Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа,

Улсын яллагч Л.Цэндсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нарандолгор,

Шүүгдэгч П.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Загал тойн овогт Пүрэвээгийн Мөнхбатад холбогдох эрүүгийн 201626031206 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, мужаан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Улаанбаатар сувилал” эмийн үйлдвэрт эм боогч ажилтай байсан, одоо ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 4 дүгээр гудамж 167 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ШЕ 79100416 / Загал тойн овогт Пүрэвээгийн Мөнхбат нь :

- 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 4 дүгээр гудамж, 166 тоотод оршин суух иргэн С.Шинэзаяагийн байшингийн цонхны хадаасыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу бахиар сугалан, бусдын орон байранд нэвтэрч Samsung загварын гар утас, монетон бөгж зэргийг хулгайлан авч иргэн С.Шинэзаяад нийт 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / хх 12 /,

Хохирогч С.Шинэзаяа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "... 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өглөөний 07 цаг өнгөрч байхад би ажил руугаа явсан. Гэрт манай эхнэр, 2 хүүхэд үлдсэн ба тэд 15 цагийн орчим эгчийндээ очихоор гарсан байсан. Би орой ажлаа тараад эхнэр, хүүхдээ аваад 22 цагийн орчим гэртээ ирсэн. Гэртээ ороход байшингийн цоож хэвийн, гэрийн эд зүйлс зүгээр байсан. Тэгээд хөргөгчөө онгойлгоход урд өдөр нь авсан байсан ууттай, задлаагүй боорцог байхгүй байсан. Тэгэхээр нь гайхаад, хүн гэрт ормооргүй юм гэж бодоод, гэнэт монетон бөгжөө ил тавьсан байснаа санаад шалгахад байхгүй байсан. Мөн дэргэд нь байсан Samsung загварын гар утас алга байсан. Хулгай орж гэж бодоод том цонхны шилийг түлхэж үзэхэд сул байсан ба шилэн дээр нь хүний гарын мөр байхаар нь хулгайч орж гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Хос монетон бөгжийг 2015 оны 08 дугаар сард Мөнгөн завъяа дэлгүүрээс 590.000 төгрөгөөр, гар утсыг 2015 онд гар утасны дэлгүүрээс 50.000 төгрөгөөр авч байсан. П.Мөнхбат манай гэрээс хулгайлсан хос монетон бөгжийг буцааж өгч, гар утасны мөнгө гэж 60.000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол, саналгүй. ...” гэжээ. / хх 13-16 /,

Гэрч Д.Отгонцэцэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…Би 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 13 цагийн үед хадам эгчийнх рүүгээ 2 хүүхдээ аваад явсан. Орой 22 цагийн үед гэртээ ирсэн. Гэрийнхээ цоожийг онгойлгоод ороход гэр доторх эд зүйл бүгд байрандаа байсан. Нөхөр урьд өдөр нь авсан боорцог хөргөгчинд байхгүй байна гээд эд зүйлээ шалгаж үзэхэд монетон бөгж, самсунг маркийн гар утас алга болсон байсан…” гэжээ. / хх 19 /

Гэрч М.Батсүх мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: "... Би П.Мөнхбат гэдэг хүнийг танихгүй. Гэхдээ бүртгэлийн дэвтрээс харахад хос монетон бөгжийг 2016 оны 09 дүгээр сарын 05-нд барьцаалж, 250.000 төгрөг зээлж авсан. Мөн аравдугаар сард тухайн хос монетон бөгжийг буцааж авсан байх боловч энд он, сар, өдрийг нь тавиагүй байна. Тухайн хүн өөрийнхөө баримт бичгээр эд зүйл барьцаалсан байна. ...” гэжээ. / хх 21 /,

Эд зүйлийн үнэлгээ / хх 54 /,

Шүүгдэгч П.Мөнхбатыг 2016.09.16-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 36-37,38 /,  2016.10.25-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 40-42 /,

Шүүгдэгч П.Мөнхбатын урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 53 / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мөнхбат мэдүүлэхдээ: 2016 оны 09  дүгээр сарын 04-ний өдөр хамт ажилладаг хүний  хүүхдийн үсний найранд очоод  тэндээ архи уусан. Гэртээ ортол хүүхдүүд хоол байхгүй гээд, мөн хойд айлын Ганбаа ах дуудаад байсан. Ингээд гэрээсээ гараад Уламбаярынд орох гэтэл хүн байхгүй болохоор нь хажуу талынх нь зуны амбаарны цонхны 3 ширхэг хадаасыг нь авч цонхоор нь орж монетан хос бөгж, гар утас зэргийг нь аваад гарсан. Гэртээ орж ирээд иргэний үнэмлэхээ аваад “Сайн” ломбаранд аваачиж үзүүлтэл 250.000 төгрөгөөр авна гэхээр нь тавиад мөнгийг нь авсан. Гар утсыг  яаснаа санахгүй байна. Цалингаа авч хохирлоо бүрэн барагдуулсан. Хохирогч С.Шинэзаяагийнх яг манай хажуу талын айл байгаа юм. С.Шинэзаяад ямар нэгэн өс хонзон байхгүй.  Дахин ийм зүйл гаргахгүй. Өөрөө өөртөө харамсаж байна. Дахин ийм хэрэг хийхгүй. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч П.Мөнхбат нь - 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр согтуугаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 4 дүгээр гудамж, 166 тоотод оршин суух иргэн С.Шинэзаяагийн байшингийн цонхны хадаасыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл буюу бахиар сугалан, бусдын орон байранд нэвтэрч Samsung загварын гар утас, монетон бөгж зэргийг хулгайлан авч иргэн С.Шинэзаяад нийт 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

- эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол / хх 12 /,

- “... 2016 оны 09 дүгээр сарын 05-ны орой ажлаа тараад эхнэр, хүүхдээ аваад 22 цагийн орчим гэртээ ирсэн. Гэртээ ороод хөргөгчөө онгойлгоход урд өдөр нь авсан байсан ууттай, задлаагүй боорцог байхгүй байсан. Гэнэт монетон бөгжөө ил тавьсан байснаа санаад шалгахад байхгүй, мөн дэргэд нь байсан Samsung загварын гар утас алга байсан. Хулгай орж гэж бодоод том цонхны шилийг түлхэж үзэхэд сул байсан ба шилэн дээр нь хүний гарын мөр байхаар нь хулгайч орж гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. П.Мөнхбат хос монетон бөгжийг буцааж өгч, гар утасны мөнгө гэж 60.000 төгрөг өгсөн...” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч С.Шинэзаяагийн мэдүүлэг  / хх 13-16 /,

“…2016 оны 09 дүгээр сарын 05-ны орой 22 цагийн үед гэртээ ирсэн. Нөхөр урьд өдөр нь авсан боорцог хөргөгчинд байхгүй байна гээд эд зүйлээ шалгаж үзэхэд монетон бөгж, самсунг маркийн гар утас алга болсон байсан…” гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Д.Отгонцэцэгийн мэдүүлэг / хх 19 /,

- “... Би П.Мөнхбат гэдэг хүнийг танихгүй. Гэхдээ бүртгэлийн дэвтрээс харахад хос монетон бөгжийг 2016 оны 09 дүгээр сарын 05-нд барьцаалж, 250.000 төгрөг зээлж авсан. Тухайн хүн өөрийнхөө баримт бичгээр эд зүйл барьцаалсан байна...” мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч М.Батсүхийн мэдүүлэг / хх 21 /,

- эд зүйлийн үнэлгээ / хх 54 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч П.Мөнхбатыг бусдыг эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх  нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч П.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдаж, түүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн иштэй бахь 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Загал тойн овогт Пүрэвээгийн Мөнхбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнхбатыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мөнхбатад оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн иштэй бахь 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. П.Мөнхбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар П.Мөнхбатад оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 1/ нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах, гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Мөнхбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ОЛЗОД