| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2023/0006/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/10 |
| Огноо | 2023-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/10
2023 01 20 2023/ШЦТ/10
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Б.С
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.З
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б.Т холбогдох эрүүгийн 2220001340138 тоот хэргийг 2023 оны 01-р сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, ...боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай байсан, ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Ш овогт Б.Т
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь До аймгийн Ө сумаас баруун хойд зүгт 25 километр орчим зайд С чиглэлийн 173/486 дахь километр заалттай шонгоос хойд зүгт 200 метр зайд 2022 оны 10 сарын 22-ны өдрийн шөнө 22 цагийн орчимд ... улсын дугаартай, ... дугаартай чиргүүлтэй, Норд бенз загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-аар заалт буюу жолоочид ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно” , 12.1-р заалт буюу “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэснийг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдсоны улмаас дотор нь зорчиж явсан Д.Б биед баруун сүүжний дэлбэнгийн хугарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл, нүүрний олон тооны зүсэгдэж зулгарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа ойлгож байгаа, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Тийм учраас дахин мэдүүлэг өгөхгүй” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний бие нь Т 8 дугаар сарын ихээр уулзаад аман байдлаар гэрээ хийсэн тухайн үед гэрээ хийх баримт бичиггүй явж байсан болохоор аман гэрээ хийсэн. Сайншанд дээр М гэдэг хүн дээр миний машин байгаа очоод видео дуудлагаар машин нь болохоор байна уу? болохооргүй байна уу? машинаа үзээд хэрвээ явж болно гэх юм бол хоёулаа аман байдлаар тохиролцоод явъя. Цалинг тохиролцсон. 8 сарын эхээр М гэдэг хүнтэй очиж уулзаад миний машин дээр очоод бид хоёр видео дуудлага хийсэн. Видео дуудлага хийгээд Т нь бүх баримт бичгээ шалгаад машинаа тойрч үзээд бүх юм аа бид хоёр видео дуудлагаар харалцсан. Т нь машиныхаа бичиг баримтыг шалгаад тухайн үед би хэлж байсан л даа, энэ машин 7 сард оношилгоонд орох ёстой байсан оношилгоонд ороогүй байгаа. Одоо оношилгоонд оруулж байж явна. Ганц хоёр тээвэрт явж үзээд оношилгоонд оруулъя гэж хариу өгч байсан. Тэгээд тухайн үед 8 сард ажиллуулаад эхний цалинг нь Т манай эхнэр рүү шилжүүлээд өгөөч гээд миний бие эхний цалинг нь эхнэрийнх нь данс руу шилжүүлж өгч байсан. 8 сарын сүүлээр цалинг нь Т рүү өөр рүү нь шилжүүлсэн. 9 сар гаргаад Т рүү залгахаар утсаа авахгүй. Оношилгоонд оруулъя гэхээр утас нь холбогдохгүй болчихно. 9 сард нефтийн үйлдвэр Монцемент үйлдвэрээс 70 км-ийн зайд байдаг. 9 сард тэр хооронд 3 удаа л тээвэрт явсан байх. Бусад үед нь утсаа авахаасаа, явахгүй нь их байсан нэг авахаараа согтуу утсаа авдаг байсан. Машиндаа засвар үйлчилгээ хийлгэе гээд Сайншандын засварын газар гагнуур хийлгэ гээд явуулсан чинь гагнуур хийдэг хүнтэй нь ярьсан чинь согтуу ирэхээр нь би гагнаж өгөхгүй маргааш эрүүлдээ хүрээд ир гээд явуулсан гэсэн. Тухайн үеүдэд иймэрхүү асуудлууд гаргадаг байсан л даа. ...Иргэний хариуцагчийн хувьд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж болно. Хохирогчид учирсан үнэлгээ зардал гээд 117,000 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... миний бие 2022 оны 08 сарын 09-ний өдөр ... ХХК-д жолоочоор ажилд анх орсон юм. Би тухайн компаниас ... улсын дугаартай Норд бенз маркийн автомашинийг жолоочоор нь ажиллахаар болж тухайн машины айлын хашаанаас очиж авч байсан юм. Ихэнхдээ ... улсын дугаартай автомашинтай Өргөн сумын цемэнтийн үйлдвэрээс газрын тос боловсруулах үйлдвэр хүртэл цемэнт, Ө аймгийн М сум руу мөн цемэнт зөөх ажилд явдаг байсан ажилд ороод 2 сарын хугацаанд тухайн хоёр газар руу л цемэнт зөөж байсан. ...Б өмнө нь цемэнтийн үйлдвэрт ажиллаж байгаад ажлаасаа гарчихсан. Өргөн сумаас хувцас эд зүйлээ авна гэж ярьж байсан болохоор би “Өргөн сум явах гэж байна хамт яваад эд зүйлээ авч ирэх үү” гэсэн чинь Б “тэгье тэгье” гээд надтай хамт явахаар болсон юм. ...Б нь Монцемэнтийн ажлын байр луу хувцас авна гээд байр луу ороод нилээд удсан, тэр хооронд би машин дотроо гадаа нь хүлээсэн Б нийлээд удаж байгаад 20 цагийн үед гарч ирэхдээ архи уусан бололтой үнэртэж байсан. Тэрбээр эд зүйлээ аваад буцаад гараад ирэх үед нь бид 2 дэлгүүр ороод би нэг шил 0,75 литрийн “хараа” архи, 2 лааз пиво, бэлэн хоол, талх, ундаа, тамхи зэргийг худалдаж аваад Батмөнхийн хамт Өргөн сумаас би жолоогоо бариад 20 цаг өнгөрч гарсан. ...би замд явж байхдаа 2 лааз пиво уучихсан юм аа. ...нэг хэсэг газар уруу байдаг. Араагаа мултлаад хааз өгөхгүй энерцээр нь шааригдаад явуулчихдаг юм, бага бага тормоз гишгээд уг нь сайр хүртэл явчихдаг юм. Тэгээд явж байсан чинь гэнэт л жолооны хүрд чичигнээд жолоодлогогүй болсон, би тоормоз гишгэсэн чинь улам салгалаад мурилзаад ирсэн. Тэгээд замын баруун гар талруугаа замаас гараад хажуулдаад унасан. ...хохирол бол миний бие 100 хувь төлж чадахгүй, хэдийгээр миний бие архи уусан, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн асуудал байгаа ч гэсэн машины жолоодлого алдагдаж машин унасан. Тэгэхээр энэ бүрэн бус тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцах байх гэж би бодож байна” гэжээ.
Хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Осол болох үед замын ойр орчимд өөр зүйл, мөн амьтан байгаагүй. Би суудлын бүс зүүгээгүй байсан. Автомашин 60 км цагийн хурдтай явж байсан. Миний баруун талын 2 хавирга хугарсан сүүжний дэлбэн хугарсан, гэртээ байгаа. Одооноос босож явж байгаа. Миний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-20/
Иргэний нэхэмжлэгч Д.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би одоогоос 2 жилийн өмнө 2018-2021 он хүртэл У хотод цемэнт тээврийн ... ХХК-д тээвэр хариуцсан менежерийн ажил хийж байсан тэгэж байхдаа гаалиар 2 ширхэг Нордбенз маркийн чирэгч машин компаний захирал Б.Ц оруулж ирсэн. Тэгээд чиний нэр дээр бүртгүүлчихэе гээд миний нэр дээр ... гэсэн бичиг баримт авсан анх орж ирэхэд нь бол харсан улаан, цагаан өнгийн Нордбенз байсан. Тухайн 2 тээврийн хэрэгслийн нэр нь над дээр байдаг болохоос хариуцсан өмчлөгч нь одоо Золоо гээд залуу байдаг ... гэсэн утастай. Тэрнээс бол энэ хоёр машин хаана ямар ажил хийдэг ямар ч мэдээлэл байхгүй байж байгаад 2022 оны 10 сарын сүүлээр З над руу яриад ... осолд орсон цагдаагаас ярьж мэдүүлэг авах байх шүү гэж хэлж байсан. Надад бол миний нэр дээр л байдаг болохоос мэдэх зүйл ерөөсөө байхгүй. Би Т гэж хүнийг огт танихгүй. Тухайн машин хаана яг ямар ажил хийж байсныг мэдэхгүй. Миний нэр дээр машины бичиг баримт байдаг боловч үндсэн өмчлөгч нь би биш учир гаргаад байх гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
Иргэний хариуцагч Д.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... улсын дугаартай Нордбенз машин миний нэр дээр байдаг боловч миний өмчлөлийн машин биш. Өмнө нь иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан учир одоо дахин ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/
Иргэний нэхэмжлэгч Б.З мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед машинаа бариулах жолооч хайж байгаад Т танилцсан. Тэр цагаас өөрийн машинаа үзүүлээд машин барих үгүйгээ шийд гэж хэлээд У Д руу явж үзээд барихаар болсон. ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч нь Н гэх хүний нэр дээр байдаг. Эзэмшигч нь би өөрөө байгаа юм. ... дугаартай чиргүүл нь Ц гэх хүний нэр дээр байдаг юм би Н дамжуулж чиргүүлийг зээлээр худалдаж авсан. Төлбөр дууссаны дараа нэрээ шилжүүлж авна. Би ... дугаартай тээврийн хэрэгслийг БНХАУ-аас оруулж ирэхдээ Н нэр дээр оруулж ирчихээд өдийг хүртэл өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй байсан юм. Тээврийн хэрэгслийн чиргүүлийг Ц гэдэг хүнээс 60 орчим сая төгрөгөөр худалдаж авсан юм. Үүнээс 20 орчим сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг төлж дууссаны дараа өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж тохиролцсон юм. Тээврийн хэрэгслүүд 2021 онд орж ирсэн болохоор эвдрэл гэмтэл зүгээр байсан. 2021 ондоо тээвэрт яваагүй. Үзлэг оношлогоонд оруулах гэхээр Т нь их архи согтууруулах ундаа хэрэглээд утсаа салгаад алга болдог, хааяа утас нь холбогддог байсан. ...Хохирлын үнэлгээгээр гарсан мөнгөн төлбөрийг Т гаргуулж өөрөө тээврийн хэрэгслээ засварын газраар засуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38/
Иргэний нэхэмжлэгч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн чиргүүл миний санаж байгаагаар 2021 оны хавар буюу 04 сарын үед БНХАУ-аас орж ирсэн бөгөөд тэр цагаас эхлэн миний өмчлөл, эзэмшилд байгаа юм. ...миний хувьд 2021 оны 6 билүү 7 сарын үед Б аймгийн харьяат Н буюу Н гэх залууд тухайн чиргүүлийг миний санаж байгаагаар 50-60 сая төгрөгөөр зарж байсан. Тухайн үед Н гэх залуу мөнгөө одоогоор дутуу өгсөн байгаа бөгөөд ойролцоогоор 40 орчим сая төгрөгний үлдэгдэл байгаа. Гэхдээ нарийн тооцоо хийгээгүй байна. Миний хувьд уг зам тээврийн осолтой холбоотойгоор ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/
Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн гэмт хэргийн улмаас иргэн Д.Б нь ... сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 177,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Б.Т гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төррийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 135-137/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 6/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт хх-ийн 8/
Осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53-54,59-60/
2022 оны 11 сарын 09-ны өдрийн 04/219 дугаартай Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэд:
-Д.Б биед гэмтэл тогтоогдлоо.
-Д.Б биед баруун сүүжний дэлбэнгийн хугарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл, нүүрний олон тооны зүсэгдэж шарх гэмтлүүд тогтоогдлоо.
-Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
- Гэмтлийн зэрэг тогтоох журам 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.
-Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана” гэжээ. /хх-ийн 61-62/
“Х” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний автомашин техникийн үнэлгээний дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 70-79/
2022 оны 11 сарын 23-ны өдрийн 11/12 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-85/
Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 104-105/
... улсын дугаартай зүтгүүрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 106/
... улсын дугаартай чиргүүлний тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 107/
Д.Б ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 111/
... улсын дугаартай автомашинд засвар үйлчилгээ хийж байсан гэх баримт /хх-ийн 113-124/
Шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108/
2022 оны 12 сарын 09-ны өдрийн 022 дугаартай Дорноговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 128-131/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, хэрэгт бэхжүүлэгдсэн, нэг нь нөгөөгөө давхар нотолсон нотлох баримтууд гэж үзнэ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 10 сарын 22-ны өдрийн шөнө 22 цагийн орчимд ... улсын дугаартай, ... дугаартай чиргүүлтэй, ... загварын тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” заалт буюу “жолоочид ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно” , 12.1-р заалт буюу “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэснийг тус тус зөрчсөний улмаас Д аймгийн Ө сумаас баруун хойд зүгт 25 километр орчим зайд С чиглэлийн 173/486 дахь километр заалттай шонгоос хойд зүгт 200 метр зайд замын хажуу руу онхолдсоны улмаас дотор нь зорчиж явсан Д.Б биед баруун сүүжний дэлбэнгийн хугарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл, нүүрний олон тооны зүсэгдэж зулгарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулжээ
Дээрх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгахад шүүгдэгч Б.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” заалт ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно”, 12.1-р заалт буюу “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэснийг тус тус зөрчсөний улмаас замын хажуу руу онхолдсоны улмаас дотор нь зорчиж явсан хохирогч Д.Б биед баруун сүүжний дэлбэнгийн хугарал, цээжний зөөлөн эдийн гэмтэл, нүүрний олон тооны зүсэгдэж зулгарсан шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах зэрэг байдлыг тогтоосон байна.
Шүүгдэгч Б.Т энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Иймд шүүгдэгч Б.Т согтуурсан мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Осол болох үед замын ойр орчимд өөр зүйл, мөн амьтан байгаагүй. Би суудлын бүс зүүгээгүй байсан. Автомашин 60 км цагийн хурдтай явж байсан. Миний баруун талын 2 хавирга хугарсан сүүжний дэлбэн хугарсан, гэртээ байгаа. Одооноос босож явж байгаа. Миний зүгээс гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” мэдүүлэг /хх-ийн 17-20/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 6/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 8/, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53-54,59-60/, 2022 оны 11 сарын 07-ны өдрийн 04/219 дугаартай Д аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56/, 2022 оны 11 сарын 09-ны өдрийн 04/219 дугаартай Д аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/, “Х” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний автомашин техникийн үнэлгээний дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 70-79/, 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 11/12 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 84-85/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 104-105/, Д.Б ЭМБ-аас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ЭМД-ын сангаас зарцуулсан зардлын дүнгийн лавлагаа /хх-ийн 111/, ... улсын дугаартай автомашинд засвар үйлчилгээ хийж байсан гэх баримт /хх-ийн 113-124/, 2022 оны 12 сарын 09-ны өдрийн 022 дугаартай Дорноговь аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн үйлдэлд Д аймгийн З сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн гэж үзэв.
Шүүгдэгч Б.Т болон түүний өмгөөлөгч шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирлын хувьд:
Хохирогч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.Т хохирогч Д.Б төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч Б.З нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Х ХХК-ний шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон чиргүүлд учирсан гэм хорын хохирол 17,495,000 төгрөг, автомашинд учирсан гэм хорын хохирол 29,660,000 төгрөг, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад чиргүүл болон автомашинд үнэлгээ тогтооход тушаасан үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг, машиныг босгоход зарцуулсан краны хөлсийг дансаар шилжүүлсэн учир 1,300,000 төгрөг, нийт 50,455,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Б нь хохирогч Д.Б эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан 177,000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд шилжүүлсэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Иймд уг осол гарах үед тээврийн хэрэгслийн эзэмшигч нь иргэний хариуцагч Б.З мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул хохирогч Д.Б эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан 177,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.З гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад иргэний хариуцагч Б.З нь хохирогчийн эмчилгээний зардлыг би өөрөө дангаараа хариуцан гэм хорыг арилгана гэдгээ илэрхийлсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э нь осол гарах үед шүүгдэгчийн жолоодож явсан ... улсын дугаартай автомашины эзэмшигч, өмчлөгчийн талаар маргахгүй, харин ... улсын дугаартай чиргүүл нь Б.З эзэмшил, өмчлөлд байсан нь нотлогдохгүй байгаа тул түүнийг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч гэж үзэхгүй байна гэж мэтгэлцэв.
Иргэний нэхэмжлэгч Б.З мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Н гэх хүний нэр дээр байдаг. Жинхэнэ эзэмшигч нь би өөрөө байгаа юм. ... дугаартай чиргүүл нь Ц гэх хүний нэр дээр байдаг юм би Н дамжуулж чиргүүлийг зээлээр худалдаж авсан. Төлбөр дууссаны дараа нэрээ шилжүүлж авна. Тээврийн хэрэгслийн чиргүүлийг Цэдэнсүрэн гэдэг хүнээс 60 орчим сая төгрөгөөр худалдаж авсан юм. Үүнээс 20 орчим сая төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг төлж дууссаны дараа өөрийн нэр дээр шилжүүлж авна гэж тохиролцсон юм” гэх мэдүүлэг/хх-ийн 36-38/, иргэний нэхэмжлэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...миний хувьд 2021 оны 6 билүү 7 сарын үед Баянхонгор аймгийн харьяат Н буюу Н гэх залууд тухайн чиргүүлийг миний санаж байгаагаар 50-60 сая төгрөгөөр зарж байсан. Тухайн үед Н гэх залуу мөнгөө одоогоор дутуу өгсөн байгаа бөгөөд ойролцоогоор 40 орчим сая төгрөгний үлдэгдэл байгаа. Миний хувьд уг зам тээврийн осолтой холбоотойгоор ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 зэрэг нотлох баримтуудаар 72-97 МЧ улсын дугаартай чиргүүлийн хууль ёсны өмчлөгч Б.З мөн болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дүгээр зүйлд “эд хөрөнгийг шилжүүлснээр худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд шилжинэ” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Б.Т чиргүүлд учирсан хохирол 17,495,000 төгрөг, автомашинд учирсан хохирол 29,660,000 төгрөг, чиргүүл болон автомашинд үнэлгээ тогтооход тушаасан үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг, машиныг босгоход кран хөлсөлсөн 1,300,000 төгрөг, нийт 50,455,000 төгрөгийн гэм хорын төлбөрийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.З олгож, машин чирж журмын хашаанд тавьсан хөлс, машин босгоход зарцуулсан краны хөлсийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь тээврийн жолоочийн буруутай үйлдлээс бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд өөрт учирсан хохирлыг хариуцах үүрэггүй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Т эрүүгийн ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох чиргүүлд учирсан хохирол 17,495,000 төгрөг, автомашинд учирсан хохирол 29,660,000 төгрөг, чиргүүл болон автомашинд үнэлгээ тогтооход тушаасан үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг, машиныг босгоход кран хөлсөлсөн 1,300,000 төгрөг, нийт 50,455,000 төгрөгийн гэм хорын төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзвэл зохино.
Иймд шүүгдэгч Б.Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Б.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 7.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох үүргийг хүлээлгэж, дээрх хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтын зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар иргэний хариуцагч Б.З хохирогч Д.Б эрүүл мэндийн байгууллагаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулсан 117,000 төгрөгийг гаргуулж, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгож, шүүгдэгч Б.Т машины чиргүүлд учирсан хохирол 17,495,000 төгрөг, автомашинд учирсан хохирол 29,660,000 төгрөг, чиргүүл болон автомашинд үнэлгээ тогтооход тушаасан үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг, машиныг босгоход кран хөлсөлсөн 1,300,000 төгрөг ,нийт 50,455,000 / тавин сая, дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгийн гэм хорын төлбөрийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.З олгож, иргэний нэхэмжлэгч Б.З нь машин чирж журмын хашаанд тавьсан хөлс, машин босгоход зарцуулсан краны хөлс зэргийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц