Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/213

 

2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр                  Дугаар 2022/ШЦТ/213                       Баруун-Урт сум            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Б.Энх-Амгалан

Шүүгдэгч Д.Батбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Батбилэгт холбогдох эрүүгийн 2230000000284 дугаартай  хэргийг  2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Түвшинширээ  сумын 3 дугаар баг, “Үнэгт” гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЛИ74042191/, Аниа овогт Даржаагийн Батбилэг.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.Батбилэг нь 2022 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар баг, “Алтанбулаг” гэх газарт А.Мөнхжаргалын эзэмшлийн 86-64 СҮЭ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашины салхины шил, арын салхины шил, баруун талын 2 хаалганы шилийг хагалж бага хэмжээнээс дээш хохирол буюу 560,000 төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Батбилэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тэр өдөр сумын төв ороод бензин тос аваад замдаа айлын найраар ороод согтуу үедээ тийм зүйл болсон байсан. Хохирол төлбөрийн хувьд төлсөн сумандаа байхдаа бүрэн барагдуулаад ирсэн гэв.

 

Хохирогч А.Мөнхжаргалын “...2022 оны 09 дүгээр сарын 14-ний  өдөр би хөдөө гэрээсээ хамтран амьдрагч Д.Батбилэгийн хамт сумын төв орж хувийн ажил амжуулчхаад өдөр 14 цаг өнгөрч байхад  буцаад хөдөө гэр рүүгээ явсан. Д.Батбилэг сумын төв ирээд найзтайгаа 0,5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй нэг шил архи хувааж уусан. Тэгээд бид 2 гэр рүүгээ явах замдаа “Алтанбулаг” гэх газарт байх О.Норовжүнзэн гэх айлын гэрийн найранд очсон юм. Айлын найранд ороод 2-3 цаг болчхоод бид 2 гэр рүүгээ явсан юм. Тэгээд явж байтал манай хамтран амьдрагч Д.Батбилэг нь би айлын найранд дахиж ормоор байна гээд байхаар нь би эргэж найр хийж байгаа айл руу ирсэн. Тэгээд найр хийж байгаа айлдаа 3-4 цаг болсон. Тэгээд шөнө 22 цаг өнгөрч байхад Д.Батбилэг бөөлжмөөр байна гээд айлаас гарсан. Тэгэхээр нь би араас нь гараад нуруун дээр нь дарж өгчхөөд айл руу буцаж орсон юм. Тэгтэл удалгүй Ойдов ах гаднаас орж ирээд “Чамайг гадаа Д.Батбилэг дуудаж байна, явъя гэж байна” гэж хэлэхээр нь би айлаас гараад Д.Батбилэг рүү очиход “машиныхаа түлхүүрийг өг” гэхээр нь би “үгүй ээ би өөрөө машинаа жолоодоод явчихъя. Чи их согтолттой байна” гэж хэлэхэд Д.Батбилэг намайг “чи надад машиныхаа түлхүүрийг өгөхгүй байна. Муу янхан, банзал, биеэ үнэлэгч” гэх мэтээр хэл амаар доромжилж миний машины нүүрний шил, арын шил, буруу талын 2 хаалганы шилийг гараараа болон чулуугаар цохиж хагалсан. Тэгэхээр нь би Д.Батбилэгт хандан “Чи машины шилийг хагалдаг нь яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи өөрийнхөө биеийг үнэлээд машиныхаа шилний мөнгийг олоод авчих чадвартай хүн” гэж намайг хэл амаар доромжилсон. Д.Батбилэгийг миний машины шилийг хагалж байхад Ойдов ах гэрээсээ гарч ирээд Д.Батбилэгт хандан “чи яаж байгаа юм, ингэж болохгүй” гэж хэлсэн. Тэгэхэд Д.Батбилэг Ойдов ахын өөдөөс та нарт хамаагүй гээд агсраад байхаар нь Ойдов ах Г.Амгаланбаатар нар дээлийн бүсээр Д.Батбилэгийн 2 гарыг ард нь хүлсэн. ...Мөн миний өөрийн эзэмшилд байдаг машины шилийг бүгдийг хагалсан. Би 2022 оны 05 дугаар сард Улаанбаатар хотоос худалдаж авч байсан юм. Машиныхаа шилийг бүтэн шиллүүлж хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг /хх 12-13х/,

 

 Гэрч Г.Амгалангийн “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай хөрш айл болох О.Норовжүнзэнгийх гэрийн найр хийсэн юм. 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр  15 цагийн орчимд найр хийсэн айлд машинтайгаа ирсэн байсан. Би өөрөө 16 цагийн орчимд хадмынх руугаа яваад орой 18 цагийн үед гэртээ ирээд байж байгаад унтсан. Гэртээ унтаж байгаад шөнө сэрэхэд манай гэрийн баруун талд хүмүүс чанга дуугараад байхаар нь очоод харахад Д.Батбилэг ах машиныхаа цонх, шилийг нь хагалчихсан байсан. Тухайн үед Д.Батбилэг ахын эхнэр нь надад хандан “Эгчийн дүү чи Ойдов ахтайгаа хамжаад Д.Батбилэг ахыгаа хүлээд өгчих” гэхээр нь би Ойдов ахтай хамт Д.Батбилэг ахын 2 гарыг дээлийн бүсээр ард нь хүлж өгчхөөд гэртээ ороод унтсан. Д.Батбилэг ахыг хүлсний дараа эхнэрээ гичий, янхан минь чи биеэ үнэлээд энэ машиныхаа шилийг засчих юм чинь гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /хх 23-24х/,

 

Гэрч Ш.Ойдовын “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн хүү О.Норовжүнзэнгийн гэрийн найрыг хийсэн юм. Д.Батбилэг, А.Мөнхжаргал нар нь манай хүүгийн найранд 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ирсэн байсан. Д.Батбилэг,  А.Мөнхжаргал нар хоол цай идэж уучхаад гэр лүүгээ явсан. Тэгээд удалгүй буцаад ирсэн байсан. Тэгээд шөнө намайг гэрээс гарахад Д.Батбилэг нь гадаа байж байсан. Д.Батбилэг нь ахаа та хүүгийнхээсээ манай эхнэрийг дуудаад өгчих гэхээр нь би дуудаж өгсөн. Тэгээд тэр 2 гадаа маргалдаад зогсож байсан. Тэгээд би гэр рүүгээ орсон. Намайг гэртээ ороод удаагүй байхад Мөнхжаргал манай гэрт орж ирээд ахаа Д.Батбилэг машины цонх шил хагалаад байна. Та очоод болиулаад өгөөч гэж хэлсэн юм. Тэгээд би Д.Батбилэг рүү очоод барьж аваад зууралдсан. Тэгтэл Д.Батбилэг надаас зугтаад машин руугаа очоод цонх шилийг нь хагалаад байсан. Тэгээд манай айлын хүн болох Амгалан нь гэрээсээ гарч ирээд Амгалан бид 2 хамжаад Д.Батбилэгийн 2 гарыг дээлийн бүсээр ард нь хүлсэн. Д.Батбилэг эхнэрээ янхан, гичий, биеэ үнэлэгч минь гээд хэл амаар доромжлоод байсан. ...Д.Батбилэг нь сумын төвөөс ирэхдээ архи уусан байдалтай байсан. Харин шөнө машиныхаа шилийг хагалахдаа согтуу байсан” гэх мэдүүлэг /хх 27-28х/,

 

Яллагдагч Д.Батбилэгийн “...Тухайн орой би Мөнхжаргалыг найр болж байгаа айлын гадаа 2 цаг гаруй хүлээсэн. Хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь уурлаад машиных нь шилнүүдийг чулуугаар цохиж хагалсан” гэх мэдүүлэг /хх 54-56х/

 

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2202382 дугаартай дүгнэлтээр Тоёота Приус-11 маркийн автомашины нүүрний салхины шил, арын салхины шил, буруу талын 2 хаалганы шилний зах зээлийн үнийг 560,000 төгрөг” гэх дүгнэлт зэрэг /хх 33-40х/,

 

Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 03-07/

 

Шүүгдэгч Д.Батбилэгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 х/

 

Шүүгдэгч Д.Батбилэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 58 х/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Д.Батбилэг нь 2022 оны 09 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар баг, “Алтанбулаг” гэх газарт А.Мөнхжаргалын эзэмшлийн 86-64 СҮЭ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашины салхины шил, арын салхины шил, баруун талын 2 хаалганы шилийг хагалж бага хэмжээнээс дээш хохирол буюу 560,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч  А.Мөнхжаргалын “ ... Тэгтэл удалгүй Ойдов ах гаднаас орж ирээд “Чамайг гадаа Д.Батбилэг дуудаж байна, явъя гэж байна” гэж хэлэхээр нь би айлаас гараад Д.Батбилэг рүү очиход “машиныхаа түлхүүрийг өг” гэхээр нь би “үгүй ээ би өөрөө машинаа жолоодоод явчихъя. Чи их согтолттой байна” гэж хэлэхэд Д.Батбилэг намайг “чи надад машиныхаа түлхүүрийг өгөхгүй байна. Муу янхан, банзал, биеэ үнэлэгч” гэх мэтээр хэл амаар доромжилж миний машины нүүрний шил, арын шил, буруу талын 2 хаалганы шилийг гараараа болон чулуугаар цохиж хагалсан....” гэх,

Гэрч Г.Амгалангийн “...Гэртээ унтаж байгаад шөнө сэрэхэд манай гэрийн баруун талд хүмүүс чанга дуугараад байхаар нь очоод харахад Д.Батбилэг ах машиныхаа цонх, шилийг нь хагалчихсан байсан.... гэх  

Гэрч Ш.Ойдовын  “...Намайг гэртээ ороод удаагүй байхад Мөнхжаргал манай гэрт орж ирээд ахаа Д.Батбилэг машины цонх шил хагалаад байна. Та очоод болиулаад өгөөч гэж хэлсэн... гэх мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлгээний “Линзийн Өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2202382 дугаартай дүгнэлтээр Тоёота Приус-11 маркийн автомашины нүүрний салхины шил, арын салхины шил, буруу талын 2 хаалганы шилний зах зээлийн үнийг 560,000 төгрөг” гэх дүгнэлт ,

Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Батбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

1.3. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Батбилэг нь 2022 оны 09 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө 23 цагийн орчим Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 3 дугаар баг, “Алтанбулаг” гэх газарт А.Мөнхжаргалын эзэмшлийн 86-64 СҮЭ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашины салхины шил, арын салхины шил, баруун талын 2 хаалганы шилийг хагалж бага хэмжээнээс дээш хохирол буюу 560,000 төгрөгийн хохирол учруулж эд хөрөнгө хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Батбилэг нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 17.8 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийн үйлдсэн гэх үндэслэлтэй тул түүнийг бусдын эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хуралдаанд гаргаж байна гэв.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.Батбилэгийн хохирогчийн тээврийн хэрэгслийн салхины шилийг цохин хагалж хэвийн байдлаар ашиглах боломжгүй болгож байгаа үйлдлийн гэм буруугийн хэлбэрийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу өмчийн эсрэг халдсан хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэм буруугийн шууд санаатай үйлдэл гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т "үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч Д.Батбилэгийн, хохирогч А.Мөнхжаргалд  учруулсан 560,000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

 

Хэрэг үйлдэгдсэн байдлыг тодруулбал, шүүгдэгч Д.Батбилэг нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хохирогч А.Мөнхжаргалыг машины  түлхүүрээ өгсөнгүй гэж уурлан түүний машины шилийг чулуугаар цохиж хагалсан үйл баримт тогтоогдох бөгөөд тэрээр бусдын эд хөрөнгөнд хууль бусаар халдах, устгаж, гэмтээж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Батбилэгийн хохирогчийн машины шилийг чулуугаар цохиж хагалсан үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.Батбилэгийг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагч: Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн хохиролгүй болгосон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн, 1.2 заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Улсын яллагчийн зүгээс Д.Батбилэг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэм буруугийн хувьд маргаангүй гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийн талаар арилгасан талаарх нөхцөл байдлыг харгалзан үзээд эрүүгийн хуулийн тусгай 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.

Шүүгдэгчийн шүүх хуралдааны явцад асуусан асуултын дагуу өөрийн гэсэн тогтмол орлого байхгүй тогтсон гэр орон байхгүй учраас торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн  төлүүлэх нь зүйтэй юм байна гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал, мал маллаж амьдардаг зэрэг нь бусад баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Батбилэгт ял шийтгэл оногдуулахад түүний хохирогчийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлсөн нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Батбилэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч Д.Батбилэгийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Батбилэгийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Батбилэгийн үйлдлийн улмаас хохирогч А.Мөнхжаргалын эд хөрөнгөнд 560,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлсөн тул хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлжээ. Иймд Д.Батбилэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч Д.Батбилэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч Д.Батбилэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аниа овогт Даржаагийн Батбилэгийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Д.Батбилэгийг 500  /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Батбилэгт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батбилэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Батбилэгт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.Батбилэг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт  ирээгүй, хохирогч А.Мөнхжаргалд  560,000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР