Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2024/0697

 

      

 

 

 

 

 

 

 

 

  

“ГБ” ЗБН-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т

Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газар

Гуравдагч этгээд: О.Б-

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ц.Б, Н.Х, Т.С, Ү.О, Я.Ч

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 556 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У, гуравдагч этгээд Н.Хгийн өмгөөлөгч Э.Ж, гуравдагч этгээд Ц.Б, Т.С, Н.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээд Ү.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, гуравдагч этгээд Я.Чын өмгөөлөгч Б.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай

Хэргийн индекс: 128/2023/0012/З

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч “ГБ” ЗБН-өөс Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2022 оны МЗХ2021/19-019, МЗХ2022/01-004, МЗХ2022/01-017 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах”,

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ц.Б, Н.Х, Т.С нараас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “ГБ ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн А цогцолбор хороолол-ын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”,

            Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ү.О, Я.Ч нараас Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “ГБ ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн А цогцолбор хороолол-ын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 556 дугаар шийдвэрээр:

            Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.3, 12.1.4, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Ц.Б, Н.Х, Т.С, Ү.О, Я.Ч нараас Хот байгуулалт, хотын стандартын газар/хуучнаар Хот байгуулалт, хөгжлийн газар/-т холбогдуулан гаргасан бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, ГБ ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А цогцолбор хороолол”-ын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийн гуравдагч этгээдүүдэд олгосон МЗХ2021/19-019, МЗХ2022/01-004, МЗХ2022/01-017 архитектур төлөвлөлтийн даалгаврын талбайтай давхцал бүхий хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

            3.1. “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/419 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9,4 га 3 хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг “ГБ” ЗБН-д олгож, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, батламж олгосон. Улмаар Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ЕТ-06\2016 дугаартай “ГБ нөхөрлөл” төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын даалгаврыг, 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн МЗХ2017/06-16 дугаартай архитектор төлөвлөлтийн даалгаврыг тус тус батлуулж, өнөөдрийн байдлаар 5 блок 16 давхар барилгын ажлын гүйцэтгэл 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа болно.

            Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29 дүгээр тогтоолоор хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гадаад, дотоодын бизнесийн байгууллагад танилцуулж, хамтран ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор төслийн талбарын хэмжээг 9,4 га байхаар тогтоож, Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төслийн удирдах хорооны 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэлээр “ГБ” ЗБН-тэй төслийн хүрээнд баригдах орон сууцны борлуулалтыг дэмжих гэрээ байгуулах ажлыг Нийслэлийн орон сууцны газарт үүрэг болгосны дагуу 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Г азрын эзэн баян зүрх” ЗБН-тэй “гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-тай 16/01 дугаар хамтран ажиллах гэрээг байгуулсан.

            Дээр дурсан үйл баримтуудаар 2016 оноос эхлэн нэхэмжлэгч нь гэр хорооллыг орон сууцжуулах төслийн ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байгаа нь тодорхой тогтоогдож байхад тухайн төслийн талбайд давхцуулан 2021 онд гуравдагч этгээд О.Б-ид МЗХ2021/19-019, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гуравдагч этгээд Н.Х, Ц.Б нарт МЗХ2022/01-017, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гуравдагч этгээд Я.Ч, Ү.О нарт МЗХ2022/01-004 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг олгосон байна

            Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 5 дахь хэсгийн в-д “ГБ ” ЗБН-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон талаар нэхэмжлэгч болон хариуцагчаас аливаа баримтыг гаргаж ирүүлээгүй”, 9.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор тогтоосон Баянзүрх “ГБ төслийн талбар ” нъ Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д “хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баримтлан төсөл хэрэгжүүлэх талбайн байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоож, шийдвэр гаргах” гэж заасан иргэдийн хурлын эрх хэмжээний хүрээнд гарсан, зөвхөн төсөл хэрэгжих байршлыг тогтоосон агуулгатай болохоос бус нэхэмжлэгч хуулийн этгээдэд төсөл хэрэгжүүлэх эрх олгосон агуулгагүй байна” гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

            Нэхэмжлэгч “ГБ” ЗБН-ын зүгээс анх шүүхэд бичгээр нэхэмжлэл гаргахдаа газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбарыг тогтоосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр тогтоол, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЕТ-06\2016 дугаартай ажлын даалгавар, “ГБ” төслийн 9,6 га талбайд батлагдсан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн МЗХ\2017\06-16 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 0010254 дүгээр Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хавсарган өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч хангалттай баримтууд цугларсан байхад төсөл хэрэгжүүлэгчид А даалгавар олгогдоогүй мэтээр илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Түүнчлэн 2016 онд Барилгын тухай 2008 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.7 дахь заалтад Зураг төсөл зохиогч нь "барилга байгууламжийн гадна тал, орчны тохижилт, архитектур төлөвлөлтийн иж бүрэн шийдлийг гаргаж зохицуулах, хяналт тавих" үүрэгтэй гэж зохицуулсан байсан бөгөөд тус хуульд "Архитектур төлөвлөлтийн даалгавар" гэх нэр томьёо байхгүй, харин барилгын томоохон төслүүдийн хувьд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах үед өнөөгийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэг дор хамтад нь гаргаж өгдөг зохицуулалттай байсныг шүүгч харгалзан үзэлгүй шийдвэр гаргасан байна.

            Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.43-т "эх загвар зураг /эскиз/" гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор зааснаас үзэхэд 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ЕТ-06/2016 дугаартай эх загвар зураг буюу эскиз нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар (одоогийн нэрээр “Хотын стандарт, хот байгуулалтын газар”)-аар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө мөн юм.

            Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно:”, 24.1.5-д “холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөх”, 24.2-т Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах шийдвэрт хамрагдсан тухайн газар нутагт газар эзэмших, ашиглах эрх олгох болон хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулахыг тодорхой хугацаагаар түр зогсооно” гэж тус тус заасныг зөрчиж Хот байгуулалт, хөгжлийн газраас 2016 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн тогтоолоор тогтоосон төслийн талбайд давхцуулан гуравдагч этгээдүүдэд архитектур төлөвлөлтийн даалгавруудыг батлах, аливаа байдлаар хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулж болохгүй юм.

            Тодруулбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх газар шинэчлэн зохион байгуулах “ГБ” төслийн талбарыг 9,4 га газар байхаар тогтоосон 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс хойш тухайн төслийн талбайд хот байгуулалтын аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглох ёстой байтал 2021, 2022 онуудад маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгавруудыг гуравдагч этгээдүүдэд олгосон нь хууль бус юм.

            Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана”, 27.3.1-д “хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй”, 30 дугаар зүйлийн 30.5-д “энэ хуулийн 27.2.1-д заасан байгууллага барилга байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно”, Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах заавар БД 30-103-21-ийн 1.5-д “хот байгуулалтын баримт бичиг нь үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ”.             Үүнд, нутаг дэвсгэрийн хөгжлийн төсөл болон хот, суурины нутаг дэвсгэрийн төлөвлөлтийн зураг төсөл”, 4.2.2.1-д “хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, 4.2.2.2-т “хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө” гэж тус тус заасан. Дээрхээс дүгнэвэл хот байгуулалтын баримт бичиг буюу хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн тохиолдолд анхнаасаа барилга барих үндэслэл бүрдэхгүй бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохоор хуульчилсан буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

            Түүнчлэн нэхэмжлэгч нь зөвхөн төсөл хэрэгжүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэх агуулгаар маргаагүй бөгөөд тухайн төслийн талбайд гуравласан гэрээ байгуулсан оршин суугчдын эрх буюу Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д заасан хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчмаас гадна дараах зарчмыг баримтална”, 5.1.1-д “нийтийн эрх ашгийг эрхэмлэх” гэж заасныг зөрчсөн талаар болон Хот байгуулалт, хотын стандартын газар нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан талаар өргөн хүрээнд маргасан.

            Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн маргасан бүх үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасныг зөрчжээ.

            Гуравдагч этгээдүүдийн зүгээс Хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдуулан “ГБ” ЗБН-ын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалтын хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий бие даасан шаардлагыг гаргасан.

            Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл" гэж хүн. хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус зааснаар захиргааны актын улмаас гуравдагч этгээдүүдэд эрх зүйн шууд үр дагавар бий болсон, захирамжилсан шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд бие даасан шаардлага гаргах эрхтэй.

            Илт хууль бус болохыг  тогтоолгохоор маргаж буй “ГБ” ЗБН-ын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А” цогцолбор хорооллын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалтын хөгжлийн газар \хуучин нэрээр\-ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан гэх захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд оршдог. Шүүхээс бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ч гуравдагч этгээдүүдэд сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдалд хүрнэ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаар бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзах ёстой байтал анхан шатны шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

            2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2022 оны МЗХ2021/19-019, МЗХ2022/01-004, МЗХ2022/01-017 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч “ГБ” ЗБН-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Ц.Б, Н.Х, Т.С, Ү.О, Я.Ч нарын бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан ГБ ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А цогцолбор хороолол”-ын барилгажилтын төслийн гуравдагч этгээдүүдийн МЗХ2021/19-019, МЗХ2022/01-004, МЗХ2022/01-017 архитектур төлөвлөлтийн даалгаврын талбайтай давхцал бүхий хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            3.1. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа дараах төрөлтэй байна”, 12.1.3-д “гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах”, 12.1.4-т “гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Гэр хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин нөхцөл болон газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэлгээг өсгөх зорилгоор инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барихад зориулж иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшлийн газрыг дахин зохион байгуулна”, 17.2-т “Иргэн, хуулийн этгээд нь хувь нийлүүлсэн талбайг өөрсдийн өмчлөл, эзэмшлийн газраас хувь нийлүүлж бий болгоно”, 17.3-д “Өмчлөл, эзэмшлийн газраар хувь нийлүүлэх асуудлыг Засгийн газраас баталсан журмаар зохицуулна” гэж заасан.

3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар батлах тухай” 11 дүгээр тогтоолоор[1] нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд загвар төсөл болон хэрэгжих иргэдийн санаачилгад үндэслэн “Газар шинэчлэн зохион байгуулах” төслийн талбаруудыг баталсан байх бөгөөд тус тогтоолын 1.9-д “Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Газар шинэчлэн зохион байгуулах “ГБ” төслийн талбар 9.4 га” гэж баталсан, улмаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын захиалгаар 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн EТ-06/2016 дугаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “ГБ нөхөрлөл” төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын даалгаврыг[2], “Нийслэлийн гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-н захиалгаар “ГБ нөхөрлөл хотхон” эскиз зургийг[3], Нийслэлийн орон сууцны дэд бүтцийн газрын захиалгаар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууцны 14 дүгээр хороолол Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ГХДТ-2019/03 дугаар ажлын даалгаврыг[4] тус тус баталсан, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Газар шинэчлэн зохион байгуулах “ГБ” төслийн 9.4 га талбарт 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн МЗХ2017/06-16 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг[5] У.Э, Н.Т, Д.Г, Б.Г, Л.Н, Д.Э, Д.Д, З.Б, Ж.Э, Н.М, Н.Ц, Ж.Г, Б.Б, Б.О нарын нэр бүхий 17 иргэдэд, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 0010254 008/2022 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг[6] тус тус олгосон үйл баримтууд тогтоогдсон байна.

            3.3. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” А/419 дүгээр захирамжаар[7] Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, ГХ-БЗД-07 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 9.4 га “хэсэгчилсэн” талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг “ГБ” ЗБН-д олгож, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан байна. Ийнхүү батламжилснаас хойш нэхэмжлэгч “ГБ” ЗБН-ийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийн эрх хэрэгжиж эхлэхээр байна.

3.4. Мөн нэхэмжлэгч “ГБ” ЗБН-д 2022 онд “А” цогцолбор хорооллын барилгажилтын төсөл зургийг[8] батлуулж, гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд гурван талт гэрээг[9] байгуулсан байна.

            3.5. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д ““загвар зураг" гэж барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны тойм, эзлэхүүн төлөвлөлт, барилгын нүүр тал /фасад/, өнгөний шийдэл, төлөвлөлтийг тодорхойлсон баримт бичгийг”, 4.1.43-д “"эх загвар зураг /эскиз/" гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ”, 7.1.1-т “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”, 7.1.3-д “энэ хууль болон хот байгуулалтын тухай хууль тогтоомжид заасан зарчимд нийцэж байгаа эсэх”, 7.2-т “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна”, 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 23 дугаар зүйлийн 23.2-д “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан барилга байгууламжийн байршил, загвар  зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/, иж бүрэн ажлын зураг төслийг боловсруулна”, 27 дугаар зүйлийн 27.3-д “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана:”, 27.3.1-д “хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй” гэж, мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23/02 дугаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг батлах тухай тогтоолын 5 дугаар зүйлийн 5.4-т “Төслийн талбар дахь газар өмчлөгч иргэн төслийн шаардлага болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж болно” гэж тус тус заасан.

            3.6. Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд нарын тухайд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн МЗХ2021/19/019 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар[10] О.Б-ид, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр МЗХ2022/01-017 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар[11] Н.Х, Ц.Бт, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн МЗХ2022/01-004 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар[12] Я.Ч, Ү.О нарт тус тус олгогдсон байх тул цаг хугацааны хувьд эдгээр архитектур төлөвлөлтийн даалгаврууд олгогдсоны дараа төсөл хэрэгжүүлэгчийн эрхтэй болсон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх хууль зүйн үндэслэлгүй, гуравдагч этгээдүүдэд олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгаврууд дээрх хууль, журамд нийцсэн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, үндэслэлийг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн “... Хот байгуулалтын баримт бичиг буюу хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн тохиолдолд анхнаасаа барих барих үндэслэл бүрдэхгүй бөгөөд холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулахаар хуульчилсан буюу нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бүрдсэн ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            3.7. Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23/02 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”[13]-ын 1.3.1-т “Газар шинэчлэн зохион байгуулах гэж иргэн өөрийн өмчлөлийн газраас инженерийн болон нийгмийн дэд бүтцийн газрыг хувь нийлүүлэн гаргаж хөрөнгө оруулах, хөрөнгө босгох нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагааг иргэдийн оролцоонд үндэслэн хэрэгжүүлэх төслийг”, 1.3.4-т “Иргэдийн төлөөллийн байгууллага гэж газар шинэчлэн зохион байгуулах төслийн бэлтгэл болон төсөл боловсруулах үе шатанд Газар өмчлөгч, эзэмшигч иргэдийн түр зөвлөл хэлбэртэй, төсөл хэрэгжүүлэх болон төгсгөлийн үе шатанд хуулийн этгээдийн аль нэг хэлбэрээр ажиллах төслийн талбар дахь газар өмчлөгч, эзэмшигчийн төлөөллөөс бүрдсэн гишүүддээ үйлчлэх сайн дурын байгууллагыг”, 1.3.7-д “Төслийн талбар гэж газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон газрыг”, 1.3.9-д “Төсөл хэрэгжүүлэгч гэж төслийг хэрэгжүүлэх иргэдийн төлөөллийн байгууллага, хөрөнгө оруулагч, бусад оролцогч талуудыг”, 3.1.1-д “Газар өмчлөгч бүр Иргэдийн төлөөллийн байгууллагын гишүүн байх ба саналын нэг эрхтэй” гэж тус тус заажээ.

            3.8. Хэрэгт авагдсан “ГБ” ЗБН /хуучнаар ББН/, “Гэр хорооллын орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 16/01 дугаартай хамтран ажиллах гэрээний[14] 4.1.3.1.3-т “Захиалагч нь ББН учраас иргэдийн оролцоог бүрэн хангаж ажиллах үүрэгтэй байх бөгөөд иргэд болон оршин суугчдыг идэвхжүүлэх, мэдлэг мэдээллээр хангах сургалтад хамруулах ажлыг нийслэлийн холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна” гэж заасан байна.

            3.9. Анх 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч нь бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл хэлбэрээр байгуулагдсан байх боловч төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдахдаа нэхэмжлэгч хуулийн этгээдийн хэлбэрийг зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл хэлбэрээр өөрчилсөн үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй, энэ талаар анхан шатны шүүх “...нэхэмжлэгч хуулийн этгээд нь гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулахад газар эзэмшигч, өмчлөгч иргэдийн өөрсдийнх нь оролцоог хангах зорилгоор байгуулагдсан боловч энэ зорилго хангагдаагүй гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь зөв байна.

            3.10. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг үндэслэн гарсан 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн EТ-06/2016 дугаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “ГБ нөхөрлөл” төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын даалгавар, 2016 оны “ГБ нөхөрлөл хотхон” эскиз зураг, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Орон сууцны 14 дүгээр хороолол Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ГХДТ-2019/03 дугаар ажлын даалгавар зэрэг баримтууд нь нэхэмжлэгч “ГБ” ЗБН-ийн захиалгаар хийгдээгүй харин холбогдох төрийн захиргааны байгууллагуудын захиалгаар хийгдсэн болох нь тогтоогдож байхаас гадна гуравдагч этгээдүүдэд архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдсоны дараа нэхэмжлэгч нь төслийн талбайд оршин суугч иргэдтэй гуравласан гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдож байна.

            3.11. Эдгээр үйл баримтуудтай холбогдуулан анхан шатны шүүх “... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор ... ГБ төслийн талбар нь ... иргэдийн хурлын эрх хэмжээний хүрээнд гарсан, зөвхөн төсөл хэрэгжих байршлыг тогтоосон агуулгатай болохоос бус нэхэмжлэгч хуулийн этгээдэд төсөл хэрэгжүүлэх эрх олгосон агуулгагүй, ... 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ЕТ-06/2016 тоот Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “ГБ нөхөрлөл” төслийн талбарын газар шинэчлэн зохион байгуулах ажлын даалгавар баталсан нь мөн нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар гэж үзэхээргүй, ... Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл ОНӨҮГ-ын захиалгаар 2016 онд Марс констракшн ХХК-ийн гүйцэтгэсэн ГБ нөхөрлөл хотхоны эскиз зураг зурагдсан, эдгээр баримт бичгүүдэд “ГБ” ЗБН-ийг төсөл хэрэгжүүлэгчээр тодорхойлсон аливаа бичиглэл байхгүй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээд нь төслийн нэртэй ижил нэртэй байгаа нь архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэрэгжүүлэгч гэж үзэх үндэслэл болохгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

            3.12. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... төсөл хэрэгжүүлэгчид архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдоогүй мэтээр илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн, Барилгын тухай хуульд өнөөгийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг нэг дор хамтад нь гаргаж өгдөг зохицуулалттай байсныг шүүх харгалзан үзээгүй ... зөвхөн төсөл хэрэгжүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэх агуулгаар маргаагүй бөгөөд тухайн төслийн талбайд гуравласан гэрээ байгуулсан оршин суугчдын эрх буюу Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөрчсөн ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч нь Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ““төсөл хэрэгжүүлэгч” гэж энэ хуулийн 4.1.11-д заасан төслийг хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулсан хуулийн этгээдийг” гэж төсөл хэрэгжүүлэгчийн эрхтэй болсон 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр батламж олгогдож, улмаар гурван талт гэрээ байгуулсан хугацаанаас эхлэн тухайн төслийн талбайд төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг эдлэх хууль зүйн боломжтой гэж үзэхээр байна.

            3.13. Түүнчлэн анхан шатны шүүхээс “... өмнө нэгэнт олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгавар бүхий талбайд нэхэмжлэгч хуулийн этгээдийн барилгажилтын төсөл хэрэгжих боломжгүй учраас уг төслийг баталсан шийдвэрийн давхцал бүхий хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелэгдэх боломжгүй илт хууль бус захиргааны акт байх тул гуравдагч этгээдүүдийн 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23/02 дугаар “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам”-ыг батлах тухай тогтоолын 5.4-т “Төслийн талбар дахь газар өмчлөгч иргэн төслийн шаардлага болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж болно” гэсэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн гэх бие даасан шаардлага үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд гуравдагч этгээдүүдэд олгосон архитектур төлөвлөлтийн даалгавруудыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, тэдгээрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдүүдэд олгосон архитектур төлөвлөлтийн даалгавартай давхцуулан нэхэмжлэгч “ГБ ЗБН-ийг хэрэгжүүлэгчээр тодорхойлсон ““А” цогцолбор хороолол”-ын барилгажилтын төслийг баталсан хариуцагчийн шийдвэр бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй нь илт тодорхой, уг шийдвэрийн улмаас гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.

            3.14. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11 дүгээр тогтоол нь төсөл хэрэгжих байршлыг тогтоож зааснаас өөр ямар нэгэн агуулга илэрхийлээгүй, мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршилд зөвшилцсөнөөс бусад иргэн, аж ахуй нэгжид зөвшөөрөл олгохгүй байх тухай” А/459 дүгээр захирамж[15] нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршилд төсөл хэрэгжүүлэгч эрх бүхий хуулийн этгээд болон түүнтэй зөвшилцсөнөөс бусад иргэн, хуулийн этгээдэд барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэхтэй холбоотой зөвшөөрөл олгохгүй байхыг Нийслэлийн ерөнхий архитектур, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт үүрэг болгосон агуулгатай байх хэдий ч уг захирамж нь хүчин төгөлдөр болсон цаг үеэс эхлэн хэрэгжиж эхлэх /гарсан цаг хугацаанаас өмнөх цаг хугацаанд үйлчлэх бодит боломжгүй/ бөгөөд тус захирамж гарахаас өмнө гуравдагч этгээдүүдэд маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврууд олгогдсон байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн “... гуравдагч этгээдүүдэд маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврууд олгогдсон болон ... шийдвэр гарахаас цаг хугацааны хувьд хойно ...” гэх дүгнэлт үндэслэлтэй,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Хот байгуулалт, хөгжлийн газраас 2016 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тогтоосон төслийн талбайд давхцуулан гуравдагч этгээдүүдэд архитектур төлөвлөлтийн даалгавар батлах, аливаа байдлаар хот байгуулалтын бусад үйл ажиллагаа явуулж болохгүй ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3.15. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүхийн хяналтын цар хүрээ хязгаар нь Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2022 оны МЗХ2021/19-019, МЗХ2022/01-004, МЗХ2022/01-017 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврууд, “ГБ” ЗБН-ийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “А цогцолбор хороолол”-ын барилгажилтын төслийг баталсан Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр нь хууль ёсны эсэх, хариуцагчийн уг шийдвэр үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгчийн маргасан бүх үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй” гэх гомдол үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 556 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                                   Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

 

[1] Хэргийн 2 дугаар хавтас, 75-76 дахь талууд

[2] Хэргийн 2 дугаар хавтас, 79-88 дахь талууд

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 37-39 дэх талууд

[4] Хэргийн 4 дүгээр хавтас, 130-133 дахь талууд

[5] Хэргийн 1 дүгээр хавтас, 227-230 дахь талууд

[6] Хэргийн 1 дүгээр хавтас, 44-45 дахь талууд

[7] Хэргийн 2 дугаар хавтас, 135 дахь тал

[8] Хэргийн 1 дүгээр хавтас, 214 дэх тал

[9] Хэргийн 1 дүгээр хавтас, 185-213 дахь талууд

[10] Хэргийн 5 дугаар хавтас, 3 дахь тал

[11] Хэргийн 1 дүгээр хавтас, 93-96 дахь талууд

[12] Хэргийн 1 дүгээр хавтас, 88 дахь тал

[13] Хэргийн 3 дугаар хавтас, 98-106 дахь талууд

[14] Хэргийн 1 дүгээр хавтас, 35-36 дахь талууд

[15] Хэргийн 2 дугаар хавтас, 134 дэх тал