.000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 2 өрөө байр /85.500.000/ өгсөн. Мөн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр анхны шүүх хурал болсны дараа Ө.Б дарга манай 4 хүүхэд тус бүрт 1.000.000 төгрөгийн хадгаламж нээж өгсөн. Мөн 2 тонн нүүрсний 200.000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг нийт 93.800.000 төгрөгийн хохирол барагдуулсан. Цаашдаа Амарсанаа ХХК-аас миний 4 хүүхдийг эрүүл саруул,  мэргэжил боловсролтой хүн болгож өсгөхөд туслаач гэж хүсэж байна. Өөр надад нэхэмжилж, хүсэх зүйл байхгүй.  Ийм учраас Ө.Б, Ч.Б нарт хорих ял оногдуулахгүй байхыг хүсэж байна” гэх агуулга бүхий мэдүүлгийг тус тус гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч нас барсны улмаас учирсан гэм хорыг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасны дагуу арилгахаар хуульд заажээ.

Тодруулбал: Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг өв залгамжлагч шаардах эрхтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б нь шүүгдэгч Ө.Б, Ч.Б нараас оршуулгын зардал болон гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд хохирогч Ц.Мгийн оршуулгын зардал болон бусад зардалд мөнгөн хэлбэрээр 8.300.000 төгрөг, мөн 85.500.000 төгрөгийн өртөг бүхий 2 өрөө байрыг хохиролд тооцон шилжүүлж, нийтдээ 93.800.000 төгрөгийг төлсөн нь нотлогдож байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч нараас оршуулгын болон бусад зардалд 8.300.000 төгрөг авсан, мөн компаниас 2 өрөө байр өгсөн, одоогоор байрандаа орж амжаагүй байгаа. Надад өөр нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид “Амарсанаа” ХХК-ийн зүгээс миний 4 хүүхдийг сурч боловсроход нь тусалж дэмжээсэй гэж хүсэж байна” гэж мэдүүлжээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, 2 дахь хавтаст хэргийн153-154 дэх талд авагдсан “Орон сууц захиалгаар барьж гүйцэтгэх гэрээ”-ний наториатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн хавтаст хэргийн 155 дахь талд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн тодорхойлолт зэрэгт үндэслэн энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Б, Ч.Б нараас гаргуулах хохирол, хор уршиг байхгүй гэж үзэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бээс гэмт хэргийн хор уршигтай холбоотой нотлох баримтыг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:”...Шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул тэдгээрт тухайн зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг тус тус  харгалзан шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ч.Бд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

2. Шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгч Ө.Б нь шүүх хуралдаанд гэм буруугийн асуудлаар маргаангүй оролцож байгаа бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийг тодорхой хэмжээнд арилгасан зэргийг харгалзан Ө.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг,

3. Шүүгдэгч Ч.Бын өмгөөлөгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч Ч.Б нь гэмт хэрэгт холбогдож, шалгагдах үеэс гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч ирсэн. Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд миний үйлчлүүлэгч Ч.Бын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Ч.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан нийгмээс тусгаарлахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “Ө.Б, Ч.Б нарт оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү. Эдгээр хүмүүс цаашид миний хүүхдүүдийг харж хандах байх” гэх тайлбар, мэдүүлгийг,

5. Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Бидний болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь нас эрсэдсэнд  “Амарсанаа” ХХК-ийн зүгээс хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж байна. Цаашдаа боломж бололцоогоороо талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүдэд тусалж, дэмжиж  явна. Гэм буруугаа хүлээж, гэмшиж байна. Надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг,

6. Шүүгдэгч Ч.Б: “Талийгаач Ц.М миний гарын шавь байсан юм. Ийм зүйл болсонд би маш их харамсаж, бас гэмшиж байна. Бидний буруу, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.

 

            7. Шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай байх тул тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын хэрэгт хамаарна.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам”-ыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан ялын төрөл, хэмжээний дотор, Ө.Б, Ч.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

            Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хувьд шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь барилга угсралтын ажил гүйцэтгэхдээ хуульд заасан зохих зөвшөөрлийг аваагүй, ажлын талбайд хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны горимыг мөрдөөгүй, хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулаагүй, ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх, энэ талаар сургалт сурталчилгаа зохион байгуулах, эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүргээ зөрчсөний улмаас ажилтан Ц.М барилгын 5 давхраас унаж, нас барж, хүнд  хүнд хор уршиг учирсан,  

            Гэмт хэрэг үйлдсэний дараа амь хохирогчийн оршуулгын болон бусад зардалд 8.300.000 төгрөг болон Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 32 айлын орон сууцны 2 дугаар орцны 3 давхрын 9 тоот хаягт байрлах 47.5 м2 бүхий, 85.500.000 төгрөгийн өртөгтэй, 2 өрөө орон сууцыг хохиролд тооцон шилжүүлж, гэмт хэргийн хор уршигт нийтдээ 93.800.000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна.

            Хувийн байдлын хувьд шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь анх удаа болгоомжгүй үйлдлээр гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учирсан хор уршигт мөнгөн хэлбэрээр 8.300.000 төгрөг төлсөн, мөн амь хохирогч Ц.Мгийн гэр бүлд 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгсөн зэргээр тэдгээрийн гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлагыг шүүгдэгч нарын хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” , мөн зүйлийн 1.2-д заасан “.....гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх үндэслэлтэй байна.

            Тодруулбал: Шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдаас төлөвлөөгүй, тухайн үед үүссэн хүчин зүйлд автан Эрүүгийн хуульд заасан болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь тогтоогдож байх тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж хөнгөрүүлэн үзэх нь зүйтэй байна.

            Мөн гэмт хэрэг үйлдсэний дараа амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид мөнгөн хэлбэрээр 8.300.000 төгрөг төлж, талийгаачийн гэр бүл болон бага насны хүүхдүүдийг тав тухтай орчинд амьдрахад нь зориулж, 85.500.000 төгрөгийн өртөг бүхий, 2 өрөө байрны туслалцаа үзүүлж, түлхүүрийг нь өгсөн нь нотлогдож байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амь хохирогчийн ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэн гэмшсэн сэтгэлээ илэрхийлж, мөнгөн хэлбэрээр 8.300.000 төгрөг төлж, 2 өрөө байрыг хохиролд тооцон шилжүүлсэн, хэдийгээр энэ гэмт хэргийн нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ их байгаа ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт хорих ял оногдуулахгүй байхыг хүссэн, шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь шүүх хуралдаанд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар ямар нэгэн маргаангүй оролцож, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Б, Т.У нарын хүсэлтээр гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг нэгтгэж явуулсан байна.

Гэмт хэрэг үйлдэж, бусдад гэм хор учруулсан этгээд хийсэн хэргийнхээ төлөө заавал цээрлэл амсах нь шударга ёсны зарчимд нийцэх хэдий ч нөгөө талаасаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлуулахгүйгээр нийгэмд нь хүмүүжүүлэх нь эрүүгийн хариуцлагын бас нэг зорилго юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд нэгэнт хууль тогтоогчоос “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн” нөхцөл хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх эрх олгосон зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлжээ.

Дээрх хуулийн зохицуулалтын агуулга нь гэмт хэргийн хор уршиг, үр дагавар их, эсхүл бага байхаас үл шалтгаалан хөнгөн ангиллын гэмт хэрэг бүрт хуульд заасан тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд шүүхээс уг заалтыг хэрэглэх боломжтойг илэрхийлж байна.

Өөрөөр хэлбэл хөнгөн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон үр дагавар гарсан тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг огт хэрэглэхгүй байх хориглосон агуулгатай зохицуулалт хуульд байхгүй бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал, гомдол зэргийг харгалзан шүүх болгоомжгүйгээр үйлдэгдсэн хөнгөн ангиллын энэ төрлийн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж, гэмт этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмд нь хүмүүжүүлэх, төлөвшүүлэхээр шийдвэрлэх боломжтой байна.

Нөгөө талаар гэмт хэргийн улмаас хүний амь нас эрсдэж, хүнд хор уршиг учирсан тохиолдолд гэмт хэргийн шууд хохирол болох хүний амь насыг мөнгөн хэлбэрээр болон бусад хэлбэрээр нөхөн төлөх ямарч боломжгүй тул гэмт этгээд хүний амь нас хохирсноос үүссэн хор уршиг, үр дагавар болох оршуулгын болон бусад зан үйлтэй холбоотой зардал, гэм хор учруулсны төлбөр зэргийг нөхөн  төлж, хор уршгийг арилгах боломжтой юм.

Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь гэмт хэргийн хор уршигт нийтдээ 93.800.000 төгрөгийг төлснөөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бээс “Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэдгээ илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан” гэх урьдач нөхцөл хангагдсанд тооцож, шүүгдэгч Ө.Б, Ч.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Б, Т.У нарын “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх санал дүгнэлт,  хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарын хувийн байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэмт хэргийн хор уршгийг нөхөн төлсөн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бийн “Шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт зэрэгт үндэслэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Ө.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ч.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулж, тэнсэж, үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийтгэх тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж, хэрэгжүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, “Амарсанаа” ХХК-ийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр 1 ширхэг, цагийн бүртгэлийн дэвтэр 2 ширхэг зэргийг Амарсанаа ХХК-д буцаан олгож, бал 2 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг энэ тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нар нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Өгийн Б, Х овогт Чгийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” буюу Хүний амь насыг болгоомжгүй хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Өгийн Б, Чгийн Б нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Ө.Бг 2 (хоёр) жилийн хугацаагаар,  Ч.Быг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б, Ч.Б нар нь амь хохирогчийн оршуулгын болон бусад зардалд 8.300.000 (найман сая гурван зуун мянга) төгрөг төлж, хохирогчийн ар гэрийн амьдралыг сайжруулах зорилгоор Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 32 айлын орон сууцны 2 дугаар орцны 3 давхарын 9 тоот хаягт байрлах 47.5 м2 бүхий, 85.500.000 (наян таван сая таван зуун мянга) төгрөгийн үнэ бүхий,  2 өрөө орон сууцыг хохиролд тооцон шилжүүлэх өгөхөөр тохиролцсон байх тул шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарыг гэмт хэргийн хор уршигт нийтдээ 93.800.000 (ерэн гурван сая найман зуун мянга)-н төгрөг төлсөнд тооцож, энэ шийтгэх тогтоолоор тэдгээрээс нотлох баримтаар нэмж гаргуулах хохирол, хор уршиггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD диск 1 ширхгийг  хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, “Амарсанаа” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр 1 ширхэг, цагийн бүртгэлийн дэвтэр 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Амарсанаа” ХХК-д буцаан олгож, бал 2 ширхэг, хутга 1 ширхэг зэргийг энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисст даалгасугай.

7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ө.Б, Ч.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БОЛОРМАА