Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/92

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Э-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын талбайн инженер мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.овогт Д Э

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Д.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хохирогч Г.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн тус газарт гараараа цохих, үсдэж чирэн газар мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд хэлний шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 4 дүгээр хурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж, 2 өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2022 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  зочид буудалд Б-Эийг үл ялих зүйлээр шалтаглан түлхэж унагааж биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн  гэх гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э- мэдүүлэхдээ “...мэдүүлэг нэмж өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэв.

 

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2022 оны 12-р сарын 05-ны өдрийн 1396 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалж оролцоно” гэв.

- Шүүгдэгчээс “шинжлэн судлуулах зүйл байхгүй” гэв.

 

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл;

Шүүгдэгч  Д.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Цтай хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан,

- 2022 оны 03 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  зочид буудалд Б-Эийг үл ялих зүйлээр шалтаглан биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

- Хохирогч Г.Цгийн “2022 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн үед ,тоот гэртээ орж иртэл нөхөр Д.Э нь согтуу байж байсан. Нөхөр бид хоёр хамт амьдрахгүй нэг жил болж байгаа, манай гэрт ирээд байдаггүй. Тухайн үед гэрт согтуу ороод ирсэн байсан болохоор нь “чи энд юу хийж яваа юм” гэсэн чинь ямар нэгэн шалтгаангүй миний цээжин хэсэгт түлхэж ор руу унагаачхаад гараа атгаж байгаад нүүр хэсэгт нэг удаа цохихоор нь би гарч зугтааж хажуу талын айлдаа орж хүнээр цагдаа дуудуулсан...Тэгээд араас хүрч ирээд миний үснээс зулгааж байгаад газарт унагаагаад чирч, газар мөргүүлээд зодож байх хооронд манай найз Оюун хүрч ирээд болиулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),

- Хохирогч Б-Эийн “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр нөхөр Б, найз Б, Э нарын хамтаар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж Саппорогийн тэнд байдаг  гэх нэртэй буудлын 2 давхарт өрөө авч орсон. Манай хажуу өрөөний хаалга нь нээлттэй үл таних эрэгтэй хүн ганцаараа архи уугаад сууж байсан. Бид нартай хамт сууж архи ууя гээд хаалга үүд тогшоод байсан. Бид хэд дургүйцэж түүнийг өрөөндөө оруулахгүй байж байтал тухайн хүн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 05 цаг хүртэл хаалга байн байн тогшоод байсан. Тэгээд би сүүлдээ аргаа бараад нээгээд бид хэд унтаж амармаар байна шүү дээ, та одоо ямар хэцүү юм бэ гэж хэлсэн чинь намайг цохих гээд далайгаад байсан. Тэгэхээр нь та яагаад намайг зодох гээд байгаа юм гэсэн чинь намайг баруун гараараа миний цээж хэсэгт нэг удаа цохиж түлхсэнээс болж газарт унахдаа хананы булан мөргөөд унасан...Миний баруун талын хөмсөг сэтэрч цус гарч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-97 дугаар тал),

            - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14598 дугаартай “Г.Цгийн биед хэлний шарх, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын 4 дүгээр хурууны зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цээж, хоёр өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт ( хавтаст хэргийн 21-22 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4127 дугаартай “...Б-Эийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхинд шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 106-107 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн байсан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Э- нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Ц, иргэн Б-Э нарын эрүүл мэндэд халдаж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж; хоёр хүний эсрэг үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Д.Э-ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зүйлчлэл, хэргийн талаар маргаж мэтгэлцээгүй” болно.

Шүүгдэгчээс яллагдагчаар болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч Д.Э- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” заасан эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх эрх”-ийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

1.4 Хохирол, хор уршиг

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ц, Б-Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол бүрэн барагдсан...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 178, 181 дэр тал)-ийг бичгээр гаргасан тул шүүгдэгч Д.Э-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах тусгайлан гаргасан саналгүй байсан ба Шүүхээс хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “шүүх хуралд оролцохгүй ”гэсэн болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагч “...Д.Э-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгчээс “хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй“ болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгч Д.Э- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 137 дахь тал) тогтоогдсон ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учирсан эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэснийг дурдах нь зүйтэй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч Д.Э- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 179, 181 дэх тал) гаргасныг прокурор хүлээн авч “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 518 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 182-183 дахь тал)-оор эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, эрүүгийн  дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоёр хүний эрүүл мэндэд халдаж, хүндрүүлэх хоёр шинжтэй үйлдсэн/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч нарт хөнгөн зэргийн гэмтэл учирсан, цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирол барагдуулсан гэх хүсэлтийг илэрхийлсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлж, тодорхой орлого олдог/ болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Э-д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д Д.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эсрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Эрүүгийн  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Э-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БЯМБААБААТАР